Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 918

 

 

 2020        10          21                                         2020/ШЦТ/918

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

            нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

            улсын яллагч: Л.Мажигсүрэн;

            шүүгдэгч: Ж.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Б-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, Ж.Б

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

            Яллагдагч Ж.Б нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жасмин төвийн орчимд иргэн М.Жавхлангийн гээгдүүлсэн “Хуавей-7” загварын гар утсыг олж авч хувьдаа завшсаны улмаас 442.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримт шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Жавхлангийн мэдүүлэг /хх-ийн 7-9/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 16-17/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 21-22/, “Юнител” ХХК-ийн албан тоот, хавсралтууд /хх-ийн 29-31/, Ж.Бийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 55-56/, Ж.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 44-46, 49-50, 58/, М.Жавхлангийн хүсэлт /хх-ийн 59/  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жасмин төв”-ийн орчимд иргэн М.Жавхлангийн гээгдүүлсэн “Хуавей-7” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 442.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч М.Жавхлангийн /хх-ийн 7-9/: “...2020 оны 07 дугаар сарын 8-ны ... оройн 21 цагийн үед ажлаа дуусгаад өөрийн 1946 УАА дугаартай машинтай Бүрд худалдааны төвийн хажууд явж байхад манай нөхөр Хуяг нь ...залгахаар нь “машин барьж байна” гэж хэлээд утсаа салгаад өвөр дээрээ тавьсан. Замаараа Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Жасмин худалдааны төвийн хажууд байрлах эмийн сангийн харалдаа машинаа зам дагуу тавиад эмийн сангаас эм авчхаад буцаж машиндаа суугаад гэр лүүгээ явсан. ...оройн 22 цагийн үед гэрийнхээ гадаа очоод утсаа үзтэл миний гар утас байхгүй байсан. Би өөрийн хүү Билгүүний 95198797 гэх дугаараас өөрийн 95190919 гэх дугаар луу удаа дараа залгахад миний утас “холбогдох боломжгүй” гэсэн хариу өгөөд байхаар нь буцаж гараад эмийн сан дээр очоод худалдагчаас нь гар утсаа асуутал “мэдэхгүй байна” гэсэн...” гэх мэдүүлгээр,

 

Ж.Бийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 55-56/: “...би гэрээсээ гараад Ар гүнтийн тэнд байрлах зуслангийн байшин руугаа явж байгаад 6 буудлын аптек орох гээд машинаасаа буухад зам дээр нэг гар утас хэвтэж байсан. Тэр утсыг аваад аптек орчихоод зуслан руугаа явсан. Буцаад Баянголд байрлах гэртээ ирээд олсон утсаа асааж үзтэл кодтой байсан. Тэгэхээр нь утас засварчин дээр очиж кодыг нь 5.000 төгрөгөөр гаргуулсан. Тэгээд ээждээ гар утсыг нь хэрэглүүлэхээр өгсөн...” гэх мэдүүлэг болон  “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 16-17/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 21-22/, “Юнител” ХХК-ийн албан тоот, хавсралтууд /хх-ийн 29-31/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хжжльд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь “бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа авснаа өөрөө мэдүүлсэн, хохирогч эд хөрөнгөө гээгдүүлснээ мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэн М.Жавхлангийн гээгдүүлсэн “Хуавей-7” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хяналт шалгалтын шаардлагагүйгээр буцаан өгөхгүй байх санаа зорилгоор, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож, хувьдаа авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Ж.Бийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…гээгдэл эд хөрөнгө...завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч М.Жавхлангийн “…өөрийн эзэмшлийн гар утсаа авсан. Санал гомдол байхгүй…” гэсэн байр суурь хавтаст хэргийн 59 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Ж.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ж.Бийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Ж.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Ж.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ