Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 112

 

    2020         10            12                                     2020/ШЦТ/112

 

 

                                                                      

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул

Улсын яллагчаар хяналтын  прокурор Б.Мөнгөнтуяа

Шүүгдэгч Т.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.У холбогдох эрүүгийн 2019000000137 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Шинэ зуун гудамжны 32-08 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т.У

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.У нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн орчим тус аймгийн Сайншанд сумын төвд эхнэр Г.С бусадтай хардсаны улмаас түүний зүүн талын чихэн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                         

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 8 дугаар сарын 31-ний шөнө хадмынхаа хажуугаар явж байгаад эхнэрээ өөр хүний машинд сууж байгааг нь хараад тэр хүнтэй нь хардсаны улмаас эхнэрийнхээ зүүн хацар луу нь цохьсон” гэсэн мэдүүлэг,

 

 Хохирогч Г.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн үед хүүхдүүдийнхээ хичээлийн хувцсыг индүүдээд аав, ээжийндээ байж байтал утас дуугараад байхаар нь авсан чинь манай найз Энхбаяр нь “гэрийн чинь ойролцоо явж байна, гараад ирэх үү?” гэхээр нь “би удахгүй юмуу?” гэж асуухад “удахгүй, удахгүй” гэхээр нь гараад очтол машинтай ирчихсэн байхаар нь би машинд суугаад хажуу айлын хашааны баруун талд нь гараад зогстол жолоочийн талаар нэг машин ирээд зогсохоор нь “энэ юун машин бэ” гэж асуухад “мэдэхгүй юун машин юм” гээд цонхоо буулгатал манай нөхөр намайг буугаад ир гэхээр нь би буугаад машины хойд талаар нь тойроод очтол манай нөхөр миний нүүрний зүүн талруу баруун гараараа нэлээн хүчтэй цохихоор нь газар ухаан алдаж унасан. Тэгээд сэрээд хартал манай нөхөр Э хэрэлдээд байхаар нь би босоод нөхрийнхөө машинд суугаад ээж болох А луу залгаад хурдан гараад  ир намайг зодоод байна гэж хэлсэн. ... Тэгээд манай ээж цагдаагийн байгууллагад мэдэгдээд намайг аваад гэрлүүгээ орсон, ...манай найз Э хардаад намайг цохисон байх. ... Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Зүгээр намайг тайван амар амгалан байлгаасай гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8, 9-11 дүгээр хуудас/

 

           Гэрч Р.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...иргэн С гарч ирээд миний 00-65 ДГА улсын дугаартай хар өнгийн приүс маркийн авто машинд суухаар нь мэнд ус мэдээд сууж байсан чинь жолоочийн талаар нэг машин ирээд зогсохоор нь би машиныхаа цонхыг буулгаад хартал С миний машинаас буугаад машины араар тойроод хажуу талд ирж, зогссон. Машин луу дөхөж очтол нөгөө машинаас нэлээн махлаг бор царайтай сахалтай хүн бууж ирээд Сг шууд үгийн зөрүүгүй цохиод унагаах шиг болсон. Тэгээд би машинаасаа буух гэтэл нөгөө махлаг бор сахалтай залуу над дээр ирэхээр нь би “чи яагаад эмэгтэй хүнийг цохиж байгаа юм” гэж хэлтэл миний өөдөөс асаад “чи хэн юм юу юм гэж хэлэхээр нь би уур бухимдлыг нь намжаах гээд тэр залууд “нам залуучуудын холбооны ажил төрлийн шугамаар уулзах гэж ирсэн юм, чи буруугаар ойлгож байна, гэр бүлийн асуудалд чинь би ямар ч хамааралгүй чи тайвшир, тэгээд ойлголцох хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд тэр залуу миний хэлсэн үгийг ойлгохгүй миний өөдөөс чангаар орилоод “би чамайг ална шүү, чиний ажил төрөл ярина гэж юу байдаг юм” гээд салаавч гаргаад чи одоо хэн юм, юу юм гээд чанга орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

 

            Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 02/0252 дугаартай шинжээчийн: “...Г.Сийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт/хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

              Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 33 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.У нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн орчим тус аймгийн Сайншанд сумын төвд эхнэр Г.С бусадтай хардсаны улмаас түүний зүүн талын чихэн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Г.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн үед ...манай найз Энхбаяр нь “гэрийн чинь ойролцоо явж байна, гараад ирэх үү?” гэхээр нь “би удахгүй юмуу?” гэж асуухад “удахгүй, удахгүй” гэхээр нь гараад очтол машинтай ирчихсэн байхаар нь би машинд суугаад хажуу айлын хашааны баруун талд нь гараад зогстол жолоочийн талаар нэг машин ирээд зогсохоор нь “энэ юун машин бэ” гэж асуухад “мэдэхгүй юун машин юм” гээд цонхоо буулгатал манай нөхөр намайг буугаад ир гэхээр нь би буугаад машины хойд талаар нь тойроод очтол манай нөхөр миний нүүрний зүүн талруу баруун гараараа нэлээн хүчтэй цохихоор нь газар ухаан алдаж унасан....манай найз Э хардаад намайг цохисон байх, ... одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Зүгээр намайг тайван амар амгалан байлгаасай гэж бодож байна” гэсэн мэдүүлэг, гэрч Р.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... С гарч ирээд миний 00-65 ДГА улсын дугаартай хар өнгийн приүс маркийн авто машинд суухаар нь мэнд ус мэдээд сууж байсан чинь жолоочийн талаар нэг машин ирээд зогсохоор нь би машиныхаа цонхыг буулгаад хартал С миний машинаас буугаад машины араар тойроод хажуу талд ирж, зогссон. Машин луу дөхөж очтол нөгөө машинаас нэлээн махлаг бор царайтай сахалтай хүн бууж ирээд Сг шууд үгийн зөрүүгүй цохиод унагаах шиг болсон. ...Тэгээд тэр залуу миний хэлсэн үгийг ойлгохгүй миний өөдөөс чангаар орилоод “би чамайг ална шүү, чиний ажил төрөл ярина гэж юу байдаг юм” гээд салаавч гаргаад чи одоо хэн юм, юу юм гээд чанга орилоод байсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 02/0252 дугаартай “...Г.Сийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Т.Ут холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Энэ гэмт хэрэг нь  гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн  боловч шүүгдэгч Т.У нь  өөрийн эхнэр Г.С гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг нь далимдуулан байнга зодож байсан, эсхүл догшин авирлаж, тарчлаасан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, харин хохирогч нь таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байхдаа оройн цагаар өөр хүнтэй хоёул машинд байсан үйлдэл нь түүнд хардах сэтгэл төрүүлснээс гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

 

Иймд шүүгдэгч Т.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын дүгнэлт зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Ут оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Хохирогч Г.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.У нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 33/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Т.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ут 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Ут оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Шүүгдэгч Т.У нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.АДЪЯАСҮРЭН