Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 215

 

 

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2017/00215

          Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол 31 дүгээр байр 19 тоотод оршин суух Жүрмэд овогт Ганхуягийн Энх-Одонгийн /РД:УХ88111162/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шархад 51 дүгээр гудамж, 747Б  тоотод оршин суух Боржигон овогт Батмөнхийн Батнасанд \РД:УХ85011176\  холбогдох

408,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Энх-Одон би Б.Батнасантай 2016 оны 12 сарын 06 өдөр гал тогооны тавилга хийлгэхээр тохирч урьдчилгаа 408,000 төгрөгийг өгсөн. Гэвч өнөөг хүртэл тавилга хийж өгөөгүй, мөнгийг минь аваад алга болчихлоо. Иймд 408,000 төгрөгийг Б.Батнасангаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Батнасан нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Г.Энх-Одонтой 1,8 м хэмжээтэй гал тогооны тавилгыг 500,000 төгрөгөөр хийж өгөхөөр тохиролцон 408,000 төгрөг авсан болно. Тавилгын хаалганы тоноглол 58,000 төгрөг, чулуун тавцан 145,000 төгрөгийн зардал гарсан байгааг үл харгалзан  2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 408,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Энх-Одон нь хариуцагч Б.Батнасанд холбогдуулан  408,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Батнасан нь Г.Энх-Одонгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

   Хариуцагч Б.Батнасан нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Г.Энх-Одонд холбогдох 408,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Батнасан нь нэхэмжлэлийн шаардлага болох 408,000  төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч Г.Энх-Одонд төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Батнасанд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,890 төгрөгийн 6,445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 6,445 төгрөгийг, хариуцагч Б.Батнасангаас 6,445 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Энх-Одонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЦЭРЭНДОЛГОР