| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0733/Э |
| Дугаар | 867 |
| Огноо | 2020-09-30 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 867
2020 09 30 2020/ШЦТ/867
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Э.Оюунтунгалаг,
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,
Шүүгдэгч: Н.Т, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Б-ийн Э, Б овгийн Н-ийн Т нарт холбогдох эрүүгийн 18090112811173 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,30 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2 эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран Уулын өвөр 1 дүгээр гудамжны 1978 тоотод оршин суух хаягтай, урьд 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 50 дугаартай шийтгэх тогтоолоо 2002 оны Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 627 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр суллагдсан, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 997 дугаартай шийтгэх тогтоолоор 11 сарын хорих ялаар шийтгүүлж 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр суллагдсан, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1816 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2.2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сарын хорих ял эдэлж байсан, А овгийн Б Э
Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Дархан-Уул аймгийн, Дархан сумын 2 дугаар баг ширээ нуруу гудамжны хөдөө тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд 2008 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлсэн, 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1483 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн дэх хэсэгт тус тус зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ял эдэлж дуусаж суллагдсан, Б овгийн Н Т.
Холбогдсон хэргийн талаар /2019 оны 06 сарын 12-ны өдрийн 571 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Яллагдагч Б.Э нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Смайл нэртэй бааран дотор хохирогч Д.Уын 1.320.000 төгрөгийн үнэтэй Ай фоне-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан,
Мөн Н.Т тэй бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Смайл нэртэй баарны орчим хохирогч Д.У ын ай фоне-7 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн,
Яллагдагч Н.Т нь Б.Э той бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Смайл нэртэй баарны орчим хохирогч Д.У ын ай фоне-7 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн,
Мөн 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны гадна иргэн Б.Л г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Мөрдөн байцаалтын шатанд Д.У ын хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн "... би 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Смайл нэртэй бааранд орж үйлчлүүлсэн, ...үүргэвч үүрсэн, шар куртиктэй 2 залуу хамт суусан. Би тэр 2-т хандаж эгч нь пиво авч өгсөн ш дээ гэсэн өө баярлалаа эгчээ гэсэн. ...тэгээд нөгөө залуус босоод явсан. Босоод явахаар нь яагаад гэнэт босоод явчихваа гээд халаасандаа утсаа үзсэн зүүн халаасанд байсан айфоне-7 плас гар утас алга байсан. Би баарны хамгаалагч дээр очоод эгч нь гар утсаа алдчихлаа гээд хэлсэн баарны хамгаалагч араас нь гүйгээд нөгөө 2 залууг бариад авсан. Үүргэвчтэй залуугийн өмдний шуумгаас баарны хамгаалагч миний гар утсыг гаргаж өгсөн. Шар куртиктэй залуу эгчээ ёстой уучлаарай муухай юм боллоо гэсэн. Би гар утсаа буцааж аваад халаасандаа хийгээд гараараа атгасан байсан чинь шар куртиктэй залуу миний гарыг хүчээр гаргаж миний гараас гар утсыг минь мулталж аваад зугтаасан. Араас нь нөгөө хамгаалагч хөөгөөд гүйцээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/
Гэрч Э.Жанчивдоржийн “...2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 хороонд байрлах смайл бааранд хамгаалагчийн ажил хийж байх үед үйлчлүүлэгч нэг эмэгтэй гар утсаа алдчихлаа гэж ирж хэлэхээр нь тэр эмэгтэйтэй хамт сууж байсан залуусын араас гүйж очоод нэгнээс нь зуурч аваад хүний гар утас авсан байна гаргаж өг, хоёрын хооронд яах гэж ингэж байдаг юм бэ, цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн. Шар куртиктэй залуу нь үүргэвч үүрсэн залуугийн хөл рүү тонгойхоор нь наана чинь гар утас байна гаргаж өг гэсэн гаргаж өгөхгүй байхаар нь би өөрөө өмднийх нь шуумгийг сөхөж гар утсыг авч эзэнд нь өгсөн. Тэгээд би утсыг нь эзэнд нь өгчхөөд ажлаа хийх гээд буцаад баар луу орохоор алхаж байхад ард орилох чимээ гарахаар нь эргэж харсан. Жанчиваа гээд орилсон. Би буцаад очсон чинь утас аваад зугтаачихлаа гэсэн. Би гараад харсан чинь нэг нь Сэлбэ голын гүүр чиглээд, нөгөө нь 100 айлын гүүр чиглээд гүйсэн. ...Шар куртиктэйг нь Жижгээ гэж дууддаг, үүргэвчтэйг нь Кубана гэж дууддаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/
Дамно хөрөнгийн үнэлгээний газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчийн бусдад дээрэмдүүлсэн гэх гар утсыг 1.320.000 төгрөгөөр үнэлсэн баримт /хх-ийн 42-43 дугаар хуудас/
Б.Л гийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн "... 20109 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би Төмөрөөтэй хамт архи ууж байхад Төмөрөө бид 2 хэрэлдээд Төмөрөө намайг зодчихсон юм. ...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10412 дугаартай дүгнэлттэй санал нийлж байна. Надад гомдол санал. нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/
Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 78-101, 138-164 дүгээр хуудас /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10412 дугаар^ай дүгнэлтэд “... Б.Л гийн биед зүүн нүдний зовхи, хамар, хацарт хаван хавдар, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э ыг шүүгдэгч Н.Т тэй бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Смайл нэртэй баарны орчим хохирогч Д.У ын ай фоне-7 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримттай холбоотой дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо.
Хохирогч Д.У нь дээрмийн гэмт хэрэгтэй холбогдуулан мөрдөн байцаалтын шатанд “ ... тэр үед би гар утсаа буцааж авчхаад халаасандаа хийгээд атгасан байсан чинь шар куртиктэй залуу нь миний гарыг хүчээр гаргаж ирээд миний гараас гар утсыг минь мулталж аваад зугтаасан. Араас нь нөгөө хамгаалагч хөөгөөд гүйцээгүй. Утас булаах үед бусад нь түрүүлээд явчихсан байсан...” гэж, гэрч Э. Жанчивдорж “ ...ард орилох чимээ гарахаар нь би эргэж харсан чинь манай бармен охин Болороо надруу Жанчиваа гээд орилсон. Би буцаад очсон чинь утсыг аваад зугтаачихлаа гэсэн...шар куртиктэйг нь Жижгээ гэж дууддаг, үүргэвчтэйг нь Кубана гэж дууддаг...” гэж, мөн шүүгдэгч Б.Э нь Н.Т Жижгээ гэж хочилдог ба тухайн өдөр шар өнгийн куртиктэй явсан талаар тус тус мэдүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Э нь хохирогч Д.У ын халааснаас гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авахыг завдсан үйлдлийг хүлээн зөвшөөрдөг ба харин Н.Т тэй бүлэглэн Дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй талаар тогтвортой мэдүүлж байжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Дээрэмдэх гэмт хэрэг нь өөрийн санаа зорилгыг хэрэгжүүлсэн эсэхээс үл хамааран хүч хэрэглэхээр довтолгоо эхэлсэн үеэс төгсдөг, өмчлөх эрхийн эсрэг үйлдэгддэг хамгийн хүнд төрлийн гэмт хэрэгт тооцогддог. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Э нь хохирогч Д.Уын эсрэг түүний эд хөрөнгийг авахаар довтолсон үйлдэл хийсэн болох нь тогтоогдоогүй ба харин шүүгдэгч жижгээ хочит Төмөрөө нь хохирогчийн биед хүч хэрэглэн гар утсыг дээрэмдсэн ба гэмт хэрэг үйлдэх үед ганцаараа байсан болох нь “ шар куртиктэй залуу нь миний гарыг хүчээр гаргаж ирээд миний гараас гар утсыг минь мулталж аваад зугтаасан...Утас булаах үед бусад нь түрүүлээд явчихсан байсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасныг баримтлан “ гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Смайл нэртэй баарны орчим хохирогч Д.У ын ай фоне-7 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж бусдад 1320.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: хохирогч Д.У ын “ Би гар утсаа буцааж аваад халаасандаа хийгээд гараараа атгасан байсан чинь шар куртиктэй залуу миний гарыг хүчээр гаргаж миний гараас гар утсыг минь мулталж аваад зугтаасан. Араас нь нөгөө хамгаалагч хөөгөөд гүйцээгүй... ” гэх мэдүүлэг, гэрч Э.Жанчивдоржийн “...Тэгээд би утсыг нь эзэнд нь өгчхөөд ажлаа хийх гээд буцаад баар луу орохоор алхаж байхад ард орилох чимээ гарахаар нь эргэж харсан. Жанчиваа гээд орилсон. Би буцаад очсон чинь утас аваад зугтаачихлаа гэсэн. Би гараад харсан чинь нэг нь Сэлбэ голын гүүр чиглээд, нөгөө нь 100 айлын гүүр чиглээд гүйсэн.. Шар куртиктэйг нь Жижгээ гэж дууддаг, үүргэвчтэйг нь Кубана гэж дууддаг...” гэх мэдүүлэг, Дамно хөрөнгийн үнэлгээний газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар,
Мөн 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны гадна иргэн Б.Л г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүгдэгчийн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хохирогч Б.Л гийн “...20109 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би Төмөрөөтэй хамт архи ууж байхад Төмөрөө бид 2 хэрэлдээд Төмөрөө намайг зодчихсон юм...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10412 дугаартай дүгнэлтэд “... Б.Л гийн биед зүүн нүдний зовхи, хамар, хацарт хаван хавдар, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Смайл нэртэй бааран дотор хохирогч Д.У ын 1.320.000 төгрөгийн үнэтэй Ай фоне-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүгдэгчийн өөрийнх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Д.У-ын “... би 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Смайл нэртэй бааранд орж үйлчлүүлсэн, ...үүргэвч үүрсэн, шар куртиктэй 2 залуу хамт суусан. Би тэр 2-т хандаж эгч нь пиво авч өгсөн ш дээ гэсэн өө баярлалаа эгчээ гэсэн. ...тэгээд нөгөө залуус босоод явсан. Босоод явахаар нь яагаад гэнэт босоод явчихваа гээд халаасандаа утсаа үзсэн зүүн халаасанд байсан айфоне-7 плас гар утас алга байсан. Би баарны хамгаалагч дээр очоод эгч нь гар утсаа алдчихлаа гээд хэлсэн баарны хамгаалагч араас нь гүйгээд нөгөө 2 залууг бариад авсан. Үүргэвчтэй залуугийн өмдний шуумгаас баарны хамгаалагч миний гар утсыг гаргаж өгсөн. Шар куртиктэй залуу эгчээ ёстой уучлаарай муухай юм боллоо гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Жанчивдоржийн “...2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 хороонд байрлах смайл бааранд хамгаалагчийн ажил хийж байх үед үйлчлүүлэгч нэг эмэгтэй гар утсаа алдчихлаа гэж ирж хэлэхээр нь тэр эмэгтэйтэй хамт сууж байсан залуусын араас гүйж очоод нэгнээс нь зуурч аваад хүний гар утас авсан байна гаргаж өг, хоёрын хооронд яах гэж ингэж байдаг юм бэ, цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн. Шар куртиктэй залуу нь үүргэвч үүрсэн залуугийн хөл рүү тонгойхоор нь наана чинь гар утас байна гаргаж өг гэсэн гаргаж өгөхгүй байхаар нь би өөрөө өмднийх нь шуумгийг сөхөж гар утсыг авч эзэнд нь өгсөн.../ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Т, Б.Э нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул шүүгдэгч Н.Т г 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Смайл нэртэй баарны орчим хохирогч Д.У ын ай фоне-7 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн, мөн 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны гадна иргэн Б.Л г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Э ыг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Смайл нэртэй бааран дотор хохирогч Д.У ын 1.320.000 төгрөгийн үнэтэй Ай фоне-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар :
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Н.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг журамлан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногоор тооцон 50 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар,
Шүүгдэгч Б.Э -д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1816 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 14 хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 11 сар 14 хоногийн хугацаагаар тогтоон шийдвэрлэлээ.
Мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон 145 хоногийг, шүүгдэгч Н.Тгийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 149 хоногийг шүүгдэгч нарын эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн Хулгайлах гэмт хэрэг нь өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас буюу гэрч Э.Жанчивдоржийн үйлдлийн улмаас төгсөөгүй, тухайн эд хөрөнгийг хохирогчид хүлээлгэн өгснөөр бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Т гөөс 1320.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.У д олгон, хохирогч Б.Л д төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурдав.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасныг баримтлан нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А овогт Б Э-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б-ийн Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
Шүүгдэгч Б овогт Н-ын Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж заналхийлж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн иргэн Б.Л г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 1 / нэг / жил 6 / зургаа / сарын хугацаагаар,
Шүүгдэгч Н.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 / хоёр / жил 6 / зургаа /сарын хугацаагаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 400 / дөрвөн зуун / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1. 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э од Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 1816 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацааны хорих ялаас эдлээгүй үлдсэн 1/ нэг / жил 5 / тав /сар 14 / арван дөрөв / хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 / нэг / жил 6 / зургаа / сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 / хоёр / жил 11 / арван нэг / сар 14 / арван дөрөв / хоногийн хугацаагаар,
Шүүгдэгч Н.Т д оногдуулсан 400 / дөрвөн зуу / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найм / цагийг нэг хоногоор тооцож 50 / тавь / хоногийн хорих ялыг 2 / хоёр / жил 6 / зургаа / сарын ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 / хоёр / жил 7 / долоо/ сар 20 / хорь / хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Э, Н.Т нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй
6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 145 / нэг зуун дөчин тав / хоногийг, шүүгдэгч Н.Т гийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 149 / нэг зуун дөчин ес / хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Шүүгдэгч Б.Э, Н.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т 1320.000 / нэг сая гурван зуун хорин мянга / төгрөгийг гаргуулж хохирогч Д.У-д олгон, хохирогч Б.Л төлөх төлбөргүй болохыг тус тус дурдусугай.
9 . Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
10 . Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э, Н.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН