Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 833

 

 

 

 

 

 

 

 

2020        09         16                             2020/ШЦТ/833

 

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

           Улсын яллагч: П.Эрдэнэбаатар,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,   

Шүүгдэгч: Д.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Хиа боржигон овгийн Д.А холбогдох эрүүгийн 2009000001041 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч ажилтай, ам бүл 4 /эхнэр, хоёр хүүхдийн хамт/, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо, Ногоон талбайн 4-12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х овгийн Д.А

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Д.А нь 2020 оны 07 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 4-12 тоотод хамтран амьдрагч Д.П-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг цохиж, зодон тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамар, зүүн хацар, шанаа, хүзүү, хоёр сарвуунд цус хуралт, дээд уруул язарсан шарх, хоёр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2009000001041 дугаартай хэргээс:

 

                  Шүүгдэгч Д.А ийн ”... 2020 оны 07 дугаар сарын 20-ны орой 19 цагийн орчим гэртээ ирэхэд хамтран амьдрагч Д.Пүрэвмаа найз хүүхэнтэйгээ манай гэрт гэрт 1 том пиво ууж байсан юм. тэгэхээр нь би маргааш өглөө эрт ажилтай наадахаа уугаад болиорой гэж хэлсэн ... Тухайн үед 22 цаг өнгөрч байсан байх эхнэртэйгээ 2 лааз пиво авч уугаад гэртээ орж ирээд маргалдсан юм. тэгээд улмаар эхнэрийн толгой руу гараараа 2 удаа цохисон юм ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-6/
                 

                  Хохирогч Д.П-н Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 4-12 тоотод 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр найзтайгаа 2,5 литр Сэрүүн нэртэй пиво уугаад талдаа ороогүй байж байтал миний хамтран амьдрагч ирээд уурласан, хамтран амьдрагч уурлахаар нь Ариунаа за би одоо явъя гэхээр нь би автобусны буудалд хүргэж өгөх гэж байтал бид нарын хойноос хамтран амьдрагч Алтангэрэл хүрч ирсэн. Ариунааг автобусанд суулгачхаад бид хоёр дэлгүүрээс 2 ширхэг лаазтай Боргио пиво худалдан авсан. Тэгээд гэртээ харих замдаа Алтангэрэл намайг найзаа дагуулан ирж гэрт согтууруулах ундаа уусан гэж хэрүүл маргаан гарган гэртээ харьсан. Гэртээ би унтах гээд орондоо хэвтэж байтал Алтангэрэл намайг гэнэт үг амаар доромжилж байгаад намайг боож унагаад нүүр ам зохиод эхэлсэн. Тэгсэн чинь миний 2 охин ээж аллаа гэж орилоод Алтангэрэлийг болиулсан ... Намайг багалзуурдаж унагаад нүүр лүү өшиглөсөн, цохисон. Би ярьж чадахгүй уруул язарсан, 2 үүдэн шүд хөдөлсөн, баруун талын өшиглүүлсэн хацар хавдартай, баруун талын гар хөндүүртэй, баруун талын мөр хөндүүртэй ... Хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-32/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8417 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн … Дүгнэлт

            1. Д.П-ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамар, зүүн хацар, шанаа, хүзүү, хоёр сарвуунд цус хуралт, дээд уруул язарсан шарх, хоёр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23/

            Хохирогч Д.П-ээс гаргаж өгсөн нийт 435,817 төгрөгийн хохирлын баримт/хх-ийн 27-32/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.А нь 2020 оны 07 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 4-12 тоотод хамтран амьдрагч Д.П хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг цохиж, зодон тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамар, зүүн хацар, шанаа, хүзүү, хоёр сарвуунд цус хуралт, дээд уруул язарсан шарх, хоёр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдлоо.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.А ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Д.А ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.А ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч Д.А д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх Д.А д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар  шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.А нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.   Хохирогч Д.П  нь хохирол төлбөр нэхэмжлээгүй ба шүүгдэгч Д.А тэй эвлэрсэн талаар хүсэлтийг  гаргаж өгсөн.                

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х овгийн Д.А ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А д оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 / таван зуун тавин мянга /төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

            5. Шүүгдэгч Д.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй,   шүүхээс  шийдвэрлэвэл зохих  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН