Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 691

 

 

 

 

 

 

 

   2020         10           20                                       2020/ШЦТ/691

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Б.Гүнсэл,  

шүүгдэгч Д.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2010014960795 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ......

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Д.Г- нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 4-86 тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн хүү Г.Э-ын толгойн тус газарт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь “...зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий...” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэг, яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г- мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.  

 

Хоёр. Эрүүгийн 2010014960795 дугаартай хэргээс:

1. Насанд хүрээгүй хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

”...Аав гэрээс гарч ирээд ээжийг ална гээд хашаанаас чулуу бариад гараад явахаар нь айгаад  ардаас нь гүйж гараад хартал аав Д.Г- дэлгүүрийн урд зогсохдоо чулуугаа ардаа нуусан байсан. Дараа нь ээж бид 2 ороод байж байтал аав гэнэт орж ирээд том чулуугаар араас толгой руу цохиод гараад зугтаахаар нь би барьж аваад түцний урд цагдааг иртэл хүлээж байгаад цагдаа нар ирэхэд нь хүлээлгэн өгсөн. Надад гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 10 дугаар хуудас/,

2. Гэрч Т.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагийн үед том хүү Г.Э-ын сургалтан дээр маникан нь болоод хиймэл хумс хийлгээд будуулж байх үед нөхөр Д.Г- хүүгийн утас руу залгаж надтай яриад хаагуур янхандаад яваад байгаа юм бэ гэхээр нь би утсаа таслаад байж байтал төд удалгүй 2 дахь хүү Г.Э- залгаад аав согтуу ирээд 2 нохой зодолдуулаад байна гэртээ хурдан ир гэж их сандарсан байдалтай хэлсэн. Бид хоёр 15 цагийн үед хашаа руугаа явж байтал хүү хашаа руугаа яаран түрүүлж гүйгээд орсон. Би алхаад явж байсан ба хажуу талын дэлгүүрийг хартал нөхөр нуруугаа үүрчихсэн намайг хараад зогсож байхад нь хүү Г.Э- цаана хашаанаасаа гүйж гарч ирээд аавынхаа гараас нэг юм аваад хаячих шиг болохоор нь асуутал таныг ална гээд ардаа чулуу барьсан байсан гэж хэлсэн. Нөхөр согтуу намайг гудамжинд ёсөн жороор нь дуудаад байхаар нь хүмүүсээс санаа зовоод яриаг нь тоохгүй  хүүгээ дагуулаад гэртээ ороод байж байтал нөхөр орж ирээд гарын алганы хэмжээтэй том чулуугаар толгой руу нь цохихоор нь би түлхээд хүү Г.Э-ын толгойг- хартал цус гарж байхаар нь цагдаа дуудлаа гэж орилоод цагдаа дуудангуут нөхөр гарч зугтаад хүү Г.Э- араас нь гүйж гараад аавыгаа бариад цагдаагийн байгууллагын ажилтан ирэх үед хүлээлгэн өгч явуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 8610 дугаартай дүгнэлтэд:

- Г.Э-ын биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

- Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

4. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

 

5. Шүүгдэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гадуур архи ууж байгаад гэртээ очтол эхнэр намайг архи уусан байна гэж уурлаж маргалдаж байснаа цагдаад барьж өгнө гэхээр нь би гэрээс гараад зугтаах гэтэл эхнэр хүү Э-ыг аавыгаа бариад ав гэж хэлсэн чинь хүү Г.Э- намайг барьж аваад тавихгүй байхаар нь зүүн гартаа барьж байсан чулуугаар толгой руу нь 1 удаа цохьчихоод хашаанаас гараад зугтсан чинь хүү араас гарч ирээд намайг барьж авахаар нь гарыг тавиулах гээд ноцолдоод байж байтал цагдаа ирээд авч явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-48 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Д.Г- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жараглантын 4-86 тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн хүү Г.Э-ын толгойн тус газарт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь “...зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий...” хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Насанд хүрээгүй хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аав гэнэт орж ирээд том чулуугаар араас толгой руу цохиод гараад зугтаасан. ...” гэх дүгнэлт /хх-ийн 10 дугаар хуудас/, 

-Гэрч Т.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүүгээ дагуулаад гэртээ ороод байж байтал нөхөр орж ирээд гарын алганы хэмжээтэй том чулуугаар толгой руу нь цохихоор нь би түлхээд хүү Г.Э-ын толгойг- хартал цус гарч байхаар нь цагдаа дуудлаа гэж орилоод цагдаа дуудангуут нөхөр гарч зугтаад хүү Г.Э- араас нь гүйж гараад аавыгаа бариад цагдаагийн байгууллагын ажилтан ирэх үед хүлээлгэн өгч явуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 8610 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

-Шүүгдэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гадуур архи ууж байгаад гэртээ очтол эхнэр намайг архи уусан байна гэж уурлаж маргалдаж байснаа цагдаад барьж өгнө гэхээр нь би гэрээс гараад зугтаах гэтэл эхнэр “хүү Э-ыг аавыгаа бариад ав” гэж хэлсэн чинь хүү Г.Э- намайг барьж аваад тавихгүй байхаар нь зүүн гартаа барьж байсан чулуугаар толгой руу нь 1 удаа цохьчихоод хашаанаас гараад зугтсан чинь хүү араас гарч ирээд намайг барьж авахаар нь гарыг тавиулах гээд ноцолдоод байж байтал цагдаа ирээд авч явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Д.Г- нь хохирогч Г.Э-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “Гэр бүлийн хамаарал бүхий этгээд”-д эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, гэр бүлийн гишүүн, төрсөн хүүхэд нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор хуульчилсан ба, шүүгдэгч Д.Г-, хохирогч Г.Э- нар нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.

            Мөн дээрх хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан ба шүүгдэгч Д.Г- нь гэр бүлийн харилцаатай төрсөн хүү Г.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

 

Ийнхүү шүүгдэгч Д.Г- нь гэр бүлийн хамаарал бүхий төрсөн хүү Г.Э-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.       

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нь согтуурлах ундаа хэрэглэсэн үедээ маргаан үүсгэсэн, өөрийн ухамсарт үйл ажиллагааг хянаагүйн улмаас гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцол зэргээс гэмт хэрэг гарчээ.

Иймд шүүх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Г-ийг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэстэй байна.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролын тухай:

Тус хэргийн улмаас хохирогч Г.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

  

Шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Д.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх “гэм буруугийн зарчим”, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх “шударга ёсны зарчим”-д нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзсэн.

 

Мөн шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Д.Г-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Г-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Г-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Д.Г-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ДОРЖСҮРЭН