| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0856/Э |
| Дугаар | 882 |
| Огноо | 2020-10-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 882
2020 10 06 2020/ШЦТ/882
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Шүүгдэгч Ш.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Д-д холбогдох эрүүгийн 2009000000956 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, Сүхбаатарын районы ардын шүүхийн 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 186 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2, 153 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жил хорих, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 273 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 2, 125 дугаар зүйлийн 1,2, 98 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 4, 267 дугаар зүйлийн 2-д зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 10 дугаар сарын 24-нд 3 сар 6 хоногийн ялыг тэнсэн сулласан, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / Ш.Д нь:
- 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 05 дугаар сарын 30-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 3030 тоотод байрлах хохирогч М.Ганбаатарын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан нэвтэрч Евок, Соёрхол, Улаанбаатар, Чингис голд нэртэй архийг хүч хэрэглэхгүйгээр, хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 4-10 /
Хэрэг учрал болсон газрын хяналтын камерт үзлэг хийж хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдсныг хуулбарлан авсан камерын бичлэгийн тэмдэглэл / хх 13-14 /
Дээрх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол / хх 11-12 /
Хохирогч М.Ганбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 08 цагийн үед манай “Билэгт Хаан” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлдэг хүн над руу залгаад “ Танай дэлгүүрт хулгай орсон юм шиг байна. Цонх нь хагархай байна” гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад шууд дэлгүүр дээр очсон. Намайг очиход дэлгүүрийн зүүн талын жижиг цонх нь хагарсан. Сараалжин төмрийг татаж онгойлгоод цонхыг нь хагалж орсон байдалтай байсан. Дэлгүүр рүү ороход лангуун дээр байсан хэдэн төрлийн архи алдагдсан байсан. Өөр зүйл алдагдаагүй. Ингээд дэлгүүрийн камерын бичлэгийг үзэхэд 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02 цагийн үед манай гудамжинд амьдардаг миний танил ах орсныг мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаа нар ирсний дараа уг хүний гэрт нь очиход согтуу байдалтай, манай дэлгүүрээс хулгай хийж авсан 1.75 гр Евок архины шил нь хоосон хэвтэж байсан. Мөн хажуу талын байшин руу ороход Евок 0.75 гр архи 1 шил, Соёрхол 0.75 гр архи 1 шил, Чингис голд 1 л архи 1 шил, Чингис голд 0.75 гр архи 1 шил, Улаанбаатар 0.75 гр архи 1 шил тус тус байсныг авсан гэжээ. / хх 17-18 /
“Дамно” ХХК-ний хулгайд алдагдсан эд зүйлийг 102.200 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 55-56 /
“Дамно” ХХК-ний хохирлын үнэлгээг 236.550 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 58-59 /
Яллагдагч Ш.Д мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3030 тоот хашааны хүнсний дэлгүүрийн цонхны сараалжийг гараараа татаж, хөшиж, онгойлгон цонхыг нь хагалж дотогш орсон. Ороод 7 шил архи хулгайлж авсан. Хагалсан цонхоор буцаж гараад гэртээ очиж, Евок 1.75 гр нэг шил архийг уугаад тасарсан. Харин өглөө нь хүнсний дэлгүүрийн залуу хэдэн цагдаа нартай ирээд намайг бариад явсан. Би хохирлын мөнгөө төлж барагдуулна. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна гэжээ. / хх 66-68 /
Шүүгдэгч Ш.Дыг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 66-68 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 33 / зэрэг болно.
Шүүгдэгч Ш.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлнө. Би 1-7 насны 3 хүүхэдтэй, эхнэр ажилгүй учир хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ш.Д нь 2020 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 3030 тоотод байрлах хохирогч М.Ганбаатарын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай хүнсний дэлгүүрийн цонхны сараалжин төмрийг гараараа татаж, цонхыг хагалан нэвтэрч Евок, Соёрхол, Улаанбаатар, Чингис голд нэртэй архийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 338.750 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Хэргийн учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 4-10 /, ... хэрэг учрал болсон газрын хяналтын камерт үзлэг хийж хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдсныг хуулбарлан авсан камерын бичлэгийн тэмдэглэл / хх 13-14 /, ...дээрх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол / хх 11-12 /, ... Гэрт нь очиход Ш.Д согтуу байдалтай манай дэлгүүрээс хулгайлж авсан 1.75 гр Евок архины шил нь хоосон хэвтэж байсан. Мөн хажуу талын байшин руу ороход Евок 0.75 гр архи 1 шил, Соёрхол 0.75 гр архи 1 шил, Чингис голд 1 л архи 1 шил, Чингис голд 0.75 гр архи 1 шил, Улаанбаатар 0.75 гр архи 1 шил тус тус байсныг авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч М.Ганбаатарын мэдүүлэг / хх 17-18 /, ... “Дамно” ХХК-ний хулгайд алдагдсан архинуудыг 102.200 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 55-56 /, ... “Дамно” ХХК-ний алдагдсан архи, цонхны шил, сараалжин төмрийг 236.550 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 58-59 /, ... Хүнсний дэлгүүрийн цонхны сараалжийг гараараа татаж, онгойлгон цонхыг нь хагалж дотогш орсон. Ороод 7 шил архи хулгайлж авсан. Хагалсан цонхоор буцаж гараад гэртээ очиж Евок 1.75 гр нэг шил архийг уугаад тасарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ш.Ды мэдүүлэг / хх 66-68 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ш.Дыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Дд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ш.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ш.Ды гэм буруут үйлдлийн улмаас нийт 338.750 төгрөгний хохирол / хх 58-59 / учирснаас хохирогч М.Ганбаатар Евок 0.75 гр архи 1 шил, Соёрхол 0.75 гр архи 1 шил, Чингис голд 1 л архи 1 шил, Чингис голд 0.75 гр архи 1 шил, Улаанбаатар 0.75 гр архи 1 шил, нийт 5 шил архийг буцаан авсан / хх 17-18 / тул үлдэх 236.550 төгрөгийг шүүгдэгч Ш.Даас гаргуулж, түүний цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд нь оруулсан тооцохоор шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ш.Дыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Дыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 / хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Ш.Ды эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ш.Даас 236.550 төгрөгийг гаргуулан хохирогч М.Ганбаатарт олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ш.Ды цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Ш.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ