Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 00082

 

 

 

 

 

 

 

 

                               Ц.Баярсайханы нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2017/00243 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Баярсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Мөнхцэцэгт холбогдох

“10.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Б.Мөнхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Баярсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эхнэр Д.Нэргүй бид хоёр гэр бүл С.Даваасүрэн, Б.Мөнхцэцэг нарын удаа дараагийн гуйлтаар Гоё шарга ХХК-н захирал Б.Мөнхцэцэгт нийт 16 500 000 төгрөгийг зээлдүүлсэн. Захирал Б.Мөнхцэцэгийн бидэнд учирласнаар жижиг дунд үйлдвэрийг дэмжих орон нутгийн тендерт манай компани шалгарч тэнцлээ. Манайхыг орон нутгаас маш их дэмжиж Германы хөрөнгө /төслийн шугамаар/ оруулалтаар орчин үеийн технологитой цөөн хүн ажиллах авсаархан ногоо нөөшлөх үйлдвэрийг манай компаний газар дээр барьж өгөхөөр болсон. Хамтын ажиллагааны гэрээнд 12 сарын хугацаатайгаар 10 000 000 төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тэдэнд бэлнээр өгсөн. Хоёр хоногийн дараа захирал Мөнхцэцэг нь Германы төслийнхөн эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын битүү авто машинтай байхыг шаардаж байна. Төслийн шаардлагыг бүрэн хангаж машинтай болчихвол манайх гоё үйлдвэртэй болчих гээд байна. Хугацаа нэн давчуу тул яаралтай машин авах хэрэгтэй боллоо. Нэгэнт та хоёр манай компаний хамтрагч учир та хоёрт хандахаас өөр аргагүй боллоо. 6 500 000 төгрөгийг нэн яаралтай олж өгч туслаач, гэхдээ мөнгийг хурдан буцааж төлнө гэхээр нь итгэн 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүүхдийнхээ хадгаламж барьцаалж банкнаас 6 500 000 төгрөгний зээл авч өгч Гоё шарга компаний дансанд мөнгийг шилжүүлсэн.

Мөнхцэцэгээс дансаар болон бэлэн салатыг авч борлуулах маягаар нийт 9 686 100 төгрөгийг авсан. Хадгаламж барьцаалж авсан 6 500 000 төгрөгний зээл нь 9 040 284.32 төгрөг болж хаагдсан. Мөнхцэцэг нь Говилд үйлдвэрлэл явуулж байсан Агро Фрукт компаниа хааж Улаанбаатар руу сэм оргон зайлсаныг, Гоё шарга ХХК-г бусдад шилжүүлснийг сүүлд мэдэж 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр аймгийн цагдаад хандан өргөдөл өгсөн. Мөнхцэцэгээс гэрээний дагуу өгсөн 10 000 000 төгрөгөө нэхэмжилж байна. Нийт 16 500 000 төгрөг өгснөөс 6 500 000 төгрөгний зээлийг өгсөн мөнгө, бэлэн бүтээгдэхүүнээр нь хаасан, одоо 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өгсөн 10 000 000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Мөнхцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Мөнхцэцэг нь 2012 онд иргэн Цэцгээ гэх өөрийн худ болох гэж байсан хүнээс 6 000 000 төгрөг зээлж түүнийг төлж барагдуулсан. 2013 оны 01 дүгээр сард 10 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 5 000 000 төгрөгөөр хоёр удаа тасдаж зээл авсан бөгөөд нэг жилээс хэтрүүлэхгүй төлөхөөр болж ямар нэгэн гэрээ тухайн үед хийж аваагүй. 2013 оны 05 дугаар сарын 07-нд анх 2 210 000 төгрөгний хүү буюу 4 сар гарангийн хүү төлсний дараа 2013 оны 05 дугаар сарын 18-нд гэрээ бичгээр хийе гээд намайг дуудаж хоёр тусдаа авсан байсан 5 000 000 төгрөгийг нийлүүлж 10 000 000 төгрөгөнд гэрээ байгуулж, би боломжоороо төлж байсан. Эрүүгийн хэргийг шалгаж байх явцад хүүгийн хамт 10 350 000 төгрөгийг дансруу шилжүүлсэн баримт надад байсан билээ. Мөн 1 545 000 төгрөгний салат өгсөн. Ингээд бидний зээлсэн мөнгийг бүрэн барагдуулсан гэтэл миний төлж байсан мөнгө хүү байсан гэж надад эрүүгийн хэрэг үүсгэж, намайг Баярсайханыг залилсан байна гэж үзсэн. Надад байгаа баримтаар бэлэн болон бэлэн бусаар Баярсайханд 11 895 200 төлсөн байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний тооцоо дууссан гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2017/00243 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.1, 478.10, 480 дугаар зүйлийн 480.1.4-д заасныг баримтлан хариуцагч Б.Мөнхцэцэгээс 6 813 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Баярсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 186 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Баярсайханы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхцэцэгээс 123 973 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Баярсайханд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Иргэн Ц.Баярсайханаас иргэн Б.Мөнхцэцэг нь 16.000.000 төгрөг зээлсэн гэх ба нэхэмжлэгч 16.500.000 төгрөг зээлсэн гэж мэтгэлцсэн. Маргааны явцад нэхэмжлэгч 22.500.000 төөгрөг зээлсэн мэт болж мэтгэлцсэн .Дээрх үйл баримтын талаар баримт эргэлзээтэй байдаг ба цаг хугацааны хувьд бүгд мэтгэлцдэг. Баримтыг үзвэл 2013.05.20 ны өдөр 6500000 төгрөгийг “Гоё шарга компани руу шилжүүлсэн байх ба уг компани нь 2013.06.21 нд өөрийн эрхээ Грийт кингдом групп ХХК нд шилжүүлсэн байна. Л.Гэрэлт од гэх захиралтай .Дээрх 6.500.000 төгрөгийг нэхэмжлэгч зээлдүүлсэн гэж мэтгэлцэх ба уг мөнгө нь зээлдүүлсэн мөнгө эсэх нь тодорхойгүй. Ямар учиртай мөнгө болохыг нотлоогүй байхад түүнийг иргэн Б.Мөнхцэцэгээс гаргуулж шийдвэрлэсэн нь хуульзүйн үндэслэлгүй. Жинхэнэ хариуцагч мөн эсэхийг анхаарч үзээгүй.

Хамтран ажиллах зорилгоор 10.000.000 төгрөг авсан гэх ба хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж мөнгийг нэхэж байгаа юм уу эсвэл зээлдүүлсэн гэж үзэж нэхэмжилж байгаа юм уу энэ байдлын шүүх анхаарч үзээгүй. Учир нь бусдаас мөнгө зээлсэн гэж эрүүгийн хэрэгт Б.Мөнхцэцэгийг буруутгаагүй бөгөөд харин хамтран ажиллана гэж бусдад худал хэлж мөнгийг залилсан байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 148 р зүйлийн 148.2 зааснаар ял халдаан хохирогчоор нэхэмжлэгч Баярсайханыг тогтоосон. Гэтэл анхан шатны шүүх зээлдүүлсэн мөнгийг гаргуулах шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага нь учруулсан хохирол барагдуулах шаардлага гаргасан. Энэ бүх байдлыг анхаарч хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.20-ны өдрийн 243 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Баярсайхан 2013 оны 5 дугаар сарын 18 ны өдөр байгуулсан “Хамтын ажиллагааны  гэрээ”-ний дагуу өгсөн 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нийт 11.895.200 төгрөг төлсөн, ямар нэг үлдэгдэл тооцоо байхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний  харилцаа бичгээр  хийсэн хэлцлийн үндсэн дээр үүссэн ба хариуцагч Б.Мөнхцэцэг үйл ажиллагаа явуулаагүй, компаний хувьцааг бусдад худалдаж  гэрээний 1.3-д “ үйлдвэрлэл, борлуулалтаа хариуцна” гэж заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, оруулсан мөнгөө буцаан шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Ц.Баярсайханы эхнэр Нэргүйгийн 5090277708 тоот дансанд 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2015 оны  2 дугаар сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч Б.Мөнхцэцэг нийт 11.350.000 төгрөгийг тушаасан боловч 5 дугаар сарын 7-ны өдөр тушаасан 2.210.000 төгрөг болон Даваацэрэн, Цэцэгээ нараас шилжүүлсэн 900.000 төгрөг /600.000 төгрөг+300.000 төгрөг/-ийг  нэхэмжилж буй 10.000.000 төгрөгнөөс хасч тооцох боломжгүй юм.

Учир нь хариуцагч Б.Мөнхцэцэг 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Цэцгээгээр зуучлуулж нэхэмжлэгчээс 6.0 сая төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, дараа жилийн цагаан сарын дараа төлж дуусгахаар харилцан тохиролцож гэрээ байгуулж зээлж авсан ба тэрээр зээлж авсан 6.0 сая төгрөгийг 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс өмнө төлж дуусгасан, Цэцгээ, Даваацэрэн нарын нэр дээр 900.000 төгрөг шилжүүлсэн болохоо тус тус нотолж чадаагүй байх тул бүгд 3.110.000 төгрөгийг тооцоонд оруулах боломжгүй ба тэрээр 8.240.000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлэн бусаар шилжүүлсэн гэж үзэхээр байна.

Харин нэхэмжлэгч Ц.Баярсайхан банкнаас зээл авч хариуцагч Б. Мөнхцэцэгийн Гоё шарга ХХКомпаний дансанд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 6.500.000 төгрөг шилжүүлж улмаар уг зээлийг 9.040.284 төгрөг болгож хаасан тул түүний бэлэн бусаар төлсөн 8.240.000 төгрөг, хүлээж авсан бараа бүтээгдэхүүний үнийг дээрх зээлийн төлбөрт тооцож хасч улмаар хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байх боловч талууд тухайн үед мөнгө зээлэхдээ зээлийн гэрээ байгуулаагүй байхад хариуцагчаас зээлийн хүү тооцож авсан нь буруу байх тул зөрүү 1.740.000 төгрөг /8.240.000-6.500.000/ бараа бүтээгдэхүүний үнэ 1.546.100 төгрөг /нэхэмжлэгчийн тайлбарласнаар/ нийт 3.286.000 төгрөгийг 10.000.000 төгрөгнөөс хасч үлдэгдэл 6.713.900 төгрөгийг хариуцагч Б.Мөнхцэцэгээс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3.286.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч Б.Мөнхцэцэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 10.000.000 төгрөгийг 2 удаа хэсэгчилсэн байдлаар авсан гэж тайлбар гаргасан, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нь 2013 оны 5 дугаар сарын 20 ны өдөр бэлэн бусаар шилжүүлсэн 6.500.000 төгрөг орж тооцогдож нийт 10.000.000 төгрөг зээлж авсанаас 11.895.000 төгрөг  төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар  нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс гадна хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хариуцагч Б.Мөнхцэцэг 2013 оны 5 дугаар сарын 18-наас хойш бэлэн бусаар 8.240.000 тушаахдаа 10.000.00 төгрөг эсхүл 6.500.000 төгрөгийн аль төлбөрт тооцож шилжүүлж байгаа нь тодорхой бус байх ба нэхэмжлэгч Ц.Баярсайханаас тус компаний нэр дээр шилжүүлж өгсөн 6.500.000 төгрөгийг хариуцагч төлж дуусгасан болох нь зохигчдын тайлбар, мөнгөн шилжүүлэгийн баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримталж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Шүүх Ц.Баярсайханы нэхэмжлэлтэй Б.Мөнхцэцэгт холбогдох төлбөр 10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх ба  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, түүний өмгөөлөгчөөс “Гоё шарга” ХХКомпанийг хамтран хариуцагчаар татах эсхүл хариуцагчийг солих хүсэлт гаргаагүйгээс гадна талуудын хооронд байгуулсан гэрээг тус компаний нэр дээр биш  Б.Мөнхцэцэг өөрийн нэр дээр байгуулж гарын үсэг зурсан байх тул хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан “...шүүх Б.Мөнхцэцэгийг жинхэнэ хариуцагч мөн эсэхийг анхаарч үзээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2017/00243 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Б.Мөнхцэцэгээс 6.713.900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Баярсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.286.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 2 дугаар заалтанд “...123.973 төгрөг...” гэснийг “...122.372 төгрөг...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Мөнхцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123.980 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТТӨР

 

                                               ШҮҮГЧИД                               М.ХҮРЭЛБААТАР

                                                                                       Б.ОЮУНЦЭЦЭГ