Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 450

 

 

 

 

 

 

 

 

 

“Даймонд Очир ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/01523 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Даймонд Очир ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Р.Мөнх-Очирт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 39 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Р.Мөнх-Очир, түүний өмгөөлөгч П.Чулуунбат нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Баярцэнгэл

Хариуцагч : Р.Мөнх-Очир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Мөнх-Очир манай байгууллагатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 26 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээг байгуулахад би өөрөө байсан бөгөөд бид хоёр хамт нотариат дээр очиж гэрчлүүлсэн. Тухайн үед Р.Мөнх-Очир зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан атлаа юун дээр зурснаа мэдэхгүй гарын үсгээ зур гээд зуруулсан гэж ярьж байгаад гайхаж байна. Манайх үндсэн зээл 26 000 000 төгрөг, сарын зээлийн хүү 3 986 667 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүхэд нэхэмжлэл бичихдээ үндсэн зээлийг би алдаад 20 000 000 төгрөг гэж бичсэн байсан. Шүүхэд нотлох баримтаар Р.Мөнх-Очирын зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хувиар зэргийг нотлох баримтаар өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Р.Мөнх-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Даймонд-Очир ББСБ” ХХК-ийн үүсгэн байгуулагч Пүрэв-Очиртой иргэний журмаар зээлийн гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн. Гэрээ сунгагдах бүрт cap бүр 1 300 000 төгрөг, нийт гурван сарын хугацаанд 3 900 000 төгрөгийг төлсөн бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 4 000 000 төгрөгийг нэмж дансаар шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ 4 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулах тухайгаа тохиролцсон. Нийт гэрээ байгуулснаас хойш 7 900 000 төгрөг төлсөн байна. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөг зээлсэн гэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ гэрээ нь хүчин төгөлдөр байхад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл хэмээн үзэж байна. “Даймонд-Очир ББСБ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан зээлийн гэрээнд 26 000 000 төгрөгийн зээлийн гэрээг нотлох баримтаар ирүүлсэн атал 20 0000 000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 19 000 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Чулуунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Даймонд-Очир ББСБ” ХХК, Р.Мөнх-Очир нар 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байдаг. Р.Мөнх-Очир 1 400 000 төгрөгийн бэлэн мөнгө гаргасан, нэг нь зуучилсан гээд 1 500 000 төгрөгийг авч үлдээд бэлэн 23 000 000 төгрөгийг л авсан байдаг. Зээлийн гэрээ нь тамга тэмдэггүй, гарын үсгээ зур гэхээр нь Р.Мөнх-Очир учрыг нь олохгүй гарын үсгээ зурсан байдаг. Нийт 3 сарын хугацаанд 4 050 000 төгрөгийн хүү төлсөн ба 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 4 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулахаар төлсөн. Энэ нь нотлох баримтаар нотлогдоно. Манай үйлчлүүлэгч 28 500 000 төгрөгийг хугацаа өгөөд төлөх боломжоор хангавал үл хөдлөх хөрөнгө зараад төлөх саналтай байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451, 453 дугаар зүйлийн 453.1 хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Р.Мөнх-Очир /РД:ЦГ64082316/-с зээлийн гэрээний үүргийн биелэлт 29 900 000 төгрөгийг гаргуулж “Даймонд-Очир ББСБ” нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 29 900 000 төгрөгт ногдох Улсын тэмдэгтийн хураамж 307 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцаанд байгаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар байрны 72 тоот орон сууцны зориулалттай 70.06 м.кв талбайтай 2 өрөө /№11тоот 18 м.кв авто зогсоол Ү-2203018273 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад үүрэг болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Р.Мөнх-Очир, түүний өмгөөлөгч П.Чулуунбат нар давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч тал болох “Даймонд Очир ББСБ” XXK-ийн үндсэн шаардлага болох 20 000 000 төгрөгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлэх байтал шүүх асуудлыг нэхэмжлэгчээс гаргаагүй асуудлаар шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч анх 20 000 000 төгрөгийн зээл, хүү, алдангид 19 000 000 төгрөг нэхэмжилсэн байхад шүүх уг асуудлыг 39 000 000 төгрөгөөс 30 000 000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан гэж асуудлыг нэхэмжлэгч талын хэлснээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгч талтай анх иргэний журмаар 25 000 000 төгрөг зээлж гэрээ байгуулсан, энэ хугацаанд зээлдэгч талд хүү болон алданги төлсөн ба дараа нь бэлнээр 4 000 000 төгрөг өгч үндсэн  зээлээс хасуулна гэж ярилцсан болохыг шүүх  хурал дээр удаа дараа мэдүүлсэн ба нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байхад шүүх асуудлыг тал бүрээс нь судалж үзэлгүй хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Бид анх байгуулсан гэрээнийхээ хугацаанд нь бүх төлбөрөө төлж байсан. Мөн өмнөх гэрээ хүчин төгөлдөр байхад Р.Мөнх-Очир намайг төөрөгдүүлэн гарын үсэг зуруулсан талаар шүүх үүнийг хүлээн авч асуудлыг хэлэлцэж, судлалгүйгээр нэг талыг барьсан шийдвэр гаргасан хэмээн бид үзэж байгаа тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181\ШШ2016\01523 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Даймонд-Очир ББСБ” ХХК нь хариуцагч Р.Мөнх-Очирт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 39 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлсэн гэх мөнгийг аваагүй” гэж маргажээ.

 

Хэрэгт зохигчдын хооронд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ авагдсан байх ба зээлдүүлэгч нь уг гэрээний дагуу зээлдэгчид мөнгийг шилжүүлэн өгсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хариуцагч Р.Мөнх-Очир нь “...2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн н.Пүрэв-Очир /Даймонд-Очир ББСБ” ХХК-ийн үүсгэн байгуулагч/-той зээлийн гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийг зээлж авсан, зээлийн төлбөрт 7 900 000 төгрөг төлсөн. Уг гэрээ хүчин төгөлдөр байхад 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсаныг зөвшөөрөхгүй, энэ гэрээгээр мөнгийг аваагүй” гэж өөрийн татгалзлын үндэслэлээ тайлбарласан байна. /хх 15, 33-36/

 

Дээрх байдлаас үзэхэд шүүх хариуцагч Р.Мөнх-Очир нь иргэн, хуулийн этгээдийн алинтай нь зээлийн гэрээг байгуулж, мөнгийг ямар нөхцөл тохиролцоотой зээлдүүлсэн, зээлдүүлсэн гэх мөнгийг зээлдэгчид бодитойгоор шилжүүлсэн, зээлдэгч нь зээлийн төлбөрийн төлөх үүргээс ямар хэсгийг гүйцэтгэсэн зэрэг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Шүүх зохигчдын маргаж буй 2 зээлийн гэрээний үүргийн талаарх шаардлагатай нотлох баримтыг талуудаас гаргуулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд “хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулах” ажиллагааг явуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Иймд хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/01523 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р.Мөнх-Очирын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                                                                                   

                                                     ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                         Д.ЦОГТСАЙХАН