Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 908

 

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2017/00908

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн сургалтын төлбөрт 2,640,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: С.М, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

С.М миний бие нь 2007 онд Б.Б-тай танилцаж, улмаар 2008 онд гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр охин Б.М төрсөн. Анх Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 хэсэг, 170А тоотод хашаа байшинд амьдарч байх хугацаанд Б.Б нь гэр бүлдээ цаг зав гаргадаггүй, найз нөхөд, зугаа цэнгээнд дурлаад явчихдаг байсан. Иймээс бид зан чанар, үзэл бодол нийцэхгүй хэрүүл маргаан их гардаг байсан төдийгүй Б.Б-ын аав нь амьдралд их оролцож, өөрийн хүслээр байлгах гэдэг байсан, мөн удаа дараа дарамталдаг байсан. Б.Б ч аавынхаа үгнээс гардаггүй, аавынхаа үгээр л байдаг байсан болохоор бидний дунд байнга маргаан гардаг байсан. Б.Б-тай амьдрах хугацаанд гэр бүлийнх нь зүгээс хашаа байшин авч өгч байсан, миний бие өөрийн дансанд тодорхой хэмжээний мөнгөтэй, гэр орондоо эд хогшил авч байсан. Б.Б-ын аавын машиныг тодорхой хэмжээний мөнгө төлж авч байсан боловч тухайн машиныг Б.Б-ын гэрийнхэн авч хэрэглэж байгаад улмаар зарж борлуулчихаад өөрсдөө өөр машин худалдан авч байсан бөгөөд надад машин борлуулсан мөнгөнөөс өгч байгаагүй. Б.Б нь хүүхэд өвдөж, эмнэлгээр явж байхад үл тоодог байсан. Иймд бид хоёрын дунд үл ойлголцол их гардаг байсан бөгөөд тухайн үед Б.Б-н аав нь ирж хүүхдээ дагуулаад явсан, тэр гэр бүлээ гэсэн сэтгэлгүй байсан болохоор дахиж ирээгүй. Хэд хоногийн дараа охин бид хоёрыг хашаа байшингаас нь хөөж, гарахгүй болохоор тог цахилгааныг минь тасдаж, эндээс хурдан зайлахгүй бол байшинтай чинь нурааж ална гэж сүрдүүлж айлгаж байсан.Мөн эцэс сүүлд нь байшингийн цоожийг хүртэл сольсон болохоор охин бид хоёр хувцас болон өөрт хэрэгтэй зүйлээ ч авч чадаагүй. Мөн сүүлд очиход бид нарын амьдарч байсан байшинд хамаатан гэх хүн амьдарч байсан. Хэрэглэж байсан эд хогшил бүгдийн ах дүүс нь хуваан авсан сурагтай байсан. Гэвч миний зүгээс гомдолтой байгаа ч эд хөрөнгийн маргаангүй, харин охин Б.М хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Миний охин Б.М одоогоор Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 2 дугаар ангийн сурагч, спорт цогцолборт гимнастикийн дугуйланд, Moon dance бүжгийн клубт хоёр дахь жилдээ суралцаж байгаа юм. Б.Б  бид хоёр холбоогүй болсон тэр үеэс одоог хүртэл нэг удаа ч охинтойгоо холбогдож, тусалж дэмжиж байгаагүй. Б.Б бид хоёр тусдаа амьдраад зургаан жил гаруй болж тус тусын амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин Б.М-ийг миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү. Мөн хүүхдийн сургалтын төлбөрт 2,640,000 төгрөгийг Б.Б аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Б.Б миний бие нь 2008 онд С.М тэй танилцаж улмаар хамт амьдрах болсон. Бидний дундаас 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр охин Б.М төрсөн. Бид 2011 он хүртэл хамт амьдарч байгаад таарч тохирохгүй улмаас салсан. Одоо гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэмж төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин бүжгийн, гимнастикийн сургалтын төлбөр болох 2,640,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул төлөх боломжгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.М нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн сургалтын төлбөрт 2,640,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан ба хариуцагч Б.Б нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүүхдийн сургалтын төлбөрт 2,640,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Зохигч болох С.М , Б.Б нар 2008 оны 10 дугаар сарын 01-нд гэр бүл болсныг 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1908 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний дундаас 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр охин Б.М  төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 0316474, Г-4455 дугаартай гэрчилгээ, хүүхэд эрүүл бойжиж байгаа нь Оцело сэргэлт өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт,Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов. /хх-4, 5, 7, 11/

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.

 

Зохигчид нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчад хандсан боловч амжилтгүй болж, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр эвлэрүүлэн зуучлагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т тус тус зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Зохигчдын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа ба тэдний хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, 2011 оноос тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд гэрлэгчид гэр бүлийн харилцаагаахадгалах хүсэлгүй байгаа тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох охин Б.М ийг төрсөн эх С.М ийн асрамжид үлдээхээр зохигчид харилцан тохиролцсон, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэснийг хариуцагч зөвшөөрч байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Б.Б аар хүүхдийг тэжээн тэтгүүлэхээршийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь охин Б.М ийн бүжгийн сургалтын 23 сарын төлбөр 1,840,000 төгрөг, гимнастикийн сургалтын 16 сарын төлбөр 800,000 төгрөг, нийт 2,640,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, охиныг төлбөртэй сургалтанд заавал явуулах шаардлага байхгүй, сургалтанд хамруулах талаар өөртэй нь зөвшилцөж шийдвэрлээгүй гэх үндэслэл заан маргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед хариуцагчаас нэмэлт зардал гаргуулахаар заасан бөгөөд охин Б.М ийг бүжгийн болон гимнастикийн сургалтанд хамруулсан нь онцгой нөхцөл байдал үүссэнтэй адилтган үзэх боломжгүй тул нэхэмжлэгчид хуулийн энэ заалтын дагуу шаардлага гаргах эрх үүсээгүй гэж үзнэ. Мөн нэхэмжилсэн сургалтын төлбөр, зардлыг бодитоор төлсөн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул сургалтын төлбөр 2,640,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Охин Б.М ийг төрсөн эхийнх нь асрамжид үлдээснээс үл хамааран хүүхдийн эх С.М  нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-т заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эцэг Б.Б  саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

Зохигчид гэр бүлийн дундын өмчийн эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэжээ. Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар 2017 онд мөрдөгдөх амьжиргааны доод түвшингийн хэмжээг Улаанбаатар хотод нэг сард 185,300 төгрөгөөр тогтоосон тул нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар нэг жил буюу 12 сарын хугацаанд төлөх хэмжээнээс тооцож тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийгудирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан, С.М, Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Б.М-ийг төрсөн эх С.М-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээрзүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан, хариуцагч Б.-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Б.М-ийг 11 насхүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайнбүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан охин Б.М бүжгийн сургалтын 23 сарын төлбөр 1,840,000 төгрөг, гимнастикийн сургалтын 16 сарын төлбөр 800,000 төгрөг, нийт 2,640,000 төгрөгийг хариуцагч Б.Б-аас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, 57,190 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.М-д олгож, хариуцагч Б.Б-аас хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 31,233 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч С.М хариуцагч Б.Б-ыг эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

7. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, د Д.ЦЭРЭНДОЛГОР