Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 899

 

 

 

 

 

     2020          10         12                                          2020/ШЦТ/899

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

            нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

            улсын яллагч: Э. Оюунтунгалаг;

            шүүгдэгч: Э.О /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.О-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Хажуу-Улаан суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, Э.О

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

            Яллагдагч Э.О нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бэлх зах”-ын лангуун дээрээс иргэн М.Баярмаагийн лангуун дээр мартаж явсан “Самсунг Галакси А7” загварын гээгдэл гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч бусдад 382.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримт шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О мэдүүлэхдээ: “...Дахиж ийм алдаа гаргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-19/, эд зүйлс хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20-21/, хохирогч М.Баярмаа /хх-ийн 24-26/, гэрч П.Санжидмаа /хх-ийн 27-28/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ тайлан /хх-ийн 33-34/, Э.Огийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-45/, Э.Огийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 46-63/, М.Баярмаагийн хүсэлт /хх-ийн 64/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.О нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бэлх зах”-ын лангуун дээр иргэн М.Баярмаагийн мартаж явсан “Самсунг Галакси А7” загварын гээгдэл гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 382.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч М.Баярмаагийн /хх-ийн 24-26/: “...би 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн дүү Ариунзаяагийн хамт ...зуслангийн газар руу явах замдаа “Бэлх зах” руу ...орж сүү цагаан идээний тасгаас ...сүү худалдаж авсан. Тухайн үед тооцоо хийхдээ өөрийн эзэмшлийн “Самсунг Галакси А7” загварын хар өнгийн гар утсыг лангуун дээр нь мартаад гарсан. ...тухайн захын лангуун дээр 20 орчим минутын дараа очиход миний гар утас байхгүй, лангууны хүмүүс мэдэхгүй байсан. ...Тэгээд захиргаа руу ороод камер шүүлгэхэд нэг эмэгтэй авч явахыг хараад цагдаад хандсан. ...Гар утсаа буцаагаад авсан тул гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

Э.Огийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 43-45/: “...Би 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бэлх зах”-д явж байгаад “Самсунг Галакси А7” загварын гар утас олсон. ...өмнө нь гар утсаа алдаад олсон хүн нь “би олсон шүү” гэж хэлэхээр нь “гар утас олоод авч болдог юм байна” гэж ойлгосон. Би үнэхээр буруу зүйл хийсэн байна. Дахиж ийм зүйл хийхгүй...” гэх мэдүүлэг болон эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20-21/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-19/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ тайлан /хх-ийн 33-34/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь “бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа авснаа өөрөө мэдүүлсэн, хохирогч эд хөрөнгөө гээгдүүлснээ мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэн М.Баярмаагийн гээгдүүлсэн “Самсунг Галакси А7” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хяналт шалгалтын шаардлагагүйгээр буцаан өгөхгүй байх санаа зорилгоор, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож, хувьдаа авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Э.Огийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…гээгдэл эд хөрөнгө...завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч М.Баярмаагийн “…гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан тул гомдол санал байхгүй…” гэсэн байр суурь хавтаст хэргийн 64 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Э.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Э.Ог “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Э.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ог 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Э.О нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ