| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/1763/Э |
| Дугаар | 1790 |
| Огноо | 2020-10-13 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 1790
2020 10 13 2020/ШЦТ/1790
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга : А.Хосбаяр
улсын яллагч : О.Баярсайхан
шүүгдэгчийн өмгөөлөгч : У.Сайнбилэг
шүүгдэгч: С.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт Шавь нар овогт С.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 07526 1642 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Шавь нар овогт С.А, 1994 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо 46-79б тоотод оршин суудаг хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:ШУ94092508,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч С.А нь 2019 оны 12 дугаар сарын 14-нд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Венус” нэртэй зочид буудлын 8 тоот өрөөнөөс иргэн Б.Пүрэвнямын “Самсунг А8” загварын гар утсыг хулгайлан авч мобайл банкнаас 1.600.000 төгрөгийг өөрийн 5028414528 дугаарын данс руу шилжүүлж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Хохирогч Б.Пүрэвням мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би 2019 оны 12 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчимд нутгийн Усны-Ихтэй хамт Сансарын туннель дээр байдаг нэрийг мэдэхгүй нийтийн караокед орж суусан. Тэндээ нэг хүний 5 шил 0.5 гр нийслэл пиво уусан. Уг караоке дотор ганцаараа сууж байсан Аззаяа гэх эмэгтэйтэй танилцсан мөн караокед ажилладаг Нараа гэх эмэгтэйтэй танилцаад бид 4 караокены хажууд байх бааранд ороод нэг хүний нэг нэг пиво уугаад тэндээсээ гарахад Нараа нь яваад өгсөн. Тэгээд Аззаяа, Усны-Их бид туннелийн шатаар бууж байгаад хажууд нь байх цайны газарт хоолонд ороод гарч ирээд Усны-Их бас алга болчихсон. Аззаяа бид 2 такси бариад КТМС-ын тэнд байдаг Хаан банкны АТМ орж 10.000 төгрөг аваад таксины мөнгө өгөөд бид 2 “Венус” гээд буудал орсон. Тэгээд би тооцоогоо хийгээд уг буудлаас 4 шил пиво аваад 8 тоот өрөөнд орсон. Тэгээд пиво ууж байгаад дуусаад дахиад 2 пиво авах гээд бид 2 цуг гарч ирээд миний хиймэл хөл мултраад унахаар би шатан дээр үлдээд Аззаяа гэх эмэгтэйд утсаа өгч явуулаад утасны ард байсан хаан банкны картыг уншуулаад кодыг би хэргээр буруу 3 удаа хийж блоклоод тэгээд би мобайл банкаар тооцоог нь хийсэн юм. Тэгээд өрөөндөө ороод пиво уугаад би тасарчихсан байсан. Бид 2 ямар нэг бэлгийн харьцаанд ороогүй. Тэгээд өглөө сэрэхэд миний утас байхгүй Аззаяа бас байхгүй байсан. Тэгээд би талбай дээр очоод найзтай уулзаад сим картаа сэргээгээд мобайл банкаа үзэхэд миний данснаас 1.600.000 төгрөг шилжүүлж авсан байна. Миний хаан банкны 5863147934 дугаараас авсан байсан. Мобайл банк учраас шилжүүлсэн дансны дугаар нь харагдахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-18/,
Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би өөрийн төрсөн ах Б.Пүрэвнямд Самсунг А8 маркийн гар утас 350.000 төгрөгөөр зарсан. Өнгийг нь санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 26/
2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт Б.Пүрэвнямын самсунг А8 гар утсыг 350.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ./ хх-н 24-25/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 27-28/,
С.Ад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 12 /, прокурорын тогтоол /хх-н 29-30/,
Яллагдагч С.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 12 дугаар сарын 14-ний орой Сансарын туннелийн тэнд байдаг нэрийг нь мэдэхгүй караокед ганцаараа ганцаараа сууж байтал 2 эрэгтэй, нэг эмэгтэй гаднаас орж ирсэн тэгсэн тэр эмэгтэй нь намайг цуг суучих гэхээр нь би цуг тэр гуравтай хамт суугаад бид 4 дуу дуулаад гарсан. Цуг байсан эмэгтэй нь түрүүлээд гараад явсан тэгэхээр би ширээн дээрээс босоод өөрийн сууж байсан ширээн дээр очсон тэгсэн нэг залуу нь намайг хажууд суучих чи надаас дүү харагдаж байна хамт суугаад юм ярилцъя гэсэн тэгэхээр би ширээн дээр нь очоод хамт суусан. Тэгсэн хөл муутай эрэгтэй нь орой болохоос өмнө хоолонд оръё гэж хэлсэн. Бид гурав хамт гараад Сансарын туннелийн хажуу талд байдаг “Хуушуур хаус” дотор орсон.Тэгсэн хөл муутай хохирогч гэх залуу эндээс хоёулаа гарья энэ хүнийг энд үлдээчихья гэсэн тэгээд бид хоёр хамт гараад “Венус” нэртэй зочид буудалд 2 давхар гараад нэг өрөөнд орсон. Тэгээд 4 ширхэг шилтэй сэнгүр пиво аваад хувааж ууж дууссан тэгсэн буудлын хүнийг дуудаад 8 ширхэг бэлгэвч авъя гэсэн тэгсэн буудлын хүн гарчхаад буцаж орж ирээд тооцоогоо хийчхээд ав гэнээ гэж хэлсэн. Тэгсэн би “CU” дэлгүүр ороод гар утсанд нэгж аваад ирсэн тэгсэн би гар утасны нэгж нь зээлэнд суутгагдсан тул дахиад “CU” явж нэгж аваад хохирогч гэх хөл муутай залууд өгсөн. Би тэр хүний хаан банкны данснаас 1.600.000 төгрөг авсан. Тэр хүний гар утсанд байсан мобайл банкийг ашиглаж авсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 31-32/,
С.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 35/,
С.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 37/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 39 /зэрэг болно.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч С.А нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Венус нэртэй зочид буудлын 8 тоот өрөөнөөс иргэн Б.Пүрэвнямын “самсунг А8” загварын гар тусыг хулгайлан авч мобайл банкнаас 1.600.000 төгрөгийг өөрийн 5028414528 дугаарын данс руу шилжүүлж хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б.Пүрэвнямын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:”...Тэгээд би тооцоогоо хийгээд уг буудлаас 4 шил пиво аваад 8 тоот өрөөнд орсон. Тэгээд пиво ууж байгаад дуусаад дахиад 2 пиво авах гээд бид 2 цуг гарч ирээд миний хиймэл хөл мултраад унахаар би шатан дээр үлдээд Аззаяа гэх эмэгтэйд утсаа өгч явуулаад утасны ард байсан хаан банкны картыг уншуулаад кодыг би хэргээр буруу 3 удаа хийж блоклоод тэгээд би мобайл банкаар тооцоог нь хийсэн юм. Тэгээд өрөөндөө ороод пиво уугаад би тасарчихсан байсан. Бид 2 ямар нэг бэлгийн харьцаанд ороогүй. Тэгээд өглөө сэрэхэд миний утас байхгүй Аззаяа бас байхгүй байсан. Тэгээд би талбай дээр очоод найзтай уулзаад сим картаа сэргээгээд мобайл банкаа үзэхэд миний данснаас 1.600.000 төгрөг шилжүүлж авсан байна. Миний хаан банкны дугаар 5863147934 дугаараас авсан байсан. Мобайл банк учраас шилжүүлсэн дансны дугаар нь харагдахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-18/,
Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ” ... Би өөрийн төрсөн ах Б.Пүрэвнямд Самсунг А8 маркийн гар утас 350.000 төгрөгөөр зарсан. Өнгийг нь санахгүй байна гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,
2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр Б.Пүрэвнямын самсунг А8 гар утсыг нийт 350.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ / хх-н 24-25/,
Яллагдагч С.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би тэр хүний хаан банкны данснаас 1.600.000 төгрөг авсан. Тэр хүний гар утсанд байсан мобайл банкийг ашиглаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Аг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхээс С.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510. 1 дэх хэсэгт зааснаар түүний хулгайлан авсан 1.600.000 төгрөг, гар утасны үнэ болох 350.000 төгрөгийг түүнээс гаргуулж хохирогч Б.Пүрэвнямд олгох нь зүйтэй гэж үзэв.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч С.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв
Шүүгдэгч С.Ад ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож тухайн зүйл хэсэгт заасан ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.А нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нийт 8 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Аг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар С.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Агийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 8 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж энэ хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавьсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510. 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо 46-79б тоотод оршин суудаг, / РД:ШУ94092508 /,С.Агаас 1.950.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ховд аймаг, Эрдэнэбүрэн сум, 4 дүгээр баг, шургат гудамжинд оршин суух хаягтай , РД: ПО88102012, Бургууд овогт Батжаргалын Пүрэвнямд олгосугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН