Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 690

 

 

 

 

 

 

 

   2020         10           20                                       2020/ШЦТ/690

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч П.Энхболд /томилолтоор/,

хохирогч А.М-,   

шүүгдэгч О.З-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

О.З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2010000000769 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар саррын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .....

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч О.З- нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны шөнийн 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нисэхийн 62 дугаар байрны урд сааданд иргэн А.М-ы нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь “...зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий...” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.З- мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.М- мэдүүлэхдээ:

“...2020 оны 07 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 12 цагийн орчим би гэрлүү орох гээд эхнэр хүүхэдтэйгээ явж байтал манай найз, О.З- хоёр сааданд байсан. Би сааданд очоод найзыгаа аваад явах гэтэл О.З- намайг цохисон. Миний хамраас цус гойжоод доошоо суусан. Дараа нь би цагдаа дуудна гэсэн чинь О.З-гийн ах нь намайг ална гээд араас хөөсөн. Би зугтаад гэрлүүгээ явах замдаа утас, цаг хоёроо хаясан. Тэгээд гэртээд орчоод буцаж гараад Хан-Уул дүүргийн цагдаад ирж хэлсэн. Миний нүдний ухархайд цөмрөлттэй байгаа. Эмч дахин үзүүлээрэй гэж хэлсэн. Тэр зардлыг нэхэмжилнэ” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2010000000769 дугаартай хэргээс:

  1. Хохирогч А.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 07 дугаар сарын 15-ны 22 цаг өнгөрч байхад найз А.З- залгаад хүрээд ирээч гэж дуудсан. Би түүний байгаа газарт хамт ажилладаг Дөлгөөний хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 62 дугаар байрны саадан дээр очиход зүс таних Н-, Зориг болон танихгүй 3-4 залуучууд манай найз З-г дээрэлхэх маягтай байж байсан. Би З-г явъя гэтэл Зориг түүнийг сугадаад аваад явсан. Тухайн үед тэд нар бүгдээрээ согтуу байсан. Би З-, Зориг хоёрын хажууд явж байтал Зориг миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Би хамраа бариад доошоо суусан. Тэгтэл Н- З-г цохисон, би Дөлгөөний хамт зугтаасан чинь Н- араас хөөгөөд байсан. Би зугтаж байхдаа шортны халаасанд байсан бугуйн цаг, “Самсунг С-6” загварын гар утсаа гээсэн байсан. Дөлгөөний гар утсаар цагдаа дуудсан. Цагдаа ирсний дараа би цагдаад нөгөө хэдийг зааж өгч бариулсан. Ийм л үйл явдал болсон. ...О.З- миний хамар руу гараараа нэг удаа цохьсон, өөрөө намайг зодож цохиогүй. ...О.З- миний эмчилгээнд гарсан 300,000 төгрөгийг төлсөн. Би түүнээс ажилдаа яваагүй цалин 200,000 төгрөг, цаашид эмчилгээ хийлгэх зардлыг төлүүлмээр байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

2. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагаанд “.. нэр М-, “таньдаг хүмүүст зодуулчихлаа..” гэх дуудлага бүртгэгдсэн тухай /хх-ийн 2 дугаар хуудас/,

 

3. 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

 

4. Гэрч А.Д-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Тухайн өдөр би хамт ажилладаг М-ы гэрт хонох гээд байж байтал 2020 оны 06 дугаар сарын 15-16-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрч байхад М-ы утас дугарч хүнтэй яриад байсан. Тэгсэнээ хоёулаа ийшээ яваад З-г аваад ирье гээд “Танил” гээд дэлгүүрийн урдхан очсон. Тэгтэл саравчин дотор зүс таних З- нь халамцуу байсан. Мөн зүс үл таних 7-8 эрэгтэй хүн, 1 эмэгтэй хүн байсан. М- тэд нар дээр очоод мэнд мэдээд З-г саравчнаас аваад гарч явтал нэг залуу нь шууд М-ы нүүр рүү гараараа 1 удаа цохисон. М-ы хамарнаас цус гарч эхэлсэн. Харин тэнд байсан хүмүүс явсан. Энэ үед би утасгүй байсан бөгөөд тэр газар байсан “Ланд-200” маркийн машинтай хүний утсаар цагдаа дуудсан. Тэгээд байж байтал Н- гэх ах нь 2-3 залуугийн хамт автобусны буудал дээр зогсож байсан. М- Н-д хандаж танай дүү чинь миний хамрыг цохиод далийлгачихлаа гэж хэлтэл Н- гомдолтой байгаа юм уу, цагдаагаа дууд, одоо чамайг нэг мөсөн гүйцээчихье гээд хөөхөөр нь М- бид хоёр зугтаасан. Н- гүйцэхээ болиод араас хөөхөө больсон. Ингээд байж байтал цагдаа ирсэн. ... О.З- гэгч нь М-ы хамар руу гараараа нэг удаа л цохьсон, өөр хэн нэгэн хүн цохиж зодоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

5. Насанд хүрээгүй гэрч А.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Тухайн өдрийн 20 цаг өнгөрч байхад хамт ажилладаг Т-, Ганболд нарын хамт 2,5 литрийн 1 пиво хувааж уусан. Ингээд би бусад хүмүүсийн хамт заал авч 2 цаг тоглосон. Заалнаас гарч иртэл найз М- залгаж тамхи байна уу гэхээр нь байна гээд бид хоёр Нисэхийн 62 дугаар байрны ойролцоо уулзахаар болсон. М- болон түүнтэй хамт явсан танихгүй өндөр залуугийн хамт гурвуулаа уулзаад байж байтал саадан дотроос зүс таних Н- ах М-ыг дуудсан. М- очсон бөгөөд О.З- нь М-тай хамт цаашаа явж байснаа нүүр рүү нь 1 удаа цохисон. М- нүүрээ дараад доошоо суусан бөгөөд намайг нэг нь дуудаад байхаар нь ганцаараа зугтаасан. Мөн М- хамт ирсэн өндөр залуу ч гэсэн зугтааж байсан. Би шууд гэртээ харьсан. Маргааш нь М-тай холбогдоход цагдаа дуудаад өгчихсөн, миний хамар хугарчихсан гэж байсан. ...О.З- нь М-ы нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

            6. Гэрч П.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Тухайн өдрийн орой 23 цаг өнгөрч байхад би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн орон сууцны автобусны буудлын ойролцоох “Өгөөмөр” дэлгүүрийн зүүн талын саадан дээр найз О.З-, хуурай ах Н-дагва, таньдаг ах Ганаа, Ганаа ахын найз бүсгүйн хамт бүгдээрээ 2,5 литрийн пиво 4-5 ширхэгийг уусан. Тэгээд байж байтал зүс таних М-, З- нар нь танихгүй 2 залуугийн хамт ирсэн. З- бид нарын нүүр рүү гэрэл тусгаад нэр нэрээр нь дуудаад байсан бөгөөд Н- ах З- дээр очоод болио гэрлээ унтраа гэтэл хөөе наад гараа яагаад байгаа юм бэ гээд байсан. Н- ах, З-той юм яриад саадны хажууд бид нараас жаахан зайтай байсан. О.З- М-ыг наадахаа аваад яваач гээд гараараа М- руу савж цохисон. М-ы хамраас цус гараад доош суугаад манийгаа яаж байгаа юм бэ, би яагаач үгүй биз дээ гэтэл О.З- намайг уучлаарай гээд тэр 2 гар гараа барилцсан. Ингээд М-, З- нар нь танихгүй 2 залуугийн хамт явсан. Харин бид нар саадан дээрээ хэсэг сууж байгаад харих гээд явж байтал М- цагдаа нарын хамт ирээд бид нар бүгдээрээ цагдаа дээр ирсэн. ...О.З- л М-ы нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

            7. Гэрч Т.Г- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Тухайн өдрийн оройн 23 цагийн үед би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн орон сууцны автобусны буудлын ойролцоох “Өгөөмөр” нэртэй караокены зүүн талын сааданд найз бүсгүй Солонго, хуурай дүү О.З-, түүний найз Сугардорж, хуурай ах Н-дагва нарын хамт 2,5 литрийн пиво 2 ширхэгийг уусан. Тэгээд байж байтал найз Жавхлангийн дүү З- ганцаараа согтуу ирчихээд бид нар руу асаагуурын гэрэл тусгаад хараад байсан. Гэрлээ тусгахаа болиоч гэхэд хэгжүүрхсэн маягтай байсан. Тэгтэл О.З- З-г цаашлуулах гэтэл хажуунаас нь М- ирээд би аваад явчихъя гэтэл О.З- түүнийг цаашаа бай гээд мангастсан. Тэгтэл М-, З- 2 яваад 10 гаруй минутын дараа М-, З- 2 буцаж ирсэн. М-ы хамарнаас цус гарсан байсан. М- О.З-д хандаж миний хамар далийчихсан байна шүү дээ гэхэд О.З- учраа олъё гээд цааш нь дагуулаад явсан. О.З- нь буцаж ирэхдээ за за учраа олчихлоо, гайгүй юм шиг байна, маргааш уулзахаар боллоо гэж хэлсэн. Бид нар хэсэг сууж байгаад тарсан. ...О.З- л М-ы нүүр рүү гараараа нэг удаа мангастсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

            7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8193 дугаартай дүгнэлтэд:

            -А.М-ы биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

            -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт /хх-ийн 35-37 дугаар хуудас/

 

8. Шүүгдэгч О.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Тухайн өдрийн орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн байрны автобусны буудлын ойролцоо Өгөөмөрийн хажууд байх саадан дотор хуурай ах Н-, Ганаа ах, Ээгий ах, найз Сугардорж нарын хамт 2,5 литрийн пиво 4 ширхэгийг уусан. Тэгээд сууж байтал зүс таних М-, З- нар нь танихгүй 3 залуугийн хамт ирсэн. З-  согтуу байсан. Бид нарын нүүр рүү асаагуурын гэрэл тусгаад байсан. Тэгтэл Н- ах З-г одоо ахын дүү яваа гэтэл та нар хэзээ ийм болчихсон юм бэ гээд байсан. Н- ах З-той юм ярьж байтал М- Н- ахыг та одоо яагаад байгаа юм бэ гээд гарыг нь түлхээд байсан. Тэгэхээр нь би М-ыг чи одоо зайлаач дээ гээд гараараа нүүр рүү нь алгадсан чинь  М- нь хамраа бариад газар суугаад футволкоороо хамраа дараад цус гараад байна гээд байсан. Тэгээд М- бид 2 учраа ололцож гар бариад салцгаасан. Би Сугардорж, Н- нарын хамт саадан дотор хэсэг сууж байгаад явж байтал М- цагдаа нартай 1 танихгүй залуугийн хамт ирээд бүгдээрээ цагдаа руу явсан. ...Миний хувьд халамцуу байсан... ...би түүний нүүр рүү нь гараараа нэг удаа алгадсан... би дүгнэлттэй танилцсан.Түүний биед учирсан гэмтлийг би түүний нүүр рүү нь гараараа нэг удаа алгадаж учруулсан. Би М-ыг Н- ах руу дайраад байна гэж бодоод л нэг удаа алгадчихсан юм. ...би түүний зураг авахуулсан, хамраа янзлуулсан, эм авсан төлбөр болох 350,000 төгрөгийг өөрөө дагаж явж төлсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

 

9. Мөнгөн шилжүүлэг 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдөр Э.Оюунзулаас 200,000 төгрөгийг А.М-д шилжүүлсэн талаарх баримт /хх-ийн 51 дүгээр хуудас/,

 

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47-48 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч О.З- нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нисэхийн 62 дугаар байрны урд сааданд иргэн А.М-ы нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь “...зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий...” хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Хохирогч А.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би З-, Зориг хоёрын хажууд явж байтал Зориг миний хамар руу гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт дуудлага бүртгэгдсэн лавлагаа /хх-ийн 2 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар хуудас/

-Гэрч А.Д-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М- тэд нар дээр очоод мэнд мэдээд З-г саравчнаас аваад гарч явтал нэг залуу нь шууд М-ы нүүр рүү гараараа 1 удаа цохисон. ... О.З- гэгч нь М-ы хамар руу гараараа нэг удаа л цохьсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

-Насанд хүрээгүй гэрч А.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О.З- нь М-тай хамт цаашаа явж байснаа нүүр рүү нь 1 удаа цохисон. ...Маргааш нь М-тай холбогдоход цагдаа дуудаад өгчихсөн, миний хамар хугарчихсан гэж байсан... ...О.З- нь М-ы нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч П.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О.З- л М-ы нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

-Гэрч Т.Г- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О.З- л М-ы нүүр рүү гараараа нэг удаа мангастсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8193 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-37 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би М-ыг чи одоо зайлаач дээ гээд гараараа нүүр рүү нь алгадсан чинь  М- нь хамраа бариад газар суугаад футволкоороо хамраа дараад цус гараад байна гээд байсан. ...Миний хувьд халамцуу байсан... ...би түүний нүүр рүү нь гараараа нэг удаа алгадсан... би дүгнэлттэй танилцсан. Түүний биед учирсан гэмтлийг би түүний нүүр рүү нь гараараа нэг удаа алгадаж учруулсан. ...би түүний зураг авахуулсан болон хамраа янзлуулсан, эм авсан төлбөр болох 350,000 төгрөгийг өөрөө дагаж явж төлсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч О.З- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.М-тай маргалдан эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.З-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролын тухай:

Тус хэргийн улмаас хохирогч А.М-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч нь баримтаар нэхэмжилсэн хохирол байхгүй, шүүгдэгч нь 510,000 төгрөгийг хохирогчийн эмчилгээний зардалд төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч О.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах”,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “улсын яллагчийн дүгнэлтэд дурдсан торгох ялын хэмжээг багасгаж 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү “гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.     

Шүүгдэгч О.З- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дах заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч О.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан, нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.

 

Мөн шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч О.З-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.З-оог “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.З-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.З- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч О.З-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.З-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.М- нь энэ хэргийн улмаас учирсан цаашид гарах хор уршигийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл энэ хуулйн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ДОРЖСҮРЭН