Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 824

 

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2017/00824

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх д И Д.Цэрэндолгор , хэргийн ,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 52 дугаар байр, 404 тоотод оршин суух Боржигон овогт Пүрэвдоржийн Сэлэнгэ /Регистрийн дугаар ФБ81032167/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 хэсэг, Улаанхуаран гудамж, 206 тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Цагаан хороо хотхон, 86б дугаар байр, 32 тоотод оршин суух Хишигт овогт Цэвээний Энхбаяр /Регистрийн дугаар ОЭ80112404/-т холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэнд 6,500,000 төгрөг, алданги 2,350,000 төгрөг, нийт 8,850,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Сэлэнгэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Очир, хариуцагч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Сэлэнгэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ц.Энхбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр П.Сэлэнгэ миний эзэмшлийн 52-07 УНИ Toyota Blade маркийн авто тээврийн хэрэгслийг 15,000,000 төгрөгөөр тооцон, урьдчилгаа 3,500,000 төгрөг өгч, үлдэх 11,500,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийн хүрээнд гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд ороогүй 1,500,000 төгрөгийг цагаан сарын дараа бэлнээр өгөхөөр тохиролцон, тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэн худалдан авсан. Цагаан сарын дараа өгөх 1,500,000 төгрөгнөөс 2016 оны 03 дугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд 1,000,000 төгрөгийг увуулж цувуулан төлсөн. Төлбөрийг бага багаар төлж байгааг хүлээн зөвшөөрөөгүй тул гэрээнд оролгүй үлдсэн 500,000 төгрөгийг оруулан тооцож, төлөгдөөгүй төлбөрийн нийт дүнгээр 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дахин гэрээ байгуулсан. Ингээд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний хүрээнд 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдөр төлөх ёстой 5,500,000 төгрөгнөөс 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд бага багаар 4,000,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй байна. Иймд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэнд 6,500,000 төгрөг, алданги 2,350,000 төгрөг, нийт 8,850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Энхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 02 дугаар сарын 03-нд П.Сэлэнгээс 52-07 УНИ Toyota Blade маркийн автомашиныг 15 саяд бодож гэрээ хийж урьдчилгаа 3,500,000 төгрөг өгч, нэг жилийн хугацаатай худалдан авсан. Анх Сэлэнгэ хэлэхдээ 1 жилийнхээ дотор мөнгөө яаж өгсөн ч болно, жилийнхээ босгон дээр бөөнд нь өгсөн ч болно гэж хэлэхээр нь найздаа итгэж нотариат орон гэрээ хийн авсан. Сэлэнгэ удалгүй мөнгөө нэхэж эхэлсэн. Бид боломжоороо өгч байсан. Гэтэл та хоёроос болоод эгчдээ өртэй, хүү төлж байна гэж ирсэн, бид аргалаад мөнгө олоод өгсөн. Эгч цаанаа хүнээс хүүтэй мөнгө авсан гээд хүү гэж биднээс мөнгө нэхсэн. Манай нөхрөөс мөнгөө нэхэж тэр хоёр маргалдсан байсан. Чамд хараал хийлгэнэ, чамайг ямар ч талаараа дийлнэ, шүүхэд өгөөд ч мөнгөө авна гэж утсаар дарамтлаад маргааш нь эгчтэйгээ ирж мөнгө нэхсэн. Бид нар хүний юмыг авсан болохоор гээд хүлцэнгүй хандсан. Нөхрийн том машинаар ажил хийсэн мөнгөө хөөцөлдөөд авч өгөхөд хүүг нь өг гээд хүүтэй нь авсан. Эгчтэйгээ ирж хэрэлдээд явсны маргааш 52-07 байрны гадна зогсож байгаад зуруулсан. Камераар шүүж хүнийг нь олж янзлуулсан. Дараа нь Сэлэнгэ дахиад мөнгө нэхсэн. Бид одоо боломжгүй байна, удаахгүй зохицуулаад олж өгье, хугацаа чинь болоогүй байна гэхэд янз бүрээр хэл амаараа доромжилж өгч чадахгүй бол машин өг гэсэн. Бид тэгвэл мөнгөө авъя, машинаа ав даа гэхэд та нар миний машин сэвтээсэн, авахгүй тэгээд ч мөнгө чинь байхгүй гэсэн. Тэгээд аргаа бараад зарж мөнгийг нь өгье гэтэл зах зээлийн ханш нь буурсан авах хүн олдоогүй. Ингээд хурдан эргэлтэнд орох юм болов уу гэж бодоод 10 сая төгрөгний хүүхдийн хувцасаар сольсон боловч хямралтай байгаа тул борлуулалт муутай, тодорхой хэмжээгээр хугацаа хэрэгтэй болсон. Бараа аваад гүйлгээтэй газар тавиулаад мөнгөө гаргаж авах уу яах уу гэж бас асуусан ч дургүйцсэн. Бид нар аль болох мөнгийг нь хурдан гаргаж өгөхийг хичээн бага багаар ч болов мөнгөө нэхэх тоолонд өгч байсан. Нийт 8,500,000 төгрөг өгсөн. 535,000 төгрөг хүү гэж өгсөн. Сүүлд 205,000 төгрөг өгсөн. Бэлнээр авахдаа хүүний мөнгө гэж авсан, баримтгүй тул оруулаагүй болно. Нийт 9,240,000 төгрөг өгсөн байгаа. Нөхрийн машин хөдөө ажил хийж байгаад унаж эвдрэл гарсан. Ганц хөдөлдөг юмаа босгохын тулд аргалаад машинаа янзалж аваад байтал жил болчихлоо гээд үлдсэн мөнгөө нэхсэн. Бид учир байдлаа хэлж уучлалт гуйсан. Жаахан хойшлуулж өгөөч гэж гуйсан боловч хүлээж чадахгүй шүүхээр явна гэсэн. Бид өгөхгүй гэж хэлээгүй. Тухайн үед нь хүнээс зээлж байгаад ч гэсэн өгч байсан. Харин ч 17 жилийн өмнөөс найзалж ирсэн найз минь 1 жилийн дотор 2 удаа гэрээ хийж мөнгөө нэхэж дарамталж, дайрч доромжилж байгаад гомдож байна. Өгөх ёстой мөнгийг нь өгөх нь бидний үүрэг, нэг жилийн хугацаанд амжиж өгөөгүй нь бидний буруу. Амьдрал санаснаар болдоггүй юм байна. Үлдсэн 5,760,000 төгрөгийг 3 сарын дотор барагдуулж өгнө гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Сэлэнгэ нь хариуцагч Ц.Энхбаярт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэнд 6,500,000 төгрөг, алданги 2,350,000 төгрөг, нийт 8,850,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Ц.Энхбаяр нь нэхэмжлэгч 8,850,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй, автомашин худалдан авсан төлбөрийн үлдэгдэл 5,760,000 төгрөгийг төлнө гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч П.Сэлэнгэ нь 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн 52-07 УНИ Toyota Blade маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр хариуцагч Ц.Энхбаярт худалдсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ тохиролцоо нь зохигчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийлэл байсан байна. Энэ талаар зохигчид маргаагүй.

Автомашиныг худалдсан өдөр буюу 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр талууд автомашины төлбөрийн үлдэгдэл 11,500,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг П.Сэлэнгээс Ц.Энхбаярт зээлсэн гэж Зээлийн гэрээ байгуулсан байна. /хх-4/ Ц.Энхбаяр нь автомашины төлбөрийн үлдэгдэл 1,500,000 төгрөгнөөс 1,000,000 төгрөгийг өгсний дараа, талууд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өмнө байгуулсан зээлийн гэрээнд заасан 10,000,000 төгрөг дээр үлдэгдэл 500,000 төгрөгийг нэмж, нийт 11,500,000 төгрөгийг П.Сэлэнгээс Ц.Энхбаярт зээлсэн гэж Зээлийн гэрээ байгуулжээ. /хх-5/

Нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний 3.6 дахь заалтын дагуу 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төлөх 5,500,000 төгрөгөөс төлөгдсөн 4,000,000 төгрөгийг хасаад 1,500,000 төгрөгт алданги тооцож хуульд заасан 50 хувиас хэтэрсэн тул 50 хувьтай дүйцүүлж 750,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлөх байсан 5,000,000 төгрөгөөс алданги тооцож 1,600,000 төгрөг, нийт 2,350,000 төгрөгийн алданги гаргуулахаар нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Талуудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 11,500,000 төгрөг зээлэх, зээлдүүлэх гэрээ байгуулагдсан байгаа хэдий ч гэрээ байгуулсан өдөр нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө шилжүүлэн өгөөгүй, зээл олгогдоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

Гэрээний оролцогч талууд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч уг чөлөөт байдал нь хуулийн хүрээгээр хязгаарлагдахаар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан бөгөөд зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байх боловч нэхэмжлэгч П.Сэлэнгэ нь хариуцагч Ц.Энхбаярт зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөг, 11,500,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн нь тогтоогдохгүй байх тул 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг тус тус байгуулагдсан гэж үзэхгүй.

Зээлийн гэрээ байгуулагдаагүй тул уг гэрээнүүдийн дагуу зээл, зээлийн хүү, алдангийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхгүй.

Талууд 52-07 УНИ Toyota Blade маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авсан талаар маргахгүй байгаа бөгөөд харин уг автомашины төлбөрийг төлсөн мөнгөн дүнгийн талаар маргажээ.

Нэхэмжлэгч П.Сэлэнгэ нь автомашины төлбөрт урьдчилгаа 3,500,000 төгрөг, 2016.03.28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016.07.08-ны өдөр 1,730,000 төгрөг, 2016.08.25-ны өдөр 245,000 төгрөг, 2016.09.09-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 8,475,000 төгрөг, мөн 10,000 төгрөгийн өмд, 15,000 төгрөгийн цамц, нийт 25,000 төгрөгийн барааг хариуцагчаас авсаныг автомашины төлбөрт тооцон нийт 8,500,000 төгрөг авсан гэх тайлбарыг өгч, үлдэгдэл 6,500,000 төгрөг, алданги 2,350,000 төгрөг, нийт 8,850,000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч Ц.Энхбаяр нь нийт 9,240,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 5,760,000 төгрөгийг төлнө, алданги төлөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч Ц.Энхбаяр нь Хаан банкин дахь П.Сэлэнгийн 5030158793 тоот данс руу 2016.02.03-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016.07.08-ны өдөр 1,730,000 төгрөг, 2016.08.08-ны өдөр 120,000 төгрөг, 20,000 төгрөг, 2016.08.25-ны өдөр 245,000 төгрөг, 2016.10.10-ны өдөр 150,000 төгрөг, 2017.01.13-ны өдөр 50,000 төгрөг, 2017.01.16-ны өдөр 50,000 төгрөг, 2017.01.17-ны өдөр 40,000 төгрөг, 2017.01.20-ны өдөр 35,000 төгрөг, 2017.01.28-ны өдөр 30,000 төгрөг, нийт 5,470,000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкин дахь Ц.Энхбаярын 5030158793, П.Сэлэнгийн 5030158793 дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар тогтоогдож байна. /хх-11-20, 27-30/

Хариуцагч нь нэхэмжлэгчид бэлнээр 2016.02.03-ны өдөр 600,000 төгрөг, 2016.03.28-ны өдөр 990,000 төгрөг, 2016.09.09-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 3,590,000 төгрөг өгсөн гэх тайлбарыг гаргасан, нэхэмжлэгч нь хариуцагчаас бэлнээр 500,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөг авсан гэх тайлбарыг гаргасан.

Хариуцагч нь 2016.03.28-ны өдөр 900,000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй нь 990,000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн гэх тайлбарыг гаргасан боловч баримтаар нотлоогүй бөгөөд нэхэмжлэгч нь мөн өдөр 990,000 төгрөг бус 1,000,000 төгрөг авсанаа хүлээн зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч П.Сэлэнгэ нь хариуцагч автомашины төлбөрийг тохирсон хугацаандаа төлөхгүй байснаас төлбөрийн 1,500,000 төгрөгийн 10 хувийн хүү төлүүлэх, барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсаны хүүг хариуцагчаар төлүүлэхээр санал тавьсныг хариуцагч Ц.Энхбаяр хүлээн зөвшөөрч хүүний мөнгө гэж мөнгө шилжүүлж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч нь хүүний мөнгө гэж 2016.08.08-ны өдөр 120,000 төгрөг, 20,000 төгрөг, 2016.08.25-ны өдөр 245,000 төгрөг, 2016.10.10-ны өдөр 150,000 төгрөг, нийт 535,000 төгрөг шилжүүлсэн гэх тайлбарыг гаргасан, нэхэмжлэгч нь эдгээр мөнгө өөрийнх нь данс руу шилжиж орсныг хүлээн зөвшөөрч байгаа боловч 2016.08.25-ны өдөр шилжүүлсэн 245,000 төгрөг нь автомашины төлбөрт тооцогдсон, 2016.08.08-ны өдөр шилжүүлсэн 120,000 төгрөг, 20,000 төгрөг нь барьцаалан зээлдүүлэх газрын хүүнд төлсөн мөнгө, 2016.10.10-ны өдөр шилжүүлсэн 150,000 төгрөг нь 1,500,000 төгрөгийн 10 хувийн хүү гэж маргаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож нэхэмжлэгчийн барьцаалан зээлдүүлэх газраас авсан зээлийн хүүнд мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрч мөнгө төлж байсныг буцаан үгүйсгэх боломжгүй тул хариуцагчийн 2016.08.08-ны өдөр шилжүүлсэн 120,000 төгрөг, 20,000 төгрөг, 2016.10.10-ны өдөр шилжүүлсэн 150,000 төгрөг, нийт 290,000 төгрөгийг автомашины төлбөрт оруулан тооцох үндэслэлгүй байна.

Талууд 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр автомашины төлбөрт 8,500,000 төгрөг төлсөн байсан талаар маргахгүй байгаа бөгөөд хариуцагч нь 2016.08.25-ны өдөр шилжүүлсэн 245,000 төгрөгийг хүүнд төлсөн гэх тайлбарыг өгч байгаа боловч 8,500,000 төгрөгийг төлсөн тооцооллоор автомашины төлбөрт төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч П.Сэлэнгэ нь автомашины төлбөрийн 1,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй нь хариуцагч төлөх ёстой байсан, хариуцагчийн 2016.10.10-ны өдөр шилжүүлсэн 150,000 төгрөгийг 1,500,000 төгрөгийн 10 хувийн хүү гэх тайлбарыг өгч маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Талууд 52-07 УНИ Toyota Blade маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч П.Сэлэнгэ нь автомашины төлбөрийг хариуцагч Ц.Энхбаяраас шаардах эрхтэй, хариуцагч нь автомашины төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Ц.Энхбаяр нь автомашины төлбөрт нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө 8,500,000 төгрөг, нэхэмжлэл гаргаснаас хойш 205,000 төгрөг, нийт 8,705,000 төгрөг төлсөн байх тул автомашины төлбөрийн үлдэгдэл 6,295,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч П.Сэлэнгэ нь зээлийн гэрээний дагуу алданги 2,350,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн боловч зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө шилжүүлэн өгөөгүй, зээл олгогдоогүй тул уг гэрээний дагуу алдангийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

Иймд хариуцагч Ц.Энхбаяраас автомашины төлбөрт 6,295,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Сэлэнгэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,555,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Энхбаяраас 6,295,000 /зургаан сая хоёр зуун ерэн таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Сэлэнгэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,555,000 /хоёр сая таван зуун тавин таван мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Энхбаяраас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 115,670 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Сэлэнгэд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР