Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 07

 

С.О-д холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн, Прокурор Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Б.*******ийн эсэргүүцлээр С.О-ад холбогдох 1724000270003 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Тэлмэн сумын ******* багт оршин суух, Завхан аймгийн сум дундын шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн Сын О-,  /Регистрийн дугаар: ИН-********/

Шүүгдэгч С.О- нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт С-ын О-ад холбогдох эрүүгийн 1724000270003 дугаартай хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Проркурорын газарт буцааж, шүүгчийн захирамжийг прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт танилцуулж, хэргийн материалын хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Проркурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.*******ад даалгаж, энэ хэрэгт холбогдуулан шүүгдэгч С.О-ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн  авсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.******* давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

Тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаартай захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Тус прокурорын газраас яллагдагч С.О-ад холбогдох эрүүгийн 1724000270003 дугаартай эрүүгийн хэрийг шүүгч хүлээн авч 2017 оны12 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зарласан. Анхан шатны шүүх хураладаанаар шүүгдэгч С.О-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоож, гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэх ёстой байтал, шүүх шүүгдэгч С.О-, түүний өмгөөлөгч М.*******аа нарын гаргасан “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай” хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн.

2. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт..., дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж зохицуулсан байхад шүүгдэгч С.О-ыг өөр эрүүгийн хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж дүгнэсэн нь дээрх зүйл, хэсгийг зөрчсөн.

3. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт... дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж зохицуулсан байхад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл: шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр “шүүгдэгч С.О-ад оногдуулах ялыг нэмж, нэгтгэх асуудлыг хэлэлцэж, шүүгчийн захирамжид “шүүгдэгч С.О-ад шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд хэргийг нэгтгэх боломжгүй” гэж буцаасан  байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэснийг ноцтой зөрчиж байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан. Гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсаны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулж болохоор байна. ...Энэ нь тухайн шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй юм.

5. Шүүхийн тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсаны дараа илэрсэн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, хэрхэх асуудлыг дээрх зүйл хэсэгт зохицуулаагүй гэсэн нь Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино”, мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна...

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх хэсэгт “мөрдөн шалгах ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг”  гэж тодорхойлсон байхад шүүгчийн захирамж “шүүгдэгч С.О-ад оногдуулах ял нэгтгэх боломжгүй, хуулийн зохицуулалт байхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, мөрдөн шалгах ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа нь тодорхойгүй байна.

7. Шүүгчийн захирамжийн тодорхойлох нь хэсгийн “Шүүгдэгч С.О-, түүний өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хүсэлтдээ: шүүгдэгч С.О- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон ...” гэж хуульд байхгүй зүйл, хэсгээр бичсэнийг дурдах нь зүйтэй байна.

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйл, мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын явцад нэгтгэх, тусгаарлах нь зөвхөн прокурорын эрх хэмжээний асуудал байдаг. Хэрвээ олон гэмт хэрэг үйлдсэн бол түүнийг тусгаарлах нь шүүхийн эрх хэмжээний асуудал өөрөөр хэлбэл: шүүгч өөрт хамааралгүй зүйлээр захирамж гаргасан. Үүнийг Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.О- нь 2017 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө ганцаараа Завхан аймгийн Тэлмэн сумын *******ий багийн хойд хэсгийн ******* тоотод оршин суух иргэн С.*******ийн эзэмшлийн байшинд нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, биет 50.000 төгрөг хулгайлж нийт 1.035.000 төгрөгний хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчар татаж 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 5/35 тоот яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх С.О-ад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг шүүгчийн захирамжаар прокурорт буцаажээ.

Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг авч үзвэл ...шүүгдэгч С.О- нь дээрх Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан иргэн С.*******ийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсанаас гадна, тухайн өдөр иргэн Х.Нямхүү, О.Энхболд, Баярбат гэх мэт айлуудын хашаа байшинд хууль бусаар нэвтэрч хулгай хийсэн байж болзошгүй байдал нь түүний мэдүүлгийг газар дээр  нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургаар тогтоогдсон байна.

Мөн тухайн хулгайн үйлдлүүдийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ба хэргийг нэгтгэсэн, тусгаарласан зүйл байхгүй байна.

Түүнчлэн мөрдөгч, прокурор, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасаны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтооно гэсэн хуулийн чиг үүргээ биелүүлээгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно... гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд 2 шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд шүүгдэгчийн хувийн байдал дордож болзошгүй байх тул хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэх шаардлагатай байна.

Учир нь: Гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсаны дараа тогтоогдвол түүнд 2 шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан бол, 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалт байхгүй юм.

Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд ... Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг ...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно... гэж зохицуулсан байна.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд 2 шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн, жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилсанаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсаны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх хуулийн зүйл, хэсэгт зохицуулаагүй байна.

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн этгээдийн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн, мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байна.

Тухайлбал: Тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн ирж байгаа хэргийн шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдал нь дордох юм. Иймд энэ талаар гаргасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан учир захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Магадлалд шүүгчийн захирамжийн тодорхойлох нь хэсгийн ... Шүүгдэгч С.О- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон гэж хуульд байхгүй зүйл, хэсгээр бичсэнийг ...Шүүгдэгч С.О- нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон гэж зөвтгөн тэмдэглэж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.*******ийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч С.О-ад ямар нэгэн таслан сэргийлах арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ