Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 322

 

   2017 оны 01 сарын 24 өдөр

      Дугаар 101/ШШ2017/00322

     Улаанбаатар хот

      

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, өөрийн байранд байрлах “Худалдаа хөгжлийн банк” ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9016001006, регистрийн дугаар 2635534/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 57 дугаар байр, 7 тоот хаягтай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Эмнэлгийн 23 дугаар гудамж, 679 тоотод оршин суух Цагаагчууд овогт Амгаланбаатарын Эрдэнэзаяа /Регистрийн дугаар МЗ74103069/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 57 дугаар байр, 7 тоот хаягтай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Эмнэлгийн 23 дугаар гудамж, 679 тоотод оршин суух Бүрт боржигон овогт Пүрэвдоржийн Эрдэнэдалай /Регистрийн дугаар ЧЖ76123119/ нарт холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал, нийт 178,748,898.15 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 000269488 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2204028674 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, Кристалл таун, 801 дүгээр байр, 601 тоотын 110 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт,   хариуцагч бөгөөд хариуцагч А.Эрдэнэзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэдалай, хариуцагчийн өмгөөлөгч П.Еркебулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэн А.Эрдэнэзаяа, П.Эрдэнэдалай нар нь 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус банктай №3Г-RCC2013103015-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, №БГ-RСС2013103015-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 160,000,000.00 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар, 180 сарын хугацаатай зээлж авсан. Иргэн А.Эрдэнэзаяа, П.Эрдэнэдалай нар нь 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус банктай байгуулсан №3Г-RCC2013103015-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, №БГ-RCC2013103015-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-үүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрсдийн өмчлөлийн 000269488 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2204028674 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн, 26 дугаар хороо, Кристалл таун /13311/, Их Монгол улсын гудамж, 801 дүгээр байрны 601 тоотын 110 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 160,000,000.00  төгрөгөөс 4,911,596.76 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 83,534,456.57 төгрөгөөс 66,505,403.26 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар нь №3Г-RCC2013103015-1 тоот “Орон сууцны зээлийн гэрэз”-ээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулдаггүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид сануулж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч зээлдэгч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул “Зээлийн гэрээ”-ний 9.2-т заасныг үндэслэн банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцалж байгаа болно. Зээлдэгчтэй байгуулсан №3Г-RCC2013103015-1 тоот “Орон сууцны зээлийн  гэрээ”-г цуцалж байгаа тул зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 178,748,898.15 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,139,447,000 төгрөгийн хамтаар иргэн А.Эрдэнэзаяа, П.Эрдэнэдалай нараас гаргуулж, Худалдаа, хөгжлийн банкинд олгож өгнө үү. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №3Г-RCC2013103015-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, №БГ-RCC2013103015-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан зээлдэгч нарын өмчлөлийн 000269488 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2204028674 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн, 26 дугаар хороо, Кристалл таун /13311/, Их Монгол улсын гудамж, 801 дүгээр байрны 601 тоотын 110 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү” гэв.

 

Хариуцагч бөгөөд хариуцагч А.Эрдэнэзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэдалай шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч П.Еркебулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Зээлдэгч А.Эрдэнэзаяа, хамтран зээлдэгч П.Эрдэнэдалай бид Худалдаа, хөгжлийн банкны Сэнтрал Тауэр салбартай 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3Г-RCC2013103015-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулан 160,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 15 жил буюу 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлийн барьцаанд иргэн А. Эрдэнэзаяа миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204028674 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун /13311/, Их Монгол Улсын гудамж, 801 дүгээр байрны 601 тоот хаягт байрлах, 110 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцаалсан. Бид Худалдаа, хөгжпийн банкны Занабазар салбараас авсан зээлээ зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бүрэн төлж ирсэн. Нэхэмжлэгч нь гурван төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1-д 15 жил буюу 180 сарын хугацаатай байсан. Энэхүү хугацааг банкнаас зээл олгох анхны гүйлгээ хийсэн үеэс эхлэн тооцно гэж заасан байна.  Хавтаст хэрэгт авагдсан баримтаар зээлийн гүйлгээ 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хийгдсэн байдаг. Үүнээс хойш тоолоход 15 жил буюу 180 сарын хугацааг тоолоход зээлийн гэрээний хугацаа 2028 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусахаар байна. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээг зээлийн гэрээний 9.2-т заасан үндэслэлээр банкны нэг талын санаачлагаар цуцлаж байгаа болно гээд үндэслэлдээ дурдсан байдаг. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т аль нэг тал гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талд мэдэгдэнэ гэж заасан байдаг. Гэрээний талууд хариуцагч талаас А.Эрдэнэзаяа, П.Эрдэнэдалай гэдэг хоёр хүн оролцсон байгаа. “Худалдаа хөгжлийн банк” ХХК 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээг цуцлаж байгаа, татгалзаж байгаа тухайгаа бичгээр огт мэдэгдээгүй. Энэ талаар А.Эрдэнэзаяад мэдэгдсэн, танилцуулсан, гарын үсэг зуруулсан нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй. Харин эсрэгээрээ “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн Цэнтрал таур салбарын зээл эргэн төлөлтийн тухай албан бичгийг П.Эрдэнэдалай хүлээн авч гарын үсэг зурсан байдаг. Энэ албан бичигт зээлийн гэрээг цуцласан, зээлийн гэрээнээс хугацаанаас нь өмнө татгалзсан агуулга бүхий албан бичиг биш. Уг албан бичгийг П.Эрдэнэдалай хүлээн авч гарын үсэг зурсан байдаг. Албан бичигт зээлийн гэрээ зөрчигдөөд байна, тийм учраас зөрчлөө заасан хугацаанд барагдуулаачээ гэсэн агуулга бүхий байдаг. П.Эрдэнэдалай 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээж аваад, 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр зээлийн зөрчил 8,000,000 төгрөгийг бүрэн арилгасан байдаг. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгч талаас үндсэн зээлдэгч А.Эрдэнэзаяад зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээнээс татгалзаж байгаа тухай огт мэдэгдэж байгаагүй. Энэ нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн байна. Урт хугацаатай зээлийн гэрээг хугаацаанаас нь өмнө цуцлах тухай мэдэгдээгүй байж, хугацаа дуусаагүй байхад банкны зүгээс шүүхэд бүх төлбөрийг гаргуулах агуулга бүхий нэхэмжлэл гаргаж байгаа нь ноцтой зөрчиж байна. Зээлийн гэрээг Иргэний хуулийн 204 дүгээр зүйл, мөн хуулийн 225 дугаар зүйлд заасан үндэслэлээр гэрээний аль нэг тал татгалзаж цуцласан тухай баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Талууд гэрээг цуцлаагүй байгаа тул энэ гэрээ нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна гэж үзэж байна. Хугацаа нь дуусаагүй, хугацаанаас нь өмнө цуцлагдаж дуусгавар болоогүй, энэ талаараа зээлдэгчид огт мэдэгдээгүй байж хугацаанаас нь өмнө буцаан төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1,  225 дугаар зүйл заалтыг ноцтой зөрчсөн байна. Зээлийн гэрээ цуцлагдаагүй тул “Худалдаа хөгжлийн банк” ХХК Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 зааснаар шаардах зээлийг хугацаанаас нь өмнө буцаан төлүүлэхээр шаардах эрхгүй байна гэж үзэж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бид нар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцласан юм гэдэг үндэслэл тавьдаг. Энэ үндэслэл нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн байна. 15 жилийн хугацаатай гэрээ гэдэг нь урт хугацаатай гэрээнд хамаарч явдаг. Урт хугацаатай гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах харилцааг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д маш тодорхой зохицуулсан байгаа. Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Мөн хуулийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээгээ цуцлаж болохгүй гээд заасан. Зээлдэгч нарын гаргасан зөрчлийг ялимгүй Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан зөрчил байна гэж үзэж байна. Учир нь 15 жилийн хугацаатай зээл, шүүхэд нэхэмжлэл гаргах 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний хугацаа дуусахад 12 жил 2 сар 12 хоног дутуу байсан. Төлөгдөөгүй зөрчлийн хувьд харьцуулахад үндсэн төлбөрт 4,911,000 төгрөгийг, хүү 83,534,000 төгрөгийг төлөх байснаас 66,000,000 төгрөгийг төлсөн байна. Төлсөн төлбөрийг нийт төлөх зөрчилтэй харьцуулж үзэхэд ялимгүй. Гаргасан зөрчил нь гэрээний нийт төлөх төлбөрийн 50 хувьд ч хүрэхгүй, нэг хувьд ч хүрэхгүй байна. Энэ зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй ялимгүй зөрчил байна. Ялимгүй зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр зээлийн гэрээг цуцлаж байгаа нь Иргэний хуулийн 225.4.1 дэх заалтыг ноцтой зөрчиж байна. Хариуцагч талаас зээлийн хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа тайлбарлаад, нотлох баримтаа хавтаст хэрэгт хүргүүлсэн байгаа. А.Эрдэнэзаяагийн цалингийн орлогыг банкнаас барьцаалан зээл олгосон байдаг. А.Эрдэнэзаяа цалингийн орлогоороо банкинд дамжуулан төлдөг байсан. Зээлийн хугацаа хэтэрсэн гол шалтгаан нь А.Эрдэнэзаяа нь хүүхэд гаргаад хүүхэд асрах чөлөөтэй байгаа тул энэ хугацаанд ажил олгогчоос цалин хөлс авч чадахгүй байгаа. Энэ шалтгаанаас зээлийн гэрээний төлөлт тодорхой хэмжээгээр доголдсон. Тодорхой хэмжээгээр доголдсон болохыг хүлээн зөвшөөрч байна. Энэ зөрчлийг ойрын хугацаанд бүх арга хэрэгслээ ашиглан арилгах болно. Үүнийг нотлох баримтыг хавтаст хэрэгт өгсөн. Хамтран зээлдэгч П.Эрдэнэдалайгийн бусдаас авах авлага, барьж байгаа байшин байгаа. Хамгийн боломжит арга бол грашийг зарж борлуулаад, хүүгийн зөрчлийг арилгана. Үлдсэн төлбөрийг зээлийн гэрээний хугацаа хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулна гэсэн хүсэлтэй байгаа. Өчигдөр боломжоороо зээлийн төлбөрт 1,095,000 төгрөгийг гаргаад өгсөн байгаа. Зээлдэгч нар сураггүй алга болсон эсхүл мөнгө хөрөнгөтэй байж зээлийг санаатай төлөхгүй байгаа нөхцөл байдал байхгүй байгаа, тодорхой шалтгаанууд байгаа тул зээлийг төлж чадахгүй байна. Гэхдээ ойрын хугацаанд төлж барагдуулна гэсэн хүсэлтэй байна. Нэмэгдүүлсэн хүүний төлбөр нэхэмжилж байна. 39,000 төгрөг байснаа нэмэгдээд 66,000 төгрөг болсон шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 454 дүгээр зүйл дээр нэмэгдүүлсэн хүү тооцох аргачлалыг маш тодорхой заасан. Нэмэгдүүлсэн хүүг тооцоход зээлийн гэрээний хугацаа дууссан байх ёстой. Төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдлээс тооцно гэсэн байсан. Хугацаа нь дуусаагүй зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцохгүй гэсэн нэгдсэн нэг ойлголтод хүрсэн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардлыг юуг үндэслэн нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд шүүхэд гаргаж өгч байгаа нотлох баримтаа шаардлага хангасан байдлаар гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн өөрийнх нь хуулиар хүлээсэн үүрэг. Хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу баримт гаргаж өгсөн төлбөрийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг аль нэг тал нь хугацаанаас нь өмнө цуцлах тухай мэдэгдсэн баримт хавтаст хэрэгт байхгүй. Зээлийн гэрээ өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм байна. Хугацаа нь дуусаагүй зээлийн гэрээг үндэслэж үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгаа банкны нэхэмжлэл, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргасан шаардлагууд нь дээр дурдсан Иргэний хуулийн зүйл заалтуудыг ноцтой зөрчиж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү ” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь хариуцагч А.Эрдэнэзаяа, П.Эрдэнэдалай нарт холбогдуулан 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №3Г-RCC2013103015-1 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-г цуцлах, үндсэн зээл  155,088,403.24 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 23,581,001.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 66,492.92 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 13,000.00 төгрөг, нийт 178,748,898.15 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 000269488 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2204028674 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, Кристалл таун, 801 дүгээр байр, 601 тоотын 110 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч А.Эрдэнэзаяа, П.Эрдэнэдалай нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ урт хугацаатай зээлийн гэрээний эргэн төлөлт тодорхой хэмжээгээр доголдсон нь үнэн, гэхдээ энэ зөрчил нь үүргийг ялимгүй зөрчсөн байгаа тул өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болон автозогсоолыг зарж борлуулаад зээлийн гэрээний эргэн төлөлтийн доголдлыг арилгаж, үлдсэн төлбөрийг зээлийн гэрээний хугацаа хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах боломж байгаа, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг аль нэг тал нь хугацаанаас нь өмнө цуцлаагүй, зээлийн гэрээ өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа, хугацаа нь дуусаагүй зээлийн гэрээг үндэслэж үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгаа банкны нэхэмжлэл, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргасан шаардлагууд нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 208 дугаар зүйлийн 208.4, 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх заалтуудыг ноцтой зөрчиж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэх үндэслэл заан маргажээ. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь хариуцагч А.Эрдэнэзаяа, П.Эрдэнэдалай нартай 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3Г-RCC2013103015-1 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”, БГ-RСС2013103015-1-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” тус тус байгуулж, 160,000,000 төгрөгийг орон сууцны зээл зориулалтаар, жилийн 18 хувь /сарын 1,50 хувь/-ийн хүүтэй, 15 жил буюу 180 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-5-11/ Энэ талаар талууд маргаагүй.

Зээлийн барьцаанд А.Эрдэнэзаяагийн  өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун /13311/, Их Монгол Улсын гудамж, 801 дүгээр байрны 601 тоот хаягт байрлах, 110 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204028674 дугаарт бүртгэгдсэн 4 өрөө орон сууцыг барьцаалсан нь хэрэгт авагдсан зээлийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов. Зээлийн барьцаанд барьцаалагдсан дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр нь улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-10-12/ Энэ талаар талууд маргаагүй.

Дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ.

Зээлийн гэрээний дагуу “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь зээлдэгч нарт 160,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл  зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“ гэж зааснаар хариуцагч нар нь зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Талууд харилцан тохиролцож зээлийн гэрээг 180 сарын хугацаатай буюу урт хугацаагаар орон сууц худалдан авах зорилгоор байгуулсан, “Орон сууцны зээлийн гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1-д “Зээлийн ерөнхий хугацаа 15 жил буюу 180 cap байна. Энэхүү хугацаа нь банкнаас зээл олгох анхны гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн тооцогдоно” гэж зааснаар банкнаас зээл олгох анхны гүйлгээг 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хийснээс эхлэн зээлийн ерөнхий хугацаа 15 жил буюу 180 сарыг тооцоход зээлийн гэрээний хугацаа 2028 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр дуусахаар байх ба нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргах үед буюу 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 152,146,757.68 төгрөг байна. Хариуцагч нар нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 4,911,596.76 төгрөг, зээлийн хүүнд 66,486,757.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,645.71 төгрөг, нийт 71,417,000.02 төгрөг төлсөн нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. /хх-7-9, 17-18/

 

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь зээлдэгч А.Эрдэнэзаяагийн цалин, зээлдэгч П.Эрдэнэдалайн  бизнесийн үйл ажиллагааны орлогыг судалж, зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэр гэж тогтоон зээлийг олгосон нь зээлийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Зээлдэгч П.Эрдэнэдалай нь “...эрхэлж байгаа бизнес борлуулалтгүй болж, төлөвлөсөн ажил зогсонги байдалд орж, эхнэр  А.Эрдэнэзаяа хүүхэд гарган, гэртээ суух болсноор орлогын эх үүсвэрт асуудал үүсч зээлийн төлөлтөнд нөлөөлж байна. Иймд энэ байдлыг харгалзан үзэж 8 хувьд оруулж өгөх боломж байгааг судалж өгнө үү” гэсэн хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д хүргүүлж байсан байна. /хх-22/ “Худалдаа хөгжлийн банк” ХХК уг хүсэлтийг хүлээн авч зээлийн хувийн хэрэгт нь оруулснаа хүлээн зөвшөөрсөн, харин хүсэлтийн хариуг амаар хүргүүлсэн, 8 хувьд хамруулах боломжгүй гэх тайлбарыг өгсөн боловч нотлох баримтаар нотлоогүй.

 

Хариуцагч П.Эрдэнэдалай нь зээлийн зөрчлийг арилгахаар өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага хуандайн ам, 1 гудамж, 219 тоот хаягт байршилтай 249 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, 60 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхон /13311/, Нарны зам, 802 дугаар байрны зоорийн давхарт 1-107 тоотод байрлах  13.5 м.кв автозогсоолыг худалдан борлуулахаар оролдож байгаа тухай банканд мэдэгдсэн байна. Мөн “Хамтран ажиллах гэрээ”-ний хөрөнгө оруулсан 54,888,326.4 төгрөгийг буцаан авч зээлээ төлөх болно гэдгийг банканд мэдэгдэж байсан байна. /хх-71-75/

 

Хариуцагч А.Эрдэнэзаяа, П.Эрдэнэдалай нар нь зээлийг төлөх үүргээ үгүйсгээгүй, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой асуудлаар банкинд хандаж байсан, зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэр нь улс оронд тохиолдсон санхүүгийн хямралтай нөхцөл байдлаас шалтгаалан түр зогсонги байдалд орсон гэх тайлбар нь дээрх үндэслэлээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д “Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээ байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол  гэрээг өөрчилсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй” гэж заасан. 

 

Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрт хүндрэлтэй нөхцөл байдал бий болсныг мэдэгдэж банкинд гаргасан хүсэлт нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэл болох бөгөөд мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т “Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь холбогдох арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

 

“Худалдаа хөгжлийн банк” ХХК-аас зээлдэгч А.Эрдэнэзаяа, П.Эрдэнэдалай нарт 2015 оны 11 дүгээр сарын 19, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зээлийн өр төлбөрийг барагдуулах тухай шаардлагыг тус тус хүргүүлсэн байна. /хх- 20, 21/

  Зээлдэгч А.Эрдэнэзаяа, П.Эрдэнэдалай нар нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдэл аваад 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 7,000,000 төгрөгийг төлж зээлийн эргэн төлөлтийн зөрчлийг арилгасан байх ба 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийг гүйцэтгэж байсан болох нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн зээл, зээлийн хүүгийн тооцоолол, А.Эрдэнэзаяагийн зээлийн дансны хуулгаар тус тус нотлогдож байна. /хх-17-18, 57-58, 67-70, 94/ Хариуцагч нар  шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2017 оны 01 дүгээр сарын 23-нд 1,095,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн байна. /хх-93/

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байх боловч дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж биелүүлээгүй гэж үзэх боломжгүй, харин мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3Г-RCC2013103015-1 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”, БГ-RСС2013103015-1-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоогой эрхийн барьцааны гэрээ”-ээс татгалзах, гэрээг цуцлахаар шаардах эрхгүй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 13,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж нотариатч Х.Цогзолмаагийн Худалдаа хөгжлийн банкинд гаргасан нэхэмжлэл, 13,000 төгрөгийн “Мөнгөний тасалбар” ирүүлсэн боловч уг зардал нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гаргуулах тухай нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн ямар баримтад хамаарч буй талаар нэхэмжлэгч баримтаар нотлоогүй  тул хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй байна. /хх-19/

            2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3Г-RCC2013103015-1 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-тэй холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 000269488 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2204028674 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, Кристалл таун, 801 дүгээр байр, 601 тоотын 110 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. 

 

Иймд нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №3Г-RCC2013103015-1 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-г цуцлах, үндсэн зээл 155,088,403.24 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 23,581,001.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 66,492.92 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 13,000 төгрөг, нийт 178,748,898.15 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 000269488 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2204028674 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, Кристалл таун, 801 дүгээр байр, 601 тоотын 110 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон             

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн Зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал, нийт 178,748,898.15 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 000269488 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2204028674 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, Кристалл таун, 801 дүгээр байр, 601 тоотын 110 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,051,695 төгрөгийг  улсын төсвийн орлогод   хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 87,752 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР