Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0364

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Н*******гийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Л.И

Нэхэмжлэгч С.Н

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05*******ны өдрийн 259 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Л.И

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0794/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Н нь Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “... Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 27*******ны өдрийн “С.Н*******г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/240 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн томилуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05*******ны өдрийн 259 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/*******ийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4*******д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Н*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 27*******ны өдрийн Албан тушаалаас чөлөөлөх тухай Б/240 дугаар захирамжийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан Нийслэлийн Баянгол дүүргийн Оюуны Ундраа цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Л.И дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.

4. Улсын байцаагчийн хүчингүй актыг үндэслэн захирамж гаргасныг хууль ёсны гэж үзэх боломжгүй гэх дүгнэлтийн талаар.

4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... үр дүнгийн гэрээний хэрэгжилттэй холбогдуулан ажлын хэсгийн 2021 оны 09 дүгээр дүгнэлтийг үндэслэн, мөн өдрөө захирамж гаргаж албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэж дурдсан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11*******т “... зөрчлийг тогтоосон улсын байцаагчийн актыг эрх бүхий албан тушаалтан хууль бус гэж үзэж, хүчингүй болгосон байх тул хүчингүй болсон актыг үндэслэн гаргасан хариуцагчийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэх хууль зүйн боломжгүй юм” гэж дүгнэжээ. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргы 2021 оны 03 дугаар сарын 24*******ний өдрийн А/127 дугаар “Төрийн өмчийн боловсролын байгууллагын үйл ажиллагаа, удирдах ажилтны сахилга хариуцлага, төсвийн хэмнэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах тухай” захирамж гарган, ажлын хэсэг байгуулж хяналт шалгалтыг явуулсан. Ажлын хэсэг 2 өдрийн турш өргөн хүрээнд хяналт шалгалтыг явуулж, төсвийг үр ашиггүй, зориулалтын бусаар зарцуулсантай холбоотой зөрчлүүдийг ирүүлж, хяналт шалгалт явуулсан тухай ажлын хэсгийн дүгнэлтээ Засаг даргад танилцуулсан байдаг. Улмаар хариуцагч нь уг хяналт шалгалтын үр дүнг үндэслэн захирамж гаргаж нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх тухай захирамжид ч уг зөрчлүүдийн талаар дурдсан байдаг.

4.2. Мөн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдтэй холбогдуулан дүүргийн Дотоод аудитын албаны улсын байцаагчаас эрх хэмжээнийхээ хүрээнд албан шаардлага, актыг гаргаж, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь дүүргийн Дотоод аудитын албаны дарга Н.Н*******гийн тогтоосон 2021 оны 09 дүгээр сарын 27*******ны өдрийн 39*******01/01 дугаар актыг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар Сангийн яаманд гомдол гаргасан үйл баримт байдаг. Энэ нь төсвийн удирдлагатай холбоотой зөрчлийг арилгуулах, төсөвт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой ажиллагаа юм.

4.3. Өөрөөр хэлбэл сургуулийн үйл ажиллагаа, удирдах ажилтны сахилга хариуцлага, төсөв захиран зарцуулахтай холбоотой хяналт шалгалтын үр дүнг үндэслэн захирамж гаргасан бөгөөд харин улсын байцаагчийн актыг үндэслэл болгоогүй буюу тусдаа харилцаа юм. Захирамжийн үндэслэх хэсэгт улсын байцаагчийн актыг үндэслэл болгоогүй.

4.4. Гэтэл шүүх хариуцагчийг захирамж гаргахдаа улсын байцаагчийн актыг үндэслэл болгосон байдлаар дүгнэлт хийж, хүчингүй байцаагчийн актыг үндэслэн гаргасан захирамжийг хууль ёсны гэж үзэх боломжгүй хэмээн дурдсан нь ойлгомжгүй бөгөөд буруу дүгнэлт юм.

4.5. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн гомдлыг Сангийн яам шийдвэрлэхдээ “Батлагдсан орон тооны нормативыг харгалзалгүй хавсран ажиллуулсны нэмэгдэл олгон, 2 ажилтанд илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлсийг санхүүгийн анхан шатны баримтгүйгээр олгож төсвийг зориулалт бусаар зарцуулсан зэрэг зөрчлүүд нь хуулийн үндэслэлтэй байна” хэмээн дурдсан байдаг ба байцаагчийн актыг хүчингүй болгосон үндэслэл нь хэлбэрийн шаардлага зөрчсөнтэй холбоотой байдаг. Ийнхүү хэлбэрийн шаардлага зөрчсөн үндэслэлээр хүчингүй болсон актыг бүхэл бүтэн хяналт шалгалтын хүрээнд гаргасан дүгнэлт, илрүүлсэн зөрчлийг үгүйсгэх нөхцөл байдал болгон тайлбарлаж байгаа нь хэт нэг талыг барьсан асуудалд бодитой хандаагүй дүгнэлт гэж үзэхээр байна.

4.6. Мөн дүүргийн Дотоод аудитын албаны дарга Н.Н*******гийн тогтоосон 2021 оны 09 дүгээр сарын 27*******ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 39*******01/23 дугаартай албан шаардлага нь хүчинтэй байгаа ба үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн зүгээс Сангийн яаманд гомдол гаргасан зүйл байхгүйг дурдах нь зүйтэй.

5. Нэхэмжлэгчтэй үр дүнгийн гэрээ гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулаагүй атлаа гэрээний үүрэг зөрчсөн гэж буруутгасан нь ойлгомжгүй гэх дүгнэлтийн талаар

5.1. 2019 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс дагаж мөрдөгдөж буй Төрийн албан тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1*******д “Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс 12 дугаар сарын 31*******ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ” заасан ба энэхүү төлөвлөгөө нь Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд боловсруулагддаг ба уг төлөвлөгөөний гуравдугаар зүйлд төсөв, санхүүгийн сахилга бат, шилэн данс, ил тод байдал зэрэг холбогдох хууль тогтоомжоор олгосон чиг үүргийг нарийвчлан зааж, үүрэгжүүлсэн байдаг.

5.2. Төрийн албаны тухай хуульд заасан процедур, журмын дагуу дүүргийн Засаг даргаас харьялах төсвийн шууд захирагч нарын гүйцэтгэлийн төлөвлөгөөг гаргуулан авч, хянан баталгаажуулсан ба уг батлагдсан гүйцэтгэлийн төлөвлөгөөг 2021 оны 12 дугаар сарын 16*******ны өдрийн 9/2476 дугаар албан бичгээр шүүх нотлох баримтаар хүргүүлсэн болно.

5.3. Гэтэл шүүхээс нотлох баримтын шаардлага хангаж хариуцагчийн зүгээс хүргүүлсэн төлөвлөгөөг үнэлээгүй атлаа Оюуны Ундраа Цогцолбор сургуулийн шүүхэд гаргаж өгсөн гарын үсгийн баталгаажилт дутуу төлөвлөгөөг үнэлсэн ба үүндээ үндэслэл бүхий тайлбар дүгнэлт хийгээгүй, мөн энэхүү зөрүүтэй нотлох баримтын талаар үзлэг хийх, гэрч асуух зэрэг нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгээгүй.

5.4. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тус сургуулийн захирлын албан тушаал нь байнгын ажлын байр ба хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулдаг. С.Н нь нийслэлийн Засаг даргын захирамжаар тус албан тушаалд томилогдож,нийслэлийн Боловсролын газартай хөдөлмөрийн гэрээг 2018 оны 03 дугаар сарын 06*******ны өдөр байгуулсан ба Боловсролын тухай хууль шинэчлэгдэж, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлдөг болсон. Үүнтэй холбоотойгоор байнгын ажлын байр тул нийслэлийн Засаг даргын захирамжаар С.Н*******г чөлөөлөөгүй, Хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй болно.

6. Ажлаас чөлөөлөхдөө Нийслэлийн боловсролын газрын саналыг аваагүй нь захирамж гаргах процесс зөрчсөн гэх дүгнэлтийн талаар

6.1. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12*******д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасан. Энд дурдсан “болон” гэх холбоос үг нь өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүдийг зааглах, тэгш эрхтэй болгох үүрэгтэй.

6.2. Өөрөөр хэлбэл, хулуийн дээрх заалтад дурдсан “үр дүнгийн хэрэгжилт”, “аймаг нийслэлийн боловсролын газрын санал” гэсэн 2 үндэслэл нь тэгш эрхтэйгээр буюу аль нэг үндэслэл бий болсон байхад сургуулийн захирлыг ажлаас чөлөөлж болохоор зохицуулалт юм. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх захирамж гаргахдаа нийслэлийн боловсролын газрын саналыг авах ёстой байсан гэдэг шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм.

7. Сонсох ажиллагаа явуулаагүй гэх дүгнэлтийн талаар.

7.1. Засаг даргын захирамжаар байгуулсан хяналт шалгалтын ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж, тухайн ажилласан сургууль бүрээр дүгнэлтээ танилцуулж ажилласан байдаг. Бусад сургуулийн захирлууд ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаж гарын үсэг зурсан бол нэхэмжлэгчийн хувьд дүгнэлттэй танилцсан талаар гарсан үсэг зурахаас татгалзсан.

7.2. Ажлын хэсгийн дүгнэлтэд илэрсэн зөрчлүүдтэй холбогдуулан Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу сахилгын арга хэмжээ тооцуулах саналыг дүүргийн Засаг даргад уламжилж буй талаар дурдагдсан байдаг бөгөөд энэ утгаараа нэхэмжлэгчийг маргаан бүхий захиргааны акт гарах талаар мэдсэн гэж үзэх үндэслэлтэй.

7.3. Нөгөөтэйгүүр дүүргийн Засаг даргын Тамгын газраас сонсох ажиллагааны мэдэгдлийг өгөхөөр нэхэмжлэгчид хүргүүлсэн боловч сонсох ажиллагаа болох өдөр ирээгүй тул имэйл*******ээр мэдэгдсэн болно.

8. Иймд маргаан бүхий акт болон уг акт гарах болсон хэрэгцээ шаардлага, маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барин хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч С.Н нь Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 27*******ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/240 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

3. Маргаан бүхий Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 27*******ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/240 дүгээр захирамжаар нэхэмжлэгч С.Н*******г “... Хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн Төсвийн тухай хуульд заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөх, зарцуулах, батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих болон холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлээгүйгээр төсвийг үр ашиггүй зарцуулсан, захирлын тушаалгүйгээр хөрөнгө захиран зарцуулсан мөн төсвийн хөрөнгө болох нийт 27,026.5 мянган төгрөгийн 24 ширхэг компьютер алдагдсан зэрэг зөрчлүүдийг гаргасан гэж үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч С.Н “Оюуны Ундраа цогцолбор” сургуулийн захирал ажилтай байсан нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан Төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах бөгөөд 14.1.2*******д “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж заасанд хамаарч байна.

5. Баянгол дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгчийг ажил албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа Төсвийн тухай хуулийн 70.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, 131.1.3, Боловсролын тухай хуулийн 48.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 27.1, Хөдөлмөрийн гэрээний 5.2, 5.9, 6.3.6, 6.3.7, 6.3.8 дахь заалтуудыг үндэслэсэн.

5.1. Аливаа эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг өөрөө нотлох учиртай. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24*******ний өдрийн А/127 дугаар захирамжаар боловсролын байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүтэц, орон тоо болон төсвийн хэмнэлтийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилт, албан тушаалын тодорхойлолт, ажлын чиг үүргийн хэрэгжилтэд хяналт шалгалтыг явуулахаар шийдвэрлэж, шалгалтын удирдамжийг баталсан, тус удирдамжийн дагуу 2021 оны 09 дүгээр сарын 21*******ний өдөр нийслэлийн ерөнхий боловсролын “Оюуны Ундраа цогцолбор” сургуульд хяналт шалгалт явуулахаар болж, үүний дагуу ажлын хэсэг хяналт шалгалтыг хийж, нийт 36,855,0 мянган төгрөгийн зөрчлийг илрүүлж, улсын ахлах байцаагч Н.Наранчимэг нь 2021 оны 09 дүгээр сарын 27*******ны өдөр “Зөрчил арилгуулах тухай” 39*******01/23 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагыг гаргаж, мөн өдрөө “Зөрчил арилгуулах тухай” 39*******01/01 дугаартай улсын байцаагчийн акт үйлдсэн, ажлын хэсгээс мөн өдөр хяналт шалгалт хийсэн тухай дүгнэлт гаргасан, дүгнэлтээр тус сургуулийн захирлыг холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3*******д зааснаар сахилгын шийтгэл оногдуулах саналыг хүргүүлж, улмаар нэхэмжлэгчээс улсын байцаагчийн актыг хууль бус гэж үзэн гомдол гаргаснаар Сангийн сайд нь гомдлыг хянаад 2021 оны 12 дугаар сарын 10*******ны өдрийн 13*******2/6787 дугаар албан бичгээр Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н*******гийн тогтоосон “Зөрчил арилгуулах тухай” 2021 оны 09 дүгээр сарын 27*******ны өдрийн 39*******01/01 дугаар актыг хүчингүй болгосон ингэхдээ “эрх бүхий байгууллагаас эрх олгогдоогүй байхад өмнөх дарга Д.Т*******гийн хэрэглэж айсан 39*******01 дугаар тэмдгийг ашиглан улсын байцаагчийн эрхийг хэрэгжүүлэн төлбөрийн акт тогтоосон нь хууль бус” гэж дүгнэж, тухайн шалгалтаар илэрсэн зөрчлийг эрх бүхий улсын байцаагчаар дахин шалгуулж, хариуг эргэн мэдэгдэхийг Баянгол дүүргийн Дотоод аудитын албан дарга, улсын ахлах байцаагчид үүрэг болгосон үйл баримт тогтоогджээ.

5.2. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримттай холбогдуулан “... зөрчлийг тогтоосон улсын байцаагчийн актыг эрх бүхий албан тушаалтан хууль бус гэж үзэж, хүчингүй болгосон байх тул тухайн хүчингүй болсон актыг үндэслэн гаргасан хариуцагчийн шийдвэр хууль ёсны гэж үзэхгүй...” гэх дүгнэлтийг хийсэн байх бөгөөд үүнийг үгүйсгэх нөхцөлгүй, өөрөөр хэлбэл захиргааны байгууллагаас маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1*******д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасныг хэрэгжүүлээгүй энэ тохиолдолд маргаан бүхий актын үндэслэлд дурьдсан зөрчлүүдийг зөвтгөхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... сургуулийн үйл ажиллагаа, удирдах ажилтны сахилга хариуцлага, төсөв захиран зарцуулахтай холбоотой хяналт шалгалтын үр дүнг үндэслэн захирамж гаргасан, ... улсын байцаагчийн актыг үндэслэл болгоогүй тусдаа харилцаа” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.

6. Түүнчлэн маргаан бүхий актыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4*******д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасныг үндэслэсэн байх бөгөөд Улсын дээд шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4.2*******д “... 40 дүгээр зүйлийн 40.1.4.*******т заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна” гэж тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгчийн тухайд хөдөлмөрийн гэрээ болон Төсвийн тухай хуульд заасан төсвийг үр ашиггүй зарцуулсан, захирлын тушаалгүйгээр хөрөнгө захиран зарцуулсан болон 27,026.5 мянган төгрөгийн 24 ширхэг компьтер алдагдсан зэрэг зөрчлүүдийг гаргасан нь тогтоогдоогүй байхад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хууль болон түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний холбогдох зүйл заалтад нийцсэнгүй.

6.1. Мөн Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12*******т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж зааснаар хариуцагчаас С.Н*******г албанаас чөлөөлөхдөө аливаа байдлаар нийслэлийн Боловсролын газрын саналыг аваагүй, нэхэмжлэгчтэй үр дүнгийн гэрээ байгуулаагүй атлаа үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг шаардаж, гэрээний хэрэгжилттэй холбогдуулан ажлын хэсгийн 2021 оны 09 дүгээр дүгнэлтийг үндэслэн, мөн өдрөө маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийн захирлын албан тушаалаас чөлөөлж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнөөс гадна, Захиргааны ерөхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1*******д “хууль үндэслэх”, 4.2.5*******д “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн захиргааны үйл ажиллагааны зарчмуудыг зөрчиж гаргасан үзэхээр байна.

6. Эдгээр нөхцөл байдлаас үзвэл маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1*******д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05*******ны өдрийн 259 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

 

                     ШҮҮГЧ                                                            Д.ОЮУМАА

 

 

                     ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН