| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2020/0110/Э |
| Дугаар | 110 |
| Огноо | 2020-10-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 110
2020 10 05 2020/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа
Шүүгдэгч З.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овогт З.Г холбогдох эрүүгийн 2019000000124 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1981 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан, гагнуурчин мэргэжилтэй, тус аймгийн Биеийн тамир спортын газарт ээлжийн жижүүр ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Дорноговь аймаг Сайншанд сумын 6 пугаар баг, Шинэ зуун 212-2 тоотод оршин суух хаягтай, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан Бичээч овогт З.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч З.Г нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэн Х.Б-тэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б-тэй маргалдаж, нүүр лүү нь цохисон” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 сарын 07-ны өдөр 17 цагийн үед миний төрсөн хүү болох Б-тэй нь найзуудынхаа хамтаар зааланд ирээд тоглож байхад нь Э гэдэг залуу бөмбөгийг нь хурааж аваад намайг гар утсаар дуудахдаа “зөнгөр өвгөн минь хүрээд ир, яагаад ажил хаяад яваад байгаа юм” гэж намайг дуудахаар нь би ирээд Эт хандан та хэд миний ажлыг мэддэг болчихсон юм уу, би яваад ирж болохгүй юу гэж хэлтэл иргэн Г нь зөнгөр өвгөн минь битгий хуцаад байгаарай гэж хэлэхээр нь би чамаар заалгахгүй, чи битгий хуцаад байгаарай гэж хэлтэл иргэн Г босож ирээд миний нүүрний уруул хэсэгт нэг удаа баруун гараараа цохихоор нь би зөрүүлээд баруун хөлөөрөө Гийн зүүн хөлрүү нь 1 өшиглөтөл Э намайг тэвэрчихээд тавихгүй байсан. ... Надад иргэн Гэд гаргах гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Тэгээд би Г рүү май гээд салаавч гарган чи миний ажлыг мэдэхгүй би өөрөө мэдэж байна гээд түүнийг цохих гээд далайтал Г миний нүүрний доод хэсэгт баруун гараа зангидаж байгаад нэг удаа хүчтэй цохитол миний уруулын дотор талд язралт үүссэн. Г нь намайг цохисны дараа Э ирээд намайг барьж аваад 2 гарыг маань ард гарган тэвэрсэн байдалтай байхад би Гийн зүүн шилбэ орчимд нь 1 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. ...надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-12 дугаар хуудас/,
Гэрч З.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн үед манай нөгөө ээлжийн жижүүр Э нь Б ах руу залгаж, “Ажлаа хаяж яваад цаг гаруй боллоо, бид нар явах гээд байна” гэж хэлсэн. Тэгээд ойролцоогоор 15 минутын дараа Б заалны гадаа сууж байхад ирээд Б нь надруу “бандийн шуумар минь надруу залгадаг хэн бэ?” чи гээд надруу дайраад байхаар нь “би залгаагүй, Э залгаж, ярьсан” гэж хэлтэл миний баруун доод хэсэгт 2-3 удаа зүүн гараараа хүчтэй цохьсон. Мөн миний нүүрний зүүн доод хэсэг лүү 2-3 удаа зүүн гараараа хүчтэй цохьсон. Мөн нүүрний зүүн доод хэсэг лүү 2-3 удаа баруун гараараа цохиод зүүн гуяны дотор талруу нэг удаа хүчтэй өшиглөхөөр нь “та одоо боль” гээд зүүн гараараа өөрөөсөө холдуулах гээд түлхэх гэтэл доод уруулных нь тэнд цохиод би хойшоо гараад явтал Бийн хүүхэд нь гарч ирээд намайг цохих гэж оролдохоор нь би үүрч явсан цүнхээрээ хаагаад бариад дараад автал Б ах толгойн хэрээтэй том чулуу барьж аваад савах гэтэл Э хойноос нь тэвэрч аваад болиулсан....” гэсэн мэдүүлэг/хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Т.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 сарын 07-ны өдөр 17 цагийн үед Биеийн тамир спортын газар ажил дээрээ байж байтал би жижүүр Б гэдэг хүн рүү залгаад та хаана байгаа юм, гэрийнхээ ажлыг хийх юмуу? байгууллагын ажлыг хийх юмуу?” гэж асуутал Б гэдэг хүн утсаа тасалсан. Тэгээд 17 цаг 50 минутын дараа ажил дээрээ ирээд “та нар муу сайн юмнуудаар заалгах юмуу? би гэр лүүгээ харьж болно за юу” гэж хэлээд харааж байснаа Г ах руу очоод юм ярьж байгаа харагдаж байсан. Б ах Г ахыг шууд баруун гараараа 2-3 удаа цохихоор нь би салгаад Г ах заалны хойд талд тамхи татаад зогсож байхаар нь Б ахын хүүхэд нь заалнаас гарч ирээд “манай аавыг хэн зодсон бэ? ? пиздануудаа” гэж хэлээд Г ахыг шууд цохихоор нь Г ах биеэ хамгаалаад тэврээд газар унагаасан чинь Б ах газраас том чулуу аваад Г ахын дээрээс шидэх гэж байхаар нь би тэвэрч аваад чулууг нь хаяулаад “та хүн амьтан алах гээ юу” гэж хэлээд болиулсан.... Ажлын байраа орхиж явж болохгүй шүү дээ гэж хэлэхэд Б нь Г рүү очоод нүүрнийх нь зүүн шанаа орчимд нэг удаа цохьсон. Тэр үед нь Г нь цаашаа бай боль ахаа гээд биеэ хамгаалаад баруун гараараа Бийн нүүр лүү нь түлхсэн ба яг тэр үед нь зөрүүлээд Б нь Гийн баруун хөл орчимд 1 удаа өшиглөсөн. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 17-18, 22-23 дугаар хуудас/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн үед би 3 найз болох М, Анх-Эрдэнэ, Баяраа нарын хамт спорт зааланд 2 цаг аваад тоглож байхад манай аав Б нь гэр лүүгээ очоод юм авчихаад ирье үүд хараад байж байгаарай гэж хэлээд гараад явсан. Тэгээд эхний 1 цаг тоглочихоод амраад сууж байхад Биеийн тамир спортын газрын нэг мэргэжилтэн өндөр бор царайтай хүн над дээр ирээд хэний зөвшөөрлөөр цаг авсан юм мөнгөө төлсөн юм уу? гэж асуухаар нь би аав болох Б гэдэг жижүүрт хэлээд мөнгөө өгөөд тоглож байна гэж хэлтэл өндөр бор царайтай мэргэжилтэн ирээд бид хэдийг тоглож байхад бөмбөг хурааж аваад гараад явахаар М, Баяраа, Анх-Эрдэнэ бид 4 хувцсаа солих гээд сууж байхад аав Б хамар ам нь цус болчихсон орж ирээд аав нь хүнд зодуулчихлаа гэж хэлэхээр нь би шууд гадаа гараад заалны үүдэнд ааваас хэн яасын юу болсон юм гэж асуутал хөх цэнхэр өнгийн фудволктой хүн лүү заагаад тэр хүн намайг цохьсон гэхээр нь би аавын заасан хөх цэнхэр өнгийн фудволктой хүн дээр нь гүйж очоод тэр хүнд хандаж та яахаараа манай аавыг зөвшөөрөлгүй цохидог юм гэж асуусан. Тэгтэл хөх цэнхэр өнгийн фудволктой хүн надад хандан миний дүү буруугаар ойлгоод байна чиний бодож байгаа шиг юм болоогүй гэж хэлэхээр нь би яахаараа цохиогүй хүний хамраас цус гараад уруул нь сэтэрсэн байдаг юм гэж хэлээд би хөх цэнхэр өнгийн фудволктой хүнийг түлхэх гэтэл намайг тэвэрч аваад газар унагаагаад заамдахаар нь би зөрүүлээд заамдсан. Тэгээд хөх цэнхэр өнгийн фудволктой хүн миний нүүрний баруун эрүүний доод хэсэгт баруун гарын тохой хэсгээрээ 1 удаа цохих шиг болохоор нь би зөрүүлээд зүүн гараа зангидаж байгаад тэр хүний нүүрнийх нь баруун эрүүний доод хэсэгт нь 1 удаа цохьсон. Тэгээд тэр хүн бид 2 зууралдаад ноцолдож байхад манай найз болох М салгаж авсан. Харин тэр хүнийг ажлынх нь газрын нэг хүн ирж салгасан. Тэгээд манай найзууд болох М, Баяраа, Анх-Эрдэнэ болох тэр хүний ажлын газрын хүмүүс боль салцгаа гээд болиулсан. Тэгээд би болиод аав Б-тэй хамт эмнэлэг явж үзүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 02/0221 дугаартай шинжээчийн: “...Х.Бийн биед дээд уруулын дотор салстын шарх гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 51 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.Г нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Биеийн тамир спортын газрын гадаа 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэн Х.Б-тэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, дээд уруулын дотор салстын шарх гэмтлүүд учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 сарын 07-ны өдөр 17 цагийн үед миний төрсөн хүү болох Б-тэй нь найзуудынхаа хамтаар зааланд ирээд тоглож байхад нь Э гэдэг залуу бөмбөгийг нь хурааж аваад намайг гар утсаар дуудахдаа “зөнгөр өвгөн минь хүрээд ир, яагаад ажил хаяад яваад байгаа юм” гэж намайг дуудахаар нь би ирээд Эт хандан та хэд миний ажлыг мэддэг болчихсон юмуу, би яваад ирж болохгүй юу гэж хэлтэл иргэн Г нь зөнгөр өвгөн минь битгий хуцаад байгаарай гэж хэлсэн. ...Тэгээд би Г рүү май гээд салаавч гарган чи миний ажлыг мэдэхгүй би өөрөө мэдэж байна гээд түүнийг цохих гээд далайтал Г миний нүүрний доод хэсэгт баруун гараа зангидаж байгаад нэг удаа хүчтэй цохьтол миний уруулын дотор талд язралт үүссэн. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 сарын 07-ны өдөр 17 цагийн үед Биеийн тамир спортын газар ажил дээрээ байж байтал би жижүүр Б гэдэг хүн рүү залгаад та хаана байгаа юм, гэрийнхээ ажлыг хийх юмуу? байгууллагын ажлыг хийх юмуу?” гэж асуутал Б гэдэг хүн утсаа тасалсан. Тэгээд 17 цаг 50 минутын дараа ажил дээрээ ирээд “та нар муу сайн юмнуудаар заалгах юмуу? би гэр лүүгээ харьж болно за юу” гэж хэлээд харааж байснаа Г ах руу очоод юм ярьж байгаа харагдаж байсан..... Ажлын байраа орхиж явж болохгүй шүү дээ гэж хэлэхэд Б нь Г рүү очоод нүүрнийх нь зүүн шанаа орчимд нэг удаа цохьсон. Тэр үед нь Г нь цаашаа бай боль ахаа гээд биеэ хамгаалаад баруун гараараа Бийн нүүр лүү нь түлхсэн ба ягтэр үед нь зөрүүлээд Б нь Гийн баруун хөл орчимд 1 удаа өшиглөсөн. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б-тэйийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн үед ...аав Б хамар ам нь цус болчихсон орж ирээд аав нь хүнд зодуулчихлаа гэж хэлэхээр нь би шууд гадаа гараад заалны үүдэнд ааваас хэн яасын юу болсон юм гэж асуутал хөх цэнхэр өнгийн фудволктой хүн лүү заагаад тэр хүн намайг цохьсон гэсэн...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 02/0221 дугаартай шинжээчийн: “...Х.Бийн биед дээд уруулын дотор салстын шарх гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч З.Гэд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Бичээч овогт З.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч З.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөрсөн/ түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч З.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Хохирогч Х.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч З.Г нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 55/ тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бичээч овогт З.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 ,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гэд оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч З.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН