Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2022/0432

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

Ц.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Ц.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/1016 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 159 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2022/0022/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Д-оос Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/1016 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх”-ээр маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 159 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4, 81.45, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.18-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газраас Ц.Д надад холбогдуулан иргэн А.А-аас гаргасан гомдлын дагуу шалгалтын ажиллагаа явуулсан бөгөөд Ц.Д-с миний хийж гүйцэтгэж байсан албан тушаалтын чиг үүрэг, гүйцэтгэсэн ажил үүрэгтэй холбоотой нэг ч алдаа дутагдал илрээгүй байдаг. Харин иргэн А.А-аас гаргасан гомдол, түүний гаргаж өгсөн гэх эх сурвалж нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй гэрэл зурагт үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан гэх үйл баримт бодит байдал дээр бий болсон эсэх асуудлыг нягтлан шалгах зайлшгүй шаардлага үүссэн байдаг.

3.2. Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын албан хаагчид нь Ц.Д надад холбогдох асуудлаар албаны шалгалт явуулахдаа иргэн А.А-аас гаргаж өгсөн гэх зурган баримтуудыг бүхэлд нь танилцуулахгүйгээр зарим зургийг хэсэгчлэн үзүүлэх байдлаар тайлбар авсан ба тухайн зурагт тусгагдсан үйл баримтууд нь Ц.Д миний цагдаагийн албан хаагч Б.З-тай ажил үүргийн хувьд харилцаж байсан чатнууд байсан тул миний бие тухайн чатыг “миний бичсэн чат мөн байна” гэх тайлбарыг гаргасан.

3.3. Харин миний бие 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын даргын Зөвлөлийн хуралд оролцохдоо намайг зөрчил гаргасан гэх дүгнэлт болон надад цол хурааж, 1 жилийн хугацаанд цагдаагийн албанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулахыг зөвшөөрөөгүй байхад хурлын тэмдэглэлд “... Цагдаагийн ахмад Ц.Д: Гаргасан алдаа зөрчлөө хүлээн зөвшөөрч байна ...” гэх байдлаа илтэд зөрүүтэй тэмдэглэл үйлдэж, иргэн А.А-тай хамтран амьдарч байсан, хувийн таарамжгүй харилцаатай байсан гэдгээ хүлээн зөвшөөрснийг дутуу тусгаж, тухайн тэмдэглэлээ баримтаар үнэлж, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

3.4. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанд оролцоход шалгалтын ажиллагааг явуулсан хошууч Д.Н нь “... Ц.Д, Б.З нар нь ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа иргэдтэй зүй бус харилцах, хүний эрх, эрх чөлөөнд зүй бусаар халдах, албаны нэр ашиглаж эрхшээлдээ оруулах гэх мэт гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн, мөн хамтран амьдрагч А.А-г зодож биед нь гэмтэл учруулсан байж болзошгүй гэмтэл үзүүлсэн, эрүүл мэндээр нь хохироож бэлгийн замын халдварт өвчин халдаасан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд тогтоогдсон. Уг асуудлыг одоо Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар материалын хамт хүргүүлсэн” гэх талаар дурдсан ба зөвлөлийн хурлаар Ц.Д намайг дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг хийсэн байна гэж дүгнээд шууд хамгийн хүнд буюу цол хурааж, цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэлийг ногдуулах саналыг гаргасан.

3.5. Албаны шалгалтын материалд дурдагдсан, зөвлөлийн хуралд танилцуулагдсан иргэдтэй зүй бус харилцсан, хүний эрх, эрх чөлөөнд зүй бусаар халдсан, албаны нэр ашиглаж бусдыг эрхшээлдээ оруулсан, хамтран амьдрагчаа зодсон, бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэх үйлдлүүд бол бүгд Монгол Улсын Эрүүгийн хуульд тусгайлан заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байдаг. Хэрэв би гэмт хэрэг үйлдсэн бол ял шийтгэл эдэлж, шүүхийн шийдвэрээр Ц.Д миний гэм бурууг тогтоох ёстой байсан.

3.6. Гэтэл цагдаагийн хошууч Д.Н-гийн албаны шалгалтаар танилцуулж, “Ц.Д гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд хийсэн нь тогтоогдсон” гэж хүнд сахилгын шийтгэл оногдуулах санал гаргах нөхцөлийг бүрдүүлсэн үйлдлүүд нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.О-ийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хаагдсан байдаг. Өөрөөр хэлбэл Ц.Д миний бие албаны шалгалтын материалд тусгагдсан, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хуралдаанаар яригдсан тухайн үйлдлүүдийг үйлдээгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаагүй гэдэг нь эцэслэн тогтоогдсон.

3.7. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас иргэн А.А-гийн гомдлыг хүлээн авч албаны шалгалт хийгээд гэмт хэргийн шинжтэй байж болохуйц бүхий л үйлдлийг шалгуулахаар холбогдох материалуудыг тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс рүү хүргүүлсэн ба нэг ч гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй юм.

3.8. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар хамгийн эхэнд шалгалтын материалаас 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Ц.Д миний гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлийг танилцуулж, тус тэмдэглэлд иргэн А.А-тай чат бичихдээ “цагдаагийн албан хаагч нарын зүй бус үйлдлийн талаар бичлэг явуулж, та хоёрын үйлдэл энэнээс аймар гээд боддоо” гэх зэргээр доромжлох үед нь “... танай нохойнууд аль хэдийнээ хаяагаа манаж эхлээ биз” гэж бичсэн /Шалгалтын материалын 38-41 хуудас Үзлэгийн тэмдэглэл, хавсралт зураг 10, 12/-ийг цагдаагийн дарга нарыг доромжилсон байна гэх байдлаар танилцуулж, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн дарга Э.Б нь “би чамайг Судан улс руу ажиллагаанд явахад чинь дэмжиж байсан, тэгж байхад чи ингэж хариулж байгаа юм уу, намайг ингэж доромжилж байгаа юм уу” гэх утгаар шүүмжилснийг, дээрх асуудал нь зөвлөлийн хурлын шийдвэрт шууд нөлөөлсөн байдлыг бичээгүй орхигдуулсан байна. Мөн тус хурлын тэмдэглэлд “Цагдаагийн хурандаа Э.Б: Цагдаагийн ахмад Ц.Д-ийн хамтран амьдрагчийнхаа гарыг хугалсан асуудал юу болсон бэ? Гэх асуултад Цагдаагийн хошууч Д.Н: Албаны шалгалтаар 2021 оны 03 дугаар сард хамтран амьдрагч А.А-гаа зодож гарыг нь хугалж гэмтээсэн нь тогтоогдсон” гэх байдлаар илтэд худал тайлбарыг гаргаж, хийгээгүй хэргийг минь хийсэн мэтээр тайлбарласнаар Ц.Д миний эрх, ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөөд байгаа юм.

3.9. Цагдаагийн байгууллага бол олон нийтийн хэв журмыг сахиулагч, хууль хэрэгжүүлэгч байгууллага учраас хууль тогтоомжтой хамгийн ойр ажилладаг байгууллагын нэг. Гэтэл хуулийн хамгийн сайн мэдэх, хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгалтын ажиллагаа явуулах, юуг нотлох баримт гэх, юуг нотлох баримт биш гэх вэ гэдгийг хамгийн сайн мэдэх цагдаагийн байгууллага өнөөдөр хувь хүнээс хувийн таарамжгүй харилцааныхаа улмаас гаргаж өгсөн хаанаас, хэзээ, яаж авсан нь тодорхойгүй, бодит байдал дээр зурагт авагдсан үйл баримт болсон эсэх нь тодорхойгүй зурганд үзлэг хийж, зурагт тусгагдсан бичиглэл хөдөлбөргүй үнэн, тухайн зураг нь хэргийг шийдвэрлэх шууд нотлох баримт мэтээр дүгнэж хүний эрхийг, цагдаагийн байгууллагад ажиллаж буй албан хаагчийнхаа эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад туйлын гомдолтой байна.

3.10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно”, 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй”, 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус хуульчилсан байхад цагдаагийн байгууллага хаанаас хэзээ хэвлэсэн, ямар эх сурвалжтай болох нь тодорхойгүй зургийг хөдөлбөргүй нотлох баримт гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд ч гэсэн нотлох баримтын талаар хуульчлахдаа хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх талаар тусгасан байдаг.

3.11. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэж тодорхой хуульчилсан.

Гэтэл цагдаагийн байгууллагаас эх сурвалжийг нь шалгаж тогтоогоогүй, ямар ч нотлох баримтын шаардлага хангаагүй зурагнуудыг баримтаар үнэлж, Ц.Д миний гэм буруутай гэх асуудал шүүхээр тогтоогдоогүй, миний бие бусдын эрх, эрх чөлөөнд халдсан, бусдыг дарамталсан, сүрдүүлсэн, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдыг эрхшээлдээ оруулсан зэрэг ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй, ийм үйл баримт бодитоор тогтоогдоогүй байхад надад сахилгын шийтгэл оноож, цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, ахмад цолыг хурааж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.12. Хэрэв Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас албаны шалгалтыг явуулахдаа үйл баримтыг бүрэн гүйцэт тогтоосон бол Ц.Д миний үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгасан Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн хэрэг бүртгэлтийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхийг хүлээсэн байсан бол Цагдаагийн ерөнхий газрын даргаас Ц.Д надад ийм хүнд төрлийн сахилгын шийтгэлийг ногдуулахгүй байх байсан гэж үзэж байгаа.

3.13. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас Ц.Д надад холбогдуулан албаны шалгалтын ажиллагаа явуулахдаа эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудлуудыг шийдвэрлэсэн мэтээр дүгнэн, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхдээ тогтоогдоогүй үйлдлүүдийг тогтоосон мэтээр тайлбарласан буюу шалгалтын ажиллагааны дүн нь бодит байдалтай нийцээгүй, илтэд үндэслэлгүй болох нь “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор тогтоогдсон байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 159 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хууль бус шалгалтын ажиллагааг үндэслэн гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/1016 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/1016 дугаар тушаалд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.6, 97 дугаар зүйлийн 97.1, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2.2-т заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Ц.Д-ийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.8-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулан “цагдаагийн ахмад” цолыг хураажээ.

2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Ц.Д-ийг “... иргэнтэй зүй бус харьцаж, албаны нэр хүндэд харшлах зохисгүй үйлдэл гарган цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн, иргэн А.А-гийн эрх чөлөөнд халдсан, бэлгийн замын халдварт өвчин тараасан” гэх мэдээллийн дагуу 20210240000024 дугаартай албаны шалгалтыг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд явуулсан байна.

2.3. Дээрх албаны шалгалтаар “Ц.Д нь 2019-2020 оны хооронд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байх үедээ иргэн А.А-тай фэйсбүүк мессенжер чатаар түүний нүцгэн биеэ харуулсан бичлэгийг нь хийлгэн авч түүнтэй хэрүүл маргаан хийхдээ дээрх бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлж, эрхшээлдээ байлгадаг байсан, мөн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Б.З-тай ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа иргэдтэй зүй бус харилцах, хүний эрх, эрх чөлөөнд халдах, албаны нэрийг ашиглан бусдыг эрхшээлдээ байлгадаг байсан” зэрэг зөрчлүүд гаргасан болох нь фэйсбүүк мессежний гэрэл зураг болон албаны шалгалтын явцад авсан мэдүүлгийн тэмдэглэлүүдээр тус тус тогтоогджээ.

2.4. Эдгээр нь Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн Хоёрдугаар зүйлийн 2.3.2-т “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх”, 2.4.1-д “өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг, хүлээцтэй харьцах, үл тоох, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдол, хүсэлтийн талаар маргахгүй байх”, 2.4.2-т “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, ялгаварлан гадуурхах, эрхшээлдээ байлгах, басамжлан доромжлох, сүрдүүлэхгүй байх”, 2.4.10-д “гэр бүл, үр хүүхэддээ хайр, халамжтай байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх” гэж тус тус заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн зөрчилд хамаарч байна.

2.5. Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч Ц.Д-ийн ажиллаж байсан Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газраас нэхэмжлэгчийн гаргасан гэх дээрх зөрчилд албаны шалгалт явуулсан, түүнчлэн нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ зөрчсөн нь нотлогдож, түүнийг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагчид холбогдох хууль тогтоомжоор харьяа алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн харилцаатай холбоотой тухайлбал, цагдаагийн албан хаагчид сахилгын арга хэмжээ авах, албанаас халах арга хэмжээ авах бүрэн эрхийг олгосон, энэ бүрэн эрхийнхээ хүрээнд сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

2.6. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо“...Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.О-ийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор надад холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хаагдсан, миний бие албаны шалгалтын материалд тусгагдсан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын даргын Зөвлөлийн хуралдаанаар яригдсан тухайн үйлдлүүдийг үйлдээгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаагүй гэдэг нь эцэслэн тогтоогдсон” гэх боловч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ц.Д-ийг гэмт хэрэг үйлдсэнтэй холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулаагүй, харин цагдаагийн алба хаагчийн мөрдвөл зохих ёс зүйн дүрэм болон төрийн тусгай албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн үйлдэлд нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулсан байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй.

2.7. Нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн тухайд, цагдаагийн байгууллага нь иргэний гомдлыг үндэслэн дотоод хяналт шалгалт явуулсан нь Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Цагдаагийн төв байгууллага нь агентлагийн нийтлэг чиг үүргийн хүрээнд дараахь үүрэг гүйцэтгэнэ:”, 14.1.3-т “цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтан гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж, шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авах, цагдаагийн албаны дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Цагдаагийн төв байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.1.3-т “цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, цагдаагийн хүрээний болон эргүүл, харуулын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх бусад дүрэм, журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг хангуулах”, 95 дугаар зүйлийн 95.2-т “Цагдаагийн байгууллагын дотоод хяналтыг цагдаагийн төв байгууллагын дарга хэрэгжүүлнэ”, 96 дугаар зүйлийн 96.1-д “Цагдаагийн байгууллага, алба хаагчийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж иргэн, албан тушаалтан үзвэл дотоод хяналт-аюулгүй байдал хариуцсан нэгж болон прокурор, шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заасантай нийцсэн байх төдийгүй албаны шалгалтын явцад хуульд заасан арга хэрэгслээр холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна. Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан чатыг нэхэмжлэгч нь өөрөө бичээгүй гэх үйл баримт өөрийнх нь тайлбар болон бусад баримтаар тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 159 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

 

            ШҮҮГЧ                                            Д.БААТАРХҮҮ

 

 ШҮҮГЧ                                             Г.БИЛГҮҮН