Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 1889

 

 

 

 

 

     2020         10         30                                  2020/ШЦТ/1899

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

улсын яллагч Л.Галав,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2626 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б.Б, 1999 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын багшийн их сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт МУБИС-ийн оюутаны 2-р дотуур байр 4-4Б тоотод түр оршин суух хаягтай,

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуутын 185-08 тоотод иргэн Б.Эрдэнэцэцэгийн толгой, нүүр хэсэгт цохих, мөргөх үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Хохирогч Б.Эрдэнэцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “.... Тэгээд гэрт орж ирээд намайг цохисон. Тэгэхээр нь би босоход гараад ир гэсэн. Би араас нь дагаад гараад очтол намайг толгой руу цохиод намайг алах гэж байгаа юм  шиг зодож эхэлсэн. Тэгээд намайг зодож байхад манай дүүгийн найз залуу Мөнх-Од гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь би хашаанаас гараад гүйтэл араас гарч ирээд дахин зодсон. Манай найз залуу намайг Тэмүүгэн гэх залуутай хардаад өнөөдөр намайг тэр залуугийн гэрт авч очно бид хоёрыг ална гээд байсан. Өнөөдөр үүрээр согтуу гэрт ирээд намайг хардалтын улмаас миний толгой, нүүр хэсэг рүү хоёр гараараа нилээн олон удаа цохисон. Мөн баруун талын хөл рүү нилээн олон удаа өшиглөсөн, миний хамар руу 1 удаа толгойгоороо мөргөсөн, мөн гэрт гадаа миний үснээс зулгааж үсдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-9/,

Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч их гэмшиж байгаа. Би Эрдэнэцэцэгээс уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11019 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Б.Эрдэнэцэцэгийн биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун бугалганы гадна хэсэг баруун гуянд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт бусад гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Баруун бугалганы урд хэсэг дээд хэсэг, зүүн бугалганы урд дунд хэсэг, зүүн шилбэний хүрэн ягаан шаргал туяа бүхий цус хуралтууд нь үзүүлэхээс2-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 16-17/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуутын 185-08 тоотод иргэн Б.Эрдэнэцэцэгийн толгой, нүүр хэсэгт цохих, мөргөх үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Б.Эрдэнэцэцэгийн: “.... Тэгээд гэрт орж ирээд намайг цохисон. Тэгэхээр нь би босоход гараад ир гэсэн. Би араас нь дагаад гараад очтол намайг толгой руу цохиод намайг алах гэж байгаа юм  шиг зодож эхэлсэн. Тэгээд намайг зодож байхад манай дүүгийн найз залуу Мөнх-Од гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь би хашаанаас гараад гүйтэл араас гарч ирээд дахин зодсон. Манай найз залуу намайг Тэмүгэн гэх залуутай хардаад өнөөдөр намайг тэр залуугийн гэрт авч очно бид хоёрыг ална гээд байсан. Өнөөдөр үүрээр согтуу гэрт ирээд намайг хардалтын улмаас миний толгой, нүүр хэсэг рүү хоёр гараараа нилээн олон удаа цохисон. Мөн баруун талын хөл рүү нилээн олон удаа өшиглөсөн, миний хамар руу 1 удаа толгойгоороо мөргөсөн, мөн гэрт гадаа миний үснээс зулгааж үстсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Бд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Эрдэнэцэцэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Б.Бд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Бд нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450.000 торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Бд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР