| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0899/Э |
| Дугаар | 894 |
| Огноо | 2020-10-08 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 894
2020 10 08 2020/ШЦТ/894
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч П.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Б-т холбогдох эрүүгийн 2009017551121 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа таксинд явдаг ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЕП81020310 / Х.Б нь:
- 2020 оны 06 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчим өөрийн эзэмшлийн 58-74 УНР улсын дугаартай саарал өнгийн Ниссан Марч маркийн тээврийн хэрэгслээр хохирогч Э.Энхнаранг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар орчим хүргэж өгөхдөө түүний эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө болох Самсунг А-10 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 585.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Э.Энхнаран мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 06 дугаар сарын 10-ны орой 22 цаг 10 минутын орчим Наадам центрээс такси бариад Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар өнгөрөөд уг таксинаас буухдаа машинд өөрийн Самсунг А-50 загварын гар утсаа мартаж буусан. Таксинаас буугаад өөрийн гар утас руу 2 цаг гаруй хугацаанд залгасан боловч дуудлага авахгүй байсан. Миний гар утасны дуу хаалттай, цэнэг нь 15 хувьтай байсан. Тэр такси саарал өнгийн жижиг тэрэг байсан. 30 гаруй насны жижиг биетэй эрэгтэй хүн байсан. Самсунг А-50 загварын гар утсыг 2019 оны 07 дугаар сард Мобикомоос 900.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн утас нь ногоон өнгийн кейстэй. Одоо би гар утсаа зах зээлийн ханшаар үнэлж байна. Миний гар утасны имэй 358583100405102, 358584100404100 гэсэн дугаартай байсан гэжээ. / хх 10 /
Самсунг гэсэн бичигтэй ногоон өнгийн кейстэй, цэнхэр өнгийн Самсунг А-50 загварын 358583100405102, 358584100405100 имэй дугаартай гар утсыг хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 7-8 /
“Дамно” ХХК-ний Самсунг А-50 загварын гар утасны зах зээлийн үнэлгээг 585.600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан / хх 16-17 /
2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Юнител” ХХК-иас Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүргүүлсэн №05-01/5172 дугаартай “... 358583100405102 имэй кодтой утсанд 88910784 дугаарыг 2020 оны 07 дугаар сарын 24-нөөс 31-ний өдрийн хооронд, 358584100405100 имэй кодтой утсанд 88918299 дугаарыг 06 дугаар сарын 27-ны өдөр, 07 дугаар сарын 08-наас 16-ны өдрийн хооронд, 88910784 дугаарыг 06 дугаар сарын 27-ны өдрөөс тус тус хийж ашигласан байна “ гэсэн албан бичиг / хх 35 /
Яллагдагч Х.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 06 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед өөрийн эзэмшлийн 58-74 УНР улсын дугаартай Ниссан маркийн суудлын мөнгөлөг саарал өнгийн машинаар Хан-Уул дүүргийн Наадам центрийн гаднаас 5 хүн аваад Сүхбаатар дүүрэг дэх 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо тухайн хүмүүсийг буулгасан. Тэндээсээ би шууд Баянзүрх рүү гэрлүүгээ яваад машинаа байрлуулчихаад амарсан. Маргааш өглөө нь машины шалавчаа цэвэрлэх үед жолоочийн ар талын эсрэг талын суудлын шалан дээр цэнхэр өнгөтэй ногоон өнгийн кейстэй Самсунг маркийн гар утас байсан. Тэгээд гар утасны цэнэг нь бараг дуусаж байсан. Манайд сүүлийн үеийн том цэнэглэгч байхгүй байсан. Ингээд би 10 орчим хоног хөдөө явж байгаад ирээд тухайн гар утсыг цэнэглэж асаасан. Дэлгэц нь кодтой байсан учир хороололд засварын газар кодыг нь гаргуулж, өөрийнхөө сим картыг 2 удаа хийж уншуулсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас намайг дуудсан гэжээ. / хх 23-24 /
Шүүгдэгч Х.Б-ыг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 23-24 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 32 / зэрэг болно.
Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн орой 22 цагийн орчим өөрийн эзэмшлийн 58-74 УНР улсын дугаартай саарал өнгийн Ниссан Марч маркийн тээврийн хэрэгслээр хохирогч Э.Энхнаранг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар орчим хүргэж өгөхдөө түүний эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө болох Самсунг А-10 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 585.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Таксинаас буухдаа машинд өөрийн Самсунг А-50 загварын гар утсаа мартаж буусан. Гар утсыг 2019 оны 07 дугаар сард Мобикомоос 900.000 төгрөгөөр худалдан авсан, ногоон өнгийн кейстэй, гар утасны имэй 358583100405102, 358584100404100 гэсэн дугаартай байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Энхнарангийн мэдүүлэг / хх 10 /, ... Самсунг гэсэн бичигтэй ногоон өнгийн кейстэй, цэнхэр өнгийн Самсунг А-50 загварын 358583100405102, 358584100405100 имэй дугаартай гар утсыг хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 7-8 /, ... “Дамно” ХХК-ний Самсунг А-50 загварын гар утасны зах зээлийн үнэлгээг 585.600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан / хх 16-17 /, ... 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Юнител” ХХК-иас Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүргүүлсэн албан бичиг / хх 35 /, ... Жолоочийн ар талын эсрэг талын суудлын шалан дээр цэнхэр өнгөтэй ногоон өнгийн кейстэй Самсунг маркийн гар утас байсныг хороололд засварын газар кодыг нь гаргуулж, өөрийнхөө сим картыг 2 удаа хийж уншуулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Х.Бын мэдүүлэг / хх 23-24 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Х.Б-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг төлж хохирогчтой эвлэрсэн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Э.Энхнаран нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 46 / гэсэн тул шүүгдэгч Х.Б нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Б-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.Б нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Х.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ