Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 595

 

 

 

 

   

 

 

   

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,  

улсын яллагч С.Оюунжаргал,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ц,     

шүүгдэч Ш.Б, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б  овогт Ш-ын Б-дхолбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003003040272 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ..... оны .....дүгээр сарын .......-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, ......настай, .........., бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Нарантуул зах дээр оёдолчин  хийдэг, ам бүл ........ хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ......... хороо, ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй Б  овогт Ш  Б  /РД:................../  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Бармаш” ХХК-ийн баруун урд замд “Тоёота Алион” маркийн 96-28 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний 10.8-д заасан “Жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигйин дагуу хөдөлгөөний эгнээнйи үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтлана. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ: зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс мөн зүүн гар тийш буюу буцаж эргэх тээврийн хэрэгслийг баруун гар талаараа өнгөрөөж байхаар үйлдлийг гүйцэтгэнэ” гэсэн заалтыг зөрчин зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс Д.Ж жолоочтой “Тоёота приус” маркийн 42-36 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас Д.Ж нь тээврийн хэрэгслээрээ замын хажууд зогсож байсан явган зорчигч Л.Б-ыг мөргөж, амь насыг нь хохироосон автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.   

 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Бармаш ХХК-ийн баруун урд замд Тоёота Алион маркийн 96-28 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ актыг зөрчин зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс Д.Ж жолоочтой Тоёота приус маркийн 42-36 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас Д.Ж нь тээврийн хэрэгслээрээ замын хажууд зогсож байсан явган зорчигч Л.Б-ыг мөргөж, амь насыг хохироосон автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний байдал ашиглалтын журам зөрчсөн болох нь:

1. Шүүгдэгч Ш.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Зам тээврийн ослоор нас барсан хүн миний дүү байсан. Шүүгдэгч нь бидэнд оршуулгын зардал болох хохирол төлбөрийг төлсөн. Би шүүгдэгч шиг охинтой болохоор түүнийг өрөвдөж байна. Нэгэнт ийм зүйл болсон учир шүүгдэгчид тэнсэн харгалзах ял оноож өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтйн бүдүүвч /1хх-4-15/

4. 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч /1хх-140-145/

5. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-16/

6. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-27/

7. Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-19-22/

8. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1142 дугаартай: “...Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-107-116/

9. Хууль ёсны төлөөлөгч Л.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Буяны ажлын нийт зардал боло байгаа нийт тооцоог мэдэхгүй байна., бид гомдолтой байна нэхэмжлэх зүйл их байна...” гэх мэдүүлэг /1хх-30-31/

10. Иргэний нэхэмжлэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хашаанд эвдрэл  хохирол учирсан, бид нар өөрсдийн зүгээс байгууллагын хашааг засаад янзалсан байгаа, манай байгууллагын зүгээс ямар ч гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-41/

11. Гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...202 оны 05 дугаар сарын 2-нд 08 цаг 30 минутанд бөөнөөрөө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Алтарганы хажууд цуглараад байж байтал гэнэт бид нарын байж байсан газар луу машин давхиж орж ирээд хашаа мөргөөд зорссон. Тэгээд нэг хүнээ хайсан чинь байхгүй, тухайн орж ирсэн машин доогуур хэвтэж байсан. Их л хурдтай орж ирсэн болохоор хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-43/

12. Гэрч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд машины ард талд юм яриад явж байтал гэнэт түс тас гэж дуугараад машин дайвалзаад цаад хашаа очоод мөргөөд зогссон. Машинаас буухад миний хажууд байсан хүмүүс хашгираад “хүн машин доор орчихлоо ш дээ гэхэд бид нар сандралдаад машиныг холдуулсан...” гэх мэдүүлэг /1хх-46/

13. Гэрч Д.Э-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач тухайн мөргөсөн цагаан өнгөтэй Приус-11 маркийн автомашин доогуур орсон байсан, хүмүүстэй машиныг өргөөд доороос татаж гаргаж авсан. Автомашин мөргөлдөх чимээ сонсоод эргээд харах гэтэл цагаан машин талийгаачийг мөргөөд “Эрэл” группын хашааг мөргөж ороод зогссон...” гэх мэдүүлэг /1хх-54/

14. Гэрч Д.Ж-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 202 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 08 цаг 25 минутанд Хан-Уул дүүргиын 16-н буудлаас ажлын хүнээ суулгаад эхнэрийн эзэмшлийн Тоёота Приус-11 маркийн 42-36 УБУ улсын дугаартай автомашинтай ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байтал зам дээр хойш чиглэлтэй машин эргэх гээд зогсож байхад нь урдуур нь ортол хажуунаас мөргөхөд аваарын дэр босоод тас няс дуугараад машин зогссон...” гэсэн мэдүүлэг /1хх-60-61/

15. Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /1хх-126-133/

16. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын 2779 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдсэн Тоёота Приус-11 маркийн автомашин нь автомашинтай мөргөлдсөн цэгээс дэлгэцийн баруун талыг автозамын хашлага хүртэл зайг 35 кадр буюу 00:00.01.400 секундын хугацаанд туулж өнгөрч байна...” гэх дүгнэлт /1хх148-152/

17. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2990 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Приус-11 маркийн 42-36 улсын дугаартай тээврийн хэрэгслийн мөргөлдсөний дараах хурд 67.8 км/цаг байна...” гэх дүгнэлт /1хх-160-163/

18. Дотоод хэргийн их сургуулийн 202 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 202009 дугаартай дүгнэлт /1хх-234-236/,

            19. Шүүгдэгч Ш.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 07 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн Тоёота Алион маркийн 96-28 УНГ улсын дугаартай автомашинтайгаа гэрээсээ ажил руу явах гээд гарсан. Тэгээд ерөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй замын 3 дугаар эгнээнд явж байтал Алтаргана хотхоны хаан банкны АТМ орох зорилгоор машин харагдахад би амжих юм шиг гээд ортол тухайн цагаан өнгийн машин хурдтай орж ирээд миний машиныг мөргөөд тэр чигээрээ явсаар байгаад замын цаана сууж байсан ногоон өнгийн хувцастай улсууд руу яваад орохыг бол харсан, яг хүн мөргөж байгааг хараагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 249/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.     

            Шүүгдэгч Ш.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/-аар тогтоогдлоо.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1142 дугаар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын 2779 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2990 дугаар дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. 

            Шүүгдэгч Ш.Бгийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.

          Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна. 

Учир нь шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Бармаш” ХХК-ийн баруун урд замд “Тоёота Алион” маркийн 96-28 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний 10.8-д заасан “Жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигйин дагуу хөдөлгөөний эгнээнйи үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтлана. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ: зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс мөн зүүн гар тийш буюу буцаж эргэх тээврийн хэрэгслийг баруун гар талаараа өнгөрөөж байхаар үйлдлийг гүйцэтгэнэ” гэсэн заалтыг зөрчин зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс Д.Ж жолоочтой “Тоёота приус” маркийн 42-36 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас Д.Ж нь тээврийн хэрэгслээрээ замын хажууд зогсож байсан явган зорчигч Л.Б-ыг мөргөж, амь насыг хохироосон автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.   

Иймд шүүгдэгч Ш.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Ш.Бгийн жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 3 /гурав/ жилийн  хугацаагаар тогтоовол зохино.     

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ш.Бг анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөр төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх ялыг  хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Шүүгдэгч нь бидэнд оршуулгын зардал болох хохирол төлбөрийг төлсөн. ...Шүүгдэгчид тэнсэн харгалзах ял оноож өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Нарантуул зах дээр оёдолчин  хийдэг, ам бүл ........ хүүхдийн хамт .../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б  овогт Ш-ын Б г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.  

            Шүүгдэгч Ш.Бгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг сд-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Ш.Бгийн 713642 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б  овогт Ш-ын Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б  овогт Ш-ын Б г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй. 

            3. Ш.Бгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг сд-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Ш.Бгийн 713642 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй. 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Ш.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР