Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01217

 

Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2018/00105 дугаар шийдвэр,

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаар магадлалтай,

            Цийн нэхэмжлэлтэй,

            Х д холбогдох

        Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 сарын 15-ны өдрийн Б/194 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны бизнесийн тэнхимд гэрээт багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилласан болон ажиллаагүй хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Цийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 сарын 15-ны өдрийн Б/141 дугаартай тушаалаар Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн бизнесийн тэнхимд гэрээт багшаар томилогдсон. Гэрээт багшаар ажиллуулах тушаал гарсан тул 2017 оны 06 сарын 08-ны өдрөөс 2017 оны 06 сарын 28-ны өдөр хүртэл салбар сургуулийн захирал н.Цэрэндаваагаас өгсөн үүргийн дагуу өглөө 08 цаг 00 минутаас орой 17 цаг 00 минут хүртэл ажлын 8 цагаар ажиллаж байсан. Тэгээд багш, ажилчид амарсан. 2017 оны 08 сарын 28-ны өдөр амралт дуусаж ажилдаа орох ёстой байсан. Гэтэл Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 сарын 15-ны өдрийн Б/194 дугаартай тушаалаар тус сургуулийн захирлын 2017 оны 06 сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай тушаалыг хүчингүй болгож, иргэн миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажилласан хугацааны цалинг олголгүй хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 сарын 15-ны өдрийн Б/194 дугаартай тушаалыг би 8 сарын 28-ны өдөр гардаж авсан ба уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй юм. 2017 оны 9 сард гэрээт багшийн сонгон шалгаруулалт болсон гэснийг би сүүлд сонссон. Одоо Х д гэрээт багшийн орон тоо байгаа эсэхийг мэдэхгүй, миний хийж чадах ажил байвал ямар ч хамаагүй ажил хийнэ. Иймд Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 сарын 15-ны өдрийн Б/194 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны бизнесийн тэнхимд гэрээт багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, 2017 оны 06 сарын 08-ны өдрөөс 06 сарын 28-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин 2,000,000 төгрөг, 2017 оны 06 сарын 28-ны өдрөөс 2017 оны 12 сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаагүй хугацааны гэрээт багшийн цалинг гаргуулж, дээрх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд их сургуулийн захирал В.Сайнбаярын шүүхэд гаргасан тайлбарт: Цийг 2017 оны 06 сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үндэслэлээр гэрээт багшаар томилсон тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байсан тул Ховд их сургуулийн захиргааны зөвлөлөөр тус асуудлыг хэлэлцэж, Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 сарын 15-ны өдрийн Б/194 дугаартай тушаалаар Цийг ажилд авсан тушаалыг хүчингүй болгосон. Учир нь Ц нь эрдмийн зэрэг цолгүй, Х д зайлшгүй шаардлагатай байгаа гоц авьяастай мэргэжил, мэргэшилтэй хүн биш юм. Х д одоогоор 40 гаруй доктор профессор ажиллаж байгаа бөгөөд өндөр мэргэшил, мэргэжилтэй хүнийг урилгаар, бусад багш ажилтныг сонгон шалгаруулалтаар авахаар Хөдөлмөрийн дотоод журамд заасан байдаг. Ховд их сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.3а-д “багшид тавих шаардлага хангасан хүнийг сонгон шалгаруулалтаар...” гэж заасан байдаг тул Х  нь сул орон тоонд багш шалгаруулж авахдаа журмын дагуу сонгон шалгаруулалт явуулдаг. Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна” гэж хуульчилсан тул “гэрээт багш” нь байнгын ажлын байр биш, зарим мэргэжлийн багш дутагдалтай тохиолдолд сонгон шалгаруулалтаар Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар магистраас доошгүй зэрэгтэй хүнтэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулдаг онцлог бүхий ажлын байр юм. Гэтэл Ц нь дээрх шаардлага шалгуурыг хангаагүй, өөрөөр хэлбэл боловсролын магистрын зэрэггүй, сонгон шалгаруулалтад ороогүй болно. Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9-д “хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах болон шалгалтын хугацааг сургалтын төлөвлөгөөгөөр зохицуулна” гэж заасны дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн төлөвлөгөө дуусаж, оюутны амралт эхэлсэн байсан тул Цийг гэрээт багшаар томилсон тушаал гаргаад хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, гүйцэтгэх ажил үүрэг байгаагүй тул цалин олгох нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Ц нь 2017 оны 06 сарын 28-ны өдөр хүртэл ажилласан гэж байгаа боловч Ховд их сургуулийн багшийн ажлын хөдөлмөрийн норм болох хичээл зааж, кредит гүйцэтгээгүй учир ажилласан болон ажиллаагүй хугацааны цалин олгож, нийгмийн даатгал төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2018/00105 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч Цийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х д холбогдох Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/194 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны бизнесийн тэнхимд гэрээт багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилласан болон ажиллаагүй хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2018/00105 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 128.1.11, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримталж Ховд Их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/194 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Цийг Ховд Их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Бизнесийн тэнхимд гэрээт багшийн ажилд эгүүлэн томилж, цалин болон ажилгүй байсан хугацааны олговорт хариуцагч Ховд Их сургуулийн санхүүгээс 5,900,091 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Цэд олгож, Цийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Х д даалгаж, түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ховд Их сургуулийн санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 179,551 төгрөг гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд оруулж, улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 20 дугаар магадлалыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхийн магадлал нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Цийн “гэрээт багшаар томилогдсоноос хойш 2017 оны 06 сарын 08-ны өдрөөс 2017 оны 06 сарын 28-ны өдөр хүртэл ажил үүрэг гүйцэтгэсэн” гэж нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуульд ажилласан товч тайлан зэргийг үнэлэн “Ц нь тус сургуульд ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгэж байгаагүй гэж дүгнэх боломжгүй” гэж дүгнэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “зохигчийн тайлбар нь бодит үнэнд нийцсэн байх” хуулийн шаардлага тавигддаг. Зохигчийн тайлбар нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар нотлогдож байж хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэгдэнэ. Гэтэл Цийн тайлбар нь Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 сарын 14-ний өдрийн А/78 дугаар “Профессор багш, ажилтан, ажилчдын 2017 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай" тушаал, хавсралтууд, Ховд их сургуулийн цагийн бүртгэлийн нэгдсэн системд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Х.Болдбаатарын мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байгаа. Давж заалдах шатны шүүхийн нотлох баримтаар үнэлсэн “Цийн ажлын товч тайлан” гэсэн бичгийн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нотлох баримтаар үнэлсэн байна. /Уг баримт нь гараар зассан засвартай, бүрэлдэхүүн сургуулийн захирлын тамга тэмдэггүй, эргэлзээтэй/

Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч Цийг Х д 2017 оны 06 сарын 08-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл “ажил үүрэг гүйцэтгээгүй гэж дүгнэх боломжгүй байна” гэсэн дүгнэлтийг гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх" журмыг зөрчсөн байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “ажиллаж байсан буюу ажил үүрэг гүйцэтгүүлээгүй үеийн цалин хөлсний олговрыг нөхөн гаргуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримт болон бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Ц нь 2017 оны 06 сарын 08-ны өдрөөс 2017 оны 06 сарын 28-ны өдөр хүртэл ажил үүрэг гүйцэтгэсэн хугацааны цалин гэж нэхэмжилсэн атал давж заалдах шатны шүүх нь 2017 оны 06 сарын 08-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан үеийн цалинг нөхөн олгуулахаар шийдвэрлэсэн байна. Гэтэл шүүх дээрх хугацааг ямар нотлох баримтад үндэслэн тооцсон нь ойлгомжгүй, магадлалын үндэслэх хэсгийн “Цийг 2017 оны 06 сарын 08-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл ажил үүрэг гүйцэтгээгүй гэж дүгнэх үндэслэлгүй байна" гэж дүгнэсэнтэйгээ агуулга, хугацааны хувьд зөрүүтэй дүгнэлтийг гаргасан байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас ажил үүрэг гүйцэтгүүлээгүй үеийн цалин хөлсийг нөхөн олгуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 сарын 14-ний өдрийн А/78 дугаар “Профессор багш, ажилтан, ажилчдын 2017 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаал, хавсралтууд, гэрч Х.Болдбаатарын мэдүүлэг зэргээр дээрх хугацаанд сургуулийн сургалтын үйл ажиллагаа оюутнуудын зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор бүрэн зогссон, гүйцэтгүүлэх ажил үүрэг байхгүй байсан тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Монгол Улсын хэмжээнд Боловсролын тухай хууль болон холбогдох журманд бүх шатны боловсролын байгууллагын хичээлийн жилийг жил бүрийн 09 сарын 01-ний өдрөөс 06 сарын 01-ний өдөр хүртэл байхаар тогтоосон байх тул энэ онцлогоос хамааран боловсролын байгууллагын багш ажилтнууд жил бүрийн 6, 7, 8 дугаар саруудад ээлжийн амралттай байдаг. Гэтэл шүүх “ажил үүрэг гүйцэтгүүлэх ёстой” байсан гэж дүгнэж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Цийг “гэрээт багшаар томилсон тушаал гарснаар хөдөлмөрийн харилцаа бий болсон” гэж дүгнэвэл байгууллагын бүх багш, ажилтнууд амарсантай холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалаар батлагдсан “ээлжийн амралт олгох заавар”-ын дагуу ажилласан хугацаанд нь ногдох амралт, түүний олговрын асуудалд дүгнэлт өгч, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэх ёстой байсан. Дээд боловсролын тухай хуулинд “их сургуулийн багшийн үндсэн үүрэг нь багшлах, судалгаа, эрдэм шинжилгээний ажил” байхаар хуульчилсан. Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт “Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна” гэж хуульчилсан бөгөөд “гэрээт багш” гэсэн албан тушаалын зэрэглэл байхгүй, өөрөөр хэлбэл байнгын ажлын байр биш юм. Үүнд давж заалдах шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийг зөв тайлбарлаж хэрэглээгүй.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 02-ны өдрийн 153/ШШ2018/00105 дугаар шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх хуулийн шаардлагыг хангаж гарсан. Нэхэмжлэгч Цийг “гэрээт багш”-аар томилсон Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 сарын 15-ны өдрийн Б/141 дүгээр тушаал нь “Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Ховд их сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам”-ыг зөрчиж гарсан хууль бус тушаал учир Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 сарын 15-ны өдрийн Б/149 дүгээр тушаалаар уг тушаалыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, Ховд их сургуулийн захирал нь Захиргааны ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хууль зөрчсөн тушаалыг тушаалаар хүчингүй болгосон. Гэтэл давж заалдах шатны шүүх зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль нь салбар бүрийн, байгууллага бүрийн, ажлын байр бүрийн онцлог харилцааг нарийвчлан тухайлан зохицуулах боломжгүй, нийтлэг хөдөлмөрлөх эрх, үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулдаг, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх эрхтэй” байхаар хуульчилсан. Боловсролын байгууллагын онцлогоос хамааран хөдөлмөрлөх харилцаа, ажлын байранд тавигдах шаардлага нь онцлогтой байдаг. Ц нь Дээд боловсролын тухай хуулинд заасан “их, дээд сургуулийн багш нь магистраас доошгүй боловсролын зэрэгтэй байх” гэсэн нийтлэг шаардлагыг хангаагүй, хамгийн гол нь Ховд их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн ангийг бакалавр зэрэгтэйгээр С дүнтэй төгссөн. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх үүрэг бүхий их сургуулийн мэргэжлийн багш нь бакалаврын боловсрол эзэмшихдээ хангалтгүй дүнтэй суралцсан нь Их сургуулийн багш байх наад захын шаардлагыг хангахгүй байгаад дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 сарын 15-ны өдрийн Б/194 дүгээр “Тушаал хүчингүй болгох тухай” тушаал нь захирал өөрт олгогдсон эрхийн хүрээнд хууль зөрчиж гарсан тушаалыг хүчингүй болгосон агуулгатай тул энэхүү тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарлаж дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэлгүй юм. Дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэхэд Захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгөх боломжтой. Иймд нэхэмжлэгч Ц Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасныг зөрчиж иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 20 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 153/ШШ2018/00105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлоогүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа гаргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Цийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх бүхэлд нь хангасан байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын эрхийг хуульд зааснаар хэрэгжүүлсэн байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, маргааныг эцэслэн шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц нь хариуцагч Х д холбогдуулан тус сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/194 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны бизнесийн тэнхимд гэрээт багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилласан болон ажиллаагүй хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Ц нь боловсролын магистрын зэрэггүй, түүнийг тухайн үеийн захирал сонгон шалгаруулалт явуулахгүйгээр гэрээт багшаар авсан тушаал гаргасан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил үүрэг гүйцэтгүүлээгүй тул хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Ц нь 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангийг бакалаврын зэрэгтэйгээр төгссөн, Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай “Гэрээт багшаар ажиллуулах тухай” тушаалд тус сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Бизнесийн тэнхимд Цоож овогтой Энхмэндийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн гэрээнд заасан хугацаагаар, гэрээт багшаар ажиллуулах, түүнийг дадлагажигч багшийн цалингийн 80 хувиар тооцож 673,380 /зургаан зуун далан гурван мянга гурван зуун ная/ төгрөгөөр цалинжуулах тухай заасан, энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон.

Улмаар тус сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/194 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалаар Цийг Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн бизнесийн тэнхимд гэрээт багшаар томилсон 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай “Гэрээт багшаар ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Ховд Их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/194 дугаартай тушаалаар Цийг ажилд томилсон 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай тушаалыг хүчингүй болгохдоо Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, БСШУ-ын сайдын 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 139 дугаартай “Нийтлэг шаардлага батлах тухай” тушаал, Ховд их сургуулийн дүрмийн 3.15, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.2, 5.1.3-ын “а”, Ховд их сургуулийн багшийн ажлын журмын 3.1.1, 3.5.8, 8.2 дахь заалтыг тус тус баримталж, их сургуулийн багшид тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй гэх үндэслэл заасан байна.

Ховд их сургуулийн багшийн ажлын журмын 3.1-д Х д багшлах багшийг шалгаруулах шаардлагыг тусгасан бөгөөд 3.1.1-д “Х д мэргэжлийн болон тусгай шаардлага хангасан багшийг нээлттэй сонгон шалгаруулалт” зарлаж, тэнцсэн иргэнийг ажилд авахаар зохицуулсан, Ц нь сонгон шалгаруулалтад ороогүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул тус сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, багшийн ажлын журмыг зөрчиж гаргасан тушаалыг хүчингүй болгосон үйлдлийг хуульд нийцсэн гэж үзэх тул “...тушаал хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.                                                                                    

Нэхэмжлэгчийн Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны бизнесийн тэнхимд гэрээт багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/194 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаал нь хууль зүйн үндэслэлтэй эрх зүйн акт гэж дүгнэснээ шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна.

Түүнчлэн ажилласан хугацааны цалин гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийг тус сургуульд ажил үүрэг гүйцэтгэснээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, харин ажиллаагүй хугацааны цалин гаргуулах шаардлага нь түүнийг ажилд авах тушаал хүчингүй болсноор хариуцагчид үүрэг үүсэхгүй гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилласан хугацааны хөлс гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай байна.

Хариуцагч байгууллагын захирлын “Гэрээт багшаар ажиллуулах тухай” 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай тушаал нь ажилд авч байгаа иргэнийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан “контракт” эсхүл Иргэний хуулийн хөлсөөр ажиллах гэрээний аль болох нь тодорхойгүй, нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах зорилготой тохиолдолд “гэрээт” гэж нэрлэх нь хуульд нийцэхгүй юм. Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийсэн байна.

Цийг ажилд томилсон 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай “Гэрээт багшаар ажиллуулах тухай” тушаал гарсны дараа тэрээр 2017 оны 06 сарын 08-ны өдрөөс 06 сарын 28-ны өдрийг хүртэл ажилласнаа нотлохоор “Товч тайлан” гэсэн НХУС-ын захирал н.Цэрэндаваа, НХУС-ын арга зүйч н.Нандинцэцэг нарын гарын үсэг бүхий баримт гаргасныг хариуцагч баримтаар няцааж чадаагүй байна. Талууд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар гэрээ байгуулж, ажлын хөлс тохироогүй ч түүний ажилласан хугацааны хөлсийг тооцохдоо нэхэмжлэгчийг ажил гүйцэтгүүлэх үндэслэл болсон тушаалд заасан 673,380 төгрөгийн хэмжээнд тооцоолж, хариуцагчаас 480,985 төгрөгийг гаргуулахаар хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2018/00105 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Ховд их сургуулиас 480,985 төгрөгийг гаргуулж, Цэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “дурдсугай” гэснийг “дурдаж, хариуцагч Ховд их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 28,574 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

            2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН