Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 908

 

 

    2020        10          14                                            2020/ШЦТ/908

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

            нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

            улсын яллагч: Г.Түвшинбаяр;

            шүүгдэгч: Э.Т /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Т-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, зочид буудлын ресейпшнээр ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, Э.Т

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

          Яллагдагч Э.Т нь 2020 оны 08 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жи” зочид буудалд өөрийн эхнэр Ж.Одгэрэлтэй үл ярих зүйлээр маргалдаж түүний эрүүл мэндэд зулай хуйхны зөөлөн эдийн гэмтэл, баруун бугуйд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Одгэрэл /хх-ийн 7, 10/, гэрч Б.Хулан /хх-ийн 13/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1391 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/, Э.Тын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/, Э.Тын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 22-28/, Ж.Одгэрэлийн хүсэлт /хх-ийн 34/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 08 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жи” зочид буудалд эхнэр Ж.Одгэрэлийг “бусадтай хэрүүл, тэмцэл хийлээ” гэж буруутган зодож эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Ж.Одгэрэлийн /хх-ийн 7, 10/: “...2020 оны 08 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 04 цаг өнгөрч байхад нөхөр Э.Т-тай түүний ажил болох “Жи таур” зочид буудал дээр уулзах гэж очсон. Тэр үед манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн гурван охинтой хамт байсан. Би ороод уурласан чинь нөгөө эмэгтэйчүүдийг өмөөрөөд намайг үстээд буудлын өрөөнөөс чирч гаргаад нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд бөөн хэрүүл болоод би гараад яваад өгсөн. Тэгээд цагдаа дуудсан. ...Өмнө нь намайг цохиж зодож байгаагүй, уучихаараа надтай хэрүүл хийгээд байдаг. Би өмнөх мэдүүлэгтээ сандарсан, ууртай байсан болохоор намайг зоддог гэж мэдүүлэг өгсөн юм. Өмнө нь бид хоёр цагдаагийн байгууллагаар явж байгаагүй. ...Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг манай нөхөр намайг үстэж, гарнаас татаж чангааж учруулсан. ...Тухайн эмэгтэйчүүдийн нэг нь намайг түлхэж унагасан өөр зүйл байхгүй” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Хулангийн /хх-ийн 13/: “...Би 2020 оны 08 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Буянгийн замын ар талын буудалд ажлын ах Э.Т, Маралаа, Дэлгэрмаа эгч бид гурав байж байтал өрөөний хаалга нүдэхээр нь онгойлготол хоёр эмэгтэй орж ирээд “та нар миний нөхөртэй юу хийж байгаа юм” гээд гар утсаараа зураг дараад миний найз Маралаа бид хоёрыг зодож эхэлсэн. Тэгээд миний үс туг тугаараа унасан. Далны ар тал хүндүүр байна...” гэх мэдүүлгээр,

 

Ж.Одгэрэлийн биед “зулайн хуйхны зөөлөн эдийн гэмтэл, баруун бугуйн зулгаралт”  бүxий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9391 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 18-19/,

 

Э.Тын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ий 32-33/: “...би эхнэрээ үсдэж зодооноос салгаж өрөөнөөс гарсан. Эхнэр болон түүний найзыг гаргаж явуулсан. Тэгээд манай эхнэр яваад өгсөн. Би үлдсэн 3 эмэгтэй найзаа таксинд суулгах гээд гадаа зогсож байтал манай эхнэр цагдаатай цуг ирсэн. Би тухайн үед үсдэж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Э.Тын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

хохирогч Ж.Одгэрэлийн “...бид хоёр эвлэрсэн тул гомдолгүй“ гэсэн байр суурь хавтаст хэргийн 34 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Э.Тыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Э.Т нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ