Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 371

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Д.Б, Ч.Н, Н.Ж 

Хариуцагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Я.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Тэтгэмж нөхөн төлүүлэх тухай” № 36/12-02-02 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, хариуцагч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Д.Б нь 1982 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. 2005 оноос хойш Улаангом политехник коллежид нийгмийн ажилтан мэргэжлээр 13 дахь жилдээ ажиллаж байна. 

Ч.Н нь 1965 онд Увс аймгийн Сагил суманд төрсөн. Улаангом политехник коллежид 21 дэх жилдээ ажиллаж байна. Н.Ж нь 1975 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Улаангом политехник коллежид 18 дахь жилдээ ажиллаж байна. 

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас 2017 оны 12 дугаар сард тус сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын шалгалтаар Боловсролын тухай хуулийн 43.1, Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалтуудыг зөрчиж 5 жил тутамд олгодог 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж Д.Бд 3.650.742 төгрөг, Ч.Нт 4.442.045 төгрөг, Н.Жд 4.045.464 төгрөг олгосон гэж акт тавьсан.

Өмнө нь бид уг тэтгэмжийг Боловсролын тухай хуулийн 43.1 дэх заалтаар 2012 онд авч байсан. Хоёр дахь удаагаа 2017 онд авсан. Шалталт хийсэн улсын байцаагч Я.Б актыг тавихдаа биднийг албан ёсоор дуудаж биечлэн уулзаж танилцуулаагүй, нийт хамт олны хурал дээр шалгалтын дүнг танилцуулах явцдаа хэлсэн. 2018 оны 1 сарын 04-ний өдөр сургуулийн захирал Э.Б, бичиг хэрэг, архивын ажилтан Д.Ж нар байлцаж актыг хүлээлгэн өгсөн болно. 

Тэтгэмжийн асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр хянаж, олгохыг мэргэжилтэн зөвшөөрсөн байхад нэг яамны бүрэлдэхүүнд ажилладаг аудит нь акт тавьсан нь зүйд нийцэхгүй байна. Энэ асуудлаар харьяа яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газарт хүсэлт гаргаж хариуг нь авсан. Дотоод аудитын газраас хариу зөвлөсний дагуу Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаж хариуг 2018 оны 2 сарын 09-ний өдөр хүлээн авсан ба уг хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бидний зүгээс шүүхэд хандаж байна. 

Мэргэжлийн боловсролын сургалтын төв нь нэг төрлийн боловсролын байгууллага болохын хувьд Боловсролын тухай хууль 43 дугаар зүйлийн 43.1.7-д заасныг удирдлага болгон тэтгэмж олгосныг буруу гэж үзэхгүй байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ /ЗХХШтХ 11.5/ гэснээс үзвэл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль нь Боловсролын тухай хууль гэж ойлгогдож байна. 

Иймд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын санхүүгийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 12 сарын 22-ны 12-02-02 тоот тэтгэмж нөхөн төлүүлэх тухай актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр акт тавьсан. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд тухайн салбарт 5 жил ажилласан багшид тэтгэлэг олгоно гэж заасан бөгөөд одоо нийгмийн ажилтан, арга зүйчид тэтгэлэг олгосон байна гэсэн асуудал хөндөгдөж байгаа. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан байх бөгөөд шүүх уг хуулийн заалтыг баримтлан асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэн актыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэл гаргасан” гэжээ.

Хариуцагч Я.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдана” гэсэн тул бусав албан тушаалууд хамаарахгүй байна.

Боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Боловсролын удирдлага нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, боловсролын байгууллагын болон түүний өөрийн удирдлагаас бүрдэнэ” гэж заасан байхад Мэргэжлийн боловсролын тухай хуулийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-Мэргэжлийн боловсрол, сургалтын Yндэсний зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) ...” мэргэжлийн боловсрол, сургалтын удирдлагыг хэрэгжүүлэхээр зохицуулсан. 

Мөн Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д “боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах” ажлыг сум дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлнэ” гэж зохицуулсан байхад Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын удирдлагыг Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагд хэрэгжүүлнэ” гэсэн тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллага гэдэг нь тодорхойлогдож байна.

Иймд дээрх хуулийн заалтуудаар Мэргэжлийн боловсролын байгууллагууд нь Боловсролын тухай хуулийн 43.1.7.а-д заасан сум, тосгон, багийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагад хамаарахгүй бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа Улаангом политехникийн коллеж нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна. 

Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч миний тавьсан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 36/12-02-02 дугаартай Тэтгэмж нөхөн төлүүлэх тухай актыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч тайлбар гаргалаа” гэжээ.

Хариуцагч Я.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д нийгмийн халамж эсхүл ямар чиглэлийн боловсролын байгууллагад ажилласан байх тухай илүү нарийвчлан тодорхой заасан тул бусад хуулийн заалтад хамаарахгүй. Сум, тосгоны боловсролын төв, ерөнхий боловсролын сургалтын төвүүдийн сургалтад онцгой анхаарах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, түүнтэй холбогдуулж холбогдох хариуцлагыг өргөжүүлэх зорилгоор Боловсролын тухай хуульд давхар нарийвчилсан заалт оруулсан” гэжээ.  

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Д.Б, Ч.Н, Н.Ж нар “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Тэтгэмж нөхөн төлүүлэх тухай” № 36/12-02-02 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр Д.Б, Ч.Н, Н.Ж нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Тэтгэмж нөхөн төлүүлэх тухай” № 36/12-02-02 тоот актаар Увс аймгийн Улаангом политехникийн коллежийн сургалтын албаны арга зүйч Ч.Нт 4,442,045 төгрөг, М.Жд 4,045,464 төгрөг, нийгмийн ажилтан Д.Бд 3,650,742 төгрөгийн 5 жилийн тэтгэмжийг тус тус олгосон нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Боловсролын тухай хуулийн 43.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж уг олгосон тэтгэмжийг буцаан төлүүлэхээр  акт тогтоосон байна. 

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна түүнд 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно” гэж заасан байна.

Боловсролын тухай хуулийн 43.1.7-д “Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох:”, 43.1.7.а-д “сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч” гэж тус тус заасан байна.

Дээрх Боловсролын тухай хуулийн 43.1.7 дахь заалтыг 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Боловсролын тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулсан байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан байна. 

Боловсролын харилцаанд оролцогчдын нийгмийн баталгааг Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлээр илүү нарийвчлан, тусгайлан зохицуулсан байх ба тус зүйлийн 43.1.7 дахь заалтад мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын нийгмийн ажилтан, сургалтын менежер, арга зүйч гэж заагаагүй байна.

Тодруулбал Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын нийгмийн ажилтан, сургалтын менежер, арга зүйчийн албан тушаалд ажиллаж байгаа этгээд нь 5 жил тутамд нэг удаа мөнгөн тэтгэмж авахаар заагаагүй байх бөгөөд мөнгөн тэтгэмж авах эрхтэй албан тушаалуудад мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын нийгмийн ажилтан, сургалтын менежер, арга зүйч хамаарахгүй байна.

Мөн түүнчлэн хууль тогтоогчийн хүсэл зориг буюу Монгол Улсын Их Хурлаас ирүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулгууд, Улсын Их хурлын Байнгын хорооны хуралдааны болон нэгдсэн чуулганы хуралдааны тэмдэглэлүүдийн агуулгаас үзэхэд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын нийгмийн ажилтан, сургалтын менежер, арга зүйч нь 5 жил тутамд нэг удаа мөнгөн тэтгэмж авах эрхтэй этгээдүүдэд хамаарахгүй байна.

Иймд Д.Б, Ч.Н, Н.Ж нарт олгосон мөнгөн тэтгэмжийг буцаан төлүүлэхээр тогтоосон Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн № 36/12-02-02 тоот акт хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангах боломжгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Б, Ч.Н, Н.Ж нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасныг тус тус баримтлан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Тэтгэмж нөхөн төлүүлэх тухай” № 36/12-02-02 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий Д.Б, Ч.Н, Н.Ж нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б, Ч.Н, Н.Ж нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             М.Б