Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 940

 

 

 

Б.Буянхишигийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2016/01724 дүгээр шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Б.Буянхишигийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Өлзийхутаг

Хариуцагч Д.Саруул нарт холбогдох

 

            Хууль бус эзэмшлээс 60 төрлийн 17 375 000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэгт 16 793 930 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                          З.Ариунжаргал

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч             Д.Мөнхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Буянхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: "...Нэхэмжлэлийн шаардлагаа доорх байдлаар өөрчилж байна. Б.Буянхишиг би 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байр 290 тоот хаягтай 92 м.кв талбайтай байрыг рестораны зориулалтаар түрээслэхээр Д.Саруул, Б.Өлзийхутаг нартай тохиролцож, рестораны зориулалтаар ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмж надад огт хүлээлгэн өгөөгүй тул би өөрийн мөнгөөр 60 төрлийн 18 614 100 төгрөгийн тоног төхөөрөмжийг худалдан авч, уг ресторанд байрлуулж, рестораны үйл ажиллагаа явуулсан. Гэтэл 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Д.Саруул рестораны үйл ажиллагааг зогсоож, түлхүүрийг хураан авч уг рестораныг ажиллуулах боломжгүй болгосон. Миний өмчлөлийн 60 төрлийн тоног төхөөрөмж ресторанд үлдсэн. Бидний хооронд байгуулсан түрээсийн гэрээ хуулийн дагуу хийгдээгүй, гэрээ байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр байгаагүй, учир нь бид Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байгуулсан учир тус гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан. Гэтэл Д.Саруул, Б.Өлзийхутаг нар рестораны үйл ажиллагаанд зориулж авсан миний өмчлөлийн тоног төхөөрөмжийг хууль бусаар эзэмшилдээ одоог хуртэл байлгаж байна. Тийм учраас миний өмчлөлийн рестораны зориулалттай 60 төрлийн 17 375 000 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжийг Д.Саруул, Б.Өлзийхутаг нараас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, миний буруутай ажиллагаанаас болоогүй, хаалга цоожлох хүртэлх хугацааны төлбөрийг бүгдийг төлсөн" гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: "...Нэхэмжлэгчийн 60 нэр төрлийн 17 375 000 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.Буянхишиг нь хариуцагч нарын шаардсан түрээсийн төлбөрөө төлөөгүй байгаа тул тоног төхөөрөмжийг барьцаалж үлдсэн. Шүүхээс тоног төхөөрөмжийг битүүмжилсэн тул тоо ширхгээрээ бүрэн байгаа. Сөрөг нэхэмжлэлийн хувьд төлөгдөөгүй 3 сарын түрээсийн төлбөр 10 500 000 төгрөг, хоёр ширхэг гэрлийн бүрхүүл хүлээж авснаас нэг гэрлийн бүрхүүл нь суулгаж байхдаа унагааж хагалсан байдаг тул уг гэрлийн бүрхүүлийн үнэ      800 000 төгрөгийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч бор дэвтэрт гарын үсэг зурсан. Түрээсийн гэрээний хугацаанд СӨХ, цахилгаан, байрны төлбөрийг төлнө гэж тохиролцсон бөгөөд төлөөгүй тул өмнөөс нь төлсөн 1 287 430 төгрөг, Мэргэжлийн хяналтын газраас Б.Буянхишигийн ажиллуулж байхад торгуулсан 567 000 төгрөг, ширээ эвдэлсний үнэ      100 000 төгрөг. Мөн түрээсийн байранд засвар хийхээр болоод урагшаа явж ширээ, сандал гэх мэт тавилга авч тохижуулахаар явахдаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Д.Саруул би гэртээ гэрийн тавилга авч ирэхэд Б.Буянхишиг худалдаж авсан  3 000 000 төгрөг, зурагтын үнэ 1 500 000 төгрөг, түрээсийн байраа засч тохижуулаад байрны найр хийгээд үлдэгдэл архи дарсыг худалдан авсан 530 000 төгрөг, нийт 18 293 930 төгрөг гаргуулахаас зурагтын үнэ болох 1 500 000 төгрөгийг хасч тооцоод үлдэгдэл 16 793 930 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байна" гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Өлзийхутаг, Д.Саруул нараас 60 нэр төрлийн 17 375 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг гаргуулан нэхэмжлэгч Б.Буянхишигт олгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Буянхишигээс 7 153 433 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Өлзийхутаг, Д.Саруул нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 640 497 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Буянхишигээс 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 244 825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Өлзийхутаг, Д.Саруул нараас 244 825 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, хариуцагч Д.Саруулаас 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 249 419 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Буянхишигээс 149 405 төгрөг гаргуулан хариуцагч нарт олгож шийдвэрлэсэн байна.

 

                   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Иргэний хэргийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 60 нэр төрлийн 17 370 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ийм үнийн дүнтэй 60 нэр төрлийн эд хөрөнгө хүлээн аваагүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Түрээсийн гэрээний 1.3-т түрээсийн төлбөрийг cap бүрийн 15-ны өдөр төлнө гэж тохиролцсныг зөрчин түрээслэгч Б.Буянхишиг нь 3 сарын түрээсийн төлбөр төлөөгүй тул түрээсийн төлбөрт 10 500 000 төгрөгийг гаргах боломжтой байхад 4 948 000 төгрөг гаргаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй үлдэгдэл 5 552 000 төгрөгийг гаргуулахаар хяналтын гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн түрээсийн байрандаа засвар хийхээр болоод урагшаа явж ширээ, сандал гэх мэт тавилга авч тохижуулахаар явахдаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Д.Саруул би гэртээ гэрийн тавилга авч ирэхэд, хүүхдүүд голоод, Б.Буянхишиг гэрийн тавилга худалдаж авсан мөнгөө өгөөгүй  3 000 000 төгрөгийн талаар нэхэмжлэгч Б.Буянхишиг удаа дараагийн шүүх хуралдаан дээр 3 000 000 төгрөгийг зах зээлийн үнээс үнэтэй зарсан, 1 500 000 төгрөгийн төлөхийг хүлээн зөвшөөрнө гэж тайлбарласаар байхад шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой байна. Иргэний хуулийн 318.5, 288.2.2-д заасныг үндэслэн МХГазраар Б.Буянхишигийг ажиллуулж байх үед 576 000 төгрөгөөр торгуулсан, үүнд 280 000 төгрөгийг гаргуулаагүйд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 17 370 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 8 832 000 төгрөгийг нэмж гаргуулж шийдвэрлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна гэж заасан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2016/01724 дүгээр шийдвэртэй Б.Буянхишигийн нэхэмжлэлтэй Б.Өлзийхутаг, Д.Саруул нарт холбогдох иргэний хэргийн шийдвэрт шүүгч гарын үсгээ зураагүй байна.  

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.5-д заасан “Шүүхийн шийдвэрт шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2016/01724 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяагаас төлсөн 288 960 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                               ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                 Ц.ИЧИНХОРЛОО