| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0644/Э |
| Дугаар | 886 |
| Огноо | 2020-10-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 886
2020 10 06 2020/ШЦТ/886
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Н.Түвшинбаяр,
Шүүгдэгч А.Ш, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Т.Баярцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ш-т холбогдох эрүүгийн 1909001321131 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, "ААЯ Макс Софт" ХХК-ний захирал ажилтай, ам бүл 1, ... тоотод бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / А.Ш нь:
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулж байгаа www.taslal.mn вэб сайтаар дамжуулж өөрийн зохион бүтээсэн андройд үйлдлийн системтэй цахим төхөөрөмж, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх программыг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш бусдад худалдан борлуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Т.Ономдорж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би эхнэр Бямбасүрэнтэй суугаад 5 жил болж байна. Манай эхнэр 2018 оны 9 сард Австри улс руу яваад 12 сарын 13-ны өдөр ирсэн. Хэлний чиглэлээр сурах гэж гадаад явсан юм. Манай эхнэр гадаад улсад байх хугацаандаа миний 98114382 дугаартай ЛЖ маркийн гар утас болон дараагийн самсунг маркийн гар утсыг www.taslal.mn сайтад бүртгүүлж хяналтад өгч миний хувийн мэдээ мэдээллийг авч байсныг би өнөөдөр мэдсэн. Эхнэр гадаад улсад байх хугацаандаа миний хэнтэй цуг, юу хийж явааг дандаа мэддэг байсан. Би "Чи яаж мэдээд байгаа юм бэ?" гэж асуухад "Надад хэлдэг хүн байдаг юм" гэж хэлдэг байсан бөгөөд уг асуудлаас болж манай гэр бүл, бид хоёрын дунд хэрүүл тасардаггүй байсан. Одоо миний хувийн мэдээлэл тэр www.taslal.mn хадгалагдаж үлдсэн байгаа учир надад аюултай байна. Манай эхнэр www.taslal.mn сайтын Хаан банкны дансны дугаар руу "Энэ данс руу 30.000 төгрөг шилжүүлээд өг" гэж хэлэхэд бид шилжүүлдэг байсан гэжээ. /1 дүгээр хавтас 147-148 /
Хохирогч Г.Энхбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүлэхдээ: ...Би эхнэр Алимаатай суугаад 3 жил болж байна. Одоо хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэр Алимаа заримдаа миний хаана юу хийж явааг мэдчихдэг байсан. Би зарим үед гайхдаг байсан ч мэдчихсэн юм байлгүй гээд өнгөрдөг байсан. Тэгээд хүний гар утас хянах зорилготой программ байдгийг саяхан мэдсэн тул одоогоор ямар асуудал гараад байгааг дэлгэрэнгүй хэлж чадахгүй байна. Одоо миний гар утсанд элдэв программ суугаагүй байгаа. Эхнэр намайг мэдсэнийг мэдээд устгасан байх гэжээ. /1 дүгээр хавтас 150-151/
Гэрч Б.Бямбасүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүлэхдээ: ...Би 2018 оны дундуур интернэт сайтаар www.taslal.mn сайтын талаар мэдсэн. www.taslal.mn сайтын бүртгүүлсэн утас руу залгахад утас нь ажиллахгүй байхаар нь сайтаар орж судлахад заавар нь бүгд байсан. Тэгээд зааврын дагуу нөхөр Ономдоржийн 98114382 дугаартай Солонгос улсад үйлдвэрлэсэн ЛЖ маркийн гар утсанд суулгаад туршиж үзэхэд ажиллаж байхаар нь төлбөрийг нь Хаан банкны дансаар хийгээд ашиглаж эхэлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би нөхөр рүүгээ хэлж нөхрийнхөө Хаан банкны дансаар энгийн багцын үйлчилгээг 3 удаа авч ашигласан нийт 90.000 төгрөг төлж, хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлбөр төлж ашигласан. Би энэ сайтыг нөхөр Ономдоржийн хаана юу хийж явааг мэдэж хэнтэй юу ярьж байгааг мэдэх зорилготойгоор ашигласан гэжээ. / 1 дүгээр хавтас 152-153 /
Гэрч Ү.Алимаа мөрдөн шалгалтын явцад мэдүүүлэхдээ: ...Би 2018 оны эхээр фэйсбүүк сайтаар www.taslal.mn сайтын талаар сурталчилгаа явж байсныг хараад эхлээд өөрийн 24 настай хүүхэд Лхагвасүрэнг хаана юу хийж явааг олж мэдэх зорилгоор www.taslal.mn сайтад бүртгүүлж үйлчилгээг авсан. Тэгээд би хүүхдээ хянахаас илүү www.taslal.mn сайтад бүртгүүлсэн гар утсыг өөрийн хоёр дахь нөхөр Энхбаярт өгсөн. Манай нөхөр хаана яваа нь мэдэгдэхгүй өөрсдийн мөнгийг яаж зарцуулаад байгаа нь мэдэгдэхгүй байсан учир нөхөртөө өгч тагнаж үзэхэд юу хийж яваа нь ер нь тогтоогдож эхэлсэн гэжээ. /1 дүгээр хавтас 156-157 /
Шинжээч Б.Батбилэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Цахим төхөөрөмж гэдэг нь цахим мэдээллийг боловсруулах зориулалттай төхөөрөмж гэж ойлгож болно. Андройд үйлдлийн системтэй гар утас цахим төхөөрөмж мөн. Орчин үед цахим төхөөрөмж сүлжээ буюу интернэтэд холбогдох болсон иймээс уг төхөөрөмжид байгаа мэдээллийг сүлжээгээр алдах эрсдэл нэмэгддэг. Цахим гэлтгүй ямар ч мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авах нь хууль бус үйлдэл гэжээ. /1 дүгээр хавтас 194-195 /
ААЯ Макс Софт ХХК-ний 5062147763 дугаартай "Хаан" банкны дансны хуулга /1 дүгээр хавтас 45-53 /
Вэб сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас 19-25 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1816 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
5.Шинжилгээнд ирүүлсэн зөөврийн компьютерт суулгасан программуудаас үзэхэд программ хөгжүүлэгч мэргэжилтэй хүний компьютер байж болохоор байна гэжээ. / 1 дүгээр хавтас 171-172 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1824 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “1b7d03c64f32149e281a1bc4df924fcc” hash кодтой файлд гар утасны дуудлагын түүх болон зурвас байршил заасан мэдээллийн хамт, зурган болон дууны, дүрс бичлэгийн файлууд байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “1b7d03c64f32149e281a1bc4df924fcc” hash кодтой файлд байгаа Taslal_Android.sql гэсэн нэртэй файлуудад “Taslal_Android” гэсэн нэртэй өгөгдлийн баазын “Calls_0, SMS_0, Active_ap_suulgaagui” гэсэн нэртэй хүснэгтүүдийн мэдээллийг агуулж байна. Эдгээрт өгөгдлийн баазад бүртгэгдсэн хамтаар хадгалагдсан байна гэжээ. /1 дүгээр хавтас 180-188 /
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/553 дугаартай дүгнэлтэнд:
-Хамгаалалттай сүлжээний хувьд мэдээлэл, өгөгдлийг дамжуулахдаа кодчиллын аргаар нууцалсан байдаг. Уг кодыг задалж мэдээллийн анхны төлөвт хувирган хэрэглэгчид хүргэдэг. Гар утас нь цахим төхөөрөмжийн нэг төрөлд хамаардаг. Гар утасны мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй буюу түүнд мэдэгдэлгүй гуравдагч этгээдэд дамжуулж буй үйлдэл нь хамгаалагдсан сүлжээнд нэвтэрсэн үйлдэл биш хэдий ч цахим төхөөрөмжид нэвтэрсэн үйлдэл мөн болно гэжээ. /1 дүгээр хавтас хэргийн 199-200 /
Шүүгдэгч А.Ш-ийг 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 233-245 /
Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 201 / зэрэг болно.
Шүүгдэгч А.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би эцэг хүний хувьд өөрийн хүүхдэдээ анхаарал халамж тавьж чадаагүйгээс болоод охиноо 11 настай байхад бусдад олон удаа хүчиндүүлсэн байсныг мэдэхгүй явж байсан. Тэгээд би охиндоо болон хүүхдүүдэд зориулсан программыг ашигласан. Программаа бүтээсний дараа “Цэц” хуулийн фирмд хандаж зөвлөгөө авахад “ Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчихгүй. Ямар нэгэн тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй юм байна. Та энэ үйлчилгээг явуулж болно” гэж хэлсэн. Тэд гэрээг хийж өгсөн бөгөөд тэр нь миний майл хаягт хадгалагдсан, төлбөрийн нэхэмжлэх нь байгаа. Программыг ажиллуулж эхлэх хугацаанд киберь гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дэслэгч Ганболд гэх хүн намайг анх дуудаж уулзаад “ Сервер чинь хаана хадгалагддаг вэ. Мэдээллийн аюулгүй байдлаа яаж хамгаалдаг вэ” гэж асуусан. “Бусдын мэдээллийг алдахаас сэргийлээд бид нар америкт серверт хадгалдаг “гэхэд “ Сайн байна. Гаднын үнэтэй программыг Монгол улсад хямдханаар нутагшуулаад олон хүүхдийг хамгаалах гэж байгаад талархаж байна. Хүмүүст бусдын мэдээллийг алдаж болохгүй шүү. Үүн дээр сайн анхаараарай “ гэсэн. Үүний дараа Тагнуулын ерөнхий газраас технологи талын хошууч Мэгзэр гэх хүн намайг дуудаж уулзаад “ Сайн байна. Хамтарч ажиллая. Танай мэдээллийн санг ашиглая” гэхэд нь би хувь хүний нууц байдаг тул болохгүй гэсэн. Эдгээр газраас надад болохгүй гэж хэлсэн бол би энэ программыг ашиглуулахгүй байсан.
Энэ программ нь дэлхийн бүх улс оронд байдаг энгийн программ бөгөөд Монгол Улсад л байдаггүй. Манай үйлчилгээ нь хүүхдийн утсанд байгаа мэдээллийг манай серверт хадгалсны төлөө мөнгө өгч байгаа гэсэн үг. Программ нь үнэгүй. 30-60 хоногийн хугацаанд хадгалуулж байгаа серверийн төлбөр юм. Би андройд үйлдлийн системтэй программ зохиосон. Гэхдээ би нийгэмд өөрийнхөө чадах хэмжээнд тус болж, бусдад дахиад зовлон битгий тохиолдоосой гэсэндээ л энэ программыг бүтээсэн. Намайг яллаж байгаа нь харамсалтай байна. 490.000 төгрөгийг шүүхийн дансанд тушаасан гэв.
Шүүгдэгч А.Ш нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулж байгаа www.taslal.mn вэб сайтаар дамжуулж өөрийн зохион бүтээсэн андройд үйлдлийн системтэй цахим төхөөрөмж, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх программыг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш бусдад худалдан борлуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Би зааврын дагуу нөхөр Ономдоржийн 98114382 дугаартай Солонгос улсад үйлдвэрлэсэн ЛЖ маркийн гар утсанд суулгаад туршиж үзэхэд ажиллаж байхаар нь төлбөрийг нь Хаан банкны дансаар хийгээд ашиглаж эхэлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би нөхөр рүүгээ хэлж нөхрийнхөө Хаан банкны дансаар энгийн багцын үйлчилгээг 3 удаа авч ашигласан нийт 90.000 төгрөг төлж хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлбөр төлж ашигласан. Би энэ сайтыг нөхөр Ономдоржийн хаана юу хийж явааг мэдэж хэнтэй юу ярьж байгааг мэдэх зорилготойгоор ашигласан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Бямбасүрэнгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 152-153 /, ... өөрийн 24 настай хүүхэд Лхагвасүрэнг хаана юу хийж явааг олж мэдэх зорилгоор www.taslal.mn сайтад бүртгүүлж үйлчилгээг авсан. Тэгээд би хүүхдээ хянахаас илүү www.taslal.mn сайтад бүртгүүлсэн гар утсыг өөрийн хоёр дахь нөхөр Энхбаярт өгсөн. Манай нөхөр хаана яваа нь мэдэгдэхгүй өөрсдийн мөнгийг яаж зарцуулаад байгаа нь мэдэгдэхгүй байсан учир нөхөртөө өгч тагнаж үзэхэд юу хийж яваа нь ер нь тогтоогдож эхэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ү.Алимаагийн мэдүүлэг /1 дүгээр хавтас 156-157 /, ... Цахим төхөөрөмж гэдэг нь цахим мэдээллийг боловсруулах зориулалттай төхөөрөмж гэж ойлгож болно. Андройд үйлдлийн системтэй гар утас цахим төхөөрөмж мөн. Орчин үед цахим төхөөрөмж сүлжээ буюу интернэтэд холбогдох болсон иймээс уг төхөөрөмжид байгаа мэдээллийг сүлжээгээр алдах эрсдэл нэмэгддэг. Цахим гэлтгүй ямар ч мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авах нь хууль бус үйлдэл гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч Б.Батбилэгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас 194-195 /, ...ААЯ Макс Софт ХХК-ний 5062147763 дугаартай "Хаан" банкны дансны хуулга /1 дүгээр хавтас 45-53 /, ... Вэб сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас 19-25 /, ... Шинжилгээнд ирүүлсэн зөөврийн компьютерт суулгасан программуудаас үзэхэд программ хөгжүүлэгч мэргэжилтэй хүний компьютер байж болохоор байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1816 дугаартай шинжээчийн дүгнэлт / 1 дүгээр хавтас 171-172 /, ...Эдгээрт өгөгдлийн баазад бүртгэгдсэн дугаар, дугааруудын дуудлагын түүх, зурвас зэргийг байршлын мэдээллийн хамтаар хадгалагдсан байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1824 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас 180-188 /, ... Гар утасны мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй буюу түүнд мэдэгдэлгүй гуравдагч этгээдэд дамжуулж буй үйлдэл нь хамгаалагдсан сүлжээнд нэвтэрсэн үйлдэл биш хэдий ч цахим төхөөрөмжид нэвтэрсэн үйлдэл мөн болно гэсэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/553 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 199-200 / зэрэг болно.
Шүүхээс А.Ш-ийг цахим төхөөрөмж, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программыг бэлтгэж, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Ш нь бусдын хүүхдүүдийг хамгаалах зорилгоор уг программыг бүтээж, “Цэц” хуулийн фирмээс зөвлөгөө авч, тэдний хийсэн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулсан, түүний гэм буруут үйлдлийн улмаас бодитой хор хохирол учраагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хуульд заасан 6.000.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, түүний орлого олох боломжийг харгалзан 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Ш нь дээрх программыг бусдад ашиглуулж, 30 сая төгрөг олсон гэх боловч яллах дүгнэлтийн хүрээнд Ү.Алимаагаас 400.000 төгрөг, Б.Бямбасүрэнгээс 90.000 төгрөг авсан болох нь хаан банкны дансны хуулгаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж, 490.000 төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсний дагуу А.Ш нь 490.000 төгрөгийг 100900005406 тоот дансанд тушаасныг улсын орлого болгож, А.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурьдав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Т.Баярцэцэг нарын гаргасан А.Шийн үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хууль бус үйлдэл болохыг мэдээгүй, түүнийг цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлтийг хангах боломжгүй байна. Үүнд:
1. ААЯ Макс Софт “ ХХК-ний захирал А.Ш нь андройд үйлдлийн системтэй цахим төхөөрөмж, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд нэвтрэх программыг бэлтгэж, өөрийн сайтаар дамжуулан бусдад борлуулсан.
2. Дээрх цахим сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах гэмт хэрэг нь цахим мэдээллийн сүлжээнд нэвтрэхийн тулд тусгай зориулалт бүхий программ, хэрэгслийг хууль бусаар бэлтгэсэн, борлуулсан идэвхтэй үйлдлээр илэрдэг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд тухайн үйлдлийг хийснээр төгсдөг, бодит хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаггүй болно.
3. Өмгөөлөгч нарын шүүхэд шинээр өгсөн баримт нь шүүгдэгч А.Шийн гэм бурууг үгүйсгэх нотлох баримт биш, энэ хэрэгт хамааралгүй болно.
4. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатад ажил үүргийнх нь хувьд түүний тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргуулахаар хүссэний дагуу дүгнэлт гарган / 1 дүгээр хавтас 198-200 / ирүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.
5. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд огноог 2016 он гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа болох нь 19090001321131 гэсэн хэргийн дугаараар / 1 дүгээр хавтас 224-225 / нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. .. овогт А.Ш-ийг цахим төхөөрөмж, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх программыг бэлтгэж, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. А.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6000 нэгж буюу 6.000.000 / зургаан сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2ш сидиг хэрэгт хавсаргаж, А.Ш нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Шт оногдуулсан 6.000.000 төгрөгийн торгуулийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Ш нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Шийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд тушаасан 490.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
7. А.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ