Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2022/0421

 

 

 

Д.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

Нэхэмжлэгч: П.Эрдэнэбат,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/607 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах“,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 238 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2021/0695/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 238 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг тус тус баримтлан иргэн Д.Э-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/607 дугаар захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

 

2.1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчмыг үл хангаж гарсан” гэх ба хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж нийслэлийн Засаг даргын 2021 оны А/263 дугаар захирамжаар иргэн Д.Э-д 600 м.кв газрыг амины сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэн гэрээ байгуулж, гэрчилгээг олгосон. Иймд шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэж үзэх нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 133 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 257 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 242 дугаар тогтоолоор Д.Э-ын газар эзэмших эрх сэргэсэн байх бөгөөд маргасан хуулийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг ба шүүхээс дээрх үндэслэлийн хүрээнд л хэргийг хянан хэлэлцсэн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 238 дугаар шийдвэрт энэ талаар дурдаж дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг зөрчсөн байна.

Тодруулбал, Шүүх зөвхөн нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/607 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд л дүгнэлт хийх нь зүйтэй юм.

2.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг 16-д “Хан-Уул дүүргийн 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий газар туссан учир Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна гэж” гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.

Учир нь Нийслэлийн  2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий газарт газар эзэмших эрх олгохыг төлөвлөсөн тохиолдолд л нийслэлийн Засаг даргын зүгээс тухайн газарт газар эзэмшүүлдэг ба нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг газрыг эзэмшүүлэхээр төлөвлөгдөөгүй тул Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг зөрчсөн байна.

Тухайн жилд ямар байршилд газрыг шинээр олгох нь зөвхөн “Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдана.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 238 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Д.Э-аас “нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/607 захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан.

3.Анх нэхэмжлэгч П.Эрдэнэбат нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/203 захирамжаар тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 600 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх авсныг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/235 захирамжаар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчээс дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны А/235 захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар шийдвэрээр[1] тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, маргаан бүхий А/235 дугаар захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

5.Уг анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 257 дугаар магадлал[2], Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 242 дугаар тогтоолоор[3] тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

6.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан Газар барилгажилтын зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 03, 2020 оны 05 дугаар сарын 22, 08 дугаар сарын 11-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн[4] дагуу нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/263 дугаар захирамжаар[5] нэхэмжлэгчид 600 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

7.Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/607 дугаар захирамжаар “... иргэн Д.Э-д газар эзэмшүүлэхдээ шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгоно гэж заасныг зөрчсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн 600 м.кв газрыг эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

8.Эдгээр үйл баримтаас дүгнэхэд хариуцагч байгууллагаас шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээн шийдвэрлэж, уг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн шийдвэр гаргаснаас хойш 3 сар гаруйн дараа хариуцагчаас дахин нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хариуцагчаас биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

9.Хариуцагч захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээсэн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгон шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

10.Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

11.Хэрэгт авагдсан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас ирүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3/1420 албан бичгээр[6] нэхэмжлэгч Д.Э-ын эзэмшлийн газрын баталгаажсан кадастр нь “Шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвас”-ыг зөрчөөгүй гэсэн хариуг өгсөн, харин “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас ирүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1/359 албан бичгээр[7] нэхэмжлэгчийн газрыг Яармаг дэд станцын Нүхт фидерийн цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурваст орсон гэсэн хариуг өгчээ.

Үүнээс үзэхэд хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эзэмшлийн газар нь бодит байдалд “Шугам сүлжээний хамгаалалтын бүсэд” хамаарч байгаа эсэхийг шалган тогтоогүй атлаа энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуулийн эдгээр заалтуудад нийцээгүй байна.

12.Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

        

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 6-18 дахь талууд

[2] Хэргийн 1-р хавтас 19-22 дахь талууд

[3] Хэргийн 1-р хавтас 23-26 дахь талууд

[4] Хэргийн 1-р хавтас 129-139 дэх талууд

[5] Хэргийн 1-р хавтас 140 дэх тал

[6] Хэргийн 1-р хавтас 102 дахь тал

[7] Хэргийн 2-р хавтас 30 дахь тал