Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01218

 

 Н ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

      Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02764 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 451 дүгээр магадлалтай,                                                                Н ын нэхэмжлэлтэй,

            И т холбогдох

           Тэтгэмжийн зөрүүд 13,949,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агар-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие И т тасралтгүй 32 жил ажиллаад 2012 оны 10 сард биеийн эрүүл мэндийн улмаас группт орж, улмаар 2013 онд тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарахдаа 36 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах байсан боловч тухайн үед ажил хариуцаж байсан хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан 13,945,000 төгрөг дутуу олгогдож намайг хохироосон болохыг саяхан мэдэж, нөхөн олгохыг хүсч ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд өргөдөл гаргасан боловч тухайн оны батлагдсан төсвийн дагуу олгогдсон тул нөхөн олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд ИНЕГ-аас тэтгэвэрт гаргахад дутуу олгосон 13,949,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Н  нь ИНЕГ-т ажиллаж байх хугацаандаа эмчилгээний зардалд 35,000 ам.доллар авсан бөгөөд түүнд 20,500,000 төгрөгийн тухайн үеийн үнэ бүхий Ү-2203004559 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг амьдрах зориулалтаар өгсөн боловч ИНЕГ-т мэдэгдэлгүй зөвшөөрөл авалгүй зарж үрэгдүүлсэн. Мөн төрсөн 3 хүүхэд нь тус бүр ИНЕГ-ын зардлаар гадаадын их, дээд сургуульд боловсрол эзэмшсэн бөгөөд 2012 онд 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж буюу 52,270,900 төгрөг авсан байдаг. Н  нь 2012 онд тус газрын тамгын хэлтэст менежер хийж байсан ба дээрх асуудлыг маш сайн мэдэх хүн бөгөөд ажиллаж байх хугацаандаа байгууллагаас дээр дурдсан олон төрлийн хөнгөлөлт, тэтгэмж, тусламжуудыг авсан хүний хувьд 5 жилийн дараа гэнэт нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаас үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02764 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч И т холбогдох тэтгэмжийн зөрүүд 13,949,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Н ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,700 төгрөгийг нэхэмжлэгч Н д буцаан улсын төсвөөс олгож шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 451 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02764 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агар-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/2017/02764 дүгээр шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 451 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Н  И т 1981 оноос эхлэн 2012 оныг хүртэл тус байгууллагад тасралтгүй 32 жил, үүний 24 жилд нь ахлах мэргэжилтнээр ажилласан. 2012 оны 09 сарын 25-ны өдөр ИНЕГ-ын дарга С.Батмөнхийн тушаалаар Н  болон ИНЕГ-ын хоорондын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. ИНЕГ-ын С.Батмөнх даргын 2012.09.25-ны өдрийн Б/282 дугаар тушаалд “Хөдөлмөрийн гэрээ цуцлах болон тэтгэмж олгох тухай" хэмээн заасан. Энэ нь тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамтай нийцэж байсан. Даргын тушаалын 2 дахь хэсэгт “... Н  хөдөлмөрийн чадвараа алдан групп тогтоолгосонтой нь холбогдуулан 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж тооцон олгохыг Санхүү, төлөвлөлтийн ерөнхий менежер Г.Наранцэцэгт зөвшөөрсүгэй ...” гэж заажээ. Ингэхдээ Н ийн сүүлийн 5 жилийн дундаж цалин хөлснөөс нэг сарын цалин хөлсийг бодож, түүнийг 36 сартай тэнцүүлэн бодож, тооцон олгох тухай байсан. Гэвч ИНЕГазрын санхүүгийн хэлтэс нь 36 сарын тэтгэмжийг дундаж цалин хөлснөөс бус үндсэн цалингаас нь бодож тооцон 36 сарын тэтгэмжийг дутуу бодож тооцсон нь тогтоогддог. /Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар/ 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж нь 65,336,299 төгрөг болсон ч ИНЕГ нь 51,387,200 төгрөгийн тэтгэмжийг олгосон байдаг. Дутуу олгосон мөнгөн дүн нь 13,949,000 төгрөг байна.

Хууль зүйн ач холбогдол бүхий үйл баримт: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-ийг хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйл нь хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй хэмээн заадаг. Гэвч Н  болон ИНЕГ-ын хооронд байгаа хөдөлмөрийн гэрээний талуудын харилцаа ИНЕГ-ын даргын 2012.09.25-ны өдрийн Б/282 дугаар тушаалаар дуусгавар болсон байдаг. Хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болж 2012.10.08-ны өдрөөс эхлэн Н  болон ИНЕГ-ын хооронд иргэний эрх зүйн өмчийн харилцаа буюу тэтгэмж болох 65,336,299 төгрөг шилжүүлэх харилцаа бий болсон байдаг. Иргэн Н  нь Иргэний хууль, иргэний эрх зүйн онолын дагуу 65,336,299 төгрөг бүхий өмчийг олж авах эрх нь 2012.09.25-ны өдрийн ИНЕГ-ын даргын тушаалаар нээгддэг. 2012.10.08-ны өдөр ИНЕГ болон Н  нарын хооронд өмчийн харилцаа бий болдог. Энэ харилцаагаар Өмч шилжүүлэгч нь ИНЕГ, түүний санхүү, төлөвлөлтийн ерөнхий менежер болж, хүлээн авагч нь Н  болно. Урьд болсон эрх зүйн үр дагавар бүхий баримт бичигт үндэслэн 65,336,299 /36 сарын дундаж цалин хөлс/ төгрөг шилжүүлэх үүрэг ч мөн ИНЕГ-т хамаарна. Иргэн Н ын хувьд 36 сарын цалин хөлсийг зохих журмын дагуу шаардах эрх нь нээгдэж байна. Н  нь дутуу авснаа мэдсэнээс хойш даруй шүүхэд хандсан байдгийг шүүх анхаарч үзээгүй гэжээ.

                                                            ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н  нь хариуцагч И т холбогдуулан дутуу олгосон тэтгэмжийн зөрүүд 13,949,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2012 онд 36 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж 52,270,900 төгрөгийг олгосон, түүнчлэн байгууллагаас олон төрлийн хөнгөлөлт, тэтгэмж, тусламжуудыг авч байсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн тайлбар гаргажээ.

Н  нь И т ажиллаж байгаад Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 5922 дугаар шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа алдсан нь тогтоогдсон тул хариуцагч байгууллагын даргын 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/282 тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнд 36 сарын цалин, хөлстэй тэнцэх тэтгэмж 51,387,200 төгрөг олгосон үйл баримт тогтоогдсон, энэ тухайд талууд маргаагүй.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...13,945,000 төгрөг дутуу олгож хохироосон гэдгийг саяхан мэдэж, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнд өргөдөл гаргасан боловч тухайн оны батлагдсан төсвийн дагуу олгогдсон тул нөхөн олгох боломжгүй гэсэн хариу өгсөн” гэж тайлбарласан боловч түүнд 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 51,387,200 төгрөг хүлээн авсан өдрийг тэтгэмж дутуу олгосон гэдгийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үе гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт нийцсэн, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох үеийг зөв тогтоосон байна.

Нэхэмжлэгчийг дутуу олгосон тэтгэмжтэй холбоотой гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар уг өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргаагүй, мөн хуулийн 129.3 дах хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар хүсэлт гаргаагүй  гэж дүгнэн,  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангалгүй орхисон давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агар-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдолд “...Н  болон ИНЕГ хоорондын  хөдөлмөрийн гэрээний харилцаа ИНЕГ-ын даргын 2012.09.25-ны өдрийн Б/282 дугаар тушаалаар дуусгавар болсон, ... талуудын хооронд өмчийн эрх зүйн харилцаа үүссэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацааг  хэрэглэхгүй...” гэсэн үндэслэл заасан байна.

Ажилтны тэтгэмж авах эрх нь ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүсэлтэй бөгөөд    ажилтны өмнө ажил олгогчийн хүлээх үүргийг Хөдөлмөрийн тухай хуулиас гадна байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээгээр зохицуулдаг, эдгээр эрх зүйн баримт нь ажилтны шаардах эрхийн үндэслэл нь юм. Иймээс энэ маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлийг буруутгахгүй.

Хяналтын шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Н ыг 2018 оны 7 дугаар сард нас барсан гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар мэдэхгүй гэсэн, энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр 2017 оны 12 сарын 14-ний өдөр, давж заалдах шатны шүүхийн магадлал 2018 оны 02 сарын 12-ны өдөр гарсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийн хугацаа дуусаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлий 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02764 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 451 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Нэхэмжлэгч Н аас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 227,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН