Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 200

 

 

 

 

 

  2017 оны 01 сарын 13 өдөр

   Дугаар 101/ШШ2017/00203

        Улаанбаатар хот

   

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

     Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 42 дугаар байр, 97 тоотод оршин суух, ОХУ-ын иргэн Попов Сергей Модестович /паспортын дугаар 51 №4664688, регистрийн дугаар RUS6507196/-ийн нэхэмжлэлтэй,

 

     Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 73 дугаар байр, 35 тоотод оршин суух, ОХУ-ын иргэн Арефьев Андрей Леонидович /паспортын дугаар 51 №5311129, регистрийн дугаар RUS6209012/-д холбогдох,

 

     Автомашины үнэд төлсөн 20,000 ам.доллар, 4,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, эд хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшсэн хугацааны хөлс 21,600,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа  нар оролцов.

             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бүрэндэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “ОХУ-ын иргэн Попов овогтой Сергей Модестович нь ОХУ-ын иргэн Арефьев овогтой Андрей Леонидовичээс 00-01УБӨ улсын дугаартай Хаммер Н2 маркийн авто машиныг авсан үнээр нь худалдан авахаар тохиролцон 20 мянган ам.доллар, 4 сая төгрөгний урьдчилгаа төлбөр түүнд бэлнээр өгч, машиныг авсан ба улдэгдэл төлбөрийг бичиг баримтыг шилжүүлсний дараа өгөх байсан юм. Автомашиныг Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байхдаа хураан авч хохирогч гэх О.Дарханбаатарт баримтаар хүлээлгэн өгсөн ба эрүүгийн хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон юм. Иймд автомашины үнэд тооцон өгсөн 20 мянган ам.доллар, 4 сая төгрөгийг хариуцагч буюу мөнгийг хүлээн авсан Арефьев Андрей Леонодовичээс гаргуулан авахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

 

Хариуцагч Арефьев Андрей Леонидович шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Арефьев Андрей Леонидович нь Полишко Дмитрий Сергеевичтэй харилцан тохиролцож, түүнээс 32.000 америк доллараар 00-01 УБӨ улсын дугаартай Хаммер Н2 маркийн автомашиныг худалдан авсан шударга өмчлөгч юм. Энэ талаархи нэхэмжлэлээ “Алтан Дорнод Монгол” ХХК-нд гаргаж, эзэмшилдээ шилжүүлэн авах хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд тус асуудлыг шийдвэрлэсний дараа Попов Сергей Модестовичийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн нь бодитой байх болов уу гэж бодож байна. Попов Сергей Модестовичид 00-01 УБӨ улсын дугаартай Хаммер Н2 маркийн автомашиныг манай хашаанд байхад бүх бодит байдлыг өөрөө сайн мэдэж байсан бөгөөд энэ бүхнийг хүлээн зөвшөөрч, тус автомашиныг авч, бүхэл бүтэн 3 жилийн турш өдөр тутам үйл ажиллагаандаа ашиглаж, хэрэглэсэн атлаа өнөөдөр Бүрэндэлгэр гэдэг хүний ятгалгаар ингэж ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаад харамсаж байна. Нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч Арефьев Андрей Леонидовичийн “Газар-Ус интернэшнл” ХХК-аас ОХУ-ын иргэн Полишко Дмитрий Сергеевич 2010 онд 32,000 ам доллар түр хугацаагаар авахдаа барьцаанд нь Хаммер Н-2 маркийн 00-01 УБӨ улсын дугаартай авто машиныг тавьсан байна. 2011 оны 11 сард Попов Сергей нь дээрх машиныг “Туркүүд маргааш ирэх юм, би Туркүүдэд баян харагдах хэрэгтэй байна, машиныг чинь 2 хоногийн хугацаатай ашиглаж, хэрэглээд өгье” гэж хэлээд Андрейгийн эзэмшлээс авч явсан боловч буцааж өгөөгүй бөгөөд машиныг буцаан өгөхийг Поповоос байнга шаардаж байсан хэдий ч буцаан өгөлгүй байснаа хэсэг хугацааны дараа машиныг худалдаж авна гэж хэлээд өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлж авснаас хойш тэрээр 3 жил гаруй хугацаанд ашиглаж, эзэмшиж байсан. Уг машиныг Полишко Дмитрий Сергеевичид “Алтан дорнод монгол” ХХК нь цалингийн өглөгт шилжүүлсэн бөгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэ өмчлөгч болох Полишкод шилжүүлэх үед “Алтан дорнод монгол” ХХК-ийн өмчлөгч солигдсон, мөн уг компанийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллага битүүмжилсний улмаас уг машин биет байдлаар Полишкогийн өмчлөл, эзэмшилд шилжсэн хэдий ч эзэмших эрхийн гэрчилгээ шилжигдээгүй байсныг нэхэмжлэгч Попов ч мэдэж байсан юм. Попов нь машиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч ашиглаад нэг жил өнгөрсний дараа машины үнээс эхлээд 20,000 ам долларыг, үүнээс хойш 6 сарын дараа 4,000,000 төгрөгийг тус тус Андрейд өгсөн байдаг бөгөөд, Попов болон түүний хамтрагч Бүрэндэлгэр нь машины эзэмших эрхийг түүний нэр дээр шилжүүлэн авах боломжтой, хүчний байгууллагуудад таних мэдэх хүн байгаа гэж хэлж байсан, Попов нь өөрөө хүсэж эрхийн зөрчилтэй эд хөрөнгийг худалдан авсан. Попов машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ өөр этгээдийн нэр дээр байдаг гэдгийг сайн мэддэг байсан ч машиныг ашиглаж, эзэмшиж байхдаа удаа дараа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байсан нь өөрийгөө болон эд хөрөнгөө эрсдэлтэй байдалд оруулж хохирох шалтгаан болсон юм. Попов Сергей Модестович машиныг худалдаж авах саналыг хэлж, өөрийн эзэмшилд шилжүүлснээс хойш машины эхний төлбөрийг төлөх хүртэлх 1 жилийн хугацаанд түүнийг миний эзэмшлийн эд хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшсэн гэж үзэж автомашиныг хөлслөх нэг өдрийн хөлсийг /автомашин хөлсөлж түрээслэдэг компаниудын баримталдаг жишиг үнээр/ 60,000 төгрөгөөр тооцож Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар Попов Сергей Модестовичоос 21,600,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.  

 

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хаммер Н-2 маркийн 00-01 УБӨ улсын дугаартай авто машин нь сөрөг нэхэмжлэл гаргагчийн өмчлөлд байгаагүй бөгөөд “Алтан дорнод монгол” ХХК-н өмчлөлд байсан, одоо ч тэдний өмчлөлд байгаа юм. Харин тэрээр энэ машиныг үндэслэлгүйгээр эзэмшиж байхдаа эрхийн маргаантай машиныг нэхэмжлэгчид зарж /ИХ-ийн 493-р зүйлд зааснаар/ 20,000 ам.долларыг 4 сая төгрөгийн хамт авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул бид түүнээс эд хөрөнгөнд учирсан хохирол, гэм хорыг нэхэмжлэх эрхтэй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн 21,600,000 төгрөг гаргуулах тухай шаардлага үндэслэлгүй ба тэрээр энэ нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эд хөрөнгийн өмчлөгч биш тул шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Попов Сергей Модестович нь хариуцагч Арефьев Андрей Леонидовичоос автомашины үнэд төлсөн 20,000 ам.доллар, 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг,

    хариуцагч Арефьев Андрей Леонидович нь нэхэмжлэгч Попов Сергей Модестовичоос автомашиныг эзэмшилдээ шилжүүлснээс хойш эхний төлбөрийг төлөх хүртэлх нэг жилийн хугацааны эд хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшсэн хугацааны хөлс 21,600,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг шүүхэд тус тус гаргажээ.

 

    Нэг. Автомашины үнэд төлсөн 20,000 ам.доллар, 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн тухай

 

Нэхэмжлэгч нь 00-01 УБӨ улсын дугаартай Хаммер Н2 маркийн автомашины үнэд төлсөн 20,000 ам.доллар, 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Хаммер Н2 маркийн автомашины асуудлыг “Алтан Дорнод Монгол” ХХК-с нэхэмжилж, уг асуудлыг  шийдвэрлэсний дараа Попов Сергей Модестовичийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх ёстой гэж маргаж байна.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Талууд 2011 оны 11 дүгээр сард 00-01 УБӨ улсын дугаартай Хаммер Н2 маркийн автомашиныг худалдах, худалдан авах талаар харилцан тохиролцсоны үндсэн дээр хариуцагч Арефьев Андрей Леонидович нь нэхэмжлэгч Попов Сергей Модестовичид уг автомашиныг шилжүүлж, нэхэмжлэгч автомашины төлбөрт  20,000 ам.доллар, 4,000,000 төгрөгийг хариуцагчид тус тус төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Нэхэмжлэгч автомашиныг шилжүүлэн авах үед уг автомашины гэрчилгээ нь “Алтан дорнод Монгол” ХХК-ийн нэр дээр байсан болох нь хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

 

Гэрээний оролцогч талууд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй  хэдий ч уг чөлөөт байдал нь хуулийн хүрээгээр хязгаарлагдахаар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан дээрх тохиролцоо нь худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан байх боловч хариуцагч Арефьев Андрей Леонидович нь “Алтан дорнод Монгол” ХХК-ийн өмчлөлийн автомашиныг бусдад худалдсан байх тул худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

 

Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс Хаммер Н2 маркийн автомашиныг нэхэмжлэгч Попов Сергей Модестович ашиглаж байх үед буюу 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Хураан авах тогтоол”-оор автомашиныг нэхэмжлэгчээс хураан авч “Алтан дорнод Монгол” ХХК-д шилжүүлсэн байна. /хх-16/ Хаммер Н2 маркийн автомашиныг хууль ёсны өмчлөгч болох “Алтан дорнод Монгол” ХХК-д шилжүүлсэн асуудалд хариуцагч буруугүй боловч, уг автомашины төлбөрт авсан мөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үндэслэлтэй байна.

 

            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Попов Сергей Модестович нь хариуцагч Арефьев Андрей Леонидовичоос автомашины үнэд төлсөн 20,000 ам.доллар, 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ”, мөн хуулийн 218 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн автомашины төлбөрт төлсөн 20,000 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн монгол банкны ханш 1,983.41 төгрөгөөр тооцож 39,668,200 төгрөгийг гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Шүүх хариуцагч Арефьев Андрей Леонидовичоос 43,668,200 /39,668,200+4,000,000/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Попов Сергей Модестовичид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хоёр. Эд хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшсэн хугацааны хөлс 21,600,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн тухай

 

Хариуцагч Арефьев Андрей Леонидович нь Попов Сергей Модестовичоос автомашиныг эзэмшилдээ шилжүүлснээс хойш эхний төлбөрийг төлөх хүртэлх нэг жилийн хугацааны эд хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшсэн хугацааны хөлс 21,600,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч “Алтан дорнод Монгол” ХХК-н өмчлөлийн автомашиныг үндэслэлгүйгээр эзэмшиж байхдаа эрхийн маргаантай машиныг нэхэмжлэгчид зарсан байсан тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Иргэн, хуулийн этгээд нь хуульд зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчийн зүйлээ бусдын эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмших, ашиглах, үр шимийг хүртэх, захиран зарцуулах эрхтэйгээс гадна бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Өмчлөгч нь тухайн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмч мөн гэдгийг баталж, өмчлөгч гэдгээ нотолсон байх шаардлагатай юм.

 

00-01 УБӨ улсын дугаартай Хаммер Н2 маркийн автомашин нь “Алтан дорнод Монгол” ХХК-ийн өмчлөлийн автомашин болох нь хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй болно.

 

Хариуцагч Арефьев Андрей Леонидович нь маргаан бүхий автомашины өмчлөгч биш тул нэхэмжлэгч Попов Сергей Модестовичоос автомашиныг үндэслэлгүйгээр эзэмшсэний төлбөр 21,600,000 төгрөг шаардах эрхгүй байна.

 

Шүүх хариуцагч Арефьев Андрей Леонидовичийн эд хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшсэн хугацааны хөлс 21,600,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, тайлбаруудад нэхэмжлэгч Попов Сергей Модестовичийн эцгийн нэрийг Леодостович гэж ташаа дурдагдсаныг нэхэмжлэгчийн гадаад паспортыг  үндэслэн Модестович гэж залруулав. /хх-9/

 

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр хариуцагч Арефьев Андрей Леонидовичоос 43,668,200 /39,668,200+4,000,000/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Попов Сергей Модестовичид олгож, эд хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшсэн хугацааны хөлс 21,600,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.3-т заасныг баримтлан хариуцагч Арефьев Андрей Леонидовичоос 43,668,200 /дөчин гурван сая зургаан зуун жаран найман мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Попов Сергей Модестовичид олгож, автомашиныг үндэслэлгүйгээр эзэмшсэний төлбөр 21,600,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 376,291  төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,950 төгрөгийг улсын орлогод  тус тус хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 3,709 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Попов Сергей Модестовичид буцаан олгож, хариуцагч Арефьев Андрей Леонидовичоос нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 376,291 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Попов Сергей Модестовичид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР