Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 00081

 

 

 

 

 

 

 

 

                               Т.Өлзийхишигийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 260 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.Өлзийхишигийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Соёлмаад холбогдох

“890.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч М.Соёлмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Өлзийхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Өлзийхишиг би зээлдэгч М.Соёлмаад 2015-09-28 ны өдөр 500.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, сар бүр хүүгээ төлөхөөр 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ хийж, мөнгө зээлдүүлсэн юм. М.Соёлмаа нь өнөөдрийг хүртэл мөнгөө төлөхгүй байгаа тул зээлдэгч Т Өлзийхишигийг хохироосоор байна. Зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл 500.000 төгрөг, хүү 360.000 \нэг сард 30.000 төгрөг х 12 сар= 360.000Т\ нийт 860.000 төгрөг төлөх тооцоо гарсан. Зээл, хүүг төлүүлэхээр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч М.Соёлмаа нь “...маргаанаа шүүхээр шийдүүлнэ..." гэсэн учраас эвлэрүүлэх ажиллагааг дуусгавар болгож, тус шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа М.Соёлмаагаас төлөх зээл, хүүгийн хамт 860.000 төгрөг,эвлэрүүлэн зуучлалын хөлс 30000 төгрөг, нийт 890.000Т\найман зуун ерөн мянган\ төгрөг гаргуулж, зээлдүүлэгч Т.Өлзийхишигийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Соёлмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т.Өлзийхишигээс 500.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Үүнээс 60.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл мөнгийг өгөөгүй байгаа. Уг мөнгийг авахдаа хүү тохирч байгаагүй. Гэтэл хүү тохирсон гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 440000 төгрөгийг төлнө. Бид эвлэрүүлэн зуучлах төвд хандсан. Гэвч тохиролцоогүй хүүг нэхэмжилж байсан тул бид эвлэрээгүй болно. Тиймээс 890.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 260 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 222 дугаар зүйлийн 222.4-д заасныг баримтлан М.Соёлмаагаас 890 000 төгрөг гаргуулан Т.Өлзийхишигт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 25.500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас 25 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Соёлмаа давж заалдсан гомдолдоо: Би 500.000 төгрөгний зээлийг иргэн Өлзийхишигээс авсан бөгөөд түүнтэй ямар нэгэн гэрээ тухайн үед байгуулаагүй .Гэтэл байгуулсан гэж хүү тооцсон гэрээ гаргаж ирж намайг буруутгаж их хэмжээний өр төлбөр гаргуулсанд гомдолтой 500.000 төгрөгийг анх өгөхдөө хүү тохиролцоогүй бөгөөд мөнгө хэрэг болоод байна гэхэд надад бэлнээр зээлүүлж байсан билээ.Гэтэл одоо сарын хүүтэй мөнгө зээлүүлсэн мэт гэрээ хийсэн гэж мөнгө гаргуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул гомдолтой байна. Бидний хооронд хийсэн гзх гар бичмэл бүхий нотлох баримтыг шүүх үнэлсэн атлаа миний төлсөн гэх 60000 төгрөгийг хасч тооцсонд гомдолтой байна. Хүн авсан өгснөө шударга л шийдвэрлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Би түүнээс мөнгө авснаа шударгаар хэлж байхад надаас авсан 60.000 төгрөгөө аваагүй гэж шийдвэрлүүлж байгааг нь харахад үнэхээр хэлэх үг олдохгүй байна. 60.000 төгрөг төлснийг үгүйсгэх ямар шалтгаан байгаа гэж ингэж надад хандаж байна. Надаас 60.000 төгрөг илүү авлаа гээд яах ч юм билээ дээ. Хэргийг шударга шийдвэрлээгүй гэж үзэж байх тул хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Т.Өлзийхишигийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Соёлмаад холбогдох зээлийн төлбөр 890.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, зээлийн төлбөрийг буруу тооцсон байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн зээл 500.000 төгрөг, зээлийн хүү 360.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30.000 бүгд 890.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч зээлийн гэрээ байгуулаагүй тул зээлийн хүү тооцож төлөхгүй 60000 төгрөг төлсөн үлдэгдэл 440.000 төгрөг төлнө гэсэн үндэслэлээр маргажээ.

Хэрэгт авагсдан нотлох баримтаас үзэхэд хариуцагч М.Соёлмаа нэхэмжлэгчээс 500.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлж авсан болох нь тогтоогдсон ба шүүх нотлох чиг үүргийг хариуцагчид хүлээлгэж улмаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасантай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан “Мөнгө зээлсэн гэрээ”-нд зээлийн дүн, хүү, хугацааны талаар тодорхой зааж бичигдсэн байх тул шүүх уг гэрээг нотлох баримтанд үнэлж хариуцагчаас үндсэн зээл 500.000 төгрөг, зээлийн хүү 360.000 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хэдийгээр хариуцагч М.Соёлмаа анх мөнгө зээлэхдээ хүү тохиролцоогүй гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан “Мөнгө зээлсэн гэрээ”-ний баримтанд хариуцагч  гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу ......эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар“ гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба нэхэмжлэгч нь зээлийн хүү шаардах эрхтэй юм.

Харин шүүх нэхэмжлэгчийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахдаа хуульд заасны дагуу тушаасан тэмдэгтийн хураамжийг зээлийн төлбөрт тооцож хариуцагчаас 30.000 төгрөг гаргуулсан нь буруу байна.

Учир нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсон тохиолдолд нь Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 30.000 төгрөг дээр нэмж тооцож тэмдэгтийн хураамж төлөх ёстой байтал нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгээр тооцож 25.910 төгрөг нийт 55.910 төгрөг тушаасан нь хэрэгт авагдсан тэмдэгтийн хураамж төлсөн баримтаар тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж хариуцагч М.Соёлмаагаас зээл 500.000 төгрөг, зээлийн хүү 360.000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 30.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 260 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д зааснаар М.Соёлмаагаас 860.000 төгрөг гаргуулан Т.Өлзийхишигт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 2 дугаар заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 55.910 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Соёлмаагаас 25.190 төгрөг, төрийн сангаас 30.000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч М.Соёлмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.500 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТТӨР

 

                                               ШҮҮГЧИД                               М.ХҮРЭЛБААТАР

                                                                                       Б.ОЮУНЦЭЦЭГ