Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 907

 

  

 

 2020       10          14                                      2020/ШЦТ/907

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

улсын яллагч: Г.Түвшинбаяр; 

шүүгдэгч: Д.Ц /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “The Soy“ салонд үсчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхэд, хадам ээж, хадам дүүгийн хамт урьд ял шийтгэлгүй, Д.Ц

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Д.Ц нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар эмнэлгийн орчим замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Т.Ирмүүнийг 4 сартай жирэмсэн гэдгийг мэдсээр байж хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Д.Ц-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5-7/, хохирогч Т.Ирмүүний мэдүүлэг /хх-ийн 14-15, 16-18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10122 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /xx-ийн 31-32/, хохирогч Т.Ирмүүний хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 34-41/, Д.Ц-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 42-64/, Т.Ирмүүний хүсэлт /хх-ийн 66/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Ц нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар эмнэлгийн орчим замын хөдөлгөөнд оролцож байх үедээ хамтран амьдрагч Т.Ирмүүнийг “хардлаа” гэх шалтгаанаар маргалдан түүнийг 4 сартай жирэмсэн болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

   хохирогч Т.Ирмүүний /хх-ийн 14-15, 16-18/: “...2020 оны 08 дугаар сарын 29-нд манай хүүхэд бронхиттой гээд Сүxбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хүүхдийн хоёрдугаар эмнэлэгт хэвтсэн. Манай нөхөр Д.Ц 14 цагийн орчим эмчилгээ дуусаад машинтайгаа ирж эмнэлгээс хүү бид хоёрыг гаргасан. ...манай нөхөр намайг “чи дандаа ингэж хардаж сэрдэж байх юм” гээд элдэв янзаар харааж намайг зодоод, зүүн гараараа миний баруун гарын булчин, бугалга руу хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Толгойноос үсдэж машины хаалга мөргүүлсэн, цээж рүү нэг, хоёр удаа цохисон. Тухайн үед айсан болохоор санахгүй байна...“ гэх мэдүүлгээр,

 

     Т.Ирмүүний биед “баруун бугалгад цус хуралт“ бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10122 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 23-24/,

 

     Д.Ц-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 6-7/ “...манай эхнэр Т.Ирмүүн охин Агмаралын хамт эмнэлэгт хэвтэж байсан. ...2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цагийн үед эхнэр, охин хоёроо эргэж очсон. Тэгээд манай хоёр эмчилгээ дууссан. Эхнэр, охин хоёрыг ээжийн гэрт үлдээгээд бэлтгэлдээ явна гэтэл манай эхнэр “чи нөгөө нууц амраг, янхан хүүхэнтэйгээ уулзах гэж байна, цуг явна” гээд байсан. ...тэгээд ...замдаа бид хоёр муудалцаж маргалдсан. Манай эхнэр “чи янхан дээрээ очих гэж байна” гээд намайг элдвээр хэлээд байхаар нь би уурлаад баруун гарын бугалга орчим нэг удаа гараараа цохисон. Намайг элдвээр хэлээд нүүр лүү цохиод байхаар нь би дахин нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг зэрэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

  Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж зодсоныг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогч 4 сартай жирэмсэн болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Д.Ц-н гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

хохирогч Т.Ирмүүний “...эвлэрсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Д.Ц-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэсэн байр суурь хавтаст хэргийн 66 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Д.Ц-г “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

              Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх

төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ