Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0365

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж

Нэхэмжлэгч “А” ХХК

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 266 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0073/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргажээ.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 266 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгчид 2016 онд Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын аманд 1.5 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг. Тус ашиглах эрхийг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.

3.2. Хариуцагчийн зүгээс шүүх хуулийг буруу хэрэглэж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэжээ. Гэтэл Богдхан уулийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбар төрийн захиргааны байгууллага бөгөөд чиг үүргийн хувьд тус захиргааны хамгаалалтын нутаг дэвсгэрт ашиглах эрхийн гэрчилгээтэй иргэн, аж ахуй нэгжийг Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж байгаа эсэх дээр хяналт тавих үүрэгтэй.

3.3. Үүний хүрээнд шалгалтаар Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-т заасан үндэслэлийг биелүүлж ажлаагүй иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг нэгтгэн гаргаж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд цуцлуулах тухай санал хүргүүлж байгааг нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж үзэх үндэслэлгүй байна.

3.4. Мөн Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгч байгууллагад шуудангаар хүргүүлсэн.

3.5. Харин нэхэмжлэгч байгууллага холбогдох тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй. Гэтэл шүүх хариуцагч захиргааны байгууллагыг Захиргааны ерөнхий хуулийг биелүүлж захиргааны акт гаргасан мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.6. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

 

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

3. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад заасан нэр бүхий 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11и-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч “А” ХХК-ийн “...Жаргалантын ам нэртэй 1.5 га талбай бүхий” газрын ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарласан” гэх үндэслэлээр гаргасан гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

5. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгчид Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучнаар/ 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам нэртэй газар 1.5 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 2016/413 дугаар гэрчилгээг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 5 жилийн хугацаатай олгож, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2019/47 дугаар газар ашиглах гуравласан гэрээг байгуулж, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Жаргалантын аманд байрлах 1.5 га газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

5.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж маргаан бүхий актын “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан бөгөөд хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байна.

5.2. Тухайлбал, анхан шатны шүүхээс Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам нэртэй 1.5 га талбай газарт үзлэг хийсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь тухайн газрыг зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...захиргаа бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлсэн” гэх гомдлыг хүлээн авч, маргаан бүхий актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг зөвтгөх боломжгүй /хх 94-99 тал/ тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй.

5.3. Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарласан, уг тогтоол хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар олгосон газар ашиглах эрхийг үндэслэн 2016/413 дугаар гэрчилгээг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 5 жилийн хугацаатай олгож, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2019/47 дугаар газар ашиглах гурвалсан гэрээ байгуулсан атлаа маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, фото зургаар үгүйсгэгдэж байхад хариуцагчийг Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа болон нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллагыг гүйцэтгэсэн гэж үзэхээргүй байна.

6. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “...газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргийг газар эзэмшигч, ашиглагчид оногдуулсан, хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгохоор мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д тусгайлан зааж, маргаан бүхий А/79 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэж, “А” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь дээрх хуулийн заалтуудтай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, анхан шатны шүүх маргааны үйл баримтад дээрх хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн.

6.1. Нэхэмжлэгч “Асем эко гарден” ХХК нь газрын төлбөр төлөгчийн хувьд үүргээ биелүүлэн тус газрыг ашиглаж эхэлсэн хугацаандаа аливаа байдлаар газрын төлбөрийг орхигдуулсан зүйлгүй, хууль тогтоомжийн хүрээнд газрын төлбөр төлөгчийн үүргээ бүрэн биелүүлсэн нь тогтоогдож байх бөгөөд /хх 20-21, 60 дугаар тал/ Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6-д “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг”-ийг нэхэмжлэгчээс зөрчөөгүй энэ тохиолдолд хариуцагч үүнийг тодруулж шалгалгүйгээр газар ашиглах эрхийг цуцалсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт нийцсэн гэж үзэхээргүй байна.

7. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг нөхцөл бүрдсэн тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхийг хариуцагчид хуулиар олгосон, энэ хэргийн тухайд Газрын тухай хуулийн 40 үгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл бүрдээгүй болох нь тогтоогдсон тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай” А/79 тоот тушаалын “А” ХХК-д холбогдох хэсэг хуульд нийцээгүй, тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 266 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН