Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 1758

 

 

 

 

 

 

 

      2020       10        08                                  2020/ШЦТ/1758

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж

Нарийн бичгийн дарга : Б.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч : Л.Галав

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:  

шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00269 1284 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Б, 1969  оны 8 дугаар  сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 51 настай, эрэгтэй дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2 эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 24-534 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, Орхон аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29, 39 дүгээр зүйлүүдийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 180.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

           Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар /

           Яллагдагч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жанжины 25-534 тоотод А.Алтангэрэлийн зүүн талын гарын ар хэсгийг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

          Хохирогч А.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баяраатай гэрт архи уусан. Би тухайн үед уусан архиндаа нэлээн согтчихсон байсан. Нэг мэдэхэд Баяраа миний зүүн талын гарын ар хэсгийг хутгаар зүсчихсэн байсан. Тэгээд би цагдаа дуудлага өгсөн ... гэсэн мэдүүлэг / хх-н 8-10/,

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 36/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээч эмчийн 5574 дугаартай:

  1. А.Алтангэрэлийн биед зүүн сарвуунд хуучин сорви /шарх/ гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. А.Алтангэрэлийн биед учирсан зүүн сарвууны хуучин сорви нь хэзээ үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй.
  5. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт / хх-н 37-38/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл / хх-н 39-40/,

        Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 31/, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 30-/, захиргааны зөрчлийн талаарх баримт / хх-н 15-18/

          Б.Бд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н  41/, прокурорын тогтоол /хх-н 42-43/,

Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би гэртээ талхан дээр элэгний нухаш хутгаар түрхэж идээд сууж байхад Алтангэрэл гэдэг залуу манай гэрт архи уучихсан халамцуу орж ирээд надаас малгайгаа нэхээд манай гэрийн ширээг гараараа алгадаад байхаар нь би тухайн үед Алтангэрэлийн гарынх ар хэсэгт хутгаар хатгасан. Тэгтэл Алтангэрэлийн гараас цус гараад байхаар нь би шархыг нь боож өгтөл Алтангэрэл гэртээ харина гэхээр нь би гаргаж өгөхөд Алтангэрэлийн малгай хашааны үүдэнд хэвтэж байсан. Алтангэрэл малгайгаа аваад гэртээ орсон...” гэсэн мэдүүлэг / хх-н 11-13, хх-н 44-47/, яллагдагч Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н  48-49/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

        Гэм буруугийн талаар

        Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жанжины 25-534 тоотод А.Алтангэрэлийн зүүн талын гарын ар хэсгийг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч А.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Баяраатай гэрт архи уусан. Би тухайн үед уусан архиндаа нэлээн согтчихсон байсан. Нэг мэдэхэд Баяраа миний зүүн талын гарын ар хэсгийг хутгаар зүсчихсэн байсан. Тэгээд би цагдаа дуудлага өгсөн ... гэсэн мэдүүлэг / хх-н 8-10/,

          Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээч эмчийн 5574 дугаартай дүгнэлтээр хутгаар хатгасны улмаас А.Алтангэрэлийн биед зүүн сарвуунд хуучин сорви /шарх/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. А.Алтангэрэлийн биед учирсан зүүн сарвууны хуучин сорви нь хэзээ үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогджээ. / хх-н 37-38/,       

Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...би гэртээ талхан дээр элэгний нухаш хутгаар түрхэж идээд сууж байхад Алтангэрэл гэдэг залуу манай гэрт архи уучихсан халамцуу орж ирээд надаас малгайгаа нэхээд манай гэрийн ширээг гараараа алгадаад байхаар нь би тухайн үед Алтангэрэлийн гарынх нь ар хэсэгт хутгаар хатгасан. Тэгтэл Алтангэрэлийн гараас цус гараад байхаар нь би шархыг нь боож өгтөл Алтангэрэл гэртээ харина гэхээр нь би гаргаж өгөхөд Алтангэрэлийн малгай хашааны үүдэнд хэвтэж байсан. Алтангэрэл малгайгаа аваад гэртээ орсон...” гэсэн мэдүүлэг / хх-н 11-13, хх-н 44-47/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жанжины 25-534 тоотод А.Алтангэрэлийн зүүн талын гарын ар хэсгийг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 53/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв, хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б нь  цагдан хоригдсон  хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Б.Бг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б  нь  торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.Б  нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

          5. Б.Б  нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б  нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

  7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсыг яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах, гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах,гомдол гаргах эрхтэй.

  8. Давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.Бд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ПҮРЭВСҮРЭН