Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 492

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,                                   

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

Шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан,

Шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.С, Ц.Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909027310204  дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.  

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1952 оны 08 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хотод төрсөн, 68 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,
гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... тоотод оршин суух, 

Сүхбаатарын районы ардын шүүхийн 1983 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 264 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 63 дугаар зүйлийн а-д зааснаар 1 жил, 157 дугаар зүйлд зааснаар 6 cap, 169 дүгээр зүйлийн в-д зааснаар нутаг зааж суулгах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хугацаагаар хорьж, 169 дүгээр зүйлийн в-д заасан нутаг зааж суулгах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 30 дугаар зүйлийг журамлан 157 дугаар зүйлд зааснаар 6 сарын хорих ялыг мөн хуулийн 63 дугаар зүйлийн А-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд багтааж 1 жилийн хорих,

Сүхбаатарын районы ардын шүүхийн 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 248 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял,

Хан-Уул дүүргийн шүүхийн 1995 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн / РД: .../  Б.Х,

 

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Идэр их сургуулийн аялал жуулчлалын 2 дугаар дамжаанд оюутан, ам бүл 3, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... /  ... Э.С,

 

3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн  Даланзадгад суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: / Ц.Т нар нь:

 

- Э.С нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны эцсийн автобусны зүүн талын гудамжинд Ц.Т-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,  

- Ц.Т нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны эцсийн автобусны зүүн талын гудамжинд ах Ц.Түвшинбатыг өмөөрч иргэн Э.С-тэй харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

- Б.Х нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны эцсийн автобусны зүүн талын гудамжинд иргэн Ц.Т, Н.Доржрагчаа, Э.С нарыг хоорондоо зодолдож байхыг хараад болиулах гэж чулуу шидэж, хохирогч Ц.Т-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.Т мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр манай ах гэрт ирээд бид хоёр нэг шил архи, 1.5 литр айраг уусан. Орой болоод ах гэртээ харилаа гээд манайхаас гарсан. Тэгээд хэсэг удаж байгаад манай гэрт орж ирээд “ Намайг автобусны буудал дээр хүмүүс зодоод явуулахгүй байна “ гэсэн. Би ахтайгаа цуг буудал дээр очоод нүцгэн залуутай таараад зодолдсон юм. Тэгээд би “Болъё” гээд зодолдохгүй гээд түлхээд байсан. Ах нөгөө залуутай “Хоёулаа үзье” гээд байсан. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Би Э.Сгийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 38-39, 159-160 /

Хохирогч Э.С мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Ц.Түвшинбат намайг тэврэхээр нь би бас Ц.Түвшинбатыг тэвэрч байтал Ц.Т ирээд намайг зодоод газар унагаасан. Тэгээд би толгой хэсгээ дараад доош тонгойгоод суутал Ц.Т намайг зодохоо больсон. Би өөрөө зүгээр байж байгаад өөрөө зодуулсан болохоор уур хүрээд Ц.Т дээр очоод сууж байхад нь заамдаж аваад гараараа нүүрэн тус газарт буюу нүд рүү нь 3 удаа цохьсон. Тэгээд бид нар салсан. Надад гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хх 151-154, 174-175 /

 

Гэрч Ц.Түвшинбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Тэгээд нэг мэдсэн чинь орой 21 цаг өнгөрч байсан. Би автобус зогсохоос өмнө гэртээ харих гэж гараад Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны эцэст автобусны буудал дээр ирээд автобус хүлээгээд зогсож байтал нэг мак өмссөн махлаг залуу “Чи яасан овоо гар бэ” гээд хэрүүл хийгээд зодох гээд эхэлсэн. Тэд нар олуулаа нийлээд намайг зодох гээд байхаар нь би зугтаасан. Миний араас хөөгөөд гудамж руу орсон. Би дүүгийн гэрт ирсэн. Дүү хамт гаръя би автобусны буудал оруулж өгнө гэсэн. Тэгээд бид хоёр ирээд автобусны буудал дээр байж байтал нөгөө намайг өдөж, зодно гэсэн залуу ирээд, ахиад намайг зодно гээд дайраад дараа нь манай дүү рүү дайраад би чамтай муудалцахгүй гээд түлхсэн. Тэгээд бид хоёр муудалцаад зууралдаад унасан. Дүү салгаад нөгөө залуу түлхээд тэгээд тэнд байсан залуучууд бид хоёрыг зодсон. Дүүгийн толгойноос цус гарч байна гээд гар дээр цусаа тосоод зогсож байсан. Удалгүй  цагдаа нар ирээд бид хоёрыг аваад явсан юм. Намайг цохиогүй би зугтсан гэжээ. / хх 47-48 /

 

Яллагдагч Б.Х мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Автобусны буудлын зүүн талын гудамжны үзүүрт зогсож байгаад “Та нар зодолдохоо больцгоо” гэж хэлээд, газраас чулуу аваад зодоон хийж байсан хүмүүс рүү шидтэл танихгүй эрэгтэй хүний толгойг чулуугаар оносон. Тэгээд эргэж хараад шууд гэр рүүгээ яваад өгсөн. Ц.Тын биед учирсан гавлын баруун зулай ясны ил цөмөрсөн хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтлийг би чулуу шидээд учруулсан гэжээ. / хх 51-53, 165-166 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9162 дугаар дүгнэлтэнд:

1. Ц.Тын биед гавлын баруун зулай ясны ил цөмөрсөн хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т заанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. / хх 70 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10747 дугаар дүгнэлтэнд:

1. Э.Сгийн биед зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид 5% нөлөөлнө гэжээ. / хх 76 /

 

Шинжээч эмч Ч.Эрдэмболор мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...Ц.Тын биед учирсан гавлын баруун зулайн ясны ил цөмөрсөн хугарал тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдаж, баруун нүдний дээд доод зовхинд бус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хх 68 /

 

Шүүгдэгч Э.С-г 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 151-154 /

 

Шүүгдэгч Ц.Т-ыг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 158-160 /

 

Шүүгдэгч Б.Х-ыг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 164-167  /

 

Шүүгдэгч нар урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 85, 104, 116 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд  503.770 төгрөг авсан. Цаашдын эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.

 

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би эд нарын хэн алиныг танихгүй. Зодолдож байхаар нь “ Больцгоо “ гээд чулуу шидсэн. Хохирогчид хохирлыг 503.770 төгрөгийг нөхөн төлсөн гэв. 

 

Шүүгдэгч Э.С нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны эцсийн автобусны зүүн талын гудамжинд Ц.Ттай хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,  

Ц.Т нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны эцсийн автобусны зүүн талын гудамжинд ах Ц.Түвшинбатыг өмөөрч иргэн Э.С-тэй харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Б.Х нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны эцсийн автобусны зүүн талын гудамжинд иргэн Ц.Т, Э.С нарыг хоорондоо зодолдож байхыг хараад болиулах гэж чулуу шидэж, хохирогч Ц.Тын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:  ... “ Намайг автобусны буудал дээр хүмүүс зодоод явуулахгүй байна “ гэхээр нь ахтайгаа цуг буудал дээр очоод нүцгэн залуутай таараад зодолдсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ц.Т-ын мэдүүлэг / хх  38-39, 159-160  /, ... Ц.Т намайг зодохоо болихоор нь уур хүрээд заамдаж аваад гараараа нүүрэн тус газарт буюу нүд рүү нь 3 удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Сгийн мэдүүлэг / хх 151-154, 174-175  /, ... намайг зодно гээд дайраад байсан залуу бид 2 зууралдаад унасан. Дүү салгаад нөгөө залуу түлхээд тэгээд тэнд байсан залуучууд бид хоёрыг зодсон. Дүүгийн толгойноос цус гарч байна гээд гар дээрээ цусаа тосоод зогсож байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч  Ц.Түвшинбатын мэдүүлэг / хх 47-48  /, ... Автобусны буудлын зүүн талын гудамжны үзүүрт зогсож байгаад “Та нар зодолдохоо больцгоо” гэж хэлээд, газраас чулуу аваад зодоон хийж байсан хүмүүс рүү шидтэл танихгүй эрэгтэй хүний толгойг чулуугаар оносон. Тэгээд шууд гэр рүүгээ яваад өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч  Б.Хын мэдүүлэг / хх 51-53, 165-166 /,   ... Ц.Тын биед гавлын баруун зулай ясны ил цөмөрсөн хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9162 дугаар дүгнэлт / хх 70 /,  ... Э.Сгийн биед зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10747 дугаар дүгнэлт / хх 76 /,   ...Ц.Т-ын биед учирсан гавлын баруун зулайн ясны ил цөмөрсөн хугарал тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, баруун нүдний дээд доод зовхинд бус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч эмч Ч.Эрдэмболорын мэдүүлэг / хх 68 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.С, Ц.Т нарыг хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан,  Б.Х-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Э.С, Ц.Т нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, Б.Х нь хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.С, Ц.Т, Б.Х нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Б.Х нь эмчилгээний зардал 503.770 төгрөгийг нөхөн төлсөн тул тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, оролцоо, хувийн байдал зэргийг харгалзаад Э.С, Ц.Т нарт хуульд заасан торгуулийн ялыг ялгамжтай оногдуулж, Б.Ход 2 жил 6 сарын хорих ялыг оногдуулж,  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурьдаж, хохирогч Ц.Т нь цаашдын эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.С, Ц.Т нарын орлого болон эрүүл мэндийн байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.С, Ц.Т нарыг хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан,  Б.Х-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-г 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох, Ц.Т-ыг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Х-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, Б.Х, Э.С, Ц.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч Ц.Т нь цаашдын эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.С, Ц.Т нарт оногдуулсан торгуулийн ялыг тус бүр 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.С, Ц.Т нар нь шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Б.Хыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,  Э.С, Ц.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Х-д авсан цагдан хорих, Э.С, Ц.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ