Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 160

 

       О.Э-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор У.Дэндэвдорж,

хохирогч Х.Г, Х.Г нарын өмгөөлөгч Б.Гантулга,

хохирогч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Ганбат, Ц.Оргил,

            шүүгдэгч О.Э-н өмгөөлөгч Д.Батсүх,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 6 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор У.Дэндэвдоржийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 6 дугаартай эсэргүүцлийг үндэслэн О.Э-д холбогдох 2014260002714 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г Б овгийн О-н Э, 19__ оны __ дугаар сарын 21-ний өдөр ___ аймгийн ____ суманд төрсөн, __ настай, эмэгтэй, дээд боловсролтой, урлаг судлаач мэргэжилтэй, “У Г” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт .... дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар хорооллын ............ гудамжны ........ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ...... дүүргийн ... дүгээр хороо, .. дугаар хорооллын ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ............../;

О.Э нь Оросын Холбооны Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтран ажилладаг "Л Р" зочид буудалд 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд байрласан буудлын төлбөр 2.538.180 рубль буюу 97.263.057 төгрөгийг төлөлгүй бусдыг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан,              

2015 оны 3 дугаар сард ОХУ-ын Москва хотод байхдаа иргэн Э.Т-с эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа өгнө гэж хуурч мэхлэн 6000 америк доллар буюу 11.917.320 төгрөг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан,

2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр болон мөн оны 2 дугаар сард уурхайн тусгай зөвшөөрлөө зараад мөнгийг чинь буцаан өгнө гэж хуурч мэхлэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Г-с 116.000.000 төгрөг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хооронд уурхайн тусгай зөвшөөрлөө зараад мөнгийг чинь буцаан өгнө гэж Х.Г-с 24.000.000 төгрөг залилан мэхлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан,

2012 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын хооронд хүртлэх хугацаанд иргэн Б.Ж-с Баянгол дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт “Г М" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын "Алтан тал" нэртэй газарт байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрөлтэй 253.63 га талбай бүхий битумын орд газрыг зарж борлуулбал ашгаасаа өгнө, уг ордыг хамтран эзэмших боломжтой гэж хуурч мэхлэн 413.050 америк доллар буюу 617.852.907 төгрөгийг, мөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн талбай болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрийн гадаа “Г М" ХХК-ийн хувьцаанаас шилжүүлж өгнө, хувьцааны үнийг урьдчилсан байдлаар авч байна гэж хуурч мэхлэн 221.081.280 төгрөгийн үнэ бүхий "Тоёота ланд круйзер-200" загварын 2 ширхэг автомашиныг,

мөн Дагвадорж аваргын хадам ээж Эрдэнэчимэгт өндөр үнээр зарж өгнө гэж хуурч мэхлэн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, "Олимп" хотхоны 5 байрны 27 тоотод 72.377.800 төгрөгийн үнэ бүхий их гарын, алтан үст, шүрэн толгойтой, алтан нуухтай, усан болор хөөргийг тус тус залилан авч Б.Ж-д нийт 911.311.987 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгон, бусдад нийт 1.160.492.364 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: О.Э-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй" гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт "хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж тус тус заажээ.

Гэтэл дээрх хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих дор дурдсан зарим байдлыг гүйцэд тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Тус хэргийн мөрдөн байцаалтын явцад ОХУ-ын Москва хотын "Л Р" зочид буудал болон иргэн Э.Т нарыг хуульд заасан журмын дагуу хохирогчоор тогтоох ажиллагаа огт хийгдээгүй атал прокурорын яллах дүгнэлтэд тэдгээрийг хохирогч гэж үзсэн, мөн энэ хэрэгт албан ёсны хохирогчоор тогтоогдоогүй этгээдүүдийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Д-г тогтоожээ. "Л Р" зочид буудлын нэхэмжлэл, албан бичиг, итгэмжлэл, гэрээ зэрэг баримтаас үзэхэд "Л Р" зочид буудал нь хуулийн этгээд болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, тухайн зочид буудлаас Д.Д-д олгосон итгэмжлэл нь иргэний журмаар төлөөлөн нэхэмжлэл гаргахтай холбоотой асуудлаар төлөөлөх эрхийг олгосон, харин Д.Д-д эрүүгийн хэргийн хохирогчийн хувьд уг байгууллагыг төлөөлөх итгэмжлэл олгосон баримт хэрэгт авагдаагүй байхад түүнийг эрүүгийн хэргийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байна.

Э.Т нь насанд хүрсэн, нас бараагүй, сэтгэцийн болон эрүүл мэндийн бусад шалтгаанаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлж чадахгүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад түүнийг "...Монгол Улсаас гарч явсан, Монгол Улсад оршин суудаггүй..." гэсэн хуульд заагаагүй үндэслэлээр Д.Д-г хууль ёсны төлөөлөгчөөр нь тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-д тус тус заасныг зөрчсөн, түүнчлэн Э.Т-с Д.Д-д олгосон итгэмжлэлийн нэг жилийн хугацаа нь дууссан байх тул Э.Т-г төлөөлсөн иргэний нэхэмжлэгчийн хувиар Д.Д-г шүүх хуралдаанд оролцуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Дээрх тохиолдолд ОХУ-ын Москва хотын "Л Р" зочид буудал болон иргэн Э.Т нарыг шүүх хохирогчоор тогтоож болох боловч хуульд заасан хохирогчийн эрх, үүргийг тэдгээрт бүрэн дүүрэн эдлүүлж хэрэгжүүлэх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15-д заасан яллагдагчийн өмгөөлөгч Т.Урангэрэлийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэхээр холбогдох шүүгчийн захирамжид заажээ.

Мөрдөн байцаалтын эдгээр ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан яллагдагчийн өмгөөлөгч Т.Урангэрэлийн хүсэлт болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүхийн хүсэлтийг тус тус хүлээн авах үндэслэлтэй байх тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор У.Дэндэвдорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн шүүхийн тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх дараах нөхцөл байдлууд байна. Үүнд:

1. Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 2 дахь талын 4 дэх догол мөрнөөс 3 дахь талын 1, 2 догол мөрөнд "ОХУ-ын "Л Р" зочид буудал болон иргэн Э.Т нарыг хуульд заасан журмын дагуу хохирогчоор тогтоох ажиллагаа огт хийгдээгүй атал прокурорын яллах дүгнэлтэд тэдгээрийг хохирогч гэж үзсэн, мөн энэ хэрэгт албан ёсны хохирогчоор тогтоогоогүй этгээдүүдийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Д-г тогтоогджээ. "Л Р" зочид буудлын нэхэмжлэл, албан бичиг, итгэмжлэл, гэрээ зэрэг баримтаас үзэхэд "Л Р" зочид буудал нь хуулийн этгээд болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, тухай зочид буудлаас Д.Д-д олгосон итгэмжлэл нь иргэний журмаар төлөөлөн итгэмжлэл гаргахтай холбоотой асуудлаар төлөөлөх эрхийг олгосон, харин Д.Д-д эрүүгийн хэргийн хохирогчийн хувьд уг байгууллагыг төлөөлөх итгэмжлэл олгосон баримт хэрэгт авагдаагүй байхад эрүүгийн хэргийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байна. Э.Т нь насанд хүрсэн, нас бараагүй, сэтгэцийн болон эрүүл мэндийн бусад шалтгаанаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлж чадахгүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад түүнийг Монгол улсаас гарч явсан, Монгол улсад оршин суудаггүй гэсэн хуульд заагаагүй үндэслэлээр Д.Д-г хууль ёсны төлөөлөгчөөр нь тогтоож шүүх хуралдаанд оролцуулах нь үндэслэлгүй" гэж дүгнэжээ.

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ" гэж тодорхойлсон. Гэтэл шүүхээс мөрдөгч, прокурорын тогтоолоор хохирогчоор тогтоогоогүй этгээдийг хохирогч гэж үзэхгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Э.Т, "Л Р" зочид буудал нь дээрх гэмт хэргийн улмаас бодитой хохирол хүлээсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт " хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно" болно. Мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт " Мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно" гэж заасан байх бөгөөд уг хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт "хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг" гэж заасны дагуу Д.Д нь Э.Т, “Л Р” зочид буудлын итгэмжлэл болон Э.Т-н гэрчээр мэдүүлгийн дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс О.Э-д холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1449 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүх 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр О.Э-д холбогдох хэргийг гэм буруугийн анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг эхлээгүй, нотлох баримтыг шинжлэн судлаагүй байхад шүүхийн хуралдааны ирцийг танилцуулахад үед шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүхээс гаргасан хүсэлтийг хүлээн авч хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дэх хэсэгт заасан "шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно." гэсэн заалтыг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан "хууль ёсны байх" шаардлагад нийцээгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 6 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

Хохирогч Х.Г, Х.Г нарын өмгөөлөгч Б.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. “Л Р” болон иргэн Э.Т нарыг шүүх хохирогчоор тогтоогоод хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн явцад Т.Урангэрэл өмгөөлөгч “Л Р” буюу иргэн Э.Т нарын хохирогчоор тогтоох асуудлыг яриагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16 дахь хэсэгт зааснаар гомдол, хүсэлтийг хэрэлцэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүхээр гомдол хүсэлтийг шийдвэрлэнэ гэж заасан. Урьд нь хэлэлцээгүй байхад хэлэлцсэн юм шиг анхан шатны шүүхэд хүсэлт тавьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.

Хохирогч Б.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. “Л Р” болон иргэн Э.Т нарын асуудлыг энэ хэргээс тусгаарлаж болох байх. О.Э нь энэ байдлыг ашиглаж, маш олон хүнийг давхар, давхар залилж хохироож байна. Энэ хүнийг ингэж явуулж байгаа нь олон хохирогч гарч ирэх боломж үүсгэж байна. Тийм учраас анхан шатны шүүхэд буцааж хэргийг хурдан шийдвэрлүүлж өгнө үү...” гэв.

Хохирогч Б.Ж-ны өмгөөлөгч Ц.Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр прокурорт буцаасан. Өмгөөлөгч Д.Батсүхийн ярьсан зөрчлүүдийг нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна. Яллах дүгнэлтийн огноог солих, хохирлын хэмжээг тогтоох, “Л Р” компани хуулийн этгээд юм бол албан бичиг авч Д.Д-г төлөөлөгчөөр томилох зэрэг ажиллагаануудыг хийх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд ноцтой зөрчлүүд шүүхийн тогтоол болон өмгөөлөгчийн гаргасан хүсэлтэд огт дурдагдаагүй байна. Өмгөөлөгч Д.Батсүх хүсэлтдээ энэ зөрчлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд хамаарна гэж заасан боловч яг аль хэсэгт хамаарч байгаа нь тодорхойгүй. Тэгэхээр анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.

Хохирогч Б.Ж-ны өмгөөлөгч Б.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоол нь хууль зөрчсөн, үндэслэлгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх, прокурор шийдвэрлэнэ” гэж заасан. Хууль ёсны төлөөлөгчөөр шүүх тогтоох бүрэн боломжтой гэж үзэж байна. “Л Р” компани, иргэн Э.Т нарыг хохирогчоор тогтоолгохоор заавал прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэж байна. Д.Д-н итгэмжлэлийн хугацаа дууссан эсэх мөн иргэний маргаанд төлөөлөх эсэхийг заавал тогтоох шаардлагагүй. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, мөн зүйлийн 6.13, 6.14, 6.15 дахь хэсэгт заасан заалтуудыг удирдлага болгож, тогтоол гаргасан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүй байж болно гэж заасан. Гэтэл урьдчилсан хэлэлцүүлэг явагдсан атлаа явагдаагүй мэтээр бичсэн. Урьдчилсан хэлэлцүүлэгт Т.Урангэрэл өмгөөлөгч оролцсон ба тэрээр “Л Р” мөн иргэн Э.Т нарын талаар огт яриагүй. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдааныг хийнэ” гэж заасан. Огт яригдаагүй асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулж, анхан шатны шүүхээр хэлэлцэж байгаа мэт ярьж байгаа нь үндэслэлгүй. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч О.Э-н өмгөөлөгч Д.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Прокурор хуулийг буруу тайлбарлаж байна. Энэ хэрэг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль хэрэгжиж байх үед явагдсан. Тухайн үед одоо нэр дурдагдаж байгаа хоёр хохирогчийг хохирогчоор тогтоосон албан ёсны шийдвэр нь байхгүй. Үүнээс хойш буюу 2015 оны хууль хэрэгжиж эхэлсний дараа ч энэ ажиллагаа хийгээгүй. Энэ ажиллагааг хийгээгүй нь тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна... Прокурор 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Д.Д-г “Л Р” компани болон иргэн Э.Т-н хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоол үйлдсэн. Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.2 дугаар зүйлийн 2, 9.5 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг үндэслэсэн байдаг. Гэтэл “Л Р” компани буюу ОХУ-ын хуулийн этгээд нь Д.Д гэдэг хүнд эрүүгийн хэргийн хохирогчийн хувьд төлөөлүүлэх итгэмжлэл олгоогүй. Зөвхөн иргэний журмаар, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой шаардлага тавих эрх бүхий итгэмжлэл олгосон. Гэтэл үүнийг тодруулахгүйгээр шууд хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна... Хохирогч нь нас барсан, эсхүл эрүүл мэндийн хувьд өөрийгөө илэрхийлэх боломжгүй байгаа тохиолдолд өөр хүнээр хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох ажиллагаа хийгдэх ёстой. Хэрэгт авагдсан баримтаар Э.Т гэдэг хүний хувьд ийм асуудал үүсээгүй, гэтэл Д.Д гэдэг хүнийг шууд Э.Т-н хууль ёсны төлөөлөгч болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Д.Д гэдэг хүн энэ хоёр хохирогч этгээдүүдийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох ажиллагаа хийгдсэн. Гэтэл Д.Д Э.Т-с итгэмжлэлийн хугацаа нэг жилийн хугацаатай байсан боловч энэ нь дуусгавар болсон. Тухайн үед шүүх хуралдаанд энэ хүн төлөөлөх эрхгүй байсан. Энэ талаар гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн яллах дүгнэлт, шүүхийн тогтоолд дурдагдаагүй гэхдээ давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах учраас буцаасан үйл баримттай холбоотой дараах зөрчлүүд байгааг нэмж хэлье. Тухайлбал, энэ хэргийн талаар анх улсын яллагч 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн. Анхан шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 924 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийн харьяалал тогтоолгохоор прокурорт буцаасан. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгчийн 2017 оны 350 дугаар захирамжаар О.Э-д холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд харьяалал тогтоосон. Гэтэл прокурор Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгчийн 2017 оны 350 дугаар захирамжийг үндэслэн яллах дүгнэлтийг өөрчлөхгүйгээр шууд хуучин байсан 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 40 дүгээр яллах дүгнэлтээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн. Алдаагаа засалгүй шүүхэд хэргийг шилжүүлсэн. Прокурор яллах дүгнэлтдээ залруулга хийсэн гэж байгаа боловч энэ талаар залруулга хийгээгүй. Үг, үсгийн алдаатай яллах дүгнэлтээ залруулга хийгээд яллагдагчид гардуулан өгч, дахин шүүхэд ирүүлж байна гэсэн албан бичигтэй ирүүлсэн. Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийсний дараа О.Э-д гардуулсан баримт үйлдэгдсэн байдаг. Яллах дүгнэлт гардуулах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар 6 дахь хэсэгт заасан журмын дагуу хийгдээгүй. Эсэргүүцлийн 2 дахь хэсэгт нотлох баримтыг шинжлэн судлаагүй байхад, шүүх хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэсэн. Шүүх хуралдаан нээсэн, шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө ирцтэй холбоотой асуудлыг зайлшгүй шийдвэрлэх ёстой үүнийг дагалдаж бусад асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн шаардлагууд байсан. Үүнд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл явагдаагүй гэж үзэж байна. 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхлээд удаагүй байгаагаас шалтгаалж, урьдчилсан хэлэлцүүлэгт энэ асуудлууд хөндөгдөж яригдахгүй шүүхийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Гэхдээ шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг үндэслэн өөрөөр хэлбэл урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж тавьсан асуудлыг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх, тайлбарлахтай холбоотой эргэлзээ гарвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчимд нийцүүлж хэргийг шийдвэрлэх боломж байсан. Шүүх энэ зарчимд нийцсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Энэ хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахгүй бол эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

            Анхан шатны шүүх О.Э-д холбогдох хэргийг хэлэлцээд ОХУ-ын “Л Р” компани нь хуулийн этгээд болох нь нотлогдоогүй, Д.Д-д иргэний хэрэгт оролцох итгэмжлэл олгосон байхад эрүүгийн хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсан, Э.Т-н хууль ёсны төлөөлөгчөөр Д.Д-г тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоол үндэслэл бүхий гарчээ.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд, О.Э-д холбогдох хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэд шалгаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүйгээс шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

 Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэрэг нь тухайн хэргийн хохирогчид бодит хохирол учирсан байх материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд О.Э-н үйлдлийн улмаас хэнд ямар хэмжээний хохирол учирсан болохыг, уг үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хэрхэн агуулж байгаа болохыг зайлшгүй тогтоосон байх шаардлагатай.

  Гэтэл прокурорын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолуудаар ОХУ-ын “Л Р” компани, Э.Т нарын хууль ёсны төлөөлөгчөөр Д.Д-г томилсон нь ойлгомжгүй байна. Учир нь, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч гэх Д.Д нь ямар эрх үүрэгтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь тодорхойгүйн дээр О.Э нь иргэн Э.Т болон “Л Р” компанийг залилсан болохыг дан ганц хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоох боломжгүй юм.

  Хэдийгээр шүүх зохих этгээдийг хохирогчоор тогтоох эрхтэй боловч гэмт хэрэг үйлдэгдсэн үйл баримтыг нотлон тогтоох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг зөвхөн мөрдөн байцаалтын шатанд нотолсон байх шаардлагатай.   

 Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5 дахь заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоосны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

Харин анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцсэн атлаа гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан нь буруу байна.

Иймд прокурор У.Дэндэвдоржийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 6 дугаартай эсэргүүцлийн 1 дэх үндэслэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.