| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2020/0111/Э |
| Дугаар | 111 |
| Огноо | 2020-10-12 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 111
2020 10 12 2020/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд
Шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Н холбогдох эрүүгийн 2019000000133 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорноговь аймгийн Сайншанд сумын Хот тохижуулах газарт зам талбайн үйлчлэгч ажилтай, ам бүл 4, эхнэр,16-19 насны 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Жанчивын 1-101 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Ц.Н
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Н нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 1-9 тоотод оршин суух Т.Д гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Б зүүн чихний дээд хэсэгт заазуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Баас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ...Т.Дд очтол Н, Д, М нар 0.5 литрийн хэмжээтэй архи уугаад сууж байсан ...Н, М 2 дэлгүүр яваад ирэхдээ 0.75 литрийн “УлаанБ” нэртэй архи, хүнсний ногоо зэрэг зүйлийг авч ирээд М харьлаа гээд явсан. Н, Д бид 3 авч ирсэн архиа хувааж уучихаад намайг баруун орон дээр хэвтэж байтал Н зүүн орны наад талд хэвтэж байгаад заазуур барьж ирээд миний зүүн чихний дээд хэсэгт хөндлөн цохьтол гэрийн эзэн Д зүүн орон дээр сууж байгаад босож ирээд Нг барьж аваад яаж байгаа юм гээд хорьтол зуухан дээр байсан галын дэгээ, хайч хоёрыг давхраар нь барьчихсан 2 муу хулгайчийг ална гээд Дгийн толгойн зүүн хэсэгт цохиж байгаа харагдсан. Бид 2 юунаас болж маргалдсан гэдгээ мэдэхгүй байна ...би архи уучихсан байсан ” /хх-ийн 9-10, 15-16-р хуудас/
Гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ...гэртээ байхад Н, М нар цуг мотоцикльтой ирээд, ажлаас буугаад явж байна гээд 1 шил, 0.5 хэмжээтэй “УлаанБ” нэртэй архи гаргаж ирээд Н бид 2 хувааж уугаад дуусаж байхад гаднаас Б орж ирээд бид хэд бөөндөө юм яриад сууж байгаад би Н, М хоёрыг хүнсний ногоо болон нэг шил архи аваад ир гээд дэлгүүр явуулсан. Тэгээд М дэлгүүр явж ирчихээд гэр лүүгээ харьлаа гээд гараад явсан. Бид 3 авчирсан 0.75 хэмжээтэй “УлаанБ” нэртэй архиа хувааж уугаад нэлээн согтсон байсан болохоор амрах гээд Б баруун орон дээр, харин Н миний хэвтэж байсан зүүн орны хажууд газар хэвтэж байгаад босож ирээд баруун орон дээр хэвтэж байсан Б луу явж байгаа харагдахаар нь босож очоод урдуур нь ортол Н баруун гартаа манай хоолны заазуурыг барьчихсан зогсож байхаар нь би Б луу хартал Н Бын зүүн чихний дээд талд нь цохьчихсон байсан. Тэгээд би Нг боль яаж байгаа юм чи гэтэл зуухны хажууд байсан галын хайчийг аван миний нүүрний зүүн дээд хэсэгт нэг удаа цохихоор нь би, чи одоо манайхаас зайл, яв гээд хөөтөл Н гараад явсан” /хх-ийн 17- 18-р хуудас/
Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20-21-р хуудас/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 02/0244 тоот “...Х.Б биед зүүн чихний шарх гэмтэл тогтоогдлоо. ...ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 34 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Н нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушын 1-9 тоотод оршин суух Т.Д гэрт Т.М, Т.Д, Х.Б нарын хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар Х.Бтай маргалдаж, муудалцан түүний зүүн чихний дээд хэсэгт заазуураар цохиж зүүн чихний шарх бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогджээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ...Т.Дд очтол Н, Д, М нар 0.5 литрийн хэмжээтэй архи уугаад сууж байсан ... Н, Д бид 3 авч ирсэн архиа хувааж уучихаад намайг баруун орон дээр хэвтэж байтал Н зүүн орны наад талд хэвтэж байгаад заазуур барьж ирээд миний зүүн чихний дээд хэсэгт хөндлөн цохьсон ...Бид 2 юунаас болж маргалдсан гэдгээ мэдэхгүй байна ...би архи уучихсан байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ... архиа хувааж уугаад нэлээн согтсон байсан болохоор амрах гээд Б баруун орон дээр, харин Н миний хэвтэж байсан зүүн орны хажууд газар хэвтэж байгаад босож ирээд баруун орон дээр хэвтэж байсан Б луу явж байгаа харагдахаар нь босож очоод урдуур нь ортол Н баруун гартаа манай хоолны заазуурыг барьчихсан зогсож байхаар нь би Б луу хартал Н Бын зүүн чихний дээд талд нь цохьчихсон байсан...”гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 02/0244 тоот “...Х.Б биед зүүн чихний шарх гэмтэл тогтоогдлоо. ...ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Ц.Нд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Нд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ,450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялын саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Ц.Нд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ,бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар прокурорын саналыг харгалзан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаагаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Хохирогч Х.Бт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй нэхэмжилсэн 60 000 төгрөгийг шүүгдэгч Ц.Н төлсөн учраас гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Н нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 34/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харнууд овгийн Цэдэвийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
З. Шүүгдэгч Ц.Нд оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Н нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН