Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 765

 

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/00765

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, цайз 8 дугаар гудамж, 91 тоотод оршин суух Нүүдэлчин овогт Гандаагийн Хишигбаяр /РД:ЖИ78052802/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 2 дугаар хэсэг, 16 дугаар гудамж 950 тоотод оршин суух Рэцэнгийн Мөнх-Эрдэнэ /РД:ЛЮ47040477/-д холбогдох хэргийг хянаад                                                 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 2 дугаар хэсэг 16 дугаар гудамжны 950 тоот хаягт байршилтай газрын албан ёсны өмчлөгч билээ. Гэтэл миний өмчлөлийн газар дээр Р.Мөнх-Эрдэнэ гэж үл таних хүн дур мэдэн гэр барьж барилгын шороо асгаж миний өмчлөлд халдан хууль бусаар ашиглаж байна. Миний бие удаа дараа нүүхийг шаардаж холбогдох байгууллагуудаар албан шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл газрыг маань чөлөөлж өгөхгүй байна. Иймд иргэн миний өмчлөлийн газрыг чөлөөлүүлж Р.Мөнх-Эрдэнийг албадан нүүлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие анх 2012 онд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир буланд 950 тоот газар кадастрын зураг авхуулж байсан. Тухайн үед Гандан овогтой Хишигбаяртай газрын бичиг давхцаж байсан тул эцэг болох Гандан давхцсан газрын бичгээ дараа болъё гээд танай газрыг харж байя гээд, наад газар луу чинь халдахгүй. Би хөгшин хүн тул явж юм хөөцөлдөх хэцүү байна гэж байсан. Би ажил ихтэй цаг зав муутай тул хөөцөлдөхгүй Гандан өвөөд итгээд орхисон юм аа. Нэгэнт газрын бичиг нөгөө талд шийдэгдэхээр байгаа бол ямар нэгэн гомдолгүй. Бид нар тэр газар хүчээр буугаагүй. Дулаан орохоор 04 сарын 10-ны өдөр уг газрыг чөлөөлж өгье гэжээ.

                                                  ҮНДЭСЛЭХ НЬ:

Г.Хишигбаяр нь Р.Мөнх-Эрдэнэд холбогдуулан газар чөлөөлүүлж, албадан нүүлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Р.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 04 сарын 10-ны өдрийн дотор Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 2 дугаар хэсэг 16 дугаар гудамжны 950 тоот газрыг чөлөөлж өгөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байх ба энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг батлахүндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХНЬ:

1. Г.Хишигбаярын нэхэмжилсэн газар чөлөөлүүлж, албадан нүүлгүүлхийг хариуцагч Р.Мөнх-Эрдэнэ 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор чөлөөлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Хишигбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгнөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 35,100 төгрөгийг, хариуцагч Р.Мөнх-Эрдэнээс 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Хишигбаярт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                 

ШҮҮГЧ   Д.ЦЭРЭНДОЛГОР