Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 06

 

Н.Б-д холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Прокурор Б.******* Шүүгдэгч Н.Б- Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* Э.******* /ШЕЗ-өөс онлайнаар/ Хохирогч Р.******* Хохирогчийн өмгөөлөгч Б.******* нарыг о ролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.Б-, шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* нарын давж заалдсан гомдлоор 201613000130 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Н овгийн Н-ийн Б /Регистрийн дугаар: ИА********/ Шүүгдэгч Н.Б- нь согтуугаар 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян-Улаан” гэх уулын урд дэнж дээр ангийн найз болох талийгаач Ц.*******той архи уусангүй гэсэн шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар зодолдон түүнийг зодож алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт Н-ийн Б-ийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ийн Б-ийг 9 /ес/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Н.Б-ийн эдлэх 9 /ес/ жил 1 /нэг/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-ийн цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Н.Б-ээс нийт 19.745.134 /арван есөн сая долоон зуун дөчин таван мянга нэг зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж, хохирогч Р.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.860.640 /найман сая найман зуун жаран мянга зургаан зуун дөч/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Н.Б-ийн хувьд ногдох эд хөрөнгө болох 5 тооны эр үхэр буюу 2.700.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Болор” нэртэй 0.750 граммын архины шил 3 ширхэг, “Спрайт” нэртэй ундааны хуванцар сав 1 ширхэг, нэг удаагийн хуванцар аяга 1 ширхэг, “Соёрхол” нэртэй архины шил 1 ширхэг, “Кока кола” нэртэй ундааны сав 1 ширхэг, шүүгдэгч Н.Б-ээс хурааж авсан босоо захтай, задгай энгэртэй, урд хэсэгтээ цагаан өнгийн металл хөвүүртэй /цахилгаантай/, зүүн талын энгэр хэсэгтээ халаастай, халаасны эмжээр хэсэг нь ногоон болон саарал өнгө хослуулсан оруулгатай, урт ханцуйтай саарал өнгийн давуун материалтай цамц 1 ширхэг, хар хөх өнгөтэй дугуй захтай зүүн энгэр хэсэгтээ туулайны толгойн дүрс бүхий “Playboy ” гэсэн бичигтэй, ханцуйгүй подволка 1 ширхэг, улаан хүрэн өнгөтэй, дээд хэсэгтээ цагаан болон хар хөх өнгө хосолсон резинтэй, хоёр ташаан хэсэгтээ тус бүр нэг халаастай, тухайн халааснууд нь хар хөх өнгийн эмжээртэй, металлан хөвүүртэй, зүүн ташааны урд хэсэгт “kuangdihaofashion” гэсэн хар хөх өнгийн бичигтэй өмд 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б-эд өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгчийн хорих ял эдэлсэн хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Н.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Н.Б- Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 25 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож 9 жил 1 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Би ангийнхаа найз М.*******, Ц.******* нартай Баян-Улааны энгэр дээр пиво уусан ба тэнд Ц.******* бид хоёр үл ялих зүйлээс болж маргалдсан. Тэр үед М.******* бид хоёрыг болиулсан. Тэгээд би унтаж байгаад босож ирэхэд М.******* миний хажууд байсан. Тэгээд би түүнийг дуудсан боловч босохгүй байсан. Тэгэхэд талийгаач миний хажууд байхгүй байсан. Манайх ойрхон байсан болохоор би гэртээ хариад унтсан. Би тухайн үед өөрийгөө хянах чадвартай байсан. Ийм байхад анхан шатны шүүхээс намайг өндөр ялаар шийтгэсэнд гомдолтой байна гэжээ. Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 25 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх Н.Б-эд холбогдох 201613000130 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож дэлгэрэнгүй тайлбар гаргана гэжээ. Шүүгдэгч Н.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо тодорхой бичсэн. Би тухайн гэмт хэргийг үйлдээгүй, ангийн найз нөхөдтэй пиво уусан нь үнэн ч хүн амины гэмт хэргийг үйлдээгүй учраас гомдол гаргасан гэв.

Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн давж заалдах шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Гомдол гаргасан үндсэн шалтгаан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх дутуу үнэлж дүгнэсэн байна. Шийтгэх тогтоолд ямар, ямар нотлох баримтыг шинжлэн судлаж байгаа талаар шийтгэх тогтоолд дурдсан, шүүхийн дээрх нотлох баримтууд нь талийгаачийн биед үүссэн гэмтэл, тухайн нөхцөл байдалд талийгаач ямархуу нөхцөл байдалд байсан талаарх нотлох баримтуудыг үндэслэн сум дундын шүүх шийдвэр гаргасан. Харин Н.Б-ийн үйлдлийн улмаас тухайн талийгаачийн амь насанд ямар гэмтэл учруулсан талаар, энэ гэмтлийг хэн ямар хэмжээтэй үүсгэсэн талаар өмгөөлөгчийн зүгээс эргэлзэж байна. Талийгаачийн подволкон дээр гутлын мөр шиг зүйл гарсан гэж гэрч М.******* ярьж байгаа ч тухайн гутлын мөрийг хэн үүсгэсэн бэ гэдгийг нарийвчлан тогтоогоогүй байна. Тухайн үед хэргийн газарт шүүгдэгч Н.Б-ээс өөр хүн байгаагүй байна гэж үнэлж дүгнэж байсан ч энэ нөхцөл байдлаас гадна гэрч М.******* тэнд байсан байна. Мөн гэрч М.******* намайг нэг хүн сэрээгээд энэ доор чинь нэг хүн хэвтэж байна гэдэг мэдээлэл өгсөн нэг хүн байгаа гэдгийг гэрч М.******* өөрөө мэдүүлдэг, тухайн нөхцөл байдалд Н.Б- хэргийн газраас унтаж байгаад босоод явахад ганцаараа байсан. Ер нь М.******* гэдэг хүн би унтаад сэрэх үед миний хажууд хүн байгаагүй гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, аль нь хууль зүйн хувьд үндэслэлтэй юм бэ? гэдгийг хавтаст хэргийн материалд болон шүүхийн хэлэлцүүлэгээр тогтоогоогүй. Талийгаагч маань өөрөө зүрхний өвчтэй байсан байна. Талийгаачийг хэвтэж байх үед нь шүүгдэгч цээжинд нь өшиглөсөн юм уу?, аль эсвэл босоо байхад нь өшиглөсөн юм уу? гэдэг нь нарийн сайн тогтоогдоогүй байна. Шүүх тухайн нөхцөл байдалд дүгнэлт хийхдээ шүүгдэгч Н.Б- талийгаач Ц.******* 2 хоорондоо маргалдсан үйл баримт нь хавтаст хэргийн материалаар тогтоогдож байна гэж дүгнэлт хийсэн. Гэтэл энэ 2 хүн хоорондоо яаж зодолдож байсан тухай хавтаст хэргийн материалаас харагдахгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүх талийгаач, шүүгдэгч 2 хоорондоо зодолдсон, зодолдоогүй нь тодорхой бус байхад зодолсон хэмээн хүч нэмэгдүүлсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Талийгаачийн биед үүссэн гэмтэл доргилт нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүхээс дүгнэлт хийсэн. Гэтэл цээжин тус газар нь үнэхээр өшиглөж байсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Миний түрүүний хэлсэн гэрч М.*******ы мэдүүлсэн ...цээжин тус газар буюу талийгаачийн өмсч явсан подволкон дээр гутлын мөр шиг зүйл байх шиг байсан гэж мэдүүлэг өгсөн, дээрх мэдүүлгээс өөр нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Тухайн үед талийгаачийн өмсөж явсан подволкны энгэр дээр байгаа гутлын мөр нь гэрч М.*******ы гэрчлээд байгаа шүүгдэгч Н.Б-ийн өмсч явсан гутлын мөр мөн үү, биш үү гэдэг асуудал байгаа. Энэ нөхцөл байдлыг тогтоож байж, шүүгдэгч Н.Б- гэдэг хүн талийгаачийн цээжин тус газар өшиглөсөн байна уу? гэдгийг бүрэн тогтоох шаардлагатай байна. Гэтэл энэ нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад шүүхээс ийнхүү дүгнэсэн нь эргэлзээ төрүүлж байна. Шүүгдэгч Н.Б-ийн өшиглөсөний улмаас хохирогчийн биед үүссэн зүрхний доргилт, гэмтэл 2-ын хоорондох шалтгаант холбоо байна гэж дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнээс гадна талийгаачийн цусны бүлэглэл нь шүүгдэгч Н.Б-ийн өмсч явсан хувцас дээрээс гарсан шинжээчийн дүгнэлттэй тохирч байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна гэв. Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан шүүгдэгч Н.Б- түүний өмгөөлөгч В.******* нарын давж заалдсан гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийгээгүй байна. Гэрч М.******* мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгөхдөө ...талийгаачийн өмсөж явсан подволкны энгэр дээр гутлын мөр гарсан байсан гэж мэдүүлдэг, мөн тухайн гэрч М.******* нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгөхдөө талийгаачийн өмсч явсан подволкон дээр гутлын мөр шиг зүйл байсан гэж хэлсэн. Гэрч М.******* мэдүүлгийнхээ эх сурвалжаа тодорхой заагаагүй, зөрүүтэй байдалд нь шүүх дүгнэлт хийгээгүй байна. Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоолгохоор 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Эхний 2 удаагийн шинжээчийн дүгнэлт нь баттай эх сурвалжаас авсан байдаг. Харин сүүлийн 2 удаагийн шинжээчийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Ийм учраас дадлага, туршлагатай мэргэжлийн шинжээч эмч нараар 5 дахь дүгнэлт гаргуулах шаардлагатай байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд орж тайлбар, мэдүүлэг өгсөн шинжээч Б.аа нь талийгаач нь зүрхний булчингийн өөхлөлтэй байсан гэж ярьсан, мөн эд эсийн шинжилгээний хариугаар талийгаач нь зүрхний эмзэг өөрчлөлтэй байсан нь тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтэнд зүрхний доргилт гэсэн дүгнэлтийн хэсэг байдаг учраас мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм шиг дүгнэлт хийж байгаад эргэлзээ төрж байна. Гэрч М.*******ы мэдүүлснээр цээжин тус газарт нь өшиглөсөн гэж дүгнэлт хийж байгаа нь учир дутагдалтай байна. Талийгаач Ц.*******ын амьдарч байсан айлын эзэн талийгаачийн ээж Ховдоос ирж “М” үсгээр эхэлсэн шар өнгөтэй эм авч өгч байсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Дүгнэлт гаргасан шинжээч эмчийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан. Тэгэхэд шинжилгээ хийсэн шинжээч эмч нь талийгаачийн биед ямар нэгэн өөрчлөлт байсан талаар ч юм уу ямар нэгэн гэмтэл байсан талаар тайлбартаа тодорхой дурдаагүй байсан. Гэтэл өнөөдөр өшиглөсөн талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт байхгүй байхад шүүхээс хийсвэр дүгнэлт хийж байна. Шинжээч нараас нойр булчирхайд цус харвалт үүссэн байна гэсэн мөртлөө дүгнэлтэндээ тодорхой тусгаагүй байна. Хэрвээ талийгаач нь зүрх өөрчлөлттэй байсан бол олон өдөр дараалан архи ууж байгаа нь хүний биед хамгийн муугаар нөлөөлнө. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульзүйн үндэслэлгүй эргэлзээтэй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв. Хохирогч Р.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би маш их гомдолтой байна. Миний өмнөөс өмгөөлөгч тайлбар хийнэ гэв. Хохирогч Р.*******ийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдөр Н.Б-эд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна.

Шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч В.******* нарын тайлбарыг сонслоо. Миний үйлчлүүлэгчээс давж заалдах шатны шүүхэд хохирогч Р.******* өөрийнхөө өмнөөс тайлбар гаргаж өгөхийг надаас хүссэн. Миний хүүгийн амь насыг санаатайгаар хөнөөсөн явдалд гомдолтой байна гэдгийг хэлж өгөөч гэдгийг ярьж байсан. Хавтаст хэргийн материалд байгаа нотлох баримтаар тухайн хэрэг бүрэн нотлогдож байгаа, анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцүүлэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэдгийг нэмж хэлэхийг хохирогч Р.*******ийн зүгээс нэмж хэлэхийг өгөхийг хүсч байна. Өмгөөлөгч нарын гаргаж байгаа тайлбарт хууль хэрэглээний мэдлэг байхгүй учраас хохирогч Р.******* өмгөөлөгч та миний ярьсан зүйлийг хууль зүйн талаас нь зөвтгөн ярьж өгөөрэй гэсэн юм. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.*******аас шүүхийн шинжилгээ хийлгэхээр шүүхээс тогтоол гаргасан тухай ярьж байна. Гэтэл энэ тийм биш, 2017 оны 04 сарын 02-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол бий, дахин шинжээч томилох тухай тогтоол байдаг. Түүнд 5 шинжээч томилсон, үнэн зөв шинжилгээ хийхийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд даалгасугай гэсэн мөрдөн байцаагчийн тогтоол гарсан. Уг тогтоолыг үндэслэн дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд энэ тухай яриагүй байж байгаад, одоо ярихаараа худлаа ярьж болохгүй. Хэргийн материалд байгаа, хууль зөрчсөн мэтээр ярьж байна. Энэ асуудалд хохирогчоос няцаалт хийгээд өгөөч гэсэн учраас няцаалт хийж байна. Гарсан шинжээчийн дүгнэлтүүдийн талаар авч үзвэл: Хохирогч Р.*******ийн хүү Ц.******* нь ямар нэгэн зүрхний өвчнөөр өвдөж байсан талаар дүгнэлтэд тусгагдаагүй байдаг. Хэрвээ зүрхний шигдээс өвчнөөр өвчилсөн байсан бол шинжээч эмч нарын нарийн шинжилгээгээр гарч ирэх учиртай. Гэтэл энэ хүүхдийг зүрхний шигдээс өвчний улмаас нас бараагүй гэдгийг удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд Э.******* өмгөөлөгч өөрөө оролцож байсан. Уг шүүх хуралдаанд Б.аа доктор оролцож байхад энэ асуудлыг яриагүй мөртлөө, өнөөдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд ярьж байгаа нь ач холбогдолгүй юм. Шүүх шинжилгээний олон удаагийн дүгнэлтээр зүрхний цочмог өөрчлөлтэй байсан талаар дурдаагүй байна. Миний үйлчүүлэгчээс хүү маань зүрхний шигдээс өвчнөөр нас бараагүй гэдгийг няцаалт хийж өгөөч гэсэн учраас няцаалт хийж байна. Мөн би өөрөө ч ийм бодолтой байна. Гэрч М.*******ы мэдүүлгийг шүүгдэгч нарын өмгөөлөгчид ярьж байна, гэрч М.*******ы мэдүүлэг хавтаст хэргийн материалд байгаа. Шүүх хэргийг шийдэхийн тулд асар олон нотлох баримтыг шинжлэн судласан. Би унтаж байсан, гэтэл нэг хүн намайг сэрээгээд чиний найз чинь доор жалганд хэвтэж байна гэхээр нь очоод эргүүлээд хартал амнаас нь цус, хөөс гарсан, цээжин дээр нь гутлын мөр байсан гэж гэрч М.******* мэдүүлсэн мэдүүлэг хавтаст хэрэгт байдаг. Мөрдөн байцаагч гэрч М.*******аас энэ тухай асуусан байдаг юу байсан юм бэ?, шороо байсан юм уу? гэхэд гутлын мөр байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг хавтаст хэргийн материалд байгаа. Гэрч М.*******ы сүүлийн мэдүүлгийг няцаахын тулд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас тийм асуултуудыг тавьж байсан учраас тухайн гэрч анхан шатны шүүх хуралдаан дээр мэдэхгүй, талийгаачийн гэдсэн дээр ч билүү, хэвлий хавьд нь ч билүү гутлын мөр байсан гээд хэлээд байсан. Анхан шатны шүүх хурал дээр ч үүнийг ярьсан. Шүүх үүнийг авч хэлэлцсэн, шинжлэн судласан, тэгээд талийгчийг зүрх доргилтын улмаас нас барсан гэдгийг нь тогтоосон. Анхан шатны шүүх хуралдаанд яригдаагүй зүйлийг давж заалдах шатны шүүх хуралдаанд ярих шаардлагагүй. Хэрвээ ярих байсан бол мэргэжлийн шинжээч эмч нар Улаанбаатар хотоос онлайнаар шүүх хуралдаанд оролцож байхад ярих шаардлагатай байсан учраас няцаалт хийж байна. Өндрөөс унахад талийгаачийн биед гэмтэл үүсэх үү гэдгийг өмгөөлөгч Э.******* сайн мэдэж байгаа, өөрөө шинжээч эмч байсан. Эхлээд хэргийг шийдвэрлэхийн тулд онолын асуудал яригдна. Хэргийн онол дотроо нотлох баримтын онолыг ярих ёстой. Өмгөөлөгч бид нар мэтгэлцэхээс биш, зүгээр нэг таамаглал төдий зүйл ярих хэрэггүй юм. Өмгөөлөгч В.******* Н.Б-ийн биед учирсан гэмтлийг тогтоож үзээгүй гэж ярьж байсан. Архины шилэн дээрээс Н.Б-ийн гарын хээ илэрсэн учраас түүнийг цагдаа нар барьж ирсэн, тэгээд биед нь үзлэг хийсэн байдаг. Н.Б-ийн биед үүссэн гэмтлийн талаар эрүүлжүүлэхийн эмчээс мэдүүлэг авахад шүүгдэгч Н.Б-ийн биед ямар ч гэмтэл байгаагүй гэдгийг мэдүүлж байсан талаар хэргийн материалд байгаа. Хэрэг анхнаасаа будлиантай эхэлсэн, шинжилгээ хийсэн эмч Н. талийгаачийн хоолойнд байсан цусыг дүгнэлтэд бичээгүй байсан. 6 сарын дараа эксимуц буюу нарийн шинжилгээ хийхэд түүний хоолойнд их хэмжээний цус байсан тухай ярьж байсан. Үүнийг тэр чигт нь хаясан, улмаар зүрхний доргилт өөрчлөлт гэсэн дүгнэлт гаргасан. Хохирогчийн хүсэлтээр шинжилгээ дахин хийлгэхэд анхны дүгнэлт үндэслэлтэй гэж гарсан, энэ хугацаанд юу болсон юм бэ? гэхээр прокурорын хяналтанд хэрэг хянагдаж байх явцад шинжээчид шүүгдэгч Н.Б-ийн ар гэрээс мөнгө өгсөн асуудал гарч ирсэн. Хохирогч олон удаа Ховд аймгаас ирж байхад замын зардлыг нь өгөх ч үгүй байна. Гэрч М.******* архи уусан, талийгаачтай хамт дэлгүүр орж би өөрийнхөө мөнгөөр архи авч уусан гэдгийг нотолж байсан. Шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч В.******* нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.******* би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Н.Б-эд холбогдох 201613000130 дугаартай эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Н.Б- нь согтуугаар 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян-Улаан” гэх уулын урд дэнж дээр иргэн Ц.*******ын цээжин тус газар өшиглөн “хүнийг алах” гэмт хэргийг үйлджээ. Шүүгдэгч Н.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг бөгөөд түүнийг анх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, ял сонсгон байцаасан. Прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол арваас дээш арван таван жил хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан нь яллагдагчид ашигтай байна гэж үзээд яллагдагчаар татах тогтоолд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай” гэж өөрчлөлт оруулсан. Үүний дагуу анхан шатны шүүх 8-15 жил хүртэл хорих ялын санкци дотор буюу 9 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ. Иймд шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч В.******* нарын гаргасан гомдол үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан шинжээч Б.аагийн “... Зүрхний доргилт гэмтлийг авсан хүн гэмтлийг авсан тохиолдолд богино хугацаанд нас бардаг. Талийгаач Ц.*******т анх задлан шинжилгээ хийсэн эмч зүрхний булчингаас дээж авсан байдаг. Талийгаач Ц.*******ыг зүрх доргилт буюу зүрхний битүү гэмтлийн улмаас нас барсан гэж үзсэн. Зүрхний доргилт гэмтэл нь цээжин тус газар буюу зүрх орчимд хүчтэй цохих, өшиглөх, дэвсэх үед доргилт үүссэнээс болж үүсдэг. Зүрх доргилт нь явганаас унах тохиолдолд үүсэх боломжгүй. Эд эсийн шинжилгээгээр тухайн хүний зүрхний доргилт буюу битүү гэмтэл, аль эсвэл зүрхний цочмог шигдээсээр нас барсан нь ялгагдах боломжтой байдаг. Зүрхний шигдээсийн үед зүрхний булчингийн үхжилт үүсдэг бөгөөд талийгаач Ц.*******т зүрхний булчингийн үхжилт үүсээгүй. Харин зүрхний булчингийн завсраар голомтлог цус харвалт үүссэн байсан. Зүрхний булчингийн завсар үйлчилж байгаа цус харвалт нь ямар нэгэн өвчний үед үүсэхгүй. Зүрх доргилт гэмтэл авахад биед нь няцралт, хөхрөлт үүсэхгүй байж болно. Зүрхний шигдээс өвчтэй хүн нас барахаас өмнө зүрхний ойр орчимд маш хүчтэй өвдөлт өгдөг бөгөөд талийгаач Ц.*******т зүрхний шигдээсийн шинж тэмдэг илрээгүй...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 31- ний өдрийн 351, мөн оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 553 дугаартай дүгнэлтүүдээр “цээжин тус газар өшиглөх, цохих зэргээр дээрх гэмтэл учирч болно” гэж тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ...” , мөн зүйлийн 4 дэх хэсэгт “...Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана...”, мөн 5 дахь хэсэгт “...Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэжээ. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шинжээчийн зарим дүгнэлтүүд нь бусад бичгийн нотлох баримтаар няцаагдаж байгаа талаар дурдсан, мөн аль дүгнэлтийг яллах нотлох баримтаар тооцох нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч В.******* нарын давж заалдсан гомдлууд нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч В.******* нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Н.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цагийн орчим Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт буюу “Баян Улаан” хэмээх газрын урд дэнж дээр ангийн найз болох Ц.*******той архи уусангүй гэсэн үл ялих зүйлээр шалтаглан түүнийг зодож алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч Р.*******, гэрч М.*******, Р., Л.ий, Ж., Б. нарын мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 351 тоот, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 553 тоот, 2017 оны 01 дүгээр сарын 12- ны өдрийн 9104 тоот дүгнэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна. Хэргийг шүүхээс зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна. Шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч В.******* нар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо ... анхан шатны шүүх бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй, ял хүндэдсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргажээ. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан дээрх хохирогч, гэрч нарын болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчдийн гаргасан дүгнэлтүүдийг тал бүрээс нь бодит байдлаар үнэлэн, дүгнэлт хийснийг хууль зүйн хувьд буруутгах боломжгүй байна. Түүнчлэн хэрэгт авагдсан эдгээр бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгч Н.Б-ийг гэм буруутайд тооцох хангалттай баримт болж чадсан байх бөгөөд харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид тухайн гэмт хэрэгт Н.Б-ийг гэм буруугүй гэдгийг хангалттай нотолж чадаагүй байна. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хүнддээгүй, гэм бурууд нь тохирсон байна. Харин анхан шатны шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.*******ийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд зааж өгөөгүй орхигдуулсаныг шийтгэх тогтоолд нэмж оруулах нь зүйтэй байна. Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн нэхэмжлэлийн үнийн дүнд өмгөөлөгчийн ажлын хөлс 3.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэл муутай байх учир түүнийг хасч тооцон, мөн шүүгдэгч Н.Б-ийн ар гэрээс хохирогч Р.*******д 11.500.000 төгрөгийг давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байх үед төлсөнийг хохиролд оруулан тооцож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...шүүгдэгч Н.Б-ээс 5.245.134 төгрөг гаргуулж хохирогч Р.*******д олгож, 11.860.640 төгрөг гаргуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, цаашид хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж өөрчлөлт оруулж, тогтоолын тогтоох хэсгийн бусад зүйл, заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч В.******* нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Н.Б-ийг урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээнд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

 ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

 Б.НАМХАЙДОРЖ