Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 900

 

 

2020        10          12                                     2020/ШЦТ/900

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

            нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

            улсын яллагч: Ч.Батбаатар;

            шүүгдэгч: Л.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Л.Б

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

            Яллагдагч Л.Б нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 16 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 86а байрны зүүн замд “Тоёота Румион” маркийн 70-60 УНН улсын дугаартай Л.Эрдэнэжаргалын өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Чулууныг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримт шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7/, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 9/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13/, хохирогч Ш.Чулуун /хх-ийн 16-17/, иргэний хариуцагч Л.Эрдэнэжаргал /хх-ийн 19/, гэрч Ц.Алтанцэцэг /хх-ийн 22/, гэрч Б.Чойжилсүрэн /хх-ийн 24/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8411 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-35/, Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 124 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 38/, хохирогч Ш.Чулууны эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 44-63/, хохирлын баримтууд /хх-ийн 73-76/, Л.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 83-84/, Л.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 64-71/, Л.Эрдэнэжаргал, Ш.Чулуун нарын хүсэлт /хх-ийн 89/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 16 цаг 30 минутын үед “Тоёота Румион” маркийн 70-60 УНН дугаартай Л.Эрдэнэжаргалын өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 86а байрны зүүн замд зам тээврийн осол гарган явган зорчигч Ш.Чулууныг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Ш.Чулууны /хх-ийн 16-17/: “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 30 минутын орчим гэрээсээ гараад хажуугийн байранд байдаг эмийн сан руу ганцаараа алхаж явсан. Гэтэл гэнэт 1 машин миний араас ирээд мөргөсөн. Тухайн үед уг жолооч их хүчтэй мөргөсөн. ...Одоо миний бие ядруу байна. “Мөнгөн гүүр” эмнэлэгт хагалгаанд орсон, байнга бариа хийлгэж байгаа...”  гэх мэдүүлгээр,

 

Ш.Чулууны биед “баруун шууны далд хугарал, тархи доргилт, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун хацрын төвгөр, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт” бүхий  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8411 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 26-27/,

 

гэрч Б.Чойжилсүрэнгийн /хх-ийн 24/:  “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн орчим би хүргэн ах Л.Бгийн хамт “Тоёота Румион” маркийн 70-60 УНН дугаартай улаан өнгийн машинтай эмээдээ эм авахаар ...осол гарсан газрын ойролцоо эмийн сангийн гадна машинаа тавьсан. Л.Б ах бид 2 эмийн сан руу орж эмээ авчихаад буцаад машин дээрээ очтол машины ард нэг ачааны машин ачаагаа буулгаад дуусч байсан. ...Л.Б ах машинаа асаагаад хөдлөх гэтэл нөгөө машин хойно нь хаагаад зогссон байсан. Тэр машин зам тавьж өгөх үед ах ухарсан. ...машины ард нэг зүйл тулах шиг болсон. Ах бид 2 машинаасаа буугаад хартал машины ард нэг эмээ газарт унасан байсан. ...ах бид 2 тэр эмээг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явж үзүүлсэн....” гэх мэдүүлгээр,

 

Тээврийн цагдаагийн албаны “... “Тоёота Румион” маркийн 70-60 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Лхагвасүрэн овогтой Баасансүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй.

Явган зорчигч Шарав овогт Чулуун нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тухайн осол хэрэг нь зам орчны нөхцөл байдал, эвдрэл гэмтлээс шалтгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэх 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 124 дугаартай мөрдөгчийн магадалгаагаар /хх-ийн 38/,

 

Иргэний хариуцагч Л.Эрдэнэжаргалын /хх-ийн 19/: “...Миний төрсөн дүү Л.Б нь уг машиныг хааяа унадаг. ...уг машины түлхүүр нь Л.Бд угаасаа байдаг юм. ...Миний машин зүгээр байгаа. Ямар нэгэн эвдрэл учраагүй тул санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

Л.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 83-84/: “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 30 минутын үед эгчийнхээ “Тоёота Румион” 70-60 УНН дугаартай улаан өнгийн машинтай эхнэрийнхээ дүүгийн хамт эмийн сангаас эм авчихаад гарч иртэл машины ард нэг Портер маркийн машин хаагаад зогссон байсан. Уг Портер ухраад намайг гаргах гээд зогссон. Би хөдлөөд хойшоогоо ухарсан. Тухайн үед машины камер нар гялбаад харагдахгүй байсан тул 2 талын болон голын толиндоо харж байгаад ухарсан. Намайг ухрах үед хажууд бас нэг машин гарах гэж байсан. Тэгэхээр нь би хойшоогоо нэлээн ухарч байх үед машины ард нэг зүйл тулах шиг болсон. Би машинаа зогсоогоод юм мөргөчихлөө гэж бодоод машиныхаа ард очтол нэг эмээ газарт сууж байсан. ...Гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...эмнэлэгт хэвтсэн болон бусад эм тарианд нийт 1.900.000 төгрөг өгсөн. Мөн энэхүү төлбөрөөс хойш Ш.Чулуун эмээд гарсан эмчилгээний зардлыг төлнө” гэх мэдүүлэг болон зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадалгаагаар тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас хохирогч хүндэвтэр гэмтсэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон” байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Л.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, ухрах үйлдлийг “бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд хийнэ. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, хүнийг хүндэвтэр гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ш.Чулууны “…ямар нэгэн гомдол санал байхгүй…” гэсэн байр суурь хавтаст хэргийн 89 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Харин хохирогч Ш.Чулуун нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байна.

 

Иргэний хариуцагч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Л.Бг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн №759646 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний хариуцагч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Ш.Чулуун нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн №759646 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын

яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ