| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/09162/и |
| Дугаар | 283 |
| Огноо | 2017-01-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 283
| 2017 оны 01 сарын 20 өдөр | Дугаар 101/ШШ2017/00283 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Ч-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Г-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Ч, хариуцагч Б.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Чанцалдулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“Х.Ч би 1999 онд Б.Г-тэй гэр бүл болж, том хүү Г.Г, бага хүү Г.Э нар төрсөн. 2010 оноос Б.Г-өөс салж тусдаа амьдраад 6 жил болж байна. Энэ хугацаанд 2 хүүгээ өөрөө өсгөж байгаа нь үнэн бөгөөд 2 хүүхдээ өөрийн асрамжинд үлдээх хүсэлтэй байна. Бага хүүдээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Бид хоёрт эд хөрөнгийн болоод ямар нэгэн маргаангүй болно. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Г.Г, Г.Э нарыг миний асрамжинд үлдээж, эцэг Б.Г-с хүү Г.Э-д хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“Миний бие Б.Г би Х.Ч-ын гэрлэлт цуцлуулах хүсэлтэд татгалзах зүйлгүй болно. Хүү Г.Г, Г.Э нарыг эх Х.Ч-ын асрамжинд үлдээх, хүү Г.Э-д хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлыг зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Ч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч Б.Г бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Зохигч болох Х.Ч, Б.Г нар 1999 оны 12 дугаар сарын 28-нд гэр бүл болсныг 2000 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэсэн 387 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, тэдний дундаас 2000 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүү Г.Г , 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүү Г.Э нар төрж, одоо эрүүл өсөн бойжиж, суралцаж байгаа нь, хүүхдийн төрсний бүртгэлийн Г-914, 0058694, Г-2051 дугаартай гэрчилгээ, “Нарны эрч” өрхийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолт, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов. /хх-3-9/
Зохигчид нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчад хандсан боловч амжилтгүй болж, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 593 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр эвлэрүүлэн зуучлагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т тус тус зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ. /хх-12/
Зохигчдын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа ба тэдний хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа хадгалах хүсэлгүй байгаа тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох хүү Г.Г , Г.Э нарыг төрсөн эх Х.Ч ын асрамжид үлдээхээр зохигчид харилцан тохиролцсон тул эхийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч хүү Г.Э-д хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэснийг хариуцагч зөвшөөрч байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Б.Г-өөр хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүү Г.Г, Г.Э нарыг эхийнх нь асрамжид үлдээснээс үл хамааран хүүхдийн эх Х.Ч нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлэхэд, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-т заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эцэг Б.Г т саад учруулахгүй байх үүрэгтэй.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Х.Ч Б.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2000 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Г.Г, 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Г.Э нарыг төрсөн эх Х.Ч ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Г.Э -ыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Г-р сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Х.Ч, хариуцагч Б.Г-ийг эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Нэхэмжлэлд эд хөрөнгийн шаардлага гаргаагүй болон зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР