| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/1794/Э |
| Дугаар | 1821 |
| Огноо | 2020-10-20 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 1821
2020 10 20 2020/ШЦТ/1821
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
Нарийн бичгийн дарга: А.Хосбаяр
Улсын яллагч: Б.Оюунцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Мандал
шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Дамдинсүрэнгийн Баянжаргалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2364 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д.Б, 1991 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг Дарь-Эхийн 1 дүгээр гудамжны 169 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, РД:ТЛ91032800.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар /
Яллагдагч Д.Б нь 2020 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг Дарь-Эхийн 1 дүгээр гудамж, 169 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хадам дүү П.Оюунцэцэгийн эрх чөлөөнд халдаж зүүн нүдний дээд, доод зовхи, уруулын дээд хэсэг, баруун өвдөгний цус хуралт, дух, зүүн хацрын зулгаралт үүсгэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч Оюунцэцэг нь байнга архи уудаг намайг янхан банзал гээд дуудаад байдаг. Би өөрөөсөө 20 насаар ах хүнтэй суусан. Тэгээд хүүгээ гаргаад байж байхад миний ахын хүүхэд биш гэдэг. Тэр өдөр бас янхан банзал гэж дуудаад байсан. Тэгээд бид хоёр барьцалдаж би түлхэж унагааж хоёр удаа өшиглөсөн нэг удаа шанаадаж унагаасан. Тийм зүйл бол болсон. Манай нөхрийг бас хадам ээжтэйгээ явдаг гэж хардаад байдаг сэтгэл санааны доголдолтой хүн юм. Оюунцэцэг бол согтуу би эрүүл байсан. Би архи уудаггүй. Тухайн хэрэг болоход 9 цагаас 10 цагийн үед болсон. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч П.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 1-169 тоот хаягт манай төрсөн ах Энхболд түүний хадам ээж болон манайх гээд уг хашаанд 3 айл байдаг. 2020 оны 8 дугаар сарын 24-ний орой хүнтэй уулзчихаад гэртээ 20 цагийн орчимд ирэхэд ах Энхболдын эхнэр нь Баянжаргал намайг нэгэн шалтгаангүйгээр өдөөд хэл амаар доромжлоод байхаар нь би түүнтэй хэрэлдэж бас хэлээр доромжилсон тэгтэл Баянжаргал миний зүүн талын нүд рүү хэд хэдэн удаа гараараа цохиод намайг түлхэж унагаагаад миний баруун талын бөөр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би босоод гэр рүүгээ гүйж ороод нүүрээ дарахад миний зүүн талын нүд тэр чигээрээ хавдаад зүүн талын нүднээс цус гарсан.Тэгтэл манай хажуу талын айлын хүүхдүүд намайг зодуулж байсныг мэдээд манай үеэл Энхтуяаг дуудсан. Тэгтэл Энхтуяа ирээд цагдаа болон 103 дуудсан. 103 ирээд миний нүдийг цэвэрлээд намайг авч яваад эмчилгээ хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-10/,
Гэрч Ж.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2020 оны 08 дугаар сарын 24-ний орой гэртээ 2 хүүхэдтэй 21 цагийн үед гэртээ байж байхад манай 2 хүүхэд Оюунцэцэг эгчийг Баянжаргал эгч зодоод байна гэхээр нь би гараад харахад Баянжаргал нь Оюунцэцэгийн аль хэдийн зодчихоод гадаа хашгираад байхаар нь юу болсон чи яагаад Оюунааг зодоод байгаа юм вэ? гэхэд яадаг юм вэ? гэхээр нь цагдаа дуудлаа шүү гээд цагдаад дуудлага өгсөн. 103 ирж үзээд шарханд нь цэвэрлэгээ хийгээд авч явсан. Тэгж зодсоноос хойш хэд хэдэн удаа доромжилж гэрийн бүрээсийг нь хүртэл урсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-13/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 16-17/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 9925 дугаартай шинжээчийн дүгнэлтээр
1.П.Оюунцэцэгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, уруулын дээд хэсэг, баруун өвдөгний цус хуралт, дух, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.4.6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
7. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
8. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
9. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэж тогтоогджээ. /хх-н 20-21/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 22-23/, Д.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 51/, Д.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 61/, прокурорын тогтоол /хх-н 37-38/, Д.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 45-46/ ,
Яллагдагч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ... Би 2020 оны 08 дугаар сарын 24-ний 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дарь-Эхийн 1-169 тоотод байрлах гэртээ байхад манай дүү Даваадорж нь нойл орох гээд хашаан дотроо явж байхад нь манай нөхрийн дүү болох Оюунцэцэг гэх эмэгтэй нь чи одоо нойл орлоо юу муу янханы дүү гэж элдэв янзаар хэлэхээр нь би гэр дотроос сонсоод гэрээсээ гараад ирэхэд Оюунцэцэг нь намайг элдэв янзаар хэлж харааж зүхэж доромжлоод байхаар нь би очоод Оюунцэцэгийг зүүн гар талын мөрөн дээрээс нь би өөрийн баруун гараараа бариад татсан чинь Оюунцэцэг нь газар унаад өгсөн. Оюунцэцэгийг би газар унасан байхад нь зүүн хөлөөрөө Оюунцэцэгийн нүүрэн хэсгийн зүүн шанаа хэсэгт нь нэг удаа өшиглөсөн тэгээд маргалдаад байж байхад манай нөхөр Энхболд гэрээс гарч ирээд намайг салгаад гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дүү аваад орсон. Тэгээд Оюунцэцэгийн хамаатан болох Энхтуяа гэх эмэгтэй цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний орой Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг Дарь-Эхийн 1 дүгээр гудамж, 169 тоот хашаан дотор Оюунцэцэгийг өөрийнх дүүг чи одоо нойл орлоо юу, муу янханы дүү гэж элдэв янзаар хэлж байхыг сонсоод гэрээсээ гараад ирэхэд нь Оюунцэцэг Д.Б руу хандаж элдэв янзаар хэлж харааж зүхэж доромжлохоор нь түүнийг татаж унаган зүүн хөлөөрөө нүүрэн хэсгийн зүүн шанаа хэсэгт нь нэг удаа өшиглөсний улмаас түүний зүүн нүдний дээд, доод зовхи, уруулын дээд хэсэг, баруун өвдөгний цус хуралт, дух, зүүн хацрын зулгаралт үүсгэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэгээд бид хоёр барьцалдаж би түлхэж унагааж хоёр удаа өшиглөсөн нэг удаа шанаадаж унагаасан. Тийм зүйл бол болсон. Манай нөхрийг бас хадам ээжтэйгээ явдаг гэж хардаад байдаг сэтгэл санааны доголдолтой хүн юм. Оюунцэцэг бол согтуу би эрүүл байсан. Би архи уудаггүй. Тухайн хэрэг болоход 9 цагаас 10 цагийн үед болсон. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг.
Хохирогч П.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... ах Энхболдын эхнэр нь Баянжаргал намайг нэгэн шалтгаангүйгээр өдөөд хэл амаар доромжлоод байхаар нь би түүнтэй хэрэлдэж бас хэлээр доромжилсон тэгтэл Баянжаргал миний зүүн талын нүд рүү хэд хэдэн удаа гараараа цохиод намайг түлхэж унагаагаад миний баруун талын бөөр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би босоод гэр рүүгээ гүйж ороод нүүрээ дарахад миний зүүн талын нүд тэр чигээрээ хавдаад зүүн талын нүднээс цус гарсан. Миний нүд тэр чигээрээ хавдаад зүүн талын нүднээс цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-10/,
Гэрч Ж.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... манай 2 хүүхэд Оюунцэцэг эгчийг Баянжаргал эгч зодоод байна гэхээр нь би гараад харахад Баянжаргал нь Оюунцэцэгийн аль хэдийн зодчихоод гадаа хашгираад байхаар нь юу болсон чи яагаад Оюунааг зодоод байгаа юм вэ? Гэхэд яадаг юм вэ? гэхээр нь цагдаа дуудлаа шүү гээд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-13/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 9925 дугаартай шинжээчийн дүгнэлтээр П.Оюунцэцэгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, уруулын дээд хэсэг, баруун өвдөгний цус хуралт, дух, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэж тогтоогджээ. /хх-н 20-21/,
Яллагдагч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Оюунцэцэг нь намайг элдэв янзаар хэлж харааж зүхэж доромжлоод байхаар нь би Оюунцэцэгийг очоод зүүн гар талын мөрөн дээрээс нь би өөрийн баруун гараараа бариад татсан чинь Оюунцэцэг нь газар унаад өгсөн. Оюунцэцэгийг би газар унасан байхад нь зүүн хөлөөрөө Оюунцэцэгийн нүүрэн хэсгийн зүүн шанаа хэсэгт нь нэг удаа өшиглөсөн тэгээд маргалдаад байж байхад манай нөхөр Энхболд гэрээс гарч ирээд намайг салгаад гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дүү аваад орсон...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Бын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч П.Оюунцэцэгт хохиролд 150.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны үед төлсөн ба хохирогч эмчилгээний болон бусад зардалтай холбоотой баримтаа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй тул Д,Баянжаргалыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ
Шүүхээс шүүгдэгч Д.Бын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Бд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хохирогчийн хууль бус үйлдэл, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Д.Б нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсыг яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах, гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэй.
8. Давж заалдах, гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН