| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 105/2017/0663/Э |
| Дугаар | 161 |
| Огноо | 2018-02-13 |
| Зүйл хэсэг | 150.2., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 161
Х.Н-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Сайнбаяр,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 828 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Сайнбаярын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 03 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Х.Н-д холбогдох 1706009390077 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Х-ны Н, 19,, оны ... дүгээр сарын ..-ны өдөр .......... аймгийн ......... суманд хотод төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, Гааль, татварын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт .......... аймгийн ..........сумын 3 дугаар баг, ............. 79 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч .......... дүүрэг, .......... дүгээр хороолол, ......-н айлын ...а тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ........../;
Х.Н нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 4-ний хооронд Б.О-н Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “С П” худалдааны төвийн лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа 2.830.000 төгрөгийн бараа хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Н-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Х-ны Н-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-г 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Х.Н-д оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор А.Сайнбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Шийтгэх тогтоолд хууль хэрэглээний дараах алдаа байна. Үүнд:
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд "Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх" тухай тусгайлан заасан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно", тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх" гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд зөвхөн хорих ял оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, эсвэл хорих ялаас нь чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай зохицуулсан гэж үзэхээр байна. Шийтгэх тогтоолоос үзэхэд анхан шатны шүүх шүүгдэгчид хорихоос өөр төрлийн буюу торгох ял оногдуулсан атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заасныг баримтлан тухайн ялаас нь чөлөөлж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Х.Н-д холбогдох хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн хянаж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэг үүрэгтэй” гэж, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ”, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж тус тус хуульчилжээ.
Гэтэл мөрдөн байцаалтын явцад Х.Н-г гэрчээр 2 удаа байцааж, түүний өөрийнх нь холбогдсон хэргийн талаар өөрөөс нь гэрчийн мэдүүлэг /хх 16, 18-20/ авсны дараа яллагдагчаар татан мэдүүлэг авахад тэрээр “би урьд гэрчийн мэдүүлэг өгсөн, уг мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй” гэж дуусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэснийг зөрчсөнөөс гадна яллагдагчаас өгсөн мэдүүлэг гэж үзэх хууль зүйн боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь яллагдагч болон гэрч нь тус тусдаа өөр өөр эрх, үүрэг бүхий нэг нь “хэргийн оролцогч”, нөгөө нь “хэргийн бусад оролцогч”-д тооцогдох субьектүүд юм.
Иймд Х.Н-д яллагдагчийн эрх, үүргийг мөрдөн байцаалтын шатанд хуульд нийцүүлэн дахин мэдүүлэг авах замаар эдлүүлэх нь зүйтэй.
Мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд мөрдөгч Б.Хишигтогтох нь мөрдөн байцаалтын явцад хөх эрээн хавтас бүхий тэмдэглэлийг дэвтрийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх 5-6/ үйлджээ. Гэтэл прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад эд мөрийн баримтгүй гэж хэргийн материалыг шүүхэд шилжүүлсэн, шүүх эд мөрийн баримтыг зохих ёсоор шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтын шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай заах заалтыг зөрчсөн байна.
Энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул тухайн эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэсэн болохыг хэрэгт баримтжуулж хавсаргах шаардлагатай.
Түүнчлэн хэргийн 21 дүгээр талд мөрдөгчийн “Мэргэжилтэн оролцуулах тухай” 2017 оны 28 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор тухайн хэрэгт хохирогч Б.О-т хэдэн төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учирсныг тогтоох зорилгоор мэргэжилтэн томилжээ.
Гэтэл энэ тогтоолыг хэзээ үйлдсэн сар нь ойлгомжгүй, тогтоох хэсэгт чухам хэнийг аль хэрэгт томилж байгаа нь тодорхойгүй, бичилгүй орхисон зэргээр ойлгомжгүй эрх зүйн баримт бичиг гаргажээ.
Ийм тогтоолоор эд зүйлд хөрөнгийн үнэлгээ хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...эд зүйл хөрөнгийн үнэлгээ тогтоохоор ... шинжилгээ хийлгэнэ” гэж хохирлын үнэлгээг шинжээчээр гүйцэтгүүлэхээр заасан байхад мөн хуулийн 9.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “...ул мөр, эд мөрийн баримт илрүүлэх, бэхжүүлэх, хамгаалах, техник хэрэгсэл, төхөөрөмж ашиглах, ажиллуулахад дэмжлэг үзүүлэх, хүний амь нас, эрүүл мэндэд нь аюул, эсхүл орчинд хөнөөл учруулж болзошгүй тэсэрч дэлбэрэх, химийн хортой бодис, бусад эд зүйл байвал тэдгээрийг аюулгүй болгох, зөвлөгөө авах зорилгоор ... мэргэжилтнээр оролцуулж болно” гэсэн өөр өөр эрх, үүрэг бүхий этгээдүүдийг хольж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг шүүх зөвтгөхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Дээрх ажиллагаануудыг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Н-д холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулуулахаар тухайн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Н-д торгох ял оногдуулсан атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан тухайн торгуулийн ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй байна.