Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 111

 

     Зохигчид эвлэрснийг  баталж, хэргийг

 хэрэгсэхгүй  болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны замын 51-23 тоотод оршин суух Зааныхан овогт Ломчигийн Халтарын \РД:ЙЭ48013011\нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,  5-р хороо, Монелын гудамж, 26 дугаар гудамж 585 тоотод оршин суух Оргил овогт Намжилийн Оюунжаргалд холбогдох,

 2,554,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Халтар, хариуцагч Н.Оюунжаргал шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... “2016 оны 07-р сарын 25-ны өдөр Н.Оюунжаргал нь надтай утсаар ярихдаа “Зайсанд миний хуучин ажиллаж байсан компанид маш их ажил байна. Мөнгө төгрөг нь бэлэн, хоёулаа хамтарч ажиллая, захиалагч компанитай хийх ажлын гэрээг танай компаниар хийе, хүрээд ир” гэж урьсан юм. Би түүний ярьсан  ёсоор очиж, ерөнхий инженер Банди, захирал П.Лхагвадорж нартай уулзахад Оюунжаргалын ярьсан зүйлсийг баталж ярьсан.  Би захиалагч компанитай ажлын гэрээ хийхээр болох тээр үед, Оюунжаргал өмнөх саналаасаа ухарч, өөрийн компани болох “Өнөр төр” ХХК-ийн нэрээр хийе, учир нь энэ захиалагч компанийн захирлыг би таньдаг, дараа нь мөнгө төгрөгөн дээр ямар нэг асуудал гаргахгүй, харин шударга, ил тод ажиллах үүднээс ажлын хөлсийг таны хувийн дансаар дамжуулж авахаар захиалагч талтай гэрээгээ хийе гэж хэлсэн, саналыг би зөвшөөрсөн. Н.Оюунжаргал нь “Миний Сайншанд” ХХК-тай гэрээгээ хийж ажилласан. Миний бие барилгын заслын ажил, шаврын ажилд ажиллах хүч, Монгол, Солонгос ажилчдад өгөх урьдчилгаа мөнгийг Н.Оюунжаргалын хүссэний дагуу барилгын ажлын хөлс мөнгө авах хүртэл хугацаанд нь түр ханган ажилласан юм. Тухайлбал: 2016.08.11-нд 1,765,000 төгрөг, 2015.08.13-нд 500,000 төгрөг, 2016.09.05-нд 350,000 төгрөгийг тус тус Н.Оюунжаргалд өгч гарын үсэг зуруулж авсан. 2016.09.08-нд 1,600,000 төгрөг буцааж авсан. 2016.09.15-ны өдрөөс эхлэн ажлын хөлс, ашгаа авах талаар ярьж эхэлсэн. Энэ үеэс эхлэн Оюунжаргал өөрийн нөхрөөр дарамтлуулах буюу утсаа таслаад ярихгүй, ярьсан үедээ 7, 3 хоногийн дараа өгнө гэж амлаад уг хугацаагаа болох үед утсаа таслах, бүр утсаа хаах зэргээр авирлаж эхэлсэн. Би захирал П.Лхагвадоржтой уулзаж, мөнгө төгрөгөө яагаад өгөхгүй байгаа талаар асуухад “Мөнгө төгрөгөө Оюунжаргалд өгсөн” гэж хэлсэн. Би гэрээний дагуу та нар ажлын хөлсөө гэрээнд бичсэн дансанд хийх ёстой гэж хэлэхэд, “Лхагвадорж би мэдэхгүй, Оюунжаргалтайгаа ярь” гэсэн хариу өгсөн. Оюунжаргалаас энэ тухай асуухад “Зөвхөн ажилчдын цалинг л өгсөн, үлдсэн мөнгө бол та бид хоёрын авах мөнгө” гэж хэлсэн. Н.Оюунжаргал нь захирал Лхагвадоржтой хуйвалдан ажлын хөлсөө бэлнээр тооцоо хийж авсан байна. Н.Оюунжаргал нь хамтарч ажиллахаар тохиролцож, нийлүүлсэн мөнгөний үлдэгдэл 915,000 төгрөгийн үлдэгдэл, гэрээ тохиролцооны дагуу ажлын хөлс, ашиг болох 1,600,000 төгрөг, бүгд 2,500,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөг, бүгд 2,554,950 төгрөгийг гаргуулж өгч, намайг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Халтарын хавар 4 сараас эхлээд таньдаг болсон. “Миний Сайншанд” ХХК-тай гэрээ хийж заслын ажил хийсэн. Солонгос хүн авч ажиллуулж урьдчилгаанд нь 1,500,000 төгрөг өгсөн гэж өөрөө хэлсэн. Энэ мөнгө миний гараар ороогүй, өөрөө Солонгос хүндээ өгсөн. Энэ мөнгийг би ажлын эхний гүйцэтгэл болох мөнгөнөөс буцааж өгсөн. Дараа нь өөр Солонгос шавар хийх хүн авчраад Л.Халтар нь өөрийн гараар 500,000 төгрөг урьдчилгаанд өгсөн. Би ажлын гүйцэтгэлээс 150,000 төгрөг өгсөн. Миний бие өөрөө Л.Халтараас 300,000 төгрөг Баянзүрхийн товчооны гэрээс нь очиж авсан. Одоо Л.Халтарт 410,000 төгрөгийн өртэй болох нь үнэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Халтар нь хариуцагч Н.Оюунжаргалд холбогдуулан 2,554,950 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигчид эвлэрч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 2,554,950 төгрөгийн 1,054,950 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,500,000 төгрөгийг хариуцагч 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов.  

 

Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Н.Оюунжаргалд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Халтар нь нэхэмжлэлийн шаардлага 2,554,950  төгрөгийн  1,054,950 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,500,000 төгрөгийг хариуцагч Н.Оюунжаргал нь 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, Н.Оюунжаргалд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                                    

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Халтарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу  Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 38,950 төгрөгийг, хариуцагч Н.Оюунжаргалаас 38,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                      Д.ЦЭРЭНДОЛГОР