Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 875

 

 

 

 

 

 

 

 

 2020         10         02                                   2020/ШЦТ/875    

 

 

                                 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Д.Даваадорж / томилолтоор/,

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

Шүүгдэгч: Б.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Наран овогт Баяраагийн Анхбаярт холбогдох эрүүгийн 2009019021085 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1999 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Төгс сайн мэдээ” ТББ-д тогоочоор ажилладаг, ам бүл 5, эмээ, өвөө, дүү нарын хамт амьдардаг. Налайх дүүрэг, 8 дугаар хороо, 49 дүгээр байрны 16 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй. Н овогт Б-ийн А

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Б.А нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өргөө-2" кино театр дотор насанд хүрээгүй хохирогч О.Цэнд- Аюушид “ гар утсаа өгч байгаач ганц ярьчхаад өгье” хэмээн хуурч, 720.000 төгрөгийн үнэ бүхий ай фоне 7 плас маркийн гар утсыг шилжүүлэн авч залилсан,

  Мөн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн үед Налайх дүүргийн 8 дугаар хороо, 52 дугаар байрны гадна талбайд насанд хүрээгүй хохирогч М.Түмэнбаярын “гар утсыг чинь ашиглаад фэйсбүүк орчихъё” хэмээн хуурч, 550.000 төгрөгийн үнэ бүхий ай фоне 7 загварын гар утсыг шилжүүлэн авч залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2009019021085 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.А ын “...Би Цэнд-Аюуштай Сэлэнгэ аймагт буудлыг засварын ажил хийж байхдаа танилцаж байсан. Тэрнээс хойш холбоотой байсан бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр бид 2 хамт байж байхад кино үзэхээр болоод Өргөө-2 дээр уулзсан. Кино хүлээх зуур би Цэнд-Аюушийн ай фоне 7 маркийн гар утсыг “фэйсбүүк ороод өгье” гэж аваад Теди төв рүү очоод үл таних эрэгтэйд 200.000 төгрөгөөр зарчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч О.Цийн “...2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Өргөө-2 кино театрт хамт кино үзэх гээд 14 цагийн орчимд очсон. Тэгээд 18 цагаас кино үзнэ гээд тэр болтол тоглохоор болсон тэгээд намайг бай бууддаг тоглоомон дээр тоглож байхад Анхбаяр ах утсаар чинь яриад өгье гэж хэлээд аваад гарсан. Тэгээд 5 минутын дараа гараад хайтал байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч М.Т “...Б.А гэх ах манайд ирээд гар утсаа түр өгөөч, фэйсбүүк орчихоод өгье гэсэн. Тэгээд намайг өвөөгөөсөө 500 төгрөг аваад гараад иртэл миний гар утсыг аваад алга болсон байсан. Хохирол төлбөр төлөгдсөн. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/

Дамно ХХК-ийн СБ1-20-805 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / хх-ийн 22, 58 дугаар хуудас / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.  

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өргөө-2" кино театр дотор насанд хүрээгүй хохирогч О.Ц “гар утсаа өгч байгаач ганц ярьчхаад өгье” хэмээн хуурч, 720.000 төгрөгийн үнэ бүхий ай фоне 7 плас маркийн гар утсыг шилжүүлэн авч залилсан, мөн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн үед Налайх дүүргийн 8 дугаар хороо, 52 дугаар байрны гадна талбайд насанд хүрээгүй хохирогч М.Түмэнбаярын “гар утсыг чинь ашиглаад фэйсбүүк орчихъё” хэмээн хуурч, 550.000 төгрөгийн үнэ бүхий ай фоне 7 загварын гар утсыг шилжүүлэн авч залилж авсан болох нь шүүгдэгч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч М.Түмэнбаярын мэдүүлэг насанд хүрээгүй хохирогч О.Цийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

   Шүүгдэгч Б.А ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.А нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж бусдад төлөх төлбөргүй  болсон зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Б.А т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурьдлаа.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н овогт Б А үргэлжилсэн үйлдлээр  бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  Залилах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 / найман зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН