| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0365/Э |
| Дугаар | 633 |
| Огноо | 2020-09-29 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 633
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,
улсын яллагч Т.Мижиддорж,
хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М ,
шүүгдэгч Н.Э , түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Н Э холбогдох эрүүгийн 1810001140375 дугаартай 187/2020/0365/Э индекстэй хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........... оны .. дугаар сарын ......ний өдөр Улаанбаатар хотод төрсөн........ настай, эмэгтэй, дээд боловсролтой, Нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .. Хан-Уул дүүргийн ...дугаар хороо ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, А овогт Н Э /РД:.............../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Э нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Механик Тээврийн сургуулийн кассын нярвын ажил хийж байхдаа 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний хооронд кассаар тушаасан оюутны сургалтын төлбөрөөс 82.218.031 төгрөг буюу их хэмжээний хохирлыг албан тушаалыг байдлаа ашиглан завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Н.Э нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Механик Тээврийн сургуулийн кассын нярвын ажил хийж байхдаа 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний хооронд кассаар тушаасан оюутны сургалтын төлбөрөөс 82.218.031 төгрөг буюу их хэмжээний хохирлыг албан тушаалын байдлаа ашиглан завшсан болох нь:
1. Шүүгдэгч Н.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй....гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгч манай сургуульд 2007-2016 оны хооронд ажиллаж байсан. Энэ хугацаанд 2016 оны 4 дүгээр сард дотоод аудитын дүгнэлт гарсан. Үүгээр тодорхой хэмжээний оюутнуудыг сургалтын төлбөр болон бусад орлогийг шамшигдуулсан гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл оюутны төлбөр, сонгосон хичээлийн мөнгө зэрэг нь 59,000,000 төгрөгийн зөрчил гарсан бөгөөд түүнийг Э танилцуулахад төлж барагдуулна гэсэн. Тэгээд 2017 онд хөндлөнгийн аудитаар шалтгалт хийлгэхэд 465 оюутны мөнгийг шамшигдуулсан гэсэн зөрчил гарсан. Энэхүү хэрэг анхандаа иргэний шүүхээр явж байгаад түдгэлзээд эрүүгийн шүүх рүү ирсэн. Манай зүгээс 44,718,333 төгрөгийн хохирлоо хурдан барагдуулмаар байна ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч Ц.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2011-2015 онд ШУТИС-аас дотоод аудитын шалгалт ирээд, түүний дүгнэлтээр анх 59.389.766 төгрөгний дутагдал гарч ирсэн. Н.Э нь тус дутагдлыг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна гэсэн амлалтын бичиг өгсөн. Үүнээс 37.500.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 26/
4. Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн боловч санхүүгийн программд төлбөр төлсөн баримт байхгүй болохоор нь Баянжаргал руу залгаад төлбөрийн асуудлыг асуутал би төлбөрөө төлчихсөн гэж хариулахаар нь энэ талаараа ирж санхүүтэй уулз гэж хэлээд өнгөрсөн. Тэр үедээ ирж уулзаагүй, хэсэг хугацаанд явж байтал дахин шаардаад утасдсан чинь би төлбөрөө төлчихсөн наад асуудал чинь танай сургуулийн асуудал, гээд байхаар нь бага зэрэг маргаан үүстэл танай сургуулийн кассын нярав Э чинь би хэрэглэчихсэн чиний данс руу шилжүүлээд чи харин буцаагаад төлөөд өгөөч гээд гуйгаад байхаар нь би шилжүүлсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 27-28/
4. Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сард хүүхдүүдийн сургалтын төлбөрийн авлагыг барагдуулахаар дүн мэдээ гарсан. Сургалтын алба, санхүү хоёр хоорондоо баримтуудаа тулгаж үзсэн чинь хоорондоо зөрүү гараад ирсэн. Санхүү болон сургалтын албаны мөнгөн дүн зөрөөд байхаар нь санхүүгийн ажилтнуудыг бүгдийг нь нийлж сууж байгаад тооцоо нийл гэж хэлсэн чинь шинэ нягтлан бодогч Г.Бялжинням төлбөрийг дутуу төлсөн хүүхдүүд рүү залгаад төлбөр дутуу төлсөн байна, төлбөрөө төл гэж хэлтэл төлчихсөн гээд нөгөө хүүхэд нь кассын нярав Э дундаас нь завшаад идсэн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 29-30/
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Оюунтуулын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт /1хх-ийн 41-75/
6. Шинжээч Ц.Оюунтуулын мэдүүлэг /2хх-ийн 14-15/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Э нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 241/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Н.Э нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Механик Тээврийн сургуулийн кассын нярвын ажил хийж байхдаа 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний хооронд кассаар тушаасан оюутны сургалтын төлбөрөөс 82.218.031 төгрөг буюу их хэмжээний хохирлыг албан тушаалыг байдлаа ашиглан завшсаныг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Н.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Э ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 37.500.000 төгрөгийг төлж барагдуулсан ба 44.718.031 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...манай байгууллагын зүгээс хохирлоо хурдан барагдуулмаар байна...” гэсэн, шүүгдэгч Н.Э ын хувийн байдал /...57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....... настай ухаан алдаж, унаж татдаг эцгийн хамт түүнийг асран халамжилж амьдардаг..../ зэргийг харгалзан улсын яллагч 12.000.000 төгрөгөөр торгох ял санал болгосон ба шүүхээс Н.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх зохимжтой гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э аас 44.718.031 төгрөгийг гаргуулж Шинжлэх ухаан техникийн их суруулийн бүрэлдэхүүн Механик тээврийн сургуульд олгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ШУТИС-ийн бүрэлдэхүүн Механик тээврийн сургуулийн 2010-2015 оны сургалтын төлбөрийн баримт, кассын баримтын хуулбарууд 271 хуудас баримтыг ШУТИС-ийн бүрэлдэхүүн Механик тээврийн сургуульд буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Э т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Н Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар А овогт Н Э ыг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Э т оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авсугай.
5. Н.Э т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ШУТИС-ийн бүрэлдэхүүн Механик тээврийн сургуулийн 2010-2015 оны сургалтын төлбөрийн баримт, кассын баримтын хуулбарууд 271 хуудас баримтыг ШУТИС-ийн бүрэлдэхүүн Механик тээврийн сургуульд буцаан олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар А овогт Н Э шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэх хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Н.Э т сануулсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э аас 44.718.031 төгрөгийг гаргуулж Шинжлэх ухаан техникийн их суруулийн бүрэлдэхүүн Механик тээврийн сургуульд олгосугай.
10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
12. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР