Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 873

 

 

 

 

 

 

 

 

2020        10        02                                     2020/ШЦТ/873      

 

 

                               

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар  

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам

Улсын яллагч С.Болорзул,

Хохирогч П.Г,

Шүүгдэгч Ж.Т (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ж.Тд холбогдох эрүүгийн 2009000001084 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй ам бүл 4, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангай 5-183 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 11 сарын 11-ний өдрийн 436 тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 181.2.5 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2014 оны 07 сарын 31-ний өдрийн 261 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 05 сар 11 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ж-ийн Т

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ж.Т нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүрэг 12 дугаар хороо Хангайн 5-183 тоот болох өөрийн гэртээ хамт архи ууж байсан иргэн П.Гантулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед би гэрт нь очоод архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн. Лхамсүрэн ах, Ж.Т хоёр ноцолдоод байхаар нь би болиоч гээд босгох гэсэн чинь ийм үйлдэл болсон...” гэв.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дүгээр сарын 05-ны өдрийн 8957 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:       

1. П.Г биед зүүн шанаанд зулгаралт, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал ,баруун дээд 2, зүүн 1-р шүдний булгарал доод уруулд язрал цус хуралт, баруун бугалга, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-ийн 21-23-р хуудас/

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Т нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүрэг 12 дугаар хороо Хангайн 5-183 тоот болох өөрийн гэртээ хамт архи ууж байсан иргэн П.Гантулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Ж.Төгс-Эрдэнийн шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч П.Г ын “...Тухайн үед би гэрт нь очоод архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн. Лхамсүрэн ах, Ж.Т хоёр ноцолдоод байхаар нь би болиоч гээд босгох гэсэн чинь ийм үйлдэл болсон...”  гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8957 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Т-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Б.Баасанжавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Т нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч П.Г д 180.000 / нэг зуун наян мянга / төгрөгийг буюу  баримтаар нэхэмжилсэн мөнгийг бүрэн төлж барагдуулсан ба хохирогчийн нэхэмжлэлээс шүд хийлгэх төлбөрт нэхэмжилсэн 7500.000 / долоон сая таван зуун мянга/ төгрөгт хамааралтай нотлох баримтыг ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Ж.Т-г бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хх-ийн 66 /-аар тогтоогдсон ба энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймд Ж.Т д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биенээ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8  36. 2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Ж-ийн Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Төгс-Эрдэнийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Ж.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, эд мөрийн баримаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Ж. Т нь хохирогч П.Г д 180.000 / нэг зуун наян мянга  / төгрөг төлж бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс  7500.000 / долоон сая таван зуун мянга / төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой  шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ДАРЬСҮРЭН