Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 917

 

2020        10          21                                     2020/ШЦТ/917

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

улсын яллагч: Л.Мажигсүрэн /томилолтоор/; 

шүүгдэгч: Т.М, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.М-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, автомашин угаалгын газар ажилладаг гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт урьд:

-Чингэлтэй дүүргийн шүүхийн  2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 23 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзсан,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 599 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 31 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 11 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 518 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр суллагдсан,

-Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 602 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 114 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 21 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон, Т.М.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Т.М нь 2020 оны 07 дугаарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 8-227 тоот иргэн П.Батбаярын гэрт нэвтэрч эмэгтэй хүний бүс, мөнгөн аяга, цэргийн дүрэмт хувцас, хонины хаа, гуя, банш зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлж 1.422.100 төгрөгийн,

-мөн 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сүxбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 12 дугаар гудамжны 453 тоотод байрлах авто засварын газарт байрлуулсан байсан “Тоёота приус 20” маркийн автомашины 2 гэрэл, аккумлятор хулгайлж Г.Мөнх-Эрдэнэд 390.000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт 2 удаагийн үйлдлээр 1.812.100 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ: “Би машинаас 2 гэрэл авсан өөр юм аваагүй. Айлын гэрээс хонины мах, банш зэргийг аваад эрээн хувцас цүнхэнд хийж авсан. Эмэгтэй хүний хувцас, бүс, мөнгөн аяга аваагүй. Авсан эд зүйлээ зараад мөнгөөр нь өөртөө өмсөх хувцас, ойр зуурын юманд зарцуулсан. Согтуу байхад мэдүүлэг авсан. Цахилгаан бороохойгоор зодож, цохиж хүчээр хэрэг тулгасан. Камерын бичлэгт зүгээр явж байгаа нь л харагдаж байгаа болохоос эд зүйл авсан нь харагдахгүй...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /xx-ийн 2-6, 45-47/, хохирогч П.Батбаярын мэдүүлэг /xx-ийн 12-13/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /xx-ийн 20-22, 66-67/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3489, 3488 дугаар шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт /xx-ийн 26-30, 73-76/, хохирогч Г.Мөнх-Эрдэнэ /xx-ийн 50-52/, гэрч А.Хатанбаяр /xx-ийн 53/ нарын мэдүүлэг, эрүүгийн мөрдөгчийн илтгэх хуудас /хх-ийн 57/, гэрч П.Мажигмаагийн мэдүүлэг /xx-ийн 91-93/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 160-161/, Т.Мын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /xx-ийн 38-41, 82-85/, Т.Мын хувийн байдалтай холбоотой баримтууд /xx-ийн 103-105, 110-121, 124-129, 132-150/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.М нь 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сүxбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 12 дугаар гудамжны 354 тоотод байрлах авто засварын газарт байрлуулсан байсан иргэн Г.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн “Тоёота приус 20” маркийн автомашины “2 гэрэл, аккумлятор” зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

 мөн 2020 оны 07 дугаарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 8-227 тоотод байрлах иргэн П.Батбаярын эзэмшлийн байшинд нэвтэрч “эмэгтэй хүний бүс, мөнгөн аяга, цэргийн дүрэмт хувцас, хонины хаа, гуя, банш” зэргийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

   хохирогч Г.Мөнх-Эрдэнийн /xx-ийн 50-52/: “...Би 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн 35-77 УБТ дугаартай сувдан цагаан өнгийн “Приус 20” маркийн тээврийн хэрэгсэлд засвар хийлгэхээр Сүxбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 12-354 тоотод байрлалтай засварын газарт тээврийн хэрэгслээ орхисон. Тэгтэл 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүxбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс ...залгаад тээврийн хэрэгслээс эд зүйлс хулгайд алдагдсан талаар мэдэгдсэн. Би 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тус авто засварын газар очиход ...тээврийн хэрэгслээс хойд талын баруун болон зүүн нийт 2 ширхэг арын гэрэл, мөн багажны баруун буланд байрлуулсан байсан хар өнгийн аккумлятор 1 ширхэг зэрэг алдагдсан байсан. Өөр алдагдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.Хатанбаярын /xx-ийн 53/: “...Би өөрийн засварын газрынхаа үйлчлүүлэгчээс засуулах гэж үлдээсэн байсан цагаан өнгийн “Приус 20” маркийн  тээврийн хэрэгслийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр орхиж, амарч байгаад 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ иртэл үйлчлүүлэгчийн машины арын 2 их гэрэл алга болсон байсан. 2020 оны 07 дугаар сарын 09-16-ны өдрийн хооронд ямар нэг хүн ажиллаагүй бөгөөд анх үлдээхэд машины 2 гэрэл бүрэн бүтэн байсан...“ гэх мэдүүлгээр,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 45-47/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 66-67/,

 

Т.Мын яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 82-85/: “...Би 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сүxбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 7 буудлын шинэ замаар ертөнцийн зүгээр урагшаа зам дагуу уруудаад явж байсан юм. Тухайн үед би согтуу байсан. Тэгээд алхаж байтал замын хажууд нэг авто засварын газар байсан. Би хашааг нь хаалган талаар нь даваад орсон. Ороход байшингийн ард талд приус 20 загварын тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд би ороод хойд талаас нь 2 ширхэг арын гэрлийг нь авсан. Гэрлийг нь аваад шар өнгийн шуудайнд хийгээд гарсан. Баянбүрд рүү явж ...хамт архи уусан хүндээ өгөөд явуулчихсан. Би өөрөө харьсан. Дахиад архи уух гэтэл мөнгөгүй байсан тул тухайн эд зүйлийг авсан. ...Би энэ үйлдэлдээ гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулах болно...“ гэх мэдүүлгээр,

 

хохирогч П.Батбаярын /xx-ийн 12-13/: “...Би 2020 оны 07 дугаар сарын 15-ны 8 цаг 30 минутын үед гэрээсээ ажилдаа явахдаа хаалга үүдээ цоожлоод, өрхөө бүтээгээд гарсан. ...гарах үед манай байшингийн цонх зүгээр байсан. Өглөө эрт охин, эхнэр ажилдаа явдаг. Би ...гэртээ 18 цагийн үед ирээд байшингийн цонхоо хараагүй шууд гэртээ ороод унтаад өгсөн. 19 цагийн үед манай эхнэрийн дүү манайд ирсэн. Би эхнэр лүү залгаад “дүү чинь ирсэн байна” гэхэд “цай чанаад байж бай” гэж хэлсэн. Би банш авах гээд хойд байшин руугаа ороход хөргөгч онгорхой, бүх уут савтай зүйлийг задалсан эмх замбараагүй хулгай орсон байдалтай байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаад хэргийн газрын үзлэг хийсний дараа юу юу алга болсоныг үзэхэд цаасан хайрцганд байсан мөнгөн аяга, эмэгтэй мөнгөн бүс, охины хилийн цэргийн хангалтын шинэ өвлийн хувцаснууд, өвлийн гутал, цүнх, миний хувцаснууд алдагдсан байсан...“ гэх мэдүүлгээр,

 

        Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 2-6/,

 

       “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 20-21/,

 

       Т.Мын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 38-41/: “...Би 2020 оны 07 дугаар

сарын 15-ны өдөр Баянбүрдээс гудамжаар хөндлөн яваад 100 айлын ойролцоо ирсэн. Тэгээд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Алтайн 8-227 тоот айлын гадаа ирсэн. Тухайн айл нохойгүй байхаар нь орсон. Цонхыг нь түлхтэл онгойчихсон. Гэрт ороход хүн байгаагүй тул хөргөгчнөөс хонины хаа болон гуя, бэлдээд уутанд хийж хөлдөөсөн банш зэргийг авсан. ...цэргийн эрээн хувцаснууд байхаар нь цүнхэнд хийгээд аваад гарсан. ...нэг танихгүй эрэгтэй хүнд 50.000 төгрөгөөр зарчихсан. Мөнгө олдохгүй байсан тул айлд ороод үнэд хүрэх зүйлийг аваад гарсан. Би энэ үйлдэлдээ гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох  баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нар эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч нь иргэдийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг хохирогч, шүүгдэгч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, хохирогч нарын алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үргэлжилсэн үйлдлээр шунахайн сэдэлтээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч болон нэвтрэхгүйгээр иргэдийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй Т.Мын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах  гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай оронд байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч Т.Мын дээр дурьдсан гэм буруутай үргэлжилсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан ердийн болон хүндрүүлэх шинжийг тус тус агуулж байх бөгөөд түүний үйлдлийг тус тусад нь бус хамгийн хүнд зүйл, хэсгээр прокурор зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгчөөс “хохирогч нарын зарим эд зүйлсийг аваагүй, аваагүй эд зүйлсийг авсан мэтээр хилс хэрэг хүлээлгэсэн” гэх агуулга бүхий гомдол гаргаж байх боловч энэ талаар эргэлзээ төрүүлэхээр өөр ямар нэгэн баримт сэлт мөрдөн байцаалтаар авагдаагүй, мөн эрүүдэн шүүсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ санал гомдол нь хэргийн шийдвэрлэлтийг удаашруулах, шүүн таслах ажиллагаанд саад болох зорилготой гэж үзэх үндэслэлтэйг дурдаж байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Маас мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох 1.812.100 төгрөгийг гаргуулж үүнээс 1.422.100  төгрөгийг хохирогч П.Батбаярт, 390.000 төгрөгийг хохирогч Г.Мөнх-Эрдэнэд тус тус олгох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

 

Т.М нь шунахай сэдэлтээр, эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өмчлөгч нарт эд материалын бодитой хохирол, хор уршиг учруулахыг урьдаас мэдэж, ийм хохирол, хор уршиг учруулахыг хүссэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй, хохирогч нарт учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, хяналтын хугацаа тогтоосон үед санаатай гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж түүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Т.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан төрөл хэмжээний дотор 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч Т.М нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 602 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 114 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 21 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон үед  санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.12 дугаар зүйлд заасан журмаар энэ тогтоолоор оногдуулсан ял дээр эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоосон болно.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Мыг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Мт энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 602 дугаар шийтгэх тогтоолоор  оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 21 хоногийн хорихыг нэмж нэгтгэн Т.Мын нийт эдлэх ялыг 4 жил 21 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М 48 /дөчин найм/ хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Маас нийт 1.812.100 төгрөгийг гаргуулж үүнээс 1.422.100 төгрөгийг хохирогч П.Батбаярт, 390.000 төгрөгийг хохирогч Г.Мөнх-Эрдэнэд тус тус олгосугай.

 

7. Xэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ