Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01687

 

Л.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/01036 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1363 дугаар магадлалтай,

Л.Тын нэхэмжлэлтэй

“БМ” ХХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 15 125 082 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Л.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, хариуцагчийн төлөөлөгч С.Мөнхбурам, хариуцагчийн өмгөөлөгч С.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 12 сарын 11-ний орой гэдэс байн байн базалж өвдөөд харьяаллын дагуу “БМ” эмнэлэгт онош тодруулахаар очсон. Тухайн үед н.Батболд гэх эмч жижүүрийн эмчээр ажиллаж байсан. Миний бие тэр эмчид үзүүлсэн ба н.Батболд эмч миний гэдсэн дээр гараараа дарж үзэн мухар олгой байж магадгүй гээд өндөгнөөс цус авсан. Гэтэл цагаан эс гэгчийнх нь түвшин 23-т хүрчээ гэдэг онош хэлж энэ бол мухар олгой байна хэмээн тайлбарласан. Улмаар намайг шууд хагалгаанд оруулсан. Хагалгааны дараа өвдөлт өгөөд байхаар нь эмчдээ хэлтэл жоохон өвдөнө л биз юун бааштай юм бэ гэж загнаж байсан. Үүний дараагаар хоол идэх гэхээр бөөлжис цутгаж, толгой эргэж, гэдэс дүүрч цанхайж өвдөөд хагалгаа хийлгэсний дараа 4,5 дахь хоног дээрээ босч чадахаа байсан. Тэгэхээр нь намайг Мөнгөнгүүр эмнэлэгт онош тодруулахаар аваачихад түгжрэл үүссэн байна, яаралтай хагалгаанд оруул гэсэн ба өмнөх хагалгааны талаар ямар нэгэн онош тавиагүй бөгөөд цээж хэвлийн хөндийд усархаг шингэн зүйл байна гэсэн. 2016 оны 01 сарын 07-нд Шастины нэрэмжит 3-р эмнэлэг дээр очсон ба тухайн үед мэс заслын эмч С.Алтанхуяг гэдэг хүн байсан. Хагалгаанд оруулахад маш хүндрэлтэй байна гээд өмнө нь хагалгаа хийсэн эмч нарыг нь дууд гээд Бурам мишээл ХХК-ийн зөвлөх эмч Сосорбарамыг авчирсан. Ийнхүү эмч нар тухайн үед буруу онош тавьж хагалгаа хийжээ, гэдэс дотор нь үхжилт үүссэн байна. Энэ нь эмнэлэгт удааснаас болжээ хэмээн хоорондоо ярилцаж байгаад хагалгаад оруулахаар болсон. Нийтдээ 2 удаа хагалгаанд орсон ба миний бүдүүн, нарийн, шулуун гэдсийг бүгдэнгээс нь тайрч, дэлүүг авсан байсан. Сүүлд нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын түргэн тусламжийн үйлчилгээ хариуцсан эмч дарга Мөнхдэлгэр гэдэг хүн оношийг уншаад энэ хүний дэлүүг аваад зогсолгүй цөсийг нь авчихсан байна гэсэн. Гэтэл надад энэ талаар хэлэлгүй групп тогтоох хурлаар орсон бөгөөд эмч нарын комиссын дүгнэлт дээр бүдүүн гэдэс тайрагдсан ердийн өвчин гэсэн онош тавьсан байсан. Гэтэл өмнө нь Мөнгөнгүүр-ийн оношинд дэлүү хэвийн томроогүй, цөс хэвийн үйл ажиллагаатай гэж гарсан байдаг. “БМ” эмнэлэг нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн бодлого хэрэгжилтийн газрын тендерийн шалгаруултанд тэнцэж дүүргийн эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх эрхийг авсан буюу яаралтай мэс засал хийх тусгай зөвшөөрөлтэй хирнээ иргэн хүнд хайнга хандаж, оношилгооны тоног төхөөрөмжөө ч ашиглахгүйгээр хөнгөн хуумгай хандаж, харин 3-р эмнэлэг нь яагаад хамааралгүй эрүүл эрхнтэнүүдийг авч байгаа юм бэ. 2016 оны 12 сараас 2017 оны 4 сар хүртэлх эмчилгээний төлбөр, эм тариа худалдаж авах төлбөр, өвчтөний хоол, хүнсний зардал, боолт хийлгэх, түүний унааны мөнгө зэрэг нийт 15 129 082 төгрөгийг “БМ” эмнэлэгээс нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Т /Л.Тэгшбаяр нэрээр/ нь 2016 оны 12 сарын 11-ний өдрийн 13 цаг 30 минутанд манай эмнэлэгт ирж үзүүлэхдээ хэвлийн баруун дор хатгаж, өвдөнө, явах зогсох үед татагдаад байна гэсэн зовиуртай, дээрх зовиур нь урьд өдрийн буюу 2016 оны 12 сарын 10-ны өдрийн 22 цагаас эхлэн хэвлий, аюулхай базалж өвдөж эхэлсэн бөгөөд 2016 оны 12 сарын 11-ний өглөө үүрээр хэвлийн баруун дор шилжиж тогтмолжлоо гэсэн өгүүлэмжтэйгээр эмчийн үзлэгт орсон. Ийнхүү эмчийн үзлэгээр биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, байрлал идэвхтэй, цээжний хөндийд хутганы шархтай, хамар гэмтсэн, хэл өнгөртэй, хэвлийн эмзэглэлтэй, булчингийн чангаралтай, цутгалан гэдэс эмзэглэлтэй гэсэн зовиуртай бодит үзлэгт цочмог олгой гэсэн оноштой хэвтэн мэс засал хийлгэсэн болно. Нэхэмжлэгч Л.Тт /Л.Тэгшбаяр нэрээр/ хийсэн мухар олгойг авах мэс ажилбар нь мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо, эмчилгээ МNS5665-5:2006 стандартын дагуу хийгдсэн. Мөн мэс заслаар авсан мухар олгойг эмгэг гистологийн шинжилгээнд Эмгэг судлалын үндэсний төв эмнэлэг рүү илгээсэн бөгөөд тус төв эмнэлэгээс ирүүлсэн 2016 оны 12 сарын 23-ны өдөрт шинжилгээгээр хурц идээт олгой, нэвчдэст үрэвсэл гэж мөн оношлогдсон. Өрц гэмтэж байж болзошгүй сэжгээр шинжилгээнд явуулахад өрцний эвэрхий гэж онош тодорсон. Тиймээс Эрүүл мэндийн спортын сайдын 2016 оны 3 сарын 10-ны өдрийн 75 тоот тушаалын хавсралтад заасны дагуу Улсын 3-р төв эмнэлэг нь Мишээл эмнэлэгт мэс заслын лавлагаа тусламж үйлчилгээг үзүүлнэ гэж заасны дагуу 2016 оны 12 сарын 17-нд зөвлөх шатлалын Улсын нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн мэс засалын тасагт Л.Т /Л.Тэгшбаяр нэрээр/ шилжүүлсэн. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 4 сарын 17-ны өдрийн 1837 дугаартай тогтоолоор эмчилгээг МNS 5665-5:2006 стандартын дагуу хийгдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байна гэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Эмчилгээний дэвтрээс харахад хөдөлмөрийн чадвараа 74 хувь алдсан гэж байна. 3 дугаар эмнэлэгийн өвчтөний түүхээс харахад унаж татдаг өвчтэй группд байсан хүн гэдэг нь харагдаж байгаа. Орохгүй гэсэн хүнийг хаалганы цаанаас татаж оруулаад хагалгаанд оруулсан мэт тайлбараа хэлж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нотлох баримт өгсөн. Сүүлд шинжээч томилогдоод дүгнэлт гаргасан байгаа. Дүгнэлтэд анхан шатны түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлээд нарийн мэргэжлийн эмнэлэгт хандсан байгаа. Тусгай зөвшөөрлийн асуудал нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч нарын яриад байгаа тайлбарууд үндэслэлгүй байна. Гэрчээр асуулгасан 3-р эмнэлэгийн эмч н.Алтанхуяг нь Л.Т нь наадмын үеэр эмчлүүлээд хэвийн болоод явсан гэж дэвтэрт байна. Өнөөдөр хэвтрийн байдалд орсон гэж байна. Гэтэл сая шүүхэд өгсөн өвчтөний эмчлүүлэгчийн картаас харахад 2017 оны 8 дугаар сараас хойш эмнэлэгт үзүүлээгүй байж байгаад 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс үзүүлж эхэлсэн байна. Энэ нь групп сунгахтай холбоотой үзүүлсэн байна. Түүнээс өнөөдөр хэвтрийн байдалтай, бөөрний дутагдалтай байгаа эсэх нь тодорхойгүй. Хариуцагч нь “БМ” эмнэлэг гэдэг нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй. Гэм хор учирсан гэж шаардаж байгаа бол энэ нь нотлогдох ёстой. Баримтууд нэхэмжлэгчид зориулагдсан эмийн баримт эсэх нь эргэлзээтэй. Баримтуудыг үнэлэх боломжгүй. “БМ” эмнэлэг хийвэл зохих эмчилгээг стандартын дагуу хийсэн. Хагалгааны дараа гарсан хүндрэл нь хариуцагчид хамааралгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/01036 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “БМ” ХХК-иас 8 409 034,10 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 716 047.9 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Т нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “БМ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 149 495 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1363 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/01036 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “БМ” ХХК-д холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 15 125 082 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сары 11-ний өдрийн 184/ШЗ2017/05286 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 500 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн хяналтын гомдолдоо: Магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Магадлалд: “Шинжээчийн дүгнэлтээр мухар олгойн мэс засал хийх явцад урьд нь хутгалагдсны улмаас үүссэн өрцний цоорхойг оношлох боломжгүй, хэвлийн баруун доод хэсэгт зүслэг хийж мухар олгойг авдаг тул хэвлийн дээд хэсгийн эмгэгийг илрүүлэх боломжгүй. Мухар олгойн хурц, идээт үрэвсэл нь өрцний ивэрхий, бүдүүн гэдэсний түгжрэл өвчтэй холбоогүй, бие даасан өвчин” гэж дүгнэсэн тул хариуцагчийг гэм буруугүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь “мухар олгойн мэс заслыг чанартай, чанаргүй хийсэн, хийгээгүй” тухай шаардлага гаргаагүй ба зөвхөн тухайн мэс заслыг хийхээс өмнө стандартын дагуу шинжилгээ хийгээгүй, өвчний онош тогтоох болон оношилгоог зохих түвшинд хийгээгүйн улмаас үүссэн гэм хорыг арилгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Учир нь хариуцагч ““БМ”” уушигны эмнэлэг нь өөрөө Эрүүл мэндийн тухай хуулийн  15.1.13-д зааснаар уушигны чиглэлээр “төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг” бөгөөд 15.1-д зааснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь нийт 13 төрөлтэй байх бөгөөд  15.1.9-д зааснаар “түргэн тусламжийн төв” нь нэг бие даасан төрөл болно. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Эмнэлгийн яаралтай тусламжийг тусгай зөвшөөрөл бүхий нэгдсэн эмнэлэг, тусгай эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг үзүүлэх” гэж зааснаас үзвэл яаралтай түргэн тусламжийн “тусгай зөвшөөрөл”-тэй эмнэлэг үзүүлэх бөгөөд ““БМ”” эмнэлэг нь хх-ийн 51 дүгээр нүүрэн дэх байгууллагын гэрчилгээний хуулбар дээрх тусгай зөвшөөрлийн чиглэлд “яаралтай түргэн тусламж” үзүүлэх эрх хэмжээг байхгүй болно. Мөн магадлалд ““БМ”” ХХК-ийн “Мишээл” эмнэлэгт компьютер томографийн төхөөрөмж байхгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон” гэх боловч дүрс оношилгоогоор бүдүүн гэдэсний түгжрэл онош нь тогтоогдох боломжтой байсан боловч энэхүү өөрсдөд байгаа дүрс оношилгоог явуулаагүй болно. ХХ-140 дүгээр нүүрэнд Ш.Батнасангийн мэдүүлэгт “Онош нь тодорхойгүй өвчин зөндөө байдаг. Хэвлийн хөндийн олон эмгэг байдаг учраас андуурагдах боломжтой” гэж мэдүүлдэг бөгөөд нэхэмжлэгчид хагалгаа хийсэн гэх ““БМ” эмнэлгийн эмч Учир нь хэвлийн баруун доод хэсэгт зүслэг хийж мухар олгойг авдаг тул хэвлийн дээд хэсгийн эмгэгийг илрүүлэх боломжгүй юм” гэх тайлбарыг аль аль нь хэлдэг. Гэтэл нарийвчилсан онош тогтоох ажиллагаагаар энэ нь илрэх бөгөөд, наад захын дүрс оношилгоогоог илрэхийг гэрчээр асуудаг Ш.Батнасан эмч нь мэдүүлэг. Мөн хавтаст хэрэг дэх Мэс заслын тэмдэглэл /4 эмчийн бүрэлдэхүүнтэй/: Мэс заслын бичлэг “байрлалтай үзүүр хэсэг нь идээ татсан байсанд уламжлалт аргаар аваад нунтаг иодон эсч кисэт оёдолд чихэж оёж боосон чацархайг дээр нь даруулж бэхэлж гялтанжуулав. Хэвлийг шалгахад цэвэр байсанд хэвлийн хөндийг үечлэн хааж цэвэр боолт хийв.” гэснээс харахад хэвлийн хөндийг нээгээгүй гэсэн тайлбар нь үгүсгэгдэж байгаа бөгөөд хэвлийн хөндийг үечлэн хааж, боолт хийсэн байгаа юм. Иймд дээрх бүх үндэслэлийг харгалзан үзэж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинбаяр нар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Л.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. Түвшинбаяр, өмгөөлөгч Б. Баднайсүрэн гомдол гаргах учир нь: Хариуцагч Бурам Мишээл ХХК холбогдох гэм хорын хохиролд 15 125 082 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг иргэний хэргийн анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. 2013 онд Эрүүл мэндийн яамнаас зарласан сонгон шалгаруулалтанд оролцон шалгарч Сонгинохайрхан дүүрэг, Хан-Уул дүүргийн иргэдэд хэвлийн хөндийн яаралтай тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй үзүүлэх эрхийг авсан боловч яаралтай түргэн тусламжийг хувийн эмнэлэгүүдэд үзүүлэх эрхийг олгох хууль эрх зүйн акт байдаггүйг дурьдаж байна. Бурам Мишээл ХХК-ий эмнэлэг нь уушгиний мэс засал хийдэг төрөлжсөн эмнэлэг болохоос биш бүх төрлийн хагалгааг хийх албан ёсны зөвшөөрөлтэй эмнэлэг биш. Бурам Мишээл ХХК-ний дарга Мөнхбурам манай эмнэлэг эхо рентгэн, дуран оношилгоо, Томо графикийн аппарат байхгүй гэж анхан шатны бүрэлдэхүүниий хуралдаан дээр мэдүүлж байсан. Нэхэмжлэгч Л.Т нэхэмжлэлдээ дурдахдаа эрүүл мэндийн яамнаас зарласан сонгон шалгаруулалтанд оролцон шалгарсан эмнэлэг нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байсан. Нотолгоо нь Бурам Мишээл ХХК реклам зар сурталчилгаан дээр рентгэн эхо, томо графикийг хийж эмчилнэ гэсэн зарын дагуу нэхэмжлэгч Л.Т, Л.Түвшинбаярын хамт тухайн эмнэлэг дээр онош тодруулах гэж очсон. Ээлжийн сувилагч нар хүлээн авсан. Жижүүр эмч байхгүй байгаа одоо ирнэ гэж хэлснээр хүлээсэн. Түвшинбаяр надад миний дүү Л.Т хандаж хэлэхдээ “базалж, өвдөөд байсан, гайгүй болж байна, эм уугаад, буцаад гэрлүүгээ харих уу” гэж хэлэхэд нь -нэгэнт сайн эмнэлэгт ирснийх сайн үзүүлээд, дуран, эход нь харуулаад явья гэж зөвлөсөн. Л.Түвшинбаяр миний бие дүүгээ сувилагчид нь захиж үлдээгээд цаг гаруй орчмын дараа ирэхэд гэдсийг нь хагалчихсан, орон дээр хэвтэж байсан. Онош нь тодорсон уу гэхэд миний ихэр дүү -гэдэс дээр дарж үзээд олгой байна гэж хэлээд миний гэдсийг зүссэн, одоо доошоо унжаад халуу дүүгээд өвдөөд байна гэж хэлсэн. Жижүүр эмч болох Батболд эмчид гэдэс өвдөх нь гайгүй болчихлоо гэж хэлэхэд олгой дотроо задрахаар ингэдэг юм гэж хэлээд шууд хагалсан. Маргааш нь эмчдээ хэлэхэд юун бааштай юм гээд тоохгүй байсан. Хоол унд аваад очиход идэж чадахгүй огиж, бөөлжөөд гаргаад байсан. Гэдэс нь доошоогоо халуу дүүгээд өвдөөд байна гэж үргэлж хэлдэг байсан. Тухайн үед эмч согтуу байсан. Үүнийг Л.Т нотолдог. Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал дээр гэрчийн мэдүүлэг өгөхдөө шөнийн 00:00 цагийн үед бүх унаа, автобус зогссон, оношилгоо хийх ямар ч боломж байгаагүй, ах дүү нарт хагалгаа хийхийн өмнө мэдэгдэх ямар ч боломж байгаагүй гэж шүүх бүрэлдэхүүнд тайлбарласан. Үнэн учиртаа өдрийн 13:00-ын үед очсон. Үүнийг Батболд худал мэдүүлэн шөнө очсон гэж иргэний хэргийн шүүхэд мэдүүлсэн байсан. Үүгээрээ Бурам мишээл ХХК-ын дарга эмч Мөнхбурам гэрээний дагуу ажилласан эмч Батболд 2-ын үг хэл нь зөрүүтэй байгааг шүүх онцлон авч хэлэлцсэн. Тухайн эмнэлэгт Батболд эмчээр хагалгаа хийлгэсэн нэхэмжлэгч Л.Т нь 1 хоног алдсан бол та нар үхсэн хүний цогцос авч гарах байж гэж 3-р эмнэлгийн хүлээн авахын эмч нар нь ярьж байсан. Эмч сувилагч нар хаана байгаа нь мэдэгдэхгүй эзэнгүй шахуу эмнэлгээс түргэний машин дуудаж 3-р эмнэлэгг аваачсан. 3-р эмнэлэгт ирэхэд өвчтөний түүхийн ямар нэг бичиг баримт, оношилгоо нээж өгсөн гэх шинжилгээний түүх дагалдаж ирээгүй. Мухар олгойн идээт үрэвсэл гэсэн зураг, бичлэг зэрэг нотлох баримт болох зүйл юу ч байгаагүй. Энэ үнэнийг 3-р эмнэлэгийн эмч Аптанхуяг нь анхан шатны шүүхэд нотолж өгч байсан. Үнэн хэрэгтээ мухар олгойн хагалгааг стандартын дагуу хийж үйлчилсэн үндэслэл байхгүй байгаа нь нотлох баримтаар илэрч байна. Бүх оношилгоог хийсэн гэх Бурам мишээл ХХК нь гараар бичсэн 1787 тоот оношилгоо түүхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түгжрэл болох шалтгааныг эмч Батболд хэвлийн хөндийг нээсэн ба суганд нь байдаг сорвийг үзээд өөрийн таамгаар хутганы сорви гэсэн онош тогтоож цоройг цоолж дэлүүний буланг хавчуулж, бүдүүн гэдэс олгой 2-ын завсраар боолт хийсэн нь бүдүүн гэдсэнд тэлэлт өгч түгжрэл болох шалтгааныг бэлдэж өгсөн гэдгээ өөрөө гэрчийн мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрсөн. Энэ нь хутганы сорви байгаагүй зүсэгдсэн сорви байсан. Анхан шатны шүүх нь 2016.12.17-оос 2017-01-28-ны хооронд биеийн байдал хүндэрч үхлийн заалттай өндөр өртөгтэй 2 удаагийн хагалгаанд орсныг дүгнэж 2018-04-25-ны өдөр болсон шүүх хурлаар үнэн зөвийг тогтоон зөв дүгнэлт гаргасан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэнд УГТ эмнэлэгийн өвчтөний түүхэнд үндсэн онош нь зүүн өрцний бүдүүн гэдэсний түгжрэл гэж 2017.01.10-ны өдөр эмч нарын зөвлөгөөнөөр уг оношийг тогтоосон ба энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Хариуцагч “БМ” ХХК нь анхан шатны тусламжийг стандартын дагуу үзүүлсэн нь одоо хүртэл тогтоогдоогүй байна. 2018.02.23нд 241 тоот шинжээчийн дүгнэлтийн 1-т Мишээл Уушгины мэс заслын эмч Батболд нь Л.Т анхан шатны тусламж үйлчилгээг стандартын дагуу үзүүлсэн нь тогтоогдож байна гэснийг эсэргүүцэж байна. Анхан шатны шүүх нь гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн ШШҮХ-ын магадлах эмч нарын гаргасан дүгнэлтийг хууль бус гэдгийг нь нотлож үнэн зөв шийдвэр гаргасан. Л.Тын мухар олгойн идээт үрэвсэл гэсэн онош нь нотлогдохгүй байгаа шалтгаан нь олгой идээлтлээ гэдсэн дотор байх үндэслэл байхгүи үзсэн. Л.Тт буруу эмчилгээ хийснээс Сонгинохайрхан дүүргийн ЭМ-ын 14-р төвийн сэхээн амьдруулах тасагт дуудлагаар очиж хэвтсэн. “БМ” ХХК-ийн Батболдын буруу онош тавьж хагалгаа хийсний улмаас 68-70кг жинтэй байсан хүн 25кг болтлоо турж тэжээлийн дутагдалд орж босч чадахгүй хэвтэрт байх хугацаандаа бөөрний архаг дутагдалд орж, хэвтрийн хурц хатгалгааг 2 уушгиндаа авсан. 2016.03.16-нд Л.Тайвабаяр нь амь насны эрсдэлд орж байх үед нь Л.Түвшинбаяр миний бие эрүүгийн цагдаагийн газарлуу утасдаж тухайн өвчтөнтэй холбоотой эмнэлгийн байршил, эмч нарын нэр, утасны дугаарыг хэлснээр СХД-ын 1-р хэлтсийн мөрдөн байцаагч Н.Сайнбаяр эмнэлэг дээр ирж мэдүүлэг авсан. Л.Т хамаг хүч тэнхээгээ шавхаж бүх үнэнийг хэлэхэд мөрдөгч гар утас дээрээ бичлэг хийж, зургийг нь дарж аваад явсан. Маргааш нь Л.Түвшинбаяр миний бие мөрдөн байцаах тасгийн даргад өргөдөл, гомдол өгсөн. Тасгийн дарга нь Сайнбаярт яаралтай шинжээчийн дүгнэлт гаргуулж эрүүгийн хэрэг үүсгэж шалга гэсэн тушаалыг өгч байсныг Л.Түвшинбаяр би сонсож байсан. 2017-02-21-нд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргаж “БМ” ХХК-ийн эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэг нь стандартын дагуу байна уу? гэдгийг шалгаж хариуг нь бичгээр гаргаж өгөөч гэж хүсэлт гаргахад НМХГ-ын ЭМ-ын үйлчилгээг хариуцсан ахлах мэргэжилтэн Байгалмаа, СХД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байцаагч Сайнбаяр эрүү үүсгэн ажиллаж, шалгаж байгаа учраас энэ тохиолдолд бид хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн тайлбарыг бичгээр надад хүргүүлсэн. СХД мэргэжлийн хяналтын газрын байцаагч Аззаяагаар 5 асуулттай бичиг баримтыг тоот хийлгэж бөглүүлсэн байсан. Энэ нь шинжээчийн дүгнэлтийг гаргуулах ёстой байснаа хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Үүнийгээ ИХАШШХ дээр гэрчийн мэдүүлэг өгөхдөө алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 2017.03.24-нд СХД прокуророос эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзлаа гэдэг тогтоолыг гаргасан байдаг ч 2017.06.18-ны өдөр татгалзлаа гэсэн тогтоолыг СХД-ийн прокурорын жижүүр дээрээс нь очоод ав гэж мөрдөгч Сайнбаяр надад утсаар хэлсэн. Энэ нь хуулийн хугацаа хэтэрсэн байсан. Хариуцагчийн өмгөөлөгч Ууганбаяр нь Ази Фарм, Улз эмийн сангаас эм болон уураг шингэн худалдан авсан баримтын үнийн дүнг рублиэр тооцсон байдагт гомдол гаргасан. 2017.12.05-нд А17 1991 тоот албан бичгээр ОХУ с-1 к программ ашиглаж байгаа уг программ нь нэвтрүүлэлтийнхээ шатанд явж байсантай холбоотой манай байгууллагын бэлэн орлогын ордиор нь руп гэсэн тэмдэглэгээгээр Е-баримт гаргасан ба Е-баримт нь монгол мөнгөөр давхар илэрхийлэгддэг 2 байгууллагын хоорондын тооцоогоо төгрөгөөр илэрхийлж тусгагддаг тухайгаа ИХАШШ-д Ази фармын ерөнхий нягтлан нотлож өгсөн байдаг шүүх хуралдаанаар авч хэлэлцсэн. Эмчилгээний төлбөрийн баримтанд алдаа байхгүйг нь нотолсон байхад ИХАШШ-ээс 15 125 082 мөнгөнөөс 6 000 000 гаран төгрөгийг үндэслэлгүйгээр хассанд давхар гомдолтой байна. Бадрангуй үйлс ХХК-ийн эмийн сан болох Улз эмийн сангаар дамжуулан нэхэмжлэгч Л.Тын ар гэр уураг, үнэтэй шингэн, мэс заслын хэрэглэл зэргийг захиалуулан Ази фармын харьяа бөөний төвүүдэд очиж мөнгөө тушаан руп гэсэн Е-баримтыг монгол мөнгөөр илэрхийлэгдсэн байдаг учир Е-баримттай нь давхар авдаг. Өмгөөлөгчийн зөвлөснөөр Ази фармын ерөнхий нягтлан Амартүвшин энэ талаар тайлбарлахдаа манай байгууллага ОХУ-аас маш найдвартай шингэн, эм хэрэгслийг авдаг гэдгээ иргэдэд ойлгуулахын тулд руп гэсэн тэмдэглэлтэйгээр гаргадаг гэж хэлсэн. Мөн манай Ази фармд ОХУ-ын мэргэжилтнүүд ажилладаг гэж тайлбар өгснийг анхан шатны шүүх дээр нотлох баримттай давхар өгч байсан. ИХАШШүүхээс нэхэмжлэгчийн 8 409 034 төгрөгийг нэхэмжлэгч Л.Тт олгохоор шийдвэрлэсэн нь зөв боловч хавтаст хэрэгт нотлох баримтаар тухайн байгууллагын нягтлан ямар ч алдаагүй эмнэлгийн төлбөрийн баримтад алдаагүй гэж нотлож байхад 6 716 047 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээд шүүх 15 125 000 төгрөгийг хэвээр батлаж шийдвэр гаргахыг хүсэж байна. Нэхэмжлэгч Л.Т нь үнэхээр гэм буруутан Батболдоос болж хохирсон гэдгийг үнэн зөвөөр анхан шатны шүүх нотолсон байхад давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүний 2018.06.11-ний өдөр гаргасан магадлалыг эсэргүйцэж байна. Нэхэмжлэгч хохирогч нь эмчилгээнийхээ бодит зардлыг гаргуулж аваад цаашид эмчилгээ хийлгэж эрүүл саруул болох боломжийг нь давж шатны шүүх хөндлөнгөөс оролцон хааж боох гэсэн утга бүхий шийдвэр нь нэхэмжлэгч хохирогч Л.Тын эрүүл мэндийн эсрэг ноцтой буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Амь нас эрүүл мэндэд ноцтой хохирол учирснаас болоод тухайн иргэн нас барсан тохиолдолд үүсэх хариуцлагыг хэн хүлээх вэ гэдгийг тодруулж өгөхийг дээд шүүхээс хүсч байна. Иймд анхан шатны шүүх иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 505-р зүйлийн 505.1, 502 дах хэсэгт заасныг баримтлан “БМ” ХХК нь гэм буруутай гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх нь хууль зүйн хөдлөшгүй үнэн үндэслэлтэй шийдвэр гаргалаа гэж нэхэмжлэгч тал үзэж байна. Нэхэмжлэгч Л.Т нь анхан шатны шүүх хуралд өөрийн биеэр ирж шүүх бүрэлдэхүүнд хохирсон гэх мэдүүлгээ өгсөн. СХД иргэний хэргийн анхан шатны шүүгч бүрэлдэхүүн нь эмчийн буруутай үйлдлээс болж энэ хүний эрүүл мэнд ирээдүй байхгүйгээр хохирч хөдөлмөрийн чадвараа 80% алдсан. 4 удаа хагалгаанд орсон. Бөөрний архаг дутагдал, 2 уушгиндаа хурц хатгалгаа авсан нь өвчтөний эмнэлгийн карт дээр тодорхой бичсэнийг үндэслэж шийдвэрээ гаргасан. Иймээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шүүхийн магадлалыг дахин дээд шүүх авч хэлэлцэн мөнгөн хохирлын бодит зардлыг хохирол амссан нэхэмжлэгч Л.Тт гаргуулж өгөхийг хүсч байна. Жич: Стандартын дагуу мухар олгойн хагалгаа хийлгэсэн иргэн өвчтөн эмнэлгээс гараад гэртээ очиж шархаа идгээж цаашдаа ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээх үүрэгт ажлаа хийх байтал биеийн байдал эрс доройтож дараагийн эмнэлэгт шууд очиж 3 удаагийн хагалгаанд орсон нь “БМ” ХХК-ийн эмч С.Батболд нь өвчтөнд анхан шатны тусламж үзүүлэх үүргээ хайнга согтуу үзүүлсэн нь дараах шатлалын эмнэлгийн шинжилгээний хариу эмч нарын гэрчилснээр нотлогдож байгааг дээд шүүхэд дахин мэдүүлж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч “БМ” ХХК-д холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 15 125 082 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. Л.Т нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...хариуцагч  нь онош дутуу тогтоосны улмаас нэг удаагийн мэс заслаар хийгдэх байсан эмчилгээг олон удаа хийлгэж хохироосон буруутай гэж тодорхойлсон байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 8 409 034 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл Л.Т нь “БМ” ХХК-ийн Мишээл эмнэлэгт 2016 оны 12 сарын 11-ний өдөр гэдэс базалж, өвдөх зовиурын дагуу үзүүлж, шинжилгээгээр мухар олгойн цочмог үрэвсэл онош гэж тогтоосноор шууд мэс засалд орсон,  үүнээс хойш өвдөлт намжаагүй тул Мөнгөн гүүр эмнэлэгт хэвлийн компьютер томографийн шинжилгээг хийлгэхэд өрцний ивэрхий, бүдүүн гэдэсний түгжрэл гэсэн онош тогтоогдож, Улсын гуравдугаар эмнэлэгт 2016 оны 12 сарын 17-нд бүдүүн гэдэс тайрах, илеодесцендостома, дэлүү авах, сэмж тайрах, өрцний цоорхойг оёх пластик, торакоцентез, хэвлийг гуурсдах хагалгааг, 2016 оны 12 сарын 26-нд цөсний хүүдий авах, нарийн гэдэсний төгсгөл хэсгээр цорго гаргах хагалгааг, 2017 оны 6 сарын 02-нд нарийн гэдсийг залгах, хэвлийн наалдац салгах мэс заслыг тус тус хийлгэсэн нь тогтоогджээ.

Анхан шатны шүүх хариуцагчийг гэм буруутай гэж үзэхдээ оношилгоог бүрэн хийгээгүй, зарим шинжилгээг мэс засалд орохоос өмнө хийгээгүй, Л.Тын өрцний ивэрхий, бүдүүн гэдэсний түгжрэл өвчнийг мухар олгойн хагалгааны өмнө оношилсон бол мэс заслын дараа хүндрэл өгч, удаа дараа хагалгаанд орохгүй байх боломж байсан гэсэн дүгнэлтийг хийсэн нь хэрэгт байгаа баримтын агуулгад нийцээгүй байна.

2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтээр Мишээл эмнэлгийн уушигны мэс заслын эмч Д.Батболд өвчтөн Л.Тт эмнэлгийн анхны тусламж, үйлчилгээг стандартын дагуу үзүүлсэн, Л.Тт мухар олгойн идээт үрэвсэл гэсэн онош тавьж яаралтай мэс засалд оруулсан, энэ онош нь үндэслэлтэй, эд эсийн шинжилгээгээр давхар батлагдсан, мухар олгойн мэс засал хийхдээ хэвлийн баруун доод хэсэгт зүслэг хийж авдаг тул хэвлийн дээд хэсгийн эмгэгийг илрүүлэх боломжгүй, мухар олгойн хурц идээт үрэвсэл нь өрцний ивэрхий, бүдүүн гэдэсний түгжрэл өвчинтэй холбоогүй, бие даасан өвчин болохыг тогтоосон байна. Хэрэгт байгаа баримтаас үзвэл “БМ” ХХК-ийн Мишээл эмнэлэгт компьютер томографийн төхөөрөмж байхгүй боловч компьютер томографийн төхөөрөмж бүхий эмнэлгээр шинжилгээг заавал хийлгэх ёстой байсан гэх үндэслэл тогтоогдоогүй ба мухар олгойн цочмог үрэвсэл байсан тул хагалгааг нэн даруй хийсэн нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 4.1.2, 4.1.4-т заасан эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх журмыг зөрчөөгүй, хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Мухар олгойн үрэвсэл нь бүдүүн гэдэсний түгжрэлтэй холбоогүй, бие даасан өвчин болохоос гадна гэдэсний түгжрэл үүссэн бол 2-3 цагийн хугацаанд явагддаг талаар шинжээч, гэрч Ш.Батнасан, С.Алтанхуяг нарын мэдүүлгээр нотлогдсон, хариуцагч “БМ” ХХК-ийн Мишээл эмнэлэгийн эмч нь 2016 оны 12 сарын 11-ний өдрийн 15.15 цагт Л.Тт мухар олгой авах мэс заслыг хийсэн, 5 өдрийн дараа Мөнгөн гүүр эмнэлэг 2016 оны 12 дугаар сарын 17-ны ны өдөр бүдүүн гэдэсний түгжрэл гэсэн оношийг  тогтоосноос үзэхэд мухар олгойн мэс засал хийх үед бүдүүн гэдэсний түгжрэл үүссэн байсан, эсвэл мухар олгойн мэс засал хийлгэсний улмаас бүдүүн гэдэсний түгжрэл үүссэн  байх боломжгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ. Хариуцагчийн гэм буруу хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болохыг давж заалдах шатны шүүх дүгнэхдээ нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Л.Т нь олон удаа хагалгаанд орж, өвдөж шаналсан, хөдөлмөрийн чадвар алдалт 79 хувь тогтоогдсон, бүрэн эдгэрээгүй байгаа боловч түүний эрүүл мэндэд хариуцагч “БМ” ХХК гэм хор учруулсан гэм буруутай нь тогтоогдоогүй тул хариуцлага хүлээх хуулийн үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1363 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдусгай.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА