Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 841

 

 

 

 

 

 

 

 

2020         9          18                                2020/ШЦТ/841    

 

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч Г.Түвшинбаяр,

Нарийн бичгийн дарга Ч.Чулуунцэцэг,

Шүүгдэгч Р.О нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Р  О+-д  холбогдох эрүүгийн 2009016661043  дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, ТҮЦ-нд худалдагч ажилтай, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаан 14 дүгээр гудамж 734 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй. Б овогт Р-ийн О

 

  Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Яллагдагч Р.О нь 2020 оны 06 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны 32-н автобусны буудал дээр байрлах ТҮЦ-д үйлчлүүлж гарахдаа хохирогч Т.Эийн гээгдүүлсэн Хаан банкны виза картыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тод оймс” ХХК-ийн хажууд байрлах АТМ-д уншуулан 2 удаагийн гүйлгээгээр 2.500.000 төгрөг гарган авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад        

 ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Яллагдагч Р.О ийн “...2020 оны 06 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 03 цагийн орчим 32-ын автобусны буудлын ТҮЦ-нд ажиллаж байхад үл таних 2 согтуу хүн орж ирээд тамхи худалдаж авсан. Цэвэрлэгээ хийгээд лангуугаа тойроод гарсан чинь нэг ширхэг банкны карт газар хэвтэж байсан. Би ТҮЦ-нийхээ пост машинд кодыг нь “0000” гэж хийж 1.000 төгрөг уншуулсан. Улмаар картыг нь аваад АТМ дээр очиж хэр их мөнгөтэй хүн гэдгийг нь үзээд картыг нь шалгатал 2.500.000 төгрөг байхаар нь 1.000.000 болон 1.500.000 төгрөгөөр хоёр хувааж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52х/

Хохирогч Т.Э ийн “...2020 оны 06 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчим зайсангийн “Оргил” худалдааны төвийн үүднээс найзынхаа такси бариад Хайлаастын хуучин эцэст үргүүлсэн. Таксинд суухад жолооч, мөн өөр нэг хүн байсан. Таксины тооцоо 10.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлж төлсөн. ..тэр өдөр ТҮЦ-ээс тамхи авахдаа картаа ашиглаагүй. Би картаа хаана унагааснаа санахгүй байна ... миний картны пин кодыг хэрхэн мэдсэнийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18х/

Гэрч Ц.Төгөлдөрийн “...найз Мөнгөнжигүүрийн хамт таксинд явж байгаад 120 мянгатын наадам центрийн хажуугаас үл таних 2 хүн гар өргөхөөр нь авсан .. Сүхбаатар дүүрэг 17-н автобусны буудлын ойролцоо явж байхад тэр 2 хүн тамхи авна гэхээр нь буцаж эргээд ТҮЦ-н дээр зогссон. Тэр хоёр ах ТҮЦ ороод гарч ирэхдээ их ууртай байсан бөгөөд хэн нэгэнтэй маргалдсан юм шиг байсан. АТМ дээр зогссон асуудал байхгүй. Тэр хүмүүс гэрийнхээ гадаа буусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26х/

          Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-45х/

 Т.Эийн эзэмшлийн Хаан банкны 5083201193 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 76-77х/ зэрэг

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.О нь 2020 оны 06 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны 32-н автобусны буудал дээр байрлах ТҮЦ-д үйлчлүүлж гарахдаа хохирогч Т.Э ийн гээгдүүлсэн Хаан банкны виза картыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тод оймс” ХХК-ийн хажууд байрлах АТМ-д уншуулан 2 удаагийн гүйлгээгээр 2.500.000 төгрөг гарган авч завшсан болох нь шүүгдэгч Р.Оийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Э ийн мэдүүлэг, гэрч Ц.Төгөлдөрийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Р.О нь бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр авч, улмаар хүнд зарж завшсан болох нь нотлогдсон байх ба түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Р.О ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Р.О ийг бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Р.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорин цаг/-ийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Учир нь шүүгдэгч Р.О нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хориглох үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хэдий ч бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байдлыг харгалзан тухайн зүйл ангид заасан торгох ялыг сонгон хэрэглэх үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  шүүхээс шийдвэрлэвэл зохих  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2   дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт Р-ийн О ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О д 320 / гурван зуун хорин / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р. О нь шүүхээс оногдуулсан  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найм / цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Р. О ээс 2500.000 / хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Т. Энхтөрд олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

6.  Шүүгдэгч Р.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч , улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.О д авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН